Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 135/2020/00568/и |
Дугаар | 87 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 87
Д.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00568/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 629 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох
"Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д- Н- ББСБ-аас 16.000.000 төгрөгийн зээл авч түүнийгээ төлж чадахгүй явсаар шүүхээр орж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 977 дугаар захирамж гарч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хөрөнгийг маань хураасан. Миний өмчлөлийн гэрчилгээний дугаар 000214348, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016384 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрчилгээний дугаар 000451711, нэгж талбарын 080152551 дугаар бүхий 500м.кв талбайтай газрыг, хуулийн дагуу хөндлөнгийн шинжээчээр К- З- ХХК-аар үнэлүүлсэн байдаг. К- З- ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг 58.300.000 төгрөг гэж үнэлсэн. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол
гаргасан. Манай байр байрлал сайтайгаас гадна одоогийн бодит ханш нь 75.000.000 төгрөг байгаа. Иймд К- З- ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр Дашзэвэгийн Э-гаас 16.958.600 төгрөгийг гаргуулж Д- Н- ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Д.Э- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 17 дугаар сургууль Багш нарын байрны зүүн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016384 дугаартай, 90.0м.кв талбайтай хувийн сууц, гэрчилгээний 000214348, нэгж талбарын 080152551 дугаар бүхий 500м.кв талбайтай газрын хамт 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17071050/07 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Д.Э- нь 75.000.000 төгрөг, төлбөр авагч Д- Н- ББСБ нь 20.000.000 төгрөгийн саналыг тус тус ирүүлсэн. Талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/001 тоот тогтоолоор К- З- ХХК-ийг шинжээчээр томилсон.
К- З- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 58.300.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр авагч Д- Н- ББСБ-д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Д.Э-д тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан.
Хөрөнгийн үнэлгээний К- З- ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан К- З- ХХК-ийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Үүнд Анхан шатны шүүхэд иргэн Д.Э- миний бие К- З- ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 58.300.000 төгрөгөөр үнэлснийг өмчлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж нэхэмжлэл гаргасан, гэтэл шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Шүүх одоогийн бодит үнэ ханш 75.000.000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж үзээд үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Гэтэл миний орон сууцны бодит зах зээлийн үнэлгээ 65.000.000-75.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас орон сууцыг минь доогуур үнэлсэнд гомдолтой байна. Манай үл хөдлөх хөрөнгө нь хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай, сургууль, цэцэрлэгт ойр тул 72.000.000 төгрөгөөр үнэлэгдэх байсан.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 цугаар сарын 03-ны өдрийн 629 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 977 дугаар захирамжаар Д.Э-гаас 16.958.600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 242.743 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “Д- Н-” ББСБ-д олгож, шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн Ү-Y-2003016384 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, нэгж талбарын 080152551 дугаар бүхий 500м.кв бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 5-6, 30-73-р тал/
Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас Д.Э-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003016384 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, 10 дугаар баг, 12 дугаар хороолол, Бичил хотхоны 06 тоот 90м.кв бүхий хувийн сууцыг тус хаягт орших улсын бүртгэлийн Г-000451711 дугаарт бүртгэлтэй 500м.кв талбай бүхий газрын хамт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 44, 5, 6-р тал/
Хариуцагч байгууллага нь эд хөрөнгийг хураан авснаас хойш буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “К- З-” ХХК тус үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц, газрын зах зээлийн үнэ цэнийг 58.300.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр төлөгч Д.Э-д шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. /хх-ийн 73-р тал/
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйгээс шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж маргадаг боловч зах зээлийн жишиг үнэлгээнээс доогуур миний хөрөнгийг үнэлсэн нь буруу гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч тал ийнхүү нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр харьцуулалтын аргыг ашиглаж хөрөнгийн үнэлгээ тогтоосныг буруу гэж дүгнэхгүй боломжгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийг өртгийн хандлага, болон нөхөн сэргээлтийн өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийг зохих нормативын дагуу хасан тооцож, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох” аргачлал зэргээр эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жижиг үнийн аргыг сонгож хөрөнгийн үнэлгээг тогтоосныг буруутгах боломжгүй.
Шинжээчийн дүгнэлтэд заасан өртгийн хандлагын аргаар тодорхойлоход Д.Э-гийн мансардтай хувийн сууц нь 44.900.000 төгрөг, барилгын хийц, амины орон сууцны зориулалтай газар, блокон хашаа, төмөр сараалжин хашаа зэргийг тус бүрд нь үнэлж үнэлгээний тайланд тооцон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нийт бүрдлийнх нь хүрээнд зах зээлийн жишиг үнийн аргаар 58.300.000 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд үнээс илүү 72.000.000 төгрөгөөр үнэлгээ нь тодорхойлогдох байсан гэх тайлбараа нэхэмжлэгч хуульд заасан журмаар нотолж чадаагүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА