Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* сургууль НҮТББ /РД:/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ш.У,

Гуравдагч этгээд: М нарын хоорондын Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын Улсын байцаагч Ш.У, гуравдагч этгээд М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд М өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч: М******* сургууль НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уд холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М******* сургууль ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 5 регистрийн дугаар олгосон байх бөгөөд компанийн үйл ажиллагааны чиглэлийг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан боловсрол олгох үйл ажиллагаа гэжээ.

3. М******* сургууль ХХК байсныг М******* Сургууль НҮТББ болгон өөрчилснийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/5428 дугаар гомдол шилжүүлэх тухай албан бичгээр М захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа болон М******* Сургууль ХХК-ийн хууль бус бүртгэл, нэрийн баталгаажуулалтын талаар ирүүлсэн гомдлыг шилжүүлж байна. Тэрээр гомдолдоо... М******* сургууль ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн илт хууль зөрчиж бүртгэл, нэрийн баталгаажуулалт хийснийг шалгаж, тогтоож өгөхийг хүссэн байна. Иймд гомдолд дурдсан асуудал тус бүрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж, холбогдох арга хэмжээг авч, шалгалтын дүнг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний дотор ирүүлнэ үү гэжээ.

5. Дээрх албан албан бичиг болон М захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/2417 дугаар гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ш.У хянаад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргажээ.

6. Тус дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: гэж, мөн зүйлийн 4.1.4 дэх заалтад үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16 1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 16.1.7 дахь хэсэгт улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна гэж, мөн зүйлийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасныг, мөн Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг тус тус баримтлан, ДҮГНЭХ нь

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М******* сургууль ХХК-д сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцох,

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох;

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох,

4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх;

5. М******* сургуулийн үүсгэн байгуулагч Л.Мад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх гэж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/10621 дугаар Хариу өгөх тухай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 90 дугаарт бүртгэлтэй М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, мөн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба М******* сургууль ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримт болон хяналт шалгалтын явцад цугларсан баримтыг үнэлж, нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтад заасны дагуу тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Л.Маас бичгээр санал авах ажиллагаа хийгдсэн байна. Иймд Таны гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болно. гэж хариу өгсөн байна.

8. Ингээд нэхэмжлэгч М******* сургууль НҮТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.М Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлдээ: ...М******* Сургууль нь 2002 оноос М гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар дээд сургуулийн ангилалд орж М******* сургууль болон өргөжиж, Боловсролын тухай хуульд заасны дагуу Их сургуульд тавигдах шаардлагуудыг хангаж, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дугаар тушаалаар Их Сургуулийн ангиллыг хууль ёсоор авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Гэтэл Боловсрол шинжлэх ухааны сайд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А/421 тоот тушаал гарган манай сургуульд холбогдох тус яамны сайдын 2012 ны 08 сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургуулийн болон багш, оюутан сурагчдын хууль эрх ашигт бүдүүлгээр халдсан учир бид шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Боловсрол шинжлэх ухааны сайдын дээрх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 тоот тушаал гарсан талаар биднийг мэдээгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр 6572 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гарган Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М******* Сургууль ХХК-д сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг ЗХХШТХуулийн /2002/9 дүгээр зүйлийн 9.1.7.9.1.9, ЗЕХуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцон, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* Сургууль ХХК-ийн 2013 оны 12 сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэл болон мөн регистрийн дугаартай М******* Сургууль НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байсан. Манай сургуулийн хувьд холбогдох яамнаас авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд боловсролын үйл ажиллагаа явуулж байсан ба ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн удаагүй билээ.

Зөвхөн БШУ-ны сайд Л.Эн болон Миас гаргасан нэрийн маргаан, төрийн нэр барьж, бусдын хууль ёсны оноосон нэрийг булаан авах гэсэн бусармаг явдлаас үүдэлтэй маргаанаас болж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учраад байна. Улсын байцаагчаас хяналт, шалгалтын ажлын хүрээнд сонсох ажиллагаа хийхээр мэдэгдсэний дагуу 2022 оны 11 сарын 02-ны өдөр 13 цагт очиж сонсох ажиллагаанд оролцон хүсэлт, баримтаа гаргаж өгсөн ба энэ үед ажиллагаа ямар шатанд явааг асуухад Бид шалгаж байна. Ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа гэсэн атлаа биднийг дуудаад байхад ирээгүй мэтээр 6572 тоот дүгнэлтдээ тусгасан байна. Түүнчлэн бид сонсох ажиллагаанд оролцохдоо өөрсдийн хүсэлт албан бичгээ аваачиж өгсөн байхад улсын ахлах байцаагч дүгнэлтдээ тэр талаар огт тусгаагүй буюу хэт нэг талыг барьсан захиргааны акт гаргасан нь учир дутагдалтай болжээ.

