Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  М.Н-ийн

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2015/01213/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч М.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймаг дахь Б геологийн ангид 1983 оноос 1990 он хүртэл краз, эксваторчнаар ажиллаж байсан бөгөөд 55 нас хүрээд хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт хүнд даац гэсэн бичилт байхгүй, жолоочоор ажилд авав гэсэн байдаг бөгөөд мөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Н гэж бичсэн байдаг. Эцэг, эх маань намайг Н гэж дууддаг, би нэрээ Н гэж хэлдэг байсан бөгөөд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр Н гэсэн нэрээр бичигдсэн байгаа. Надад Налайхын техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон эвлэлийн гишүүний бат илэрхийлэх дээр миний нэрийг Н гэсэн нэрээр бичигдсэн байна. Иймд дээрх баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Н мөн болохыг тогтоож, мөн миний Монгол дахь Зөвлөлт холбоот улсын Х аймаг дахь Б геологийн экспидецид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Н нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.Н нь М.Н нэрээр ажиллаж амьдарч байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Н нь Х аймгийн Г сумын 1958 оны төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй гэх бичилттэй 08/001108 дугаартай төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа, эцгийн нэр М, эхийн нэр Р нарын гэр бүлд 1958/11/15-нд төрөхөд төрүүлсэн М-ын Н-г 1958/12/18-нд Х аймгийн Г сумын 116-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 08/001091 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Тэрбишийн Бид дуудахдаа Н гэж дууддаг юм. Нэр нь Н байгаа юм. Бид дөш Н гэж дууддаг байсан... гэх мэдүүлэггэрч Ө.Сосорбарамын ...М.Н тасралтгүй ажиллаж байсан...М-ын Н гэдэг юм. Бид бол Н гэж дууддаг. Тухайн үед Оросын ажилчидтай байсан юм. Сайн мэдэхгүй болохоор нь хүмүүсийн дуудаж нэрлэдэгээр Н гээд бичсэн юм болов уу... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Налайхын Техник мэргэжлийн сургуулиас 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон 382245 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Б овогт М-ын Н мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

М.Н Монгол дахь Зөвлөлт холбоот улсын геологийн экспидецид 1982 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хайгуулын ажилчин, 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Налайхын Техник мэргэжлийн сургуулиас 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр олгосон советская геологическая экспидиция е МНР, 1982 он, 03 сар 16 өдөр принет помековым рабочим 4 р, 1982 он 11 сар 30 өдөр перевдек шофером, 1990 он 02 сар 27 өдөр Зөвлөлтийн геологийн экспедицийн харьяа Б зарим цех, тасаг татан буугдаж, орон тоо цомхогдсоны учир ажлаас чөлөөлөв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрт орос хэлээр бичигдсэн өгүүлбэрийг Монгол хэл рүү орчуулсан БНМАУ-д байгаа Зөвлөлтийн геологийн экспедиц. 1982 он, 03 сар 16 өдөр хайгуулын ажилчнаар авч ажиллуулав. 4 дүгээр зэрэглэл, 1982 он 11 сар 30 өдөр жолоочоор шилжүүлэн ажиллуулав гэх бичилттэй Шилдэг тархи баталгаат орчуулгын товчооны орчуулга, Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон 1982 оны 01 сараас 1998 оныг дуустал хугацаанд сарын цалингаас татвар төлж байсан тухай бичилттэй 382245 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1986, 1989 онуудад авахуулсан гэрэл зургууд, гэрч Д.Тэрбишийн ...Би М.Н-тэй 1984 оны 7 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 17-ны үе хүртэл Зөвлөлт холбоот улсын геологийн экспедицийн Х аймгийн Б геологийн салбар ангид хамт ажиллаж байсан. Жанхай руу явах, Баян-Өлгийн Асгатын мөнгөний ордод хүнд даацын краз 255 машины жолоочоор ажиллаж байсан. Зөвлөлтийн геологийн экспедицийн харъяа Б геологийн салбар нь 1990 оны эхэн үеэс хувьчлал явагдаж 1990 оны сүүлээр татан буугдсан юм...М.Н ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан...Хүнд даацын краз 255 машин нь 12 тоннын даацтай, 12 тоннын ёнгистой, чирэгч үүрэгтэй машин юм. Өрөмдлөгийн ус, шавар зэргийг зөөдөг байсан...Хүнд нөхцөлд ажилладаг ажлын зэрэглэл нь 4 байдаг юм... гэх мэдүүлэг, гэрч Ө.Сосорбарамын ...М.Н нь Х аймаг дахь Б Оросын геологийн экспедицид краз 255 маркын автомашины жолоочоор 1982 оноос 1990 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тэнд бид хамт ажиллаж байсан Х-ын Жанхайн анги, Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний орд зэрэг газруудад кразын жолоочоор ажиллаж байсан1990 оны 2 дугаар сараас хувьчлал явагдаж, бид 1990 оны 10 дугаар сард албан ёсоор тарсан Хүнд даацын краз 255 машины жолооч нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу 4 дүгээр зэрэглэлд багтдаг, хүнд даацын техник юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч М.Н-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тус аймагт үйл ажиллагаа явуулж байсан Зөвлөлтийн геологийн экспедицийн баримт манай архивт байхгүй тул М.Н-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/406 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Налайхын Техник мэргэжлийн сургуулиас 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон 382245 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг эрх олгосон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь  М-ын Н мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Н-ийн Монгол дахь Зөвлөлт холбоот улсын геологийн экспидецид 1982 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хайгуулын ажилчин, 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА