Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/85

 

      2023         01           19                                         2023/ДШМ/85

Б.С, О.Д нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах,

цагаатгагдсан этгээд О.Д, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

хохирогч Ж.Б, Х.Э, Ш.А, Д.Б, Р.Э, Д.Л, З.Ц,

нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/853 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Хулангийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Б.С, О.Д нарт холбогдох 2211 00339 0503 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн С, /РД:......../;

2. Т овгийн О-гийн Д, /РД:......./;

Б.С нь О.Дтэй бүлэглэн гүйцэтгэж, бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цээс 51.456.000 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Эаас 79.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Боос 80.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эаас 72.987.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ааас 78.582.900 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баас 81.365.450 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лоос 120.958.000 төгрөгийг тус тус залилан авч, үргэлжилсэн  үйлдлээр бусдад нийт 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Д нь Б.Стэй үйлдлээрээ санаатай нэгдэн, бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цээс 51.456.000 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Эаас 79.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Боос 80.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эаас 72.987.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ааас 78.582.900 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баас 81.365.450 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лоос 120.958.000 төгрөгийг тус тус залилан авч, үргэлжилсэн  үйлдлээр бусдад 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн О-гийн Д-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Дийг цагаатгаж,

шүүгдэгч Б овгийн Б-ийн С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сгийн энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.Сд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, О.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сгээс хохирлын 39.599.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Цт, хохирлын 67.439.500 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эд, хохирлын 70.740.500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бод, хохирлын 61.130.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эт, хохирлын 66.725.900 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ат, хохирлын 69.508.450 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Бд, хохирлын 109.101.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лид тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт хүргэгдэн ирсэн “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас, компанийн дүрэм 4 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 1 дүгээр сард хятадын Теньжин хотын боомтод гацсан чингэлэгнүүдээс зах зээлийн үнээс хямдаар автомашинууд авах боломж олдон, үүнийхээ дагуу хүмүүсээс урьдчилсан захиалга авч мөнгө босгосон. Тухайн босгосон мөнгөө онлайн казино руу оруулан нэмж мөнгө олох ахар бодолдоо хөтлөгдөн надад итгэж захиалга өгсөн хүмүүсийн мөнгийг болон надад итгэсэн итгэлийг алдан их хэмжээний мөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж, ойлгон ухаарч байна. Миний энэхүү үйлдлээс болж хохирсон хохирогч нарыгаа анх оффисдоо дуудан гэм буруугаа хүлээн уучлалт гуйж, хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж хэлсэн. Мөн бодит үйлдлээрээ ч нотолж, хохирлоо хуваан төлж байсан. Мөн ээж минь надад туслан өөрийн нэр дээрх байраа энэ хэргийн хохирогч нарын хүсэлтээр барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлэн хохирогч нартай цаашид эрүүгийн хэргээр шийдүүлэхгүй, гомдол саналгүй гэж нотариатаар орж гэрээ байгуулж баталгаажуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хурлаар 5 жил нээлттэй цагдан хорих шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, миний бие энэ хэрэг анхнаасаа цагдаад шалгагдаж эхлэхээс авхуулаад нэг ч удаа худал мэдүүлэг өгөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн, үүнийгээ бодит үйлдэл болгон хохирлыг төлж байсан. Би өмнө нь огт ял шийтгэл эдэлж байгаагүй. 2006 оноос 2008 онд Хөх хотын багшийн их сургуульд суралцаж төгссөн. 2008 оноос 2013 онд Монгол Улсын их сургуулийн салбар Мэдээлэл технологийн сургуулийг компьютерийн сүлжээний инженер мэргэжлээр суралцаж төгссөн. 2014 оноос 2017 онд Австрали улсын Сидней хотод мэргэжил дээшлүүлэн, эхнэр хүүхдийн хамт ажиллаж, суралцаж байгаад ирсэн. Чин сэтгэлээсээ дахин дахин уучлалт гуйж байна. Миний бие ар гэрийнхнээсээ туслалцаа авч, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж дууссан. Гэм буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж, харамсаж байна. Хувийн байдлыг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэж эрхэм шүүгч нараас гуйж байна. Намайг уучлаарай, миний буруу.” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын тодорхой үндэслэлүүд өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд хязгаарлагдаж байгаа учраас агуулгын хувьд 2 үндсэн зүйлээр давж заалдах гомдлоо тайлбарлана. Шүүгдэгчийн ар гэр, хохирогч талууд харилцан тохиролцож анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нийт хохирлыг үл хөдлөх хөрөнгийг хохирогч нарын нэр дээр шилжүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэх 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ, өмнө нь хийгдсэн хохирол төлбөр барагдуулах гэрээ, барьцааны гэрээг цуцалж байгаа гэрээ, нэр бүхий 7 хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гарган өгч байгаа хүсэлт нийт 13 хуудас нотлох баримтыг хяналтын прокурорт танилцууллаа. Энэ баримтуудыг шүүхэд гаргаж өгье. Ийм учраас өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндсэн агуулга бол шүүгдэгчийн хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.5-д өөрийгөө илчилсэн гэж байгаа. Энэ хүн анх цагдаагийн байгууллагад өөрөө хандсан. Нэр бүхий хохирогч нарынхаа бүхий л мэдээллийг хууль хяналтын байгууллагад гаргаж өгснөөр энэ хэргүүд нэгтгэгдэж, зарим хохирогч нарт энэ бүх байдал мэдэгдсэний үндсэн дээр хэргийг нэгтгэж шалгасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хохирлоо нөхөн төлсөн байдал өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдож байгаа. Нэр бүхий хохирогч нар давж заалдах шатны шүүхэд оролцож байгаа учраас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Бүрэлдэхүүн шүүгчээс тодорхой асууж байна. Хэрвээ торгуулийн ял авсан тохиолдолд тухайн торгуулийн төлбөрийг хэрхэн төлөх талаар хэрэгт авагдсан “Мандухай” компанид сүлжээний инженерээр ажилладаг баримт байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс авдаг. Мөн караокений асуудлыг шүүгдэгч өөрөө хэлчихлээ. Караокег түрээсийн гэрээгээр бусдад түрээслүүлдэг, түрээсийн орлого олох бололцоотой. Эзэмшсэн мэргэжил боловсролынхоо хүрээнд ялангуяа цахим сүлжээний чиглэлээр нийгэмд амьдарч, орлого олох үндсэн нөхцөл байдалтай. Энэ нь тодорхой хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Хувийн байдлын талаар бүх баримтууд Б.Сгийн ар гэрийн байдал, зан чанар, эзэмшсэн мэргэжил, сэтгэл зүйн талаарх бүх баримтууд хэрэгт авагдсан тул өмгөөлөгчийн зүгээс давхардуулан дурдах шаардлагагүй гэж бодож байна. Түүнд оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар буюу энэ хэргийн зүйлчлэл өөрөө торгох ялын санкцтай. Иймд хорих ялыг өөрчилж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байдлаар өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж аваад прокурорын зүгээс О.Дийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэр нь хууль ёсны үндэслэлгүй байна гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Хавтаст хэрэгт авагдсан О.Дий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тогтвортой мэдүүлгүүд зэргээр О.Д нь Япон улсаас Монгол улсад автомашин ачсан чингэлэг орж ирээгүйг мэдэж байсан боловч Б.Сгийн даалгаснаар нэр бүхий долоон хохирогчийг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна, орж ирсэн чингэлэг байгаа, 9 чингэлэг орж ирээд 3 нь зарагдчихлаа, 6 нь зарагдчихлаа” гэх зэргээр хуурсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож, уг үйлдэл нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүхийн тогтоолд заасан О.Дийг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. О.Д нь энэ хэрэгт хамтран оролцоогүй болохыг Б.Сгийн мэдүүлгээс өөрөөр нотолсон баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс О.Дий гэм буруутайг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлж байгаа ямар баримт байгааг дурдалгүй О.Дд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч нарын зүгээс гомдлын ганц л үндэслэл байгаа юм байна. Энэ нь хорих ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд нийцүүлэн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, 5 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. гэв.

Цагаатгагдсан этгээд О.Д тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Дий өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 25 дугаартай эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн ерөнхий үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр О.Дий үйлдлийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан 61-85, 1 дүгээр хавтаст хэргийн 111-115, 143, 228-230, 3 дугаар хавтаст хэргийн 178-180, 1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 12-14, 182, 249-250,198-199, 88-89, 103-104, 61-65, 139, 140 дүгээр хуудаст О.Дийг тухайн гэмт хэрэгт хамааралгүй гэх нотлох баримтууд цугларсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 61-85 хуудаст 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн депозит дансны хуулганд дэлгэрэнгүй үзлэг хийсэн тэмдэглэлд 14 удаагийн гүйлгээгээр “М” ХХК-ийн захирал Б.С өөрийн хувь данснаас О.Дий хувь данс руу нийтдээ 20.295.000 төгрөгийг шилжүүлсэн. 14 удаагийн гүйлгээний утгыг нэг бүрчлэн бичсэн байдаг. Энэ гүйлгээний утгаар шилжиж орсон мөнгөн төлбөрүүд компанийн эд хөрөнгө авахад, цалинд зарцуулагдсан. Энэ нотлох баримтаар болон Б.Сгийн өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг болон О.Дий гэрчийн мэдүүлэг, мөн 14 удаагийн гүйлгээний огноог харвал тухайн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн ямар ч нөхцөл байхгүй болохыг нотолж байгаа. “М” ХХК-ийн захирлын хувьд ажилтан О.Дд үүрэг даалгавар өгдөг. Үүний дагуу тухайн компанийн мэдээлэлтэй холбоотой тээврийн хэрэгслүүдийг үйлчлүүлэгчид танилцуулдаг. Худалдан борлуулсан тээврийн хэрэгслийн цалингаас гадна зарсан тээврийн хэрэгсэл болгон дээр О.Дд хувь өгнө гэсэн аман тохиролцоо хоорондоо хийсэн байдаг. Тийм болохоор ажилтны хувьд аль болох тээврийн хэрэгсэл зарах зорилгыг агуулж байсан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг тайлбартай байна.” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар түрүү жилийн өдийд мөнгөө өгч алдсан байдаг. Өнөөдрийг хүртэл эхний ээлжинд 10 гаруй сая төгрөг авсан. Өчигдөр бүх хохирлоо барагдуулж авсан. Тийм болохоор гомдол, саналгүй байна.” гэв.

Хохирогч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогоор өр төлбөрөө барагдуулж авсан гэж ойлгож байна. Одоогоор ямар ч гомдол, саналгүй. Залуу хүний хувьд торгуулийн ялыг нь оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хохирогч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Эын ярьсан зүйлтэй адил саналтай байна. Хохирлын асуудал дээр бүрэн тохиролцож, гэрээ байгуулсан. Б.Сд гомдох шаардлага алга байна. Тийм болохоор оногдуулсан ялыг нь торгох ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусдын адил бодолтой байна. Залуу хүүхдийн амьдралд сэв суучих вий гэж бодоод гомдолгүй. Хохирол төлбөрийг бусдын адил авах гэж байгаа.” гэв.

Хохирогч Р.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад хохирогч нартай адил саналтай байна. Урьдчилсан байдлаар гэрээ хийж, нотариатаар орсон болохоор хохирлыг барагдуулсан гэж үзэж байна. Гомдол, санал байхгүй.” гэв.

Хохирогч Д.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусдын адилаар л байна. Одоо гараад нэрээ шилжүүлээд өгнө гэсэн. Өчигдөр ээж нь энэ саналыг тавьж, бид нартай зөвшилцөөд хүүгийнхээ өмнөөс бид нарын хохирлыг барагдуулсан байгаа. Цаашдаа зөв амьдраад явах байх.” гэв.

Хохирогч З.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад хохирогч нартай адил саналтай байна. Өчигдөр нотариатаар гэрээ хийж, байрыг хохирлынхоо үнийн дүнд авахаар болсон. Тийм болохоор дахиж гомдол, санал байхгүй. Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаад бидний хохирсон хохирлыг барагдуулахаар сэтгэл гаргасан ээжид нь баярласнаа хэлье.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Ц.Хулангийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.С нь бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цээс 51.456.000 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Эаас 79.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Боос 80.197.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эаас 72.987.500 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ааас 78.582.900 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баас 81.365.450 төгрөгийг,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лоос 120.958.000 төгрөгийг тус тус залилан авч, үргэлжилсэн  үйлдлээр бусдад нийт 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Цийн “...захирал нь гэж өөрийгөө танилцуулсан Батдоржийн С гэх залуу “Япон улсаас нийт 24 чингэлэг машин ирнэ, эхний ээлжинд 9 чингэлэг машин 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын гааль дээр бууна, гаалийн бүрдүүлэлтийн мөнгөө бүрдүүлэхийн тулд эхний ирэх 9 чингэлэг машиныг хямдхан зарж байгаа юм, урьдчилгаа нэг машины 50 хувь төлбөр төлсөн тохиолдолд гэрээ байгуулна” гэж хэлсэн. Би 4 ширхэг “Тоёота Приус-30” загварын машин авахаар болоод нэг машины 50 хувийн төлбөр, нийт 4 машины төлбөр 51.456.000 төгрөг төлсөн. ...” /1хх 88-90/,

хохирогч Р.Эы “...Би 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “2016 онд үйлдвэрлэсэн, 2700 мотортой, хар өнгөтэй, “Тоёота Прадо 150” загварын машиныг 102.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу 72106345 дугаарын утас руу залгаад мэдээлэл аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Мандухай” зочид буудлын 3 дугаар давхарын 301 тоотод байрлах “М” ХХК дээр очоод С, Д гэх хүмүүстэй уулзсан. ...Эхлээд дээрх утсаар яриад мэдээлэл авахад өөрийгөө Д гэж танилцуулсан хүн надад “ахаа та Прадо сонирхож байгаа бол эхлээд урьдчилгаа мөнгөө шилжүүлээд баталгаажуулсан нь дээр байх, тэгэхгүй бол энэ машиныг сая нэг хүн авна гэж хэлсэн” гэхээр нь би тэрэнд нь итгээд урьдчилгаа 500.000 төгрөгийг Голомт банкны 1415121172 дугаартай “М” компанийн данс руу шилжүүлсэн. ...Очиход Д, С гэх хоёр залуу байсан “манайх олон жил машин оруулж байгаа туршлагатай компани байгаа юм, одоо зах зээлээс хямд үнээр ойрын хугацаанд ирэх машинууд дээрээ захиалга авч байгаа” гэж хэлсэн ...4,0 үнэлгээтэй, гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй машины зураг харуулсан. Энэ машин Хятад улсын Тянжинь боомт дээр ирчихсэн байгаа, 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монголд бууна гэж хэлсэн. ...Ямар ч гэсэн гэрээ байгуулаагүй санагдаж байна. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны 5062176023 дугаарын данснаас “М” компанийн 1415121172 дугаарын данс руу 80 хувийн төлбөр болох 79.197.500 төгрөгийг компани дээр нь сууж байгаад нэлээд хэдэн удаа хувааж шилжүүлсэн. ...” /1хх 165-168/,

хохирогч Д.Бын “...Уг утасны дугаартай холбогдоход намайг Мандухай зочид буудлын 3 давхарт хүрээд ир гэсэн. Үүний дагуу очиход С, Д гэх 2 эрэгтэй байсан ба “3 ширхэг автомашин БНХАУ-д Япон улсаас орж ирсэн. 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Монголд хүрч ирнэ” гээд надад “Рrado-150” маркийн автомашины зураг харуулсан ба уг машиныг “94.000.000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа 80.000.000 төгрөг хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Барс захын хойд талын Хаан банкинд эхнэр Д.Оюунчимэгийн Хаан банкны 5030702452 дугаарын данснаас бэлэн 80.000.000 төгрөг Голомт банкны 1415121172 дугаартай “М” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. ...Тэгээд би 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Б.С рүү залгаж асуухад “БНХАУ-д өвлийн Олимп эхэлчихлээ, Олимп дууссанаас хойш ачигдахаар боллоо” гэж хэлсэн. Нийтдээ 80.197.500 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 189-192/,

хохирогч Х.Эын “...Тэнд борлуулагч ажилтай Д гэх залуу нь “одоо Прадо загварын машинаас ердөө 2-3 ширхэг үлдчихээд байна. Та алийг нь авах юм” гэхээр нь “харж байгаад арай он залууг нь сонгоё” гэж хэлсэн. ...Ингээд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, Тоёота Прадо загварын машиныг авахаар тохироод урьдчилгаа 72.987.500 төгрөгийг төв Хаан банкны киоск машиныг ашиглаад “М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 220-221/,

хохирогч Ш.Аийн “...С “манайх үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байна, урьд нь Тэнгис кино театрын тэнд байрладаг байсан” гэж хэлсэн. Тэгээд Д машины үзүүлэлтүүдийн талаар танилцуулаад 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй Прадо загварын машиныг захиалаад тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, машины урьдчилгаа төлбөр 78.582.900 төгрөгийг төв Хаан банкны киоск машинаас шилжүүлсэн. ...” /2хх 6-7/,

хохирогч Ж.Бын “...Би “Үнэгүй.мн” нэртэй зарын сайтаас “удахгүй буух Прадо-150 загварын машин зарна” гэсэн зар байршуулсан байхаар нь орж мэдээлэлтэй танилцсан. Холбоо барих утасны дугаараар нь залгахад Д гэдэг борлуулагч утас авахаар нь “Прадо-150 загварын машин сонирхож байна” гэж хэлсэн чинь “өө за удахгүй 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буух машинууддаа захиалга авч байна. Манайх хил гааль хэсэг хугацаанд хаалттай байсан, хил нээгдээд захиалсан байсан, нэлээд хэдэн чингэлэгүүд маань замдаа ирж яваа, удахгүй бууна, тэдгээрээс зарим нэгийг нь бараг өөрийнх нь үнээр зарж байгаа” гэж хэлсэн. Тэнд захирал гэх С, борлуулагч гэх Д нар байсан. Д гэх хүн надад нийт 5 ширхэг Прадо загварын машин үзүүлээд “эдгээр машинууд бүгд замдаа ирж яваа” гэж хэлээд машины бүх мэдээллийг өгсөн. Би нийт 81.365.000 төгрөг залилуулсан. ...” /2хх 42-43/,

хохирогч Д.Лийн “...Ингээд тус компанийн Д надад компьютер дээр Япон улсаас онлайнаар худалдан авсан гэх 70-80 автомашины зургийг үзүүлээд “эхнээсээ оруулж ирээд зараад дууссан, одоо 4 ширхэг Прадо маркийн автомашин үлдсэн байгаа, үүнээс хоёрыг нь таны өмнө хүн ороод авчихсан, яг одоо 2 ширхэг машин байна” гэж надад үзүүлсэн. Ингээд тэр дор нь “М” ХХК-иас 89.502.017 төгрөгөөр 1 ширхэг Прадо машин, 83.684.517 төгрөгөөр 1 ширхэг Прадо автомашин худалдах, худалдан авах гэрээг тус компанийн захирал С гэх хүнтэй байгуулсан. ...” /2хх 95-98/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч З.Ц, шүүгдэгч Б.С нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх 8-15/, Ч.Манлайбаатарын эзэмшлийн 5021306290 дугаарын “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 57-60/, шүүгдэгч О.Дий 5016451632 дугаарын “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 61-85/, “Синк Ложистикс Монголиа” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн албан бичиг /1хх 153/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2/529 дугаартай албан бичиг /1хх 155/, хохирогч Р.Эы эзэмшлийн 5062176023 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /1хх 162/, гэрч Д.Оюунчимэгийн 5030702452 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /1хх 180/, хохирогч Х.Эын эзэмшлийн 5429539369 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /1хх 217/, хохирогч Ш.Аийн эзэмшлийн 5025471760 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /2хх 3/, хохирогч Ж.Бын эзэмшлийн 5925244135 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /2хх 39/, хохирогч Д.Лийн эзэмшлийн 5029327575 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /2хх 118/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Сг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Сгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж бусдыг хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 7 иргэнээс нийт 564.744.850 төгрөгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Сгийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.5-д өөрийгөө илчилсэн гэж байгаа. ...хохирол нөхөн төлсөн байдал өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдож байгаа. ...Эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс авдаг. Мөн караокег түрээсийн гэрээгээр бусдад түрээслүүлдэг, түрээсийн орлого олох бололцоотой. Эзэмшсэн мэргэжил боловсролынхоо хүрээнд ялангуяа цахим сүлжээний чиглэлээр нийгэмд амьдарч, орлого олох үндсэн нөхцөл байдалтай. ...Иймд хорих ялыг өөрчилж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр заасан.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах шатны шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 0004 дугаартай шүүгдэгч Б.Сгийн төрсөн эх О.Туулгэрэл, хохирогч Ж.Б, Х.Э, Ш.А, Д.Б, Р.Э, Д.Л, З.Ц нарын хооронд байгуулсан "Өр төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ", нэр бүхий 7 хохирогчийн "гомдол, саналгүй" гэх хүсэлтүүдийн хамт гаргаж өгчээ.

Уг өр төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээнд "хохирол төлбөр барагдуулах хэлцэлд заасан үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 482.245.600 /дөрвөн зуун наян хоёр сая, хоёр зуун дөчин таван мянга, зургаан зуун/ төгрөгт тооцож, шилжүүлэн авч байгаа болно" гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...эрхтэй." гэж заасан. Энэ заалтад тусгасан "шударга шүүхээр шүүлгэх эрх"-ийн хүрээ нь олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн "шударгаар шүүлгэх эрх"-ийн агуулгатай дүйцэж байгаа бөгөөд шүүхийн өмнөх, түүнчлэн шүүх хуралдааны болон түүний дараах үе шатанд эдлэх цогц эрхийг илэрхийлсэн өргөн агуулгатай ойлголт билээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар" заасан.

Дээрх Үндсэн хуулийн заалтуудын агуулгад нийцүүлэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, шүүх хуралдааны дараах үе шатанд эдлэх цогц эрхийн хүрээнд шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг бодит байдлаар бүрэн төлж барагдуулаагүй хэдий ч хохирол төлбөрт тооцуулахаар хохирогч Ж.Б, Х.Э, Ш.А, Д.Б, Р.Э, Д.Л, З.Ц нартай “Өр төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ"-г нотариатаар баталгаажуулсан, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, мөн шүүгдэгч Б.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 20.000 /хорин мянга/ нэгжээр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс Т овгийн О-гийн Д-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Дийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, О.Дий талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж зааснаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхой биш байна.

Учир нь, гэрч Ц.Энх-Оюуны “...Тэгээд туслах ажилтан гэх Д нь нөхөр бид хоёрт компьютер дээр маш олон машины зураг харуулсан, “эдгээр машинууд нь манай компанийн Япон улсад дарсан машинууд байгаа юм” гэж хэлсэн. Машины зураг сонирхоод сууж байтал С, Д хоёр “өчигдөр Прадо загварын машин дарах ёстой байсан, тэрийгээ дарж чадсангүй, мөн нөгөө нэг машинаа дарчихлаа” гээд хоорондоо яриад байсан. Тэр яриаг нь сонсоод бид хоёрт итгэл төрж байсан. ...Д нь “захирлаа өчигдөр ийм машин зарчихлаа, тэрийг зарах гэсэн чинь болсонгүй” гээд Стэйгээ зогсоо зайгүй яриад байхаар нь нээрээ ч машин зардаг юм байна гэж бодсон. ...Гэрээ байгуулах, машин гааль дээр буух мэдээлэл зэрэг бүх ажлыг Д нь хийж байсан. ...” гэсэн мэдүүлэг өгчээ. Энэхүү мэдүүлэгтэй утга агуулга адил хохирогч Х.Эын 1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд авагдсан, хохирогч Ш.Аын 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан, хохирогч Ж.Бын 2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан, хохирогч Д.Лийн 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгүүд авагдсан байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр О.Д нь Б.Стэй үйлдлээрээ санаатай нэгдэн бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хамдхан зарна” гэж хуурч, итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэсэн заалтад нийцсэн бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх боловч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болсноор дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокурор Ц.Хулангийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/853 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

 

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.155.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, үлдэх торгуулийн ялын хэмжээг 18.845.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокурор Ц.Хулангийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Шүүгдэгч Б.Сг түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