Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 109/ШШ2024/0020

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Г

Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нарын хоорондох Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г- /цахим/ хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Н.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х сумын Засаг дарга Л.Ч-гийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай захирамжаар Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ын 2023 оны 11 дүгээр 13-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар жирэмсний амралтаа авсан буюу жирэмсний амралт олгосон, ийнхүү жирэмсний амралтаа эдэлж дуусаад 2024.02.19-ний өдөр Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилдаа орох хүсэлтийг Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ад гаргасан. Гэтэл Ц.М- нь 2024.03.26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар намайг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байсан. Уг тушаалыг надад тус цэцэрлэгийн арга зүйч Б- Пэйсбүүк-ийн Д.Б- гэсэн аягаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлснээр Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- нь Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О- нь урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй бөгөөд Б.О-ийг ажилд эргүүлэн томилсон тушаал шийдвэр гараагүй байхад 2024.03.26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар намайг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх хууль бус тушаал гарсан гэдгийг мэдсэн гэжээ.

3. Нэхэмжлэгч Н.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Х сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан. Миний бие Х сумын Засаг дарга Л.Ч-гийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай захирамжаар Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ын 2023 оны 11 дүгээр 13-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар жирэмсний амралтаа авсан буюу жирэмсний амралт олгосон, ийнхүү жирэмсний амралтаа эдэлж дуусаад 2024.02.19-ний өдөр Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилдаа орох хүсэлтийг Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Ц.М-ад гаргасан. Гэтэл Ц.М- нь 2024.03.26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар намайг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байсан. Уг тушаалыг надад тус цэцэрлэгийн арга зүйч Б- Пэйсбүүк-ийн Д.Б- гэсэн аягаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний ирүүлснээр Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- нь Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О- нь урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй бөгөөд Б.О-ийг ажилд эргүүлэн томилсон тушаал шийдвэр гараагүй байхад 2024.03.26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар намайг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн хууль бус тушаал гарсан гэдгийг мэдсэн гэв.

4. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Г- Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллаж байсан болно. Б.О-ийг ажилд нь оруулах шаардлагатай болсон тул Н.Г-ийг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас хуулийн дагуу чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийдөө бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шалтгаан нь тодорхой. Учир нь түр албан тушаалтнаар ажиллаж байсан. Түр албан тушаалд ажиллаж байсан учраас үндсэн ажилтан нь орж ирснээр ажлын байр нь дуусгавар болж байгаа. Тиймээс ажлаас нь чөлөөлсөн. Үндсэн ажилтан нь ажилдаа орох шаардлагатай болсон. Энэ хүн ажилдаа орж байгаа учраас түр ажлын байрны орон тоо байхгүй болсон. Мөн ажиллаж байх хугацаандаа байгууллагыг удирдаж чадаагүй. Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж чадаагүй. Хамт олныг хагалган бутаргасан, байгууллагын нэр хүндийг унагасан. Хэвийн үйл ажиллагааг доголдуулсан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлж буй гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 жил дараалан сүүлд орсон. Тиймээс байгууллага удирдаж чадахгүй байна гэж үзсэн. Мөн орны албан хаагч нь ажилдаа орох хүсэлттэй байсан гэв.

 6. Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.1 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Х сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх гэж гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн эл шаардлагынхаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа тодруулахдаа 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл гэж тодруулсан.

 

1.3 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Г-ээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад хандан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлт гаргасан байна. (Хавтаст хэргийн 46-49 дэх тал)

 

1.4 Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга хүлээн авч тус хүсэлтэд 2 дугаар сарын 22-нд “н.Б-д цохолт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн дуулийн дагуу ажлын байраар хангах талаар” тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 46 дахь тал)

 

1.5 Улмаар хариуцагч нь шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ эл хүсэлтийг нь хүлээн авсан талаар үгүйсгэж, маргаагүй болно.

 

1.6 Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа эргэж орохоор хүсэлт гаргасан байх бөгөөд эл хугацаанаас эхлэн цалин хөлсөө авах ёстой гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч нэхэмжлэгчийн үргэлжлүүлэн ажиллах, цалин хөлс авах эрхийг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаал гарснаар хөндсөн байх тул шүүхээс ажилгүй байсан хугацааны олговрыг маргаан бүхий акт гарсан эл хугацаанаас тооцохоор шийдвэрлэсэн болно.

 

1.7 Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн иргэн Б.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

 

1.8 Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд мэдэгдсэн ч гуравдагч этгээд Б.О-  нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-т “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “... Уг тушаалыг надад тус цэцэрлэгийн арга зүйч Б- facebook Д.Б- гэсэн хаягаар 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ирүүлснээр мэдсэн. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М- нь Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О- нь урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй бөгөөд Б.О-ийг ажилд эгүүлэн томилсон тушаал шийдвэр гараагүй байхад намайг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгч ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэж тайлбарлан маргадаг. (Хавтаст хэргийн 1 дэх тал)

2.2 Хариуцагчийн зүгээс тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон, Н.Г- нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлийг маргаан бүхий актад зааж, эл үндэслэлээр тайлбарлан маргадаг. (Хавтаст хэргийн 17, 31 дэх тал)

2.3 Архангай аймгийн Х сумын Засаг дарга 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б//01 дүгээр захирамжаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн чөлөөний хугацаа дууссан тул 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс үүрэгт ажилд нь эгүүлэн  томилжээ. (Хавтаст хэргийн 92 дахь тал)

2.4 Үүний дараа Х сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.О- нь хуулийн дагуу жирэмсний амралтаа авч байгаа тул түүний оронд нэхэмжлэгч Н.Г-ийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилон ажиллуулсан байна. (Хавтаст хэргийн 93 дахь тал)

2.5 Иргэн Б.О- нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин С.Х-г төрүүлжээ. (Хавтаст хэргийн 150 дахь тал)

   2.6 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Г-т 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтыг олгож, мөн өдрийн Б/52 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч Д.Б-д эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 28-29 дэх тал)

   2.7 Нэхэмжлэгч Н.Г- нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Ж.Ур-г төрүүлжээ. (Хавтаст хэргийн 149 дэх тал)

   2.8 Ийнхүү нэхэмжлэгч Н.Г-ээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад хандан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна. (Хавтаст хэргийн 46-49 дэх тал)

   2.9 Гэтэл Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Х сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгчийн албан тушаалаас Д.Б-г 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс чөлөөлжээ.

   2.10 Улмаар 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Н.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (Хавтаст хэргийн 30-31 дэх тал)

   2.11 Дээрх Б/20, Б/21 дүгээр тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Х сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч Д.Б-гээс нэхэмжлэгчид цахим хаягаар хүргүүлсэн байх бөгөөд маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Н.Г-тэй уулзаж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй байна.

   2.12 Ийнхүү иргэн Н.Г-ээс 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

3. Хууль зүйн үндэслэлийн талаар

3.1 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг тус тус үндэслэн Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон, Н.Г- нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй, Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болгон Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Н.Г-тэй холбогдох тооцоог хийж дуусгахыг Х сумын цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т-д үүрэг болгож, Н.Г-ийг ажлын байраар ханган ажиллахыг Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-т даалгажээ. (Хавтаст хэргийн 31 дэх тал)

3.2 Маргаан бүхий Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалд үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”., Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;” мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна.” гэсэн хуулийн зохицуулалтыг тус тус үндэслэжээ.

“....Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон” гэх үндэслэлийн тухайд

3.3 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Б.О-т Х сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар жирэмсний амралт авч байгаа талаар дурдаж, нэхэмжлэгч Н.Г-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд Б.О-т жирэмсний болон амаржсан амралт, хүүхэд асрах чөлөө олгосон тухайлсан захирамж гараагүй байна.

3.4 Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар Архангай аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

3.5 Гуравдагч этгээд Б.О- нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1., 139.2 дахь хэсэгт заасан хүүхэд асрах чөлөөний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусахаар байна.

3.6 Гуравдагч этгээд Б.О-ийг хүүхдээ асарч байх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарын байдлаар Х сумын хүүхдийн цэцэрлэгээс нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн байна.

3.7 Гуравдагч этгээд Б.О-ээс Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалдаа эргэн орох талаар өргөдөл, хүсэлтийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гаргаагүй болох нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. (Хавтаст хэргийн 188 дахь тал)

3.8 Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;” мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2- т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна.” гэсэн хуулийн зохицуулалт нь ажилтан нь хүүхдээ 3 нас хүртэл нь чөлөө авах эрхтэй буюу ажилтанд эрх олгосон агуулгатай бөгөөд хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт юм.

3.9 Өөрөөр хэлбэл Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.” гэж зааснаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрх хэмжээтэй.

Маргаан бүхий актад үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 139 дүгээр зүйлийн 139.2-т заасныг үндэслэсэн байх боловч дээрх үндэслэл бүрдээгүй байхад энэхүү шийдвэрийг гаргасан нь хуульд  заасан үндэслэл бодит байдалд бүрдээгүй байх тул шийдвэр нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг зөрчжээ.

3.10 Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмыг баримтлах, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

3.11 Гуравдагч этгээд Б.О-ээс Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалдаа эргэн орох талаар өргөдөл, хүсэлтийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гаргаагүй байхад, Хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 139 дүгээр 139.2 дахь хэсгийг баримтлан Б/21 дүгээр тушаалдаа “...Б.О-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч албан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах болсон” гэж захиргааны санаачилгаар шийдвэр гаргасан нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий болоогүй байна.

