Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/83

 

      2023         01           19                                         2023/ДШМ/83

Г.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

цагаатгагдсан этгээд Г.Гын өмгөөлөгч С.Батнасан,

хохирогч О.Э, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ЦТ/1310 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Эы өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гт холбогдох 2106 01982 1246 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Г-ын Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “...” ХХК-ийн ... ажилтай, ам бүл ..., .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дорнод аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн О.Эд аялалын чиргүүл зарах зорилгогүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гыг цагаатгаж, Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Эы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах гомдлоо өмнө нь танилцуулсан. Өмнө нь дурдагдаагүй зүйл нэмж ярихад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлд олон зүйлийг тусгасан байдаг. Н.Уламбат гэдэг хүний үйлдэл нь Г.Г гэдэг хүний үйлдэлд ямар шалтгаант холбоо үүсгэж байна гэхээр Н.Уламбат ч гэсэн Г.Гт өөрөө төөрөгдөлд орж тухайн эд хөрөнгийг шилжүүлэхийг оролдсон идэвхтэй үйлдэл хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хэргийн 27, 31 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэгт дурдагдахад 3 хоногийн дараа Г.Г утсаар ярихад эхлээд “Ланд Крузер 200” маркийн автомашинаа гаргаж авъя, дараа нь чиргүүлээ шилжүүлье гэдэг үйл явц болсон. Үүнийг Н.Уламбат шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарладаг. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг Н.Уламбатын гараараа бичиж өгсөн баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Тэгэхээр Н.Уламбат ч гэсэн Г.Гт төөрөгдөлд орж тухайн чиргүүлийн 50.000.000 төгрөгийг Г.Г руу шилжүүлсэн үйл явдал харагдаад байна. Шалтгаант холбооны хувьд Н.Уламбатын үйлдэл санаа сэдэлт ч гэсэн Г.Гт төөрөгдөлд орж залилуулсан, хуурч, бодит байдлыг буруугаар ойлгож О.Эы мөнгийг Г.Г руу шилжүүлсэн байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хуурч, төөрөгдөлд оруулж, бодит байдлыг буруугаар ойлгож шийдвэр гаргасантай холбоотойгоор эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолдоо уг үйлдлүүдийг нарийвчлан тогтоож, судлахгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь боломжгүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Эы өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Г.Г гэдэг хүн чиргүүл зарсан, чиргүүл зарахдаа 2 хүнд зарсан. Энэ хоёр хүнээс нэг нь чиргүүлтэй болж үлдсэн. Нөгөө хүн нь чиргүүлгүй, мөнгөгүй болсон. Үүнийг зөвтгөж байгаа анхан шатны шүүхийн тогтоолд юу гэж заасан гэхээр Н.Уламбатаас зүй ёсоор авах чиргүүлээ эд хөрөнгөө шилжүүлж авахын тулд 50.000.000 төгрөг авсан. Гэтэл хавтаст хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан Г.Гын мэдүүлгээр О.Э гэх хүнээс орж ирсэн 50.000.000 төгрөгийг барьцаанд байгаа “Ланд Крузер 200” маркийн автомашинаа суллахын тулд тэр мөнгийг шилжүүлсэн гэдэг үйл баримт тогтоогдож байгаа. Үүнийг гэрч Н.Уламбат мэдүүлдэг. Тэгэхээр Г.Гын мэдүүлэг нь гэрч болон хохирогчийн мэдүүлгээр О.Эы мөнгө орж ирсэн гэдгээр ойлгож “Ланд Крузер 200” маркийн автомашинаа шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоогддог. Отгонжаргалд зарсан эд хөрөнгөө байгаа мэтээр зориудаар зохиомол байдал бий болгосон. Энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн объектив шинжийг хангаж байгаа. Тийм учраас Г.Гыг гэм буруугүй гэж үзсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох Б.Чулуунгэрэл өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч О.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, гомдолтой байгаа. Учир нь, анхан шатны шүүхийн мэдүүлэгт 2 хүний ашиг, хонжоо хайсан, бартерын наймааны улмаас өнөөдөр би чиргүүлгүй, мөнгө ч үгүй хохироод хэдэн сар болж байна. Сүүлд нь бодоход энэ хоёр хүн үгсэн хуйвалдаж намайг хохироосон байх магадлалтай. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдэж намайг хохироосон гэж бодож байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Гын өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие цагаатгах байр суурьтай оролцсон. Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр гэрч Н.Уламбатыг оролцуулж, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсан. Хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтэд маш тодорхой тайлбарласан. Г.Гын хувьд хохирогч О.Этай нэг ч удаа уулзаагүй, танихгүй. Г.Гын дүүгийн дансанд Н.Уламбатаас чиргүүлийн үнэ гэж гүйлгээний утгатай орж ирсэн. Энэ мөнгө хаачсан гэхээр тэр өдрөө “Баялаг Мөндөөхөө” банк бус санхүүгийн байгууллага руу шууд шилжсэн. Н.Уламбатын 50.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Зээлийг Г.Г тухайн өдөр нь хаасан. Маргааш нь Н.Уламбат очоод зээлээс чөлөөлөгдөж байгаа “Ланд Крузер 200” маркийн тээврийн хэрэгслийг Г.Гын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн бичгийг гараар үйлдэж өгсөн. Г.Г гэдэг хүнд огт хамааралгүй, дунд нь зуучлаад чиргүүл зарагдсаныг мэдсээр байж О.Э руу зарна гэж хэлээд О.Эаас чиргүүлийн үнийг авахдаа Н.Уламбатаас чиргүүлийн үнэ гэж төлсөн зэргийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас өөрчлөлт оруулахгүйгээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ дэмжин оролцож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас цагаатгагдсан этгээд Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан эсэхийг, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэхийг бүрэн хянасны эцэст хэргийн үйл баримтад тулгуурлан гэмт хэргийн шинжийг тогтоох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Цагдаагийн байгууллагад О.Эаас “нийт 50.000.000 төгрөг Г-ын дүү Г.Номин-Эрдэнийн данс руу шилжүүлэн чиргүүлийг Хан-Уул дүүргийн спорт цогцолбор дээр хүлээн авахаар тохиролцсон, гэвч шалтаг шалтгаан хэлж зугтсаар өдийг хүрч байгаа болно” гэсэн залилуулсан гэмт хэргийн талаар гомдол гаргаж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2106019821246 дугаартай прокурорын тогтоолоор “хохирогч О.Э, гэрч Г.Номин-Эрдэнэ нарын мэдүүлгээр Г.Г нь анхнаасаа иргэн О.Эд аяллын чиргүүл зарах зорилгогүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000.000 төгрөгийг өөрийн нагац дүү болох Г.Номин-Эрдэнийн данс руу шилжүүлэн авсан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Гыг яллагдагчаар татжээ.

Энэхүү үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эы “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө зүс таних Уламбат над руу залгаад “аялалын цагаан өнгийн чиргүүлийг Г гээд миний таньдаг хүн 110.000.000 төгрөгөөр зарах гэж байна авах уу” гэж асуусан. Би хариуд нь “авъя” гэтэл урьдчилгаа гээд 50.000.000 төгрөгийг тус өдрийнхөө 11 цагаас өмнө шилжүүлчих, үлдэгдлийг нь чиргүүлээ авахдаа буюу нэрээ шилжүүлэх үедээ өгч болно гэж байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 50.000.000 төгрөгийг гурван саяар 14 удаагийн гүйлгээгээр хийсэн. Тус өдрөө буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагт Хан-Уул дүүргийн Спорт комфлексийн үүдэнд уулзаад чиргүүлээ авахаар тохиролцсон. Тэгээд би 12 цагт товлосон газраа очтол ирээгүй. Тухайн үед надтай “чиргүүл зарна” гээд Г гэдэг хүн холбогдож байсан юм. ...” /1хх 26-27/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Номин-Эрдэнийн “...Миний нагац ах болох Г нь 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр надруу залгаад “чиний ХААН банкны 5750434889 дугаарын дансруу одоо борлуулалтын орлого 50:000.000 төгрөг шилжүүлэгдэж орно шүү. Ах нь аялалын чиргүүл зарж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Уламбатын “...Г бид хоёр чиргүүлийг зарна гэж ярилцаад намар нь Г банк бусын наймааны зээлийг хаана гэж хэлээд чиргүүлийг надаас аваад явсан. Э-ийн шилжүүлсэн мөнгийг өмнө нь Налайх дүүрэгт шилжүүлэх гэхэд банкны дараалал ихтэй байсан. Г яаруулаад байсан учир Хонхорын төрийн банкинд шилжүүлэх гэж байхад Энхтайван миний гар утсаар Гтай ярьсан. Г мөнгөө шилжүүлсний дараа би яармагийн спорт цогцолбор дээр чиргүүл авч ирүүлнэ гэж хэлсэн. Яармагийн спорт цогцолбор дээр чиргүүлийг аваад ирнэ гэж хэлсэн болохоор тэнд очоод хүлээсэн. Тухайн үед Г ирээгүй. Утсаа авахгүй байсан. ...Энхтайван Г руу 50.000.000 төгтөг шилжүүлснээс нэлээд хэд хоногийн дараа би Отгонбаяр гэх хүнд зарсан гэдгийг мэдсэн. Би тухайн хүнрүү ярьсан чинь би мөнгөө төлөөд авсан. Асуудал байгаа бол Гтай шийдвэрлээрэй гэж Отгонбаяр хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг,

Г.Номин-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мессежний хуулбар зэрэг баримтуудаар тус тус Г.Гын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө ”бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогч О.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хохирогч О.Э, гэрч Н.Уламбат, Г.Номин-Эрдэнэ, Г.Г нарын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл Г.Г хохирогч О.Эаас 50.000.000 төгрөг шилжүүлж авахдаа хохирогч О.Эыг хуурч, дээрх мөнгийг буцааж өгөхгүй гэсэн сэдэлт, зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан нь хангалттай нотлогдож байна.

Гэтэл Г.Гын хэргийг хянан шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж зааснаар хохирогч О.Эы мэдүүлэг, гэрч Г.Номин-Эрдэнийн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд заагаагүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх атал 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй болсон.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болж хууль буруу хэрэглэсэн дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд 2022/ШТ/146 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах” давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан тул энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул давж заалдах шатны шүүх Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хянан шийдвэрлэсэн болно.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ЦТ/1310 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Эы өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ЦТ/1310 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