Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/84

 

      2023         01           19                                         2023/ДШМ/84

Н.Ут холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

хохирогч КЭФ хууль ёсны төлөөлөгч А.Э,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2107 00138 0117 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн У, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... төрсөн, ... настай, э..., ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 611 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 2 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, урьд баривчлагдсан болон цагдан хоригдсон 248 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлсэнд тооцсон;

 

Н.У нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандын хойно байрлах уулын энгэрт байрлуулсан өөрийн эзэмшлийн 33-02 УБП улсын дугаартай “Тоёота Веросса” маркийн автомашин дотор насанд хүрээгүй хохирогч Т.Ог 14 нас 1 сар 1 хоногтой байх үед нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн буюу гарыг нь барьж хөдөлгөөнийг нь хязгаарлан түүнтэй бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн,

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 91 дүгээр байрны доод зогсоолоос Америкийн Нэгдсэн Улсын иргэн КЭФ “Трек” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд П.Штай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Н-ийн Уыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Уыг 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ут оногдуулсан 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Уын цагдан хоригдсон нийт 187 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Уаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар улаан өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Уаас хохирол 1.900.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхний хэргийн талаар, тухайн үед хохирогч Отай фейсбүүкээр чаталдаг үерхдэг байсан ба “хайртай шүү, сайхан амраарай, хайртай юм уу, хайртай” гээд, би ч гэсэн “хайртай шүү хайраа” гээд дотно харилцаатай байсан. Отай харилцаж байсан чатаа нотлох баримт болгож хавтаст хэрэгтээ хийх гэсэн боловч хохирогч О чатаа цаанаас нь устгасан байсан. Миний фейсбүүкийн чатанд харагдахаа больчихсон байсан. Би Ог чатаар доромжилсон, харааж гүтгэсэн зүйл огт байхгүй. Намайг хохирогч О чатаар доромжилсон гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ худал мэдүүлэг. Отай тухайн хэрэг болдог өдөр би өөрөөс нь “Бямбаабаатар ах чинь байгаа юм уу” гэж асуусан. Тухайн үед О “агаа хөдөө явчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд хамт байж болно гээд найзтай нь бид 3 хамт пиво авч уусан. Би хохирогч Од хүчээр пиво уулгасан зүйл байхгүй. Би “пиво уух уу” гэхэд “тэгье ууя” гэсэн. Тэгээд тэр хоёрт 500 граммын нэг нэг лааз пиво авч өгсөн. Тэгээд бид 3 сайн дурын үндсэн дээр пиво ууцгаасан. О бид хоёр найз Номинг нь гэрт нь буулгачихаад хэрэг болдог ууланд ирсэн. Тэгээд юм ярьж, гар гараасаа барилцаж хэсэг сууцгаасан. Тэгээд О бид хоёр үнсэлцэж байгаад жолоочийн хажуу талын сандал дээр бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Тэр үед би Огийн гарыг барьж хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Хохирогч О эсэргүүцэл үзүүлсэн зүйл огт байхгүй, сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Ог гэрт нь хүргэж өгөхөд гэрлүүгээ орж чадахгүй ахаасаа айгаад байсан. Тэгээд би гэрийнх нь наана хамт тэврэлдээд жоохон зогссон. Би “одоо орохгүй бол бүр загнуулна шүү дээ хайраа, одоо орсон нь дээр байхаа” гэж хэлээд оруулсан. Ог гэртээ ороход Бямбаабаатар ах нь алгадах чимээ сонсогдсон. “Ууганаа чинь хаана байна п.... минь” гээд хараагаад загнаад байсан. Тэр орой би Од “Дашням гээд найзындаа хононо” гээд хэлчихсэн байсан. Би шууд Дашням гээд найзындаа очсон. Манай найз хоол хийж өгөөд байж байтал цагдаа нар ирээд намайг баривчлаад аваад явсан. Тэрнээс хойш би хохирогч Отай холбоо барьж чаталсан зүйл байхгүй. 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу цагдаад баригддаг өдөр хохирогчийн ах Бямбаабаатар намайг хутгална, ална гэж занасан. Миний бодлоор ах нь надад дургүй тул өш хонзонгийн сэдлээр дүүгээрээ далимдуулж, хохирогч Ог айлган худал мэдүүлэг хэлүүлж байцаалт өгүүлсэн байх гэж дүгнэж байна. Бас өмнө нь 2020 оны 4 дүгээр сард хохирогчийг 13 настай байхад “намайг У хүчиндсэн” гэж надад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилсэн. 2020 оны 4 дүгээр сард би Отай уулзаж ч үзээгүй, гарнаас нь ч барьж үзээгүй, би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр өлсгөлөн зарласан. Өлсгөлөнд 2022 оны 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 11 хоног байсан. Өлсгөлөнгөө зогсооход бөөрний архаг үрэвсэлтэй гэж онош гарсан.

Миний бие 2008 онд морь унаж уралдаж байгаад зүүн гараа хугалаад хадуулж байсан. 2015 онд Налайхын уурхайд ажиллаж байгаад нуруугаа хугалж байсан. Мөн 2021 онд зүүн гарын шуугаа барилгын цонх шиллэж байгаад цонхонд зүсэж артерийн судсаа тасалсан. Хагалгаанд орж судсаа залгуулсан. Нийт 21 оёдол тавьсан. Хагалгаанд орсноос хойш гарын шууны цус бүлэгнээд гүйж өгөхгүй, янгинаж өвддөг. Одоогоор нуруу, бөөр, зүүн гар маш их өвддөг.

Хувийн байдлын тухайд ээж, ахын хамт амьдардаг. Ээж минь хэвтэрт, бие нь муу байдаг. Ах маань барилгад засал хийж ээжийг минь асарч байдаг. Миний бие Болор-Эрдэнэ гэх эхнэртэйгээ 2021 оны 11 дүгээр сард танилцаж, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хамт байсан. Манай эхнэр Болор-Эрдэнэ 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрж, 3 кг хүүтэй болсон. Иймд миний эрх зүйн байдлыг минь харж үзэн, хүчингийн гэмт хэргийн нөхцөл байдлыг нарийн харж, бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний бие насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Харин хүчиндсэн зүйл огт байхгүй. Мөн хулгайн хэрэг болон бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, цаашид нийгэмшиж, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, сайн сайхны төлөө амьдрах хүсэлтэй байна. Мөн хохирогч нарынхаа хохирол, гомдлыг барагдуулах хүсэлтэй байна. Миний хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдолд хэлсэн бүх зүйл үнэн. Анхнаасаа бүх зүйлийг шударгаар мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс бусад хүн зодсон, хулгайн хэрэгт маргах зүйлгүй. Хулгайн гэмт хэргийн хохирлыг төлж чадаагүй. Төлж чадаагүй учраас давж заалдах гомдол гаргаагүй. Хүчингийн гэх хэрэгт өмгөөлөгчийн хувьд насанд хүрээгүй 14 настай хохирогч Т.О пиво уусан буюу согтуурсан, мансуурсан үедээ бэлгийн ажил хийсэн гэдгээр хүчингийн гэмт хэргийг хийсэн гэж зөвшөөрч явсан. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй. Миний үйлчлүүлэгч өмнө нь 2, 3 удаа шийтгэгдсэн. н.Бямбаабаатар гэж Т.Огийн ах нь шоронд олон жил хоригдож байгаад гарч ирсэн хүн байдаг. Тэгээд дүүтэйгээ уулзуулах дургүй. Хохирогчийн хувийн байдлын хувьд хэдийгээр 14 настай боловч бэлгийн харьцаанд эрт орсон, хүмүүжлийн доголдолтой охин байсан. Анхан шатны шүүхээс хүчингийн гэмт хэрэгт оногдуулсан ял бол согтуурсан гэдэг үгээр нь би зөвшөөрсөн боловч 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой гэж боддог. Ялын хувьд арай хүнд ял оногдуулсан гэж үздэг. Миний үйлчлүүлэгч хүүтэй боллоо гээд баярлаж байсан өдрөө энэхүү шийтгэх тогтоолыг сонссон. Цаашдаа Монгол Улсын нэг иргэн, нэг ч гэсэн залуу хүн гэр бүлээ тэжээн тэтгэж амьдраад яваасай гэж хүсэж байна. Иймд хүчиндэх гэмт хэргийн ялыг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

Хохирогч КЭФ хууль ёсны төлөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хулгайн хэргийн талаар анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. Хохирлын мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа.” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд үйл баримт тогтоогдсон байдаг. Тухайлбал 2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Налайх дүүргийн буюу уулын энгэрт Н.У өөрийн эзэмшлийн “Тоёота Веросса” маркийн тээврийн хэрэгсэл дотор 14 нас 1 сар 1 хоногтой байсан хохирогч Т.Ог суулган архи согтууруулах ундаа хэрэглэж, энэ нь үндсэндээ гэмт хэрэг үйлдэх урьдчилсан нөхцөл байдал бий болгож, улмаар түүнийг эсэргүүцэл үзүүлэх, тухайн автомашинаас гарч зугтах бололцоог хааж, гараас нь барьж байгаад түүний хүсэл зоригоос гадуур бэлгийн харьцаанд орж дур тавьсан үйл баримт тогтоогддог. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны явцад эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаж, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон талаар дурдах нь зүйтэй. Дээрх үйл баримтууд нь ямар нэгэн байдлаар эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдсэн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршгийн хэмжээ зэргээс шалтгаалаад эрүүгийн хариуцлага нь тохирсон, дүйцэхүйц байхыг хууль биднээс шаарддаг. Та бүхэн анзаарсан бол гурван гэмт хэргийн хохирогч гурвуулаа эмэгтэй хүмүүс байдаг. Тухайн эмэгтэй хүмүүс шүүгдэгч Н.Ут итгэн түүний автомашинд сууж, эзгүй ууланд хамтдаа очсон. КЭФ зүгээс итгэж унадаг дугуйгаа түүнд хэрэглүүлж байсан. Шгийн хувьд өөрийн амьдардаг гэртээ Н.Уыг урьж авчирч байсан. Энэ нөхцөл байдлуудыг Н.Уын зүгээс эсрэгээр ашиглаж гэмт хэргийг үйлдэж, тэдгээрийн эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй болохыг улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 204 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн хувьд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгийн хувьд ямар нэгэн байдлаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн зүйлгүй, хуулийн шаардлага хангасан шийтгэх тогтоол байх тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.У нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандын хойно байрлах уулын энгэрт байрлуулсан өөрийн эзэмшлийн 33-02 УБП улсын дугаартай “Тоёота Веросса” маркийн автомашин дотор насанд хүрээгүй хохирогч Т.Ог 14 нас 1 сар 1 хоногтой байх үед нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн буюу гарыг нь барьж хөдөлгөөнийг нь хязгаарлан түүнтэй бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн,

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 91 дүгээр байрны доод зогсоолоос Америкийн Нэгдсэн Улсын иргэн КЭФ “Трек” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд П.Штай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Т.Огийн “...2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед би Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршанд 23-3 тоот гэртээ байж байтал Уаас фейсбүүкээр “Хаана байна, уулзах уу, хальт гараад ирээч, уулзая” гэсэн чат ирэхээр нь “завгүй байна” гээд би 4 настай дүүгээ гэрийн ойролцоох хүүхдийн тоглоомын талбайд тоглуулахаар найз Номин-Эрдэнийн хамтаар явцгаасан. Тэгээд манай дүү тоглоод Номин-Эрдэнэ бид хоёр саравчинд сууж байтал У хажуугаар автомашинтай явж байгаад намайг харчихаад хүрээд ирсэн. Тэгээд “ах нь хүнд машин үзүүлчихээд ирье, байж байгаарай” гэж хэлээд явчихсан. Тэгээд дүүдээ зайрмаг авч өгөх гээд дэлгүүр явж байтал У хажууд машинтай ирчихээд “ах нь дэлгүүр дөхүүлээд өгье” гэхээр нь Номин-Эрдэнэ бид хоёр машинд нь суугаад “Хангай сервис”-ээс У хувцас авна гэж авчихаад, “Петровис” колонк орж бензин аваад буцаад Энгэршандад ирээд дэлгүүр ороод 2.5 литрийн пиво 1 ширхэг, 2-3 зайрмаг авчихаад гараад ирсэн. Машинтай хүүхдийн тоглоомын талбай ортол манай бага дүү гэртээ орчихсон байсан. Тэгээд бид хоёрыг “жаахан юм яриад сууя, хань болоод суучих, тэгэх үү” гэж гуйгаад хүн багатай газар очиж сууя гээд Энгэршандын хойд талын уулын энгэрт машинтайгаа очсон. Тэгээд У өөрөө пивоноосоо аягалж уугаад Номин-Эрдэнэ бид хоёрт пивоноосоо хийж өгөхөөр нь хоёрхон балгачих гээд жаахныг уулгасан. Тэгээд пиво ууж байгаад дахиж Энгэршандын дэлгүүр орж 2 лаазтай пиво, 2.5 литрийн том пиво аваад уулын энгэртээ буцаж очоод том пивийг У ах уугаад, нэг нэг жижиг лаазтай пивонуудыг Номин-Эрдэнэ нэг нэгээр нь ууж дуусгасан. Тэрийгээ ууж дуусгах үеэр 21 цаг өнгөрч байсан тул дэлгүүр хаах гээд байна гээд У бид гурав Энгэршандын дэлгүүр орсон. Тэгээд замаараа Номин-Эрдэнийг гэрийнх нь гадаа буулгачихаад намайг манай гэрийн гадаа буулгаж өгнө гэчихээд манай гэр рүү биш нөгөө пиво ууж байсан уулынхаа энгэрлүү явчихсан. Тэгээд тэнд очоод ойр зуурын юм ярьж байгаад миний сууж байсан жолоочийн хажуу талын суудлыг хойшлуулж налуулаад миний хоёр гарыг бугуйнаас нь чанга барихаар нь “агаа болио, та яагаад байгаа юм бэ” гэтэл дээрээс дарахаар нь би уйлаад орилоод “ахдаа хэлнэ” гэж хэлтэл тоогоогүй миний гутал, өмд, дотоожийг тайлаад 25-аас 30 орчим минут надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дуусаад өөрийнхөө суудал руу суугаад “за агаан дүү өмдөө тат, агаан дүү хэнд ч хэлж болохгүй шүү, хоёулангийнх нь дунд л үлдэнэ шүү, би хэнд ч хэлэхгүй, чи хэнд ч хэлж болохгүй шүү” гэхээр нь “би таныг ахдаа хэлнэ, агаа одоо ирчихсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд манай гэр рүү намайг У дөхүүлж өгчихөөд “надад гомдоогүй биздээ, гомдоосон бол уучлаарай, энэ явдлыг хүнд хэлж болохгүй шүү” гээд хэсэг байж байгаад намайг буулгаад явуулсан. Тэгээд гэртээ ортол манай ах Бямбаабаатар “чи хаагуур юу хийж яваад ирсэн юм, тэр Ууганаа чинь хаана байна, та хоёрыг хамт явж байхыг чинь хүүхэд хараад надад хэлсэн. Ахын дүү үнэнгээ хэл, яасан юм, яагаад уйлсан юм” гэхээр нь би бүх болсон явдлуудаа хэлээд тэгээд цагдаа дуудчихсан байсан юм. Намайг тухайн үед У цохиж зодсон, айлгаж дарамталсан зүйл байхгүй. Миний гарыг барьж базаад, намайг орилтол “битгий орилоод байгаач, хүн амьтан сонслоо шүү дээ” гээд байсан. Тэгээд намайг машинаасаа гаргахгүй хаалгануудаа цоожилчихсон байсан. Би тухайн үед болж байгаа үйл явдлыг сайн ойлгож мэдэж байсан. Миний толгой эргээд хацар халаад, дотор сонин болоод байсан юм. ...” /1хх 32-33/,