Улсын бүртгэлийн байгууллагад өгсөн тайлбартаа бид: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 тушаал гарсаныг бидэнд мэдэгдээгүй талаар, эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд хуулийн дагуу мэдэгдээгүй атлаа шууд маргааш нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон УБЕГазарт албан бичиг хүргүүлсэн талаар, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хандсан талаар дэлгэрэнгүй дурдан илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан болохыг дэлгэрэнгүй тайлбарлан шүүх, хуулийн байгууллагад гомдлоо гаргана гэдгээ илэрхийлэхэд улсын байцаагч Ш.У нь бидэнд "сонсох ажиллагааны бичлэг хийгдэж байгаа" гэдгийг хэлж байсан учир түүнд тэр бичлэг байх ёстой. Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон Боловсрол, шинжлэх ухааны сайдын манай сургуулийн нэртэй холбоотой тушаал гарсан талаар бид мэдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл яамны зүгээс бидэнд мэдэгдсэн, тушаал шийдвэр гарах гэж байгаа талаар сонсгосон, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангах хуульд заасан ямар нэгэн ажиллагааг хийгээгүй байгаа болно.

Сүүлийн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энгийн зүгээс манай сургуулийн нэртэй холбоотой асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан элдвээр хэлэх, доромжлох, гүтгэх зэрэг хувийн хандлага ихээр гаргаж байсан учраас бид нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ба С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 02166 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2, 511-р зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгаж шийдвэрлэсэн талаар ч дурдан шүүхийн шийдвэрүүдийг хуулбарласан баримтуудаа хавсарган нийт 39 хуудас материал улсын байцаагч Ш.Уд хүлээлгэн өгсөн болно.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын улсын ахлах байцаагч Ш.У нь хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын бүртгэлтэй холбоотой ажиллагаануудад дүгнэлт хийх ёстой атал хөндлөнгийн баримтуудад дүгнэлт хийж, манай сургуулийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон талаар гомдол гаргахад УБЕГазрын даргын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 1/10621 дугаартай "Хариу мэдэгдэх хуудас"-аар ...Гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. ЗХШХШТХуулийн 14-р зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй".... гэсэн хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ш.У нь дүгнэлт гаргахдаа ... ЗХХШТХуулийн /2002/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/, мөн 9.1.9 /Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн/ гэсэн атлаа Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/ гэсэн заалтыг баримтлан Захиргааны актыг илт хууль бус актад тооцон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Мөн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам /2021/-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т заасан "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хяналт шалгалтын үйл ажиллагаан урьдаас төлөвлөсөн үр дүнд чиглэгдээгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн байцаагч Ш.У нь хяналт шалгалтын ажлыг хийхдээ Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ХЗДХЯам, Мийн захирал Д.Б нарын нөлөөнд автан, манай сургуулийн улсын бүртгэлийг хүчингүй болгосонд гомдолтой байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/5428 дугаар гомдол шилжүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн М захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа болон М******* Сургууль ХХК-ийн хууль бус бүртгэл, нэрийн баталгаажуулалтын талаар ирүүлсэн гомдлыг шилжүүлж байна. Тэрээр гомдолдоо...М******* сургууль ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн илт хууль зөрчиж бүртгэл, нэрийн баталгаажуулалт хийснийг шалгаж, тогтоож өгөхийг хүссэн байна. Иймд гомдолд дурдсан асуудал тус бүрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж, холбогдох арга хэмжээг авч, шалгалтын дүнг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний дотор ирүүлнэ үү гэх албан бичиг, М захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/2417 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу холбогдох бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал:

