Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1788

 

Э.С-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/01630 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамирын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.С-о шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надаас 17.000.000 төгрөг гуйж зээлэн авчхаад өдийг хүрлээ. Тэр хэлэхдээ: Миний дүү эгч нь шүүгчийн шалгалтанд ороод тэнцсэн боловч шүүгч болох гэхээр хүн хард хахууль мөнгө өгөхгүй болохоор шүүгч болж чадахгүй байна, надад туслаач гэж худлаа ярьж итгүүлж байсныг олж мэдсэн. Би өөрийн байраа Голомт банкинд барьцаанд тавьж, 1 сарын 1,9 хувийн хүүтэй зээл авч Х.О-т сайхан сэтгэл гаргаж, энэ хүн шүүгч болбол хэрэгтэй гэж бодоод банкны хүү алдангийг өөрөө төлж, түүнд 17.000.000 төгрөгийг хүү алдангигүйгээр зээлдүүлэн, хаан банкны 5111003330 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сард хуульчийн ёс зүйн хороонд хандаж тусламж хүссэн боловч шүүхэд яаралтай хандах тухай хариу ирүүлсэн. Х.О- 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 36 хоног хэтэрч хохирч байна. Х.О-ээс 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сард “Монтрак групп” ХХК-ийн захирал Н.Уранчимэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан “Техникформ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 3 ширхэг объект чөлөөлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд давхар итгэмжлэл авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Тухайн гэрээ байгуулах үед “Монтрак групп” ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь “Техникформ” ХХК болон захирал н.Эрдэнэбилэгтэй гэр бүлийн болон компанийн эд хөрөнгийн талаар 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр хянагдаж байсан хэрэг маргаанд намайг өмгөөлөгчөөр оролцуулахаар 2018 оны 10 дугаар сарын 01-нд гэрээ байгуулан, гэр бүлийн өмчийн маргаантай 6 хавтаст хэргийг уншиж танилцсан. Уг хэрэгт талууд өөр өөрийн хөрөнгө гэж маргадаг боловч хэн нь хэдэн төгрөг оруулсан болох нь хавтаст хэрэгт тодорхойгүй байсан тул Н.Уранчимэг, охин Э.С-о нар хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, н.Эрдэнэбилэг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг тогтоолгохоор өмгөөлөгчийн зүгээс санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүгч өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч ханган шийдвэрлэж “СиЭсАй” аудитын компанийг томилсон. Өмгөөлөгчийн хувьд санхүүгийн шинжээч н.Сэвжидмааг шахаж шаардаж, сүүлд нь өдөр шөнөгүй шинжээчтэй хамт санхүүгийн баримтыг ухалцаж Н.Уранчимэг, Э.С-о нараас 2.728.085.795,79 төгрөгийн хөрөнгийг “Техникформ” ХХК-д оруулсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож өгсөн. Анх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар гэрээ байгуулахад өмгөөлөгчийн ажлын хөлсийг 5.000.000 төгрөгөөр тохирсон ба, миний дансанд 5.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн байсныг тэр даруйд нь 5.000.000 төгрөгийг охин Э.С-ын хаан банкны дансанд буцааж шилжүүлсэн. Харин би гэр бүлийн хэрэг болон бусад шүүх, цагдаагийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, улмаар Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байсан 2012 онд үүссэн иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох болж, урьдчилгаа 17.000.000 төгрөгөөр тохиролцсон боловч охин Э.С-о нь миний хаан банкны 5111003330 тоот дансанд Солонгоос зээл гээд шилжүүлсэн байсан. Энэ талаар Н.Уранчимэгт хэлэхэд гүйлгээний утгаа Э.С-оо андуурсан байх гэж байсан. Би ч гэрээний дагуу шүүхийн болон цагдаа прокурорын нийт 20 гаруй ажилд нь гэрээний дагуу оролцож байгаа болохоор тийм байх л гэж бодоод өнгөрсөн. Охин Э.С-ын хувьд залуу хүн байж хүнийг ингэж гүтгэж болохгүй. Энэ гэрээг би одоо л харж байна. Н.Уранчимэг нь охин Э.С-отой хуйвалдан ажлын хөлсөө зээл гэж шилжүүлэн, улмаар худал гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа 17.000.000 төгрөг нь миний хөдөлмөрийн хөлс юм. Иймд Э.С-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээг байгуулагдаагүй байсан бол мөн өдрөө 17.000.000 тегрөгийг X.Отгончимэгт шилжүүлэх ямар ч үндэслэл, боломж байхгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй юм. Х.Отюнчимэг тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь эхний шинжээчийн дүгнэлтээр гаргасан.  