гэрч М.Номин-Эрдэнийн “...2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би 16 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршанд 20-1 тоот гэртээ байхад манай найз О ирээд намайг дуудаад бид 2 уулзаад хүүхдийн тоглоомын талбай орж саравчинд юм яриад сууцгаасан. Тэгтэл 17 цагийн үед У ирээд Од шоколадтай үрэл авчирч өгсөн. Тэгээд “ийшээ айл руу орчихоод ирье, та хоёр байж байгаарай” гээд машиндаа суугаад явчихсан. Тэгээд 20 орчим минутын дараа буцаж ирээд бид хоёрын хажууд машинтайгаа ирчихээд бид хоёрыг хараад автомашин дотроо суугаад байсан. Тэгээд 18 цаг дөхөж байх үед бид хоёр тоглоомын талбайгаас гэр лүүгээ харья гээд явж байхдаа зайрмаг авахаар болоод дэлгүүр орох гэж байхад У хүрч ирээд “хамт явъя, суучих” гээд бид хоёрыг автомашиндаа суулгасан. О шууд автомашинд нь суучихаар нь би араас нь дагаад суусан. Тэгээд Ог ард суучихаар нь У “урд суучихаач” гээд урагшаа суулгасан. ...Энгэршандын дэлгүүр орж У бид хоёр зайрмаг Од шоколад, чокопай, 0.5 литрийн Сэрүүн гээд пиво авсан. Тэгээд Энгэршандын зүүн хойд уулын бэл рүү яваад тэнд автомашинтайгаа зогсож байгаад У пиво уугаад бид хоёрт “айраг уу” гээд автомашиндаа байсан айрагнаасаа хийж өгсөн. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад пиво нь дуусаад дахиад дэлгүүр орж 2 лааз Сэнгүр пиво, 2.5 литрийн Сэрүүн пиво нэгийг аваад, килька загас, талх, ундаа аваад бид гурав буцаад уул руу очоод У бид хоёрт нэг нэг лаазтай пиво өгсөн. Тэрийг нь О бид хоёр уусан. У 2.5 литрийн пиво талд нь ортол уусан. Тэгээд У айлд хононо гээд бид гурав дахиад дэлгүүр ороод том тортой идэж уух юм, пиво авсан. Тэгээд дэлгүүр ороод айл руугаа явж байх замд нь би гэрийнхээ гадаа 22 цаг өнгөрч байх үед буугаад үлдсэн. Тэр хоёр цаашаа явсан. Хаашаа явсныг хэлж мэдэхгүй байна. Би гэртээ ороод ирэхэд манай гэрийнхэн миний араас орж ирээд О хаашаа явсан талаар надаас асуухаар нь би “Утай хамт явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй” гэж хэлсэн. ...” /1хх 35/,

гэрч Г.Бямбаабаатарын “...Удахгүй аав, ээж нь Номука гэх охиноо дагуулж ирээд “Ууганаа гэх залуу манай охиныг гэрийнх нь гадаа буулгаад Ог гэрт нь хүргэж өгнө гээд машиндаа суулгаад аваад явсан байна” гэсэн. Ингээд Номука аав ээжийнхээ хамт манайхаас явсны дараа 1 цаг хүрэхгүй хугацаа өнгөрсний дараа 00 цаг өнгөрч байх үед О уйлчихсан орж ирэхээр нь “яасан” гээд асуухад “Ууганаа ах намайг авч яваад гудамжинд буулгачихаад явсан” гэхээр нь “яахаараа гудамжинд буулгадаг юм бэ” гэхэд “эхлээд намайг ууланд аваачиж оролдоод” гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавшруулаад “яг оролдоод болисон уу, эсвэл янз бүрийн юм болсон юм биш биз дээ” гээд асуухад “намайг Ууганаа ах хүчиндсэн, өөрийнхөө машинтай ууланд аваачаад хүчиндсэн” гэж хэлэхээр нь тэр дор нь Уын ээж Нарантуяа нь манай хажуу талын айлд байгааг мэдэж байсан болохоор гэртээ дуудаж оруулж ирээд “хүү чинь миний дүүг ууланд аваачиж хүчиндсэн байна” гэж хэлсэн чинь ээж нь ах Эрдэнэбаатарыг дуудаад, би ч цагдаад дуудлага өгөөд өөрийн дүү Нэргүйд хэлээд манай гэрт ирж цагдаа нартай хамт байгаа нэг найзынх нь гэрээс олж аваад ирсэн. Ингээд Уыг цагдаа нар аваад явсан. ...” /1хх 201-203/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгийн “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр байранд орон сууц болон гражийг миний үйлчлүүлэгч болох К Э Ф нь түрээсэлдэг байсан бөгөөд тухайн үед унадаг дугуй граж дотроо түгжиж орхиод 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр мэдээд түрээсийн байрны ресефшин Гантөмөр гэх хүнд хэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан юм. АНУ-ын Трек брендийн Супер флай 9.7 маркийн карбон рамтай уулын унадаг дугуй байсан бөгөөд унадаг дугуйг 2019 оны 8 дугаар сард 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Тухайн үед хэн авсан талаар сураг ажил гаргахад Гантөмөрт У гэх тухайн үед барилга дээр ажиллаж байсан залуу авсан талаар тухайн үеийн хүмүүс ярьж байсан бөгөөд ажиллуулж байсан барилгын бригадын дарга нь болох Отгонбаатар гэх хүнд хэлтэл тухайн үед фэйсбүүкээр чат бичсэн байсан бөгөөд унадаг дугуйг нь авч ирээд өгөөдөх гэж хэлсэн, өдрөөс хойш ажил дээрээ ирээгүй алга болсон байсан. ...” /2хх 117-118/,

хохирогч П.Шгийн “...манай найз хүүхэн Болор-Эрдэнэ над руу өдөр “найз нь очиж магадгүй шүү” гээд чат үлдээчихсэн байсан. Тэгсэн чинь хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь манай найз хүүхэн Болор-Эрдэнэ, найз залуу У гэх залуутай ирчихсэн байсан. Тэгээд тэр хоёр гэрт орж ирэхдээ 0.75 литрийн “Экс” нэртэй архи авчихсан, гэрт архи уухаар нь би тэр архинаас 2-3 хундага татаад би буцаад унтаад өгсөн. Тэгсэн чинь тэр хоёр дахиад дэлгүүр хаахаас өмнө 0.75 литрийн “Экс” нэртэй архи авчихсан ууж байсан. Тэгээд намайг тэр хоёр сэрээх гээд татаж чангаагаад байхаар нь “би унтаж байна” гээд уурласан юм. Тэгээд У гэх залуу намайг сэр гээд татаж чангаагаад байхаар нь гэнэт миний уур хүрээд “яагаад байгаа пизда вэ” гэсэн чинь өөдөөс “чи ямар хаашаа юм бэ, хоёр найз чинь ирчихсэн байхад” гэхээр нь би “унтаж байхад чинь хаашаа юм бэ, та хоёр уугаач дээ” гэж хэлсэн чинь “чи гэр орноосоо хөөгөөд байгаа юм уу” гэхээр нь би “хөөж байна” гэсэн чинь миний нүүрлүү 2 хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь манай найз охин Болор-Эрдэнэ “чи манай найзыг яаж байгаа юм” гээд болиулсан. ...” /1хх 227-228/,

гэрч Ц.Болор-Эрдэнийн “...2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр би 22 цагийн үед найз залуу Н.Уын хамт найз Шгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өрхийн эмнэлгийн нийтийн байранд ирэхэд Ш ганцаараа байсан. Н.У бид хоёр гэрт орохдоо 0.75 литрийн “Экс” нэртэй архи аваад бид гурав хувааж уусан. Удалгүй манай найз хүүхэн Ш унтаад өгсөн ба найз залуу Н.У бид хоёр тэр архийг хувааж ууж дуусгасан юм. Тэгээд хажуу талын өрөөнд амьдардаг эгч орж ирээд архинаас 1-2 татаад буцаад орсон. Тэгээд би Н.Утай “өдий болтол гэр орон байхгүй яаж амьдарнаа” гэж хэлсэн чинь над руу юу ч хэлээгүй сонссон. Тэгээд Ш босож ирээд “пизда” гээд хараал хэлээд байхаар нь манай найз залуу Н.У цээж юм уу, нүүр хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь Ш тонгойгоод толинд хараад байж байхаар нь “чи манай найз охиныг ингэх болоогүй шүү” гээд зайл гээд хөөсөн чинь гэрээс гараад явсан. ...” /1хх 230-231/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 472 дугаартай “...Т.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Т.Огийн үтрээнээс авсан арчдас, наалдацанд эр бэлгийн эс илэрсэн байна. Илэрсэн эр бэлгийн эсийн цусны бүлгийг тогтоох боломжгүй. Т.О нь бэлгийн бойжилт бүрэн гүйцээгүй байна. Т.Огийн бэлгийн бойжилт нь насандаа тохирсон байх ба хурьцал үйлдэх нас гэсэн анагаахын шинжлэх ухааны ойлголт байхгүй. Т.Огийн охин хальс хуучин урагдалтай байна. Охин хальсны урагдал нь 21 хоногийн дараа гэхэд бүрэн эдгэрч хуучин урагдал үүсгэдэг. ...” /1хх 70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 477 дугаартай “...Н.Уын биед гэмтэл тогтоогдсонгүй. Н.У нь хурьцал үйлдэх чадвартай байна. Н.У бэлгийн замын архаг тэмбүү өвчтэй байна. Дээрх өвчин архаг шатанд байгаа учраас халдварыг ямар замаар, хэзээ авсныг тогтоох боломжгүй. ...” /1хх 75-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4236 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогч Т.Огаас эд мөрийн баримтаар гаргаж өгсөн гэх улаан өнгийн эмэгтэй хүний даавуун дотоожноос эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ...” /1хх 89-90/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3013 дугаартай “...Улаан өнгийн дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Н.Уын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 209-210/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2652 дугаартай “...П.Шгийн биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 239-240/ гэх дүгнэлтүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “/1хх 13-14/, насанд хүрээгүй хохирогч Т.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1хх 114-116/, нас тоолсон тухай тэмдэглэл /2хх 41-42/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 136-137/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй хохирогч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Уыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Шүүгдэгч Н.Уын насанд хүрээгүй хохирогч Т.Ог 14 нас 1 сар 1 хоногтой байх үед нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн буюу гарыг нь барьж хөдөлгөөнийг нь хязгаарлан түүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

мөн Америкийн Нэгдсэн Улсын иргэн КЭФ “Трек” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хохирогч П.Штай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Н.У “...миний эрх зүйн байдлыг минь харж үзэн, хүчингийн гэмт хэргийн нөхцөл байдлыг нарийн харж бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний бие насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Харин хүчиндсэн зүйл огт байхгүй. Мөн хулгайн хэрэг болон бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, цаашид нийгэмшиж, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, сайн сайханы төлөө амьдрах хүсэлтэй байна. Мөн хохирогч нарынхаа хохирол, гомдлыг барагдуулах хүсэлтэй байна. Миний хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Н.У нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, ...” гэж хуульд зааснаас өөрөөр гэм буруутайд тооцсон, шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн...” гэж оногдуулсан ялыг буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Н-ийн Уыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, ...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Н-ийн Уыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, ...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