3.12 Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.

3.13 Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой”.

3.14 Гэтэл бодит байдалд ажлын байр нь хэвээр хадгалагдаж буй энэ хэргийн оролцогч гуравдагч этгээд Б.О- нь Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалдаа эргэн орох талаар өргөдөл, хүсэлтийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гаргаагүй байхад, түүний албан тушаалд хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй нэхэмжлэгчийг дээрх үндэслэлийг зааж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангахгүй байна.

3.15 Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг мөн дээрх байдлаар зөрчсөн байна.

“Н.Г- нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн тухайд

3.16 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын III.Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “туршлага” хэсэгт , “цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх” гэж заажээ. (Хавтаст хэргийн 71 дэхь тал)

3.17 Хариуцагчийн зүгээс хариу тайлбар, татгалзалдаа Н.Г- нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй гэж дурдаж, “ ... цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байна, ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах, үйл ажиллагаа стратегийн төлөвлөлт хийх, багаар ажиллах, хувь хүн, байгууллагын эрх ашгийг эрэмбэлэх, асуудлыг зөв томьёолж, тулгамдсан асуудлаарх оновчтой шийдвэр гаргах зэрэг ур чадваруудын шаардлагыг хангаж ажиллаагүй болно хэмээн тайлбарласан байна.

3.18 Нэхэмжлэгч Н.Г- нь 2015 онд Отгонтэнгэр их сургуулийг багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжлээр бакалавр, 2023 онд Глобал удирдагч их сургуулийг Боловсролын удирдлагын магистр зэрэг хамгаалсан байна. Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгожээ. (Хавтаст хэргийн 54-56, 59 дэх тал)

3.19 Н.Г- нь 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бяцхан найзууд цэцэрлэгт багшаар 5 жил, 10 сар, 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Оргил жаалууд цэцэрлэгт багшаар 3 сар, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ий өдөр хүртэл Аз жаргалант цэцэрлэгт багшаар 7 сар, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын дуустал Бяцхан алаг үрс цэцэрлэгт багшаар 3 сар, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн хоёр зуун дөчин зургаадугаар цэцэрлэгт 4 жил 11 сар 10 хоног багшаар тус тус ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогджээ. (Хавтаст хэргийн 71-74 дэх тал)

3.20 Нэхэмжлэгч Н.Г- нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар 11 жил, 10 сар, 10 хоног, эрхлэгчээр 2 жил 3 сар 26 хоног, нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 14 жил, 2 сар, 6 хоног багш, /эрхлэгч/-ээр ажилласан байна.

3.21 Хариуцагч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Боловсролын ерөнхий хуульд заасан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах шаардлагыг дурдаж тайлбарладаг боловч маргаан бүхий актад дээрх агуулга бүхий хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, “хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй” гэж тайлбарлан маргаж буй боловч хэрэгт авагдсан дээрх баримтаар “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын III.Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “туршлага” хэсэгт , “цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх” гэсэн шаардлагыг хангасан буюу нэхэмжлэгч Н.Г- нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар 11 жил, 10 сар, 10 хоног, эрхлэгчээр 2 жил 3 сар 26 хоног, нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 14 жил, 2 сар, 6 хоног багш, /эрхлэгч/-ээр ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна.

3.22 Иймээс хариуцагчийн маргаан бүхий актад үндэслэл болгосон “Н.Г- нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй” гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг мөн хангахгүй байна.

3.23 Харин хариуцагчийн тайлбар, үндэслэлдээ дурддаг албан тушаалын тодорхойлолтод заасан: “...ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах, үйл ажиллагаа стратегийн төлөвлөлт хийх, багаар ажиллах, хувь хүн, байгууллагын эрх ашгийг эрэмбэлэх, асуудлыг зөв томьёолж, тулгамдсан асуудлаарх оновчтой шийдвэр гаргах зэрэг ур чадваруудын шаардлагыг хангаж ажиллаагүй, байгууллагын ажилтнуудыг хоёр хувааж талцуулсан, байгууллагын нэр хүндийг унагасан, гүйцэтгэлийн үнэлгээгээр хоёр жил дараалан сүүлд орсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэл, эл агуулгаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд шууд хамааралгүй, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болоогүй байх тул  шүүхээс эл үндэслэлийг хүлээн авч дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд

3.24 Хариуцагч хариу тайлбартаа байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн тайланг ирүүлээгүй гэх тайлбар гаргасан. Тодруулбал, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/427 дугаар албан бичгээр 2023 оны жилийн эцсийн тайланг гарган 12 дугаар сарын 4-ний өдрийн дотор байршуулахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдэгджээ. (Хавтаст хэргийн 33-36 дахь тал)