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1,  232 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус хуульчилсан. Ийнхүү нэхэмжлэгч Э.С-о нь хариуцагч Х.О-ийн хаан банк дахь №5111003330 тоот төгрөгийн дансанд 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн юм. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны зээлийн гэрээг амаар хийх боломжтой юм. Иргэний хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41.1 дэх хэсэгт тус тус заасан. Хэрэв Х.О- нь нэхэмжлэгч Э.С-оос зээл аваагүй тохиолдолд нэхэмжлэгч Э.С-о ямар ч үндэслэлгүйгээр түүний дансанд 17.000.000 төгрөгийг зээл Солонгоос гэх утгатайгаар шилжүүлэх боломжгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.С-оос гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнээс хальж, дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Хэргийн материалд авагдсан “Монтрак групп” ХХК болон Х.О- нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ нь нэхэмжлэгч Э.С-од хамааралгүй бөгөөд тус гэрээг нэхэмжлэгч Э.С-о байгуулаагүй. Хариуцагч Х.О- нь “Монтрак групп” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан гэж үзэж буй тохиолдолд тухайн гэрээний эрх, үүргийг тухайн хуулийн этгээдээс шаардах эрх нь нээлттэй юм. Хэргийн материалд тухайн 17.000.000 төгрөгийг ”Монтрак групп” ХХК-аас баримт байдаггүй, харин Э.С-оос  шилжүүлсэн баримт байдаг. Х.О- нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон “Монтрак групп” ХХК-тай байгуупсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус гэрээг татгалзлынхаа үндэслэл болгосон. Гэтэл шүүхэд тус хууль зүйн туслалцаа үзүүлэх түхай гэрээг гаргаж өгөхдөө тус гэрээг өөрт ашигтай байдлаар буюу нэхэмжлэгч Э.С-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай тааруулан засварлаж гаргаж өгсөн. Ийнхүү хариуцагчийн зүгээс шүүхэд худал тайлбар гаргаж, нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээг засварласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. “Монтрак групп” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2 удаа байгуулсан болох нь мөн л эргэлзээтэй байна. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг “Монтрак групп” ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь байгуулаагүй тул тус гэрээний эх хувийг гаргуулж, шинжээч томилуулах хүсэлтэй байсан. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Э.С-о нь хариуцагч Х.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан, зээлийг буцаан шаардаж байгаа тохиолдолд хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээг, Хаан банк дахь 5111003330 тоот дансанд 17.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримтыг тус тус нотлох баримтаар гаргасан ба хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №1965 тоот болон шинжээчдийн  2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №3306 тоот дүгнэлтээр Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Х.О-ийн гарын үсэг биш болохыг тогтоосон, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч Э.С-оос ХААН банкин дахь өөрийн  5007713917 тоот данснаас 17.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Х.О-ийн ХААН банкин дахь 5111003330 тоот дансанд  “зээл Солонгоос” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл хэрэгт авагдсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй  байна. / хх-ийн 4 /

Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Х.О-т шилжүүлэн өгсөн болохыг дээрх байдлаар зээлдүүлэгч Э.С-о нотолсон байхад анхан шатны шүүх хариуцагч Х.О-ийн энэ хэргийн оролцогч биш “Монтрак групп” ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зохигчид “Монтрак групп” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хэн алин нь хүсэлт гаргаагүй, хариуцагчийн “Монтрак групп” ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт нь энэ хэргийн маргааны зүйл биш тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Э.С-о нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 17.000.000 төгрөгийг хариуцагч Х.О-ээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/01630 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.О-ээс 17 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.С-од олгосугай” гэж, 2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж хариуцагч Х.О-ээс 242 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-од олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 242 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