3.25 Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2023 оны жилийн эцсийн тайланг ирүүлээгүй байна.  (Хавтаст хэргийн 42 дахь тал)

3.26 Нэхэмжлэгч Н.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан байх бөгөөд түүний албан үүргийг мөн өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн арга зүйч Д.Б-д хавсруулан гүйцэтгүүлжээ. (Хавтаст хэргийн 28-29 дэх тал)

3.27 Мөн дээрх 2023 оны жилийн эцсийн тайлан ирүүлэхтэй холбоотой албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Б-гийн цахим хаягаар илгээсэн ажээ. (Хавтаст хэргийн 41 дэх тал)

3.28 Нэхэмжлэгч Н.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан байсан байх бөгөөд түүний албан үүргийг мөн өдрөөс эхлэн арга зүйч Д.Б- нь хавсран гүйцэтгэж байсан тохиолдолд энэ хугацаанд хамаарах, байгууллагын тайлан, мэдээ ирүүлэх үүргийг ажлаа хийгээгүй байсан ажилтанд шууд хамаатуулан үзэж буруутгах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим шаардлагыг хангахгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй шийдвэр гаргаснаар шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

3.29 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “... Уг тушаалыг надад тус цэцэрлэгийн арга зүйч Б- facebook Д.Б- гэсэн хаягаар 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ирүүлсэн” гэжээ.

3.30 Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Х сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч Д.Б- нь өөрийн цахим хаягаар нэхэмжлэгчид ирүүлсэн байх бөгөөд маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Н.Г-тэй уулзаж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаарх баримт байхгүй байна. (Хавтаст хэргийн 22 дахь тал)

3.31 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заажээ.

3.32 Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын хувьд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт гаргахдаа  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй.

3.33 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь энэхүү шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

3.34 Тухайлбал, нэхэмжлэгч Н.Г-ээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад хандан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хариуцагч хүлээн авсан боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, санал тайлбарыг нь авах зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг хэрэгжүүлээгүй байна.

3.35 Иймд шүүхээр дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд

3.36 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Х сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх гэж гаргасан.

3.37 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн эл шаардлагынхаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа тодруулахдаа ажилдаа иргэж орох өргөдөл гаргасан буюу 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл гэж тодруулсан.

3.38 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Г-ээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад хандан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлт гаргасан байна. (Хавтаст хэргийн 46-49 дэх тал)

3.39 Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга хүлээн авч тус хүсэлтэд 2 дугаар сарын 22-нд “н.Б-д цохолт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн дуулийн дагуу ажлын байраар хангах талаар” тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 46 дахь тал)

3.40 Улмаар хариуцагч ч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ эл хүсэлтийг нь хүлээн авсан талаар үгүйсгэж, маргаагүй болно.

3.41 Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа эргэж орохоор хүсэлт гаргасан байх бөгөөд эл хугацаанаас эхлэн цалин хөлсөө авах ёстой гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаал гарснаар хөндсөн байх тул шүүхээс ажилгүй байсан хугацааны олговрыг маргаан бүхий акт гарсан эл хугацаанаас тооцохоор шийдвэрлэсэн болно. Учир нь:

3.42 Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Х сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилуулах шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

3.43 Ийнхүү Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Архангай аймгийн Х сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлснөөр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин, хөлс авах эрхийг зөрчиж нэхэмжлэгчид хохирол учруулсан байна гэж шүүхээс үзсэн.

3.44 Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Г-т 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон байдаг.

3.45 Улмаар хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Г-ээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад хандан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлт гаргасан байна. (Хавтаст хэргийн 46-49 дэх тал)

3.46 Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга хүлээн авсан болох нь тогтоогддог.

3.47 Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:60.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй; гэж заасан.

3.48 Нэхэмжлэгчийн хувьд хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Г-т 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон байсан болох нь улмаар дээрх хугацаа дуусмагц 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилд орох хүсэлтийг гаргасан байсан нь тогтоогддог.

3.49 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.”, 135 дугаар зүйлийн 135.1-т “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заажээ.

3.50 Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн заасан.

3.51 Иймд нэгэнт ажлын байр нь хэвээр хадгалагдаж буй ажилтан ажилдаа эргэж орох хүсэлтийг гаргасан байхад хариуцагч захиргааны байгууллагаас үндэслэлгүй, хууль бус захиргааны акт гаргах замаар, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон цалин хөлс авах эрхийг зөрчиж хохирол учруулсан гэж шүүхээс үзсэн.

3.52 Тийм учраас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгож, маргаан бүхий акт гарган нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хугацаанаас нь буюу 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн  Архангай аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон ажилгүй байсан хугацааны олговрыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлстэй нь тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

    1.Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр  тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг маргаан бүхий акт гарсан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ТҮВШИНТУЛГА