1. М******* сургууль НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 90 дугаарын хувийн хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд: 1.1 М сургуулийн үүсгэн байгуулагч Л.Мын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, /энэ шийдвэрээр М******* сургууль ХХК-ийг үүсгэн байгуулсан/, шийдвэрийн 5.1-д "Компани нь тусгай зөвшөөрлийн дагуу сургалт, үйлчилгээний дагуу үйл ажиллагаа явуулна., гэж, мөн өдрийн тус сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 08 дугаар сарын 14-ны өдөр дугаартай олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, санхүүгийн тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл зэрэг баримт бичгийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М******* сургууль ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 5 регистрийн дугаар олгосон бөгөөд компанийн үйл ажиллагааны чиглэлийг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан боловсрол олгох үйл ажиллагаа гэж олгосон байна.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн М сургуулийн үүсгэн байгуулагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн 5.1-д Компани нь тусгай зөвшөөрлийн дагуу сургалт, үйлчилгээний дагуу үйл ажиллагаа явуулна. гэж, мөн шийдвэрийн 6-д Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байна. Компанийн дүрмийн 1.5-д "Компани нь үйл ажиллагаа дараах чиглэлээр явуулна. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг энэ заалтад хамааруулахгүй. 1.5.1-д Тусгай зөвшөөрлийн дагуу" гэсэн байна. Дээрх хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14971 дугаар шийдвэрт тухайн үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ж, улсын ахлах бүртгэгч *******, улсын бүртгэгч Э.Э нар гарын үсэг зурсан байна.

1.2 М******* Сургууль ХХК байсныг М******* Сургууль НҮТББ болгон өөрчлөх тухай УБ-04 маягт буюу өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх ба М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М******* сургууль НҮТББ болгон хэлбэр өөрчилсөн, гүйцэтгэх захирал, дүрэм шинэчлэн баталсан тухай шийдвэр, М НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн 01 тоот УЗ-ийн тогтоол, дүрэм зэрэг баримт бичгийг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

1.3 М******* Сургууль НҮТББ нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр УБ-05 маягт өргөдөл гаргасан байх бөгөөд 1998 оноос регистрийн дугаараар үйл ажиллагаа явуулж байгаа талаарх Баянгол дүүргийн татварын хэлтсийн 26 дугаартай тодорхойлолт, ТББ-ын үүсгэн байгуулагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, мөн өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг баримт бичгийг үндэслэн 5 регистрийн дугаарыг регистрийн дугаараар өөрчилсөн байна.

2. М захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баас Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/2417 дугаар албан бичгээр гаргасан гомдолд дараах баримт бичгийг хавсарган ирүүлсэн байна.

2.1 Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар Их сургуулийн статус-ыг баталсан байна. Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Монгол Улсад шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, сургалт эрдэм шинжилгээний хүрсэн түвшинг харгалзан М*******-д ******* сургуулийн статус олгож, Монголын Улсын ******* сургууль /М/ хэмээн нэрлэсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

2.2 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2020.10.12-ны өдрийн 01/185 тоот Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн /үгийн тайлбар хүргүүлэх/ албан бичиг хавсралт Үгийн тайлбарын тухай зэрэг болно. Үгийн тайлбарын 8-д тайлбарлан /М, М******* сургууль/ энэ хоёр нэр нь нэг утгатай нэрийн хувилбар болж буй учир бусдыг төөрөгдүүлэх нэр гэж үзэх үндэслэлтэй болно гэжээ.

2.3 М сургууль нь анх 1998 онд "Ч *******" коллеж нэртэйгээр байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар "Ч *******" коллеж нэрийг "М" болгон өөрчилсөн тухай сайдын тушаалын хуулбар байна. 2.4 М нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар дээд сургуулийн ангилалд хамааруулсан тухай сайдын тушаалын хуулбар байна. Хавсралтын Дээд сургуулийн ангилалд гэсэн жагсаалтын 31 дүгээрт М гэж бичигдсэн байна.

3. Хяналт шалгалтын хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М******* сургууль ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Э.Эээс тайлбар авахад ... үүсгэн байгуулагч Л.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мын гаргасан УБ-03 маягт, шийдвэр, хурлын тэмдэглэл, итгэмжлэл, нэрийн баталгаажуулалтын хуудас, санхүүгийн тайлан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, БСШУЯ-ны олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 16 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлсэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 18 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй байсан тул бүртгэх шийдвэр гаргаж, улсын ахлах бүртгэгч *******, газрын дарга Ш.Ж нараар хянуулан, шийдвэрт гарын үсэг зуруулан, бүртгэж гэрчилгээ олгосон." гэжээ.

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7/5435 дугаар албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/5182 дугаар албан бичгээр ирүүлсэн "Тушаал хүчингүй болгох тухай" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/421 дүгээр тушаалыг хүргүүлж байна. Хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана уу" гэсэн байна.

5. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтад "Боловсролын сайдын 1992 оны "******* сургуулийн статус олгох тухай "476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Сургуулийн ангилал өөрчлөх тухай" А/454 дүгээр тушаалыг хүчингүйд болсонд тооцсугай. гэж, мен тушаалын 2 дахь заалтад "М******* сургууль нь тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг "М******* сургууль" ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар "Монголын ******* сургууль" НҮТББ нэртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж зохих хууль тогтоомжид нийцүүлж, улсын бүртгэлд бүртгэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт уламжилсугай" гэсэн байна. М******* сургууль нь дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар тус сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсан байна. Тус тушаалыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М сургуулийн дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна. 6. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М******* сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Л.Мад сонсох ажиллагааны мэдэгдлийг 9 дугаарын утсаар 2 удаа мэдэгдсэн. /ХША-4 маягтыг хавсаргав./ Хяналт шалгалтын хүрээнд М******* сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Л.Мтай Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагт сонсох ажиллагаа хийх, тайлбар саналаа бичгээр гаргах боломжийг олгосон боловч Л.М нь ирээгүй болно. 3 дугаарын утсаар 4 удаа залгасан.

Дээрх баримтуудаар М сургууль нь анх 1998 онд "Ч *******" коллеж нэртэйгээр байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар "Ч *******" коллеж нэрийг "М" болгон өөрчилсөн байна. М нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар дээд сургуулийн ангилалд хамааруулсан байна.

М******* сургууль нь дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагaa явуулж ирсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар тус сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсан байна. Тус тушаалыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М сургуулийн регистрийн дугаар болох дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна. Үүнээс хойш нэг жил дөрвөн сарын дараа байгуулагдсан М******* Сургууль ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М******* Сургууль ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн байна.

Энэ нь Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно", Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу бүртгэлийн үйлдэл нь илт хууль бус байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид бүртгэх байгууллага гэх/ бүртгэнэ гэж, мөн зүйлийн 7.1.4 дэх хэсэгт соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь гэж заасан байх бөгөөд М******* сургуульд дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5 дахь хэсгийн нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах; гэж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна, мөн зүйлийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаах дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, гэж заасан эрхийн хүрээнд гаргасан Бүртгэл хүчингүй болгох тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч М******* сургууль НҮТББ-ын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. М******* Сургууль НҮТББ нь анх 1998 онд "Ч Эрдэнэ" коллеж нэртэй байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар Ч Эрдэнэ коллеж нэрээ өөрчилж М болсон тус өөрчлөлттэй холбоотой улсын бүртгэлийг зохих журмын шинэчлэн бүртгүүлэхийг БСШУ-ны сайдаас даалгаж шийдвэрлэж байсан.

Мийг БСШУ-ны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар "дээд сургууль"-ийн ангилалд хамааруулсан. Ийнхүү 2004 оноос М******* сургууль нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад БСШУ-ны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар М******* сургуулийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамааруулсугай" гэж шийдвэрлэсэн. Ийнхүү сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг М******* сургуулийн захиралд даалгасан байдаг.

Тус тушаалын дагуу сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. БСШУ-ны сайдын дээрх тушаалаар М******* сургуулийг их сургууль-ийн ангилалд хамааруулсанаас бус оноосон нэрийг нь огт өөрчлөөгүй бөгөөд ийнхүү өөрчлөх хууль зүйн үндэслэл байгаагүй юм.

М******* сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсанаас хойш жил гаруйн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М******* Сургууль нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинээр үүсгэн байгуулах шийдвэрийг иргэн Л.М дангаараа гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ийнхүү боловсролын үйл ажиллагаа явуулдаг М******* сургууль болон ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах М******* Сургууль ХХК гэсэн хоёр хуулийн этгээд бий болсон бaйна.

М******* Сургууль нь улсын бүртгэлийн бүртгэлд гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн бол М******* Сургууль ХХК нь гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд хоёр бор бие даасан зорилго, үйл ажиллагаа бүхий хуулийн этгээд байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас М******* Сургууль ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М******* сургууль-д олгогдсон дугаартай /регистрийн дугаараар олгогдсон/ сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг М******* Сургууль ХХК-ийнх мэтээр хандаж алдаатай бүртгэл хийсэн байсан.

Дээрх хоёр хуулийн этгээдийн регистрийн дугаарууд зөрүүтэй байхад үүнийг шалган тогтоолгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцэхгүй болно. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 7/3699 дугаартай албан бичгээр 2013 онд иргэн Л.Мын үүсгэн байгуулсан Монголын ******* сургууль ХХК-д боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гараагүй байна гэжээ.

Ийнхүү Монголын ******* сургууль ХХК нь тусгай зөвшөөрөл авч байгаагүй болох нь мөн илэрхий болсон. Тусгай зөвшөөрлийн хууль тогтоомжоор тогтоосон зарчим, үйлчлэлийн зүй тогтлын хувьд ямарч тохиолдолд хуулийн этгээд эхэлж байгуулагдах ёстой, хуулийн этгээд байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэн эрх зүйн чадвартай болсны дараа эрх зүйн харилцааны оролцогч болдог. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгдэхээс өмнө эрх зүйн харилцаанд оролцохыг хуулиар хориглодог. Гэтэл энэ тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн тогтолцоонд урьд өмнө гарч байгаагүй гажууд үзэгдэл болсон.

Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 23-нд шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тусгай зөвшөөрлийг хамаатуулан бүртгэсэн. Түүнчлэн Боловсрол, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь аливаа байдлаар шилжүүлж болдог тусгай зөвшөөрөл биш тул өөр хуулийн этгээдэд олгогдсон тусгай зөвшөөрлийг ашиглан хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь дээрх үйл баримтуудаас илэрхий байна.

Энэ нь өөр хуулийн этгээдэд олгогдсон тусгай зөвшөөрлийг буюу М******* сургуульд олгогдсон тусгай зөвшөөрлийг шинээр үүсгэн байгуулагдсан М******* Сургууль ХХК-ийнх мэтээр бүртгэж хууль зөрчсөн. Дээр дурдсанчлан М******* сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсан нь түүнд оноосон нэр олгож буй явдал биш байтал сайдын тушаалыг ашиглан шинээр М******* Сургууль ХХК гэж үүсгэн байгуулсныг, улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна, 27.3-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно", 22 дугаар зүйлийн 22.5-д Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг бүрдүүлнэ", 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гэж тус тус заасан.

Хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр дээрх хууль бус үйлдлийг илрүүлж, М******* Сургууль ХХК-д сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* Сургууль ХХК-ийн 2013-12-26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* Сургууль НҮТББ-ын 2015-03-11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн маргаан бүхий дүгнэлтээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022-10-26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Нэхэмжлэгчээс хуульд заасан холбогдох журмын дагуу боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч, улсын бүртгэлд бүртгүүлэх нь нээлттэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М******* сургууль НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч М******* сургууль НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Маас тус шүүхэд хандаж УБЕГ-ын Хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угийн, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар бүхий Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар тус яамны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалыг хүчингүй болгосон боловч уг тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалыг үндэслэн гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй...сонсох мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй,...хариуцагч нь улсын бүртгэлтэй холбоотой баримтуудад дүгнэлт хийх ёстой атал өөрт хамааралгүй хөндлөнгийн баримтуудад дүгнэлт хийсэн нь хууль бус, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан хугацаа өнгөрсөн... гэж тодорхойлсныг хариуцагч болон гуравдагч этгээдээс бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр ...Дээрх баримтуудаар М сургууль нь анх 1998 онд "Ч *******" коллеж нэртэйгээр байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар "Ч *******" коллеж нэрийг "М" болгон өөрчилсөн, М нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар дээд сургуулийн ангилалд хамааруулсан, М******* сургууль нь дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагaa явуулж ирсэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар тус сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсан, уг тушаалыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М сургуулийн регистрийн дугаар болох дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, үүнээс хойш нэг жил дөрвөн сарын дараа байгуулагдсан М******* Сургууль ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М******* Сургууль ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн...нь Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно", Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж тус тус заасантай нийцэхгүй байна, энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу бүртгэлийн үйлдэл нь илт хууль бус байна, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид бүртгэх байгууллага гэх/ бүртгэнэ гэж, мөн зүйлийн 7.1.4-т соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь гэж заасан байх бөгөөд М******* сургуульд дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон, иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг тус тус үндэслэн...Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М******* сургууль ХХК-д сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцох, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх; М******* сургуулийн үүсгэн байгуулагч Л.Мад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх-ээр тус тус шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл уг дүгнэлтийн үндэслэл болгосон М******* сургуульд дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсоныг Нийслэл дэх Захирганы хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0859 дүгээр шийдвэрээр тус тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь хэсэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар магадлалаар уг тушаалын 1 дэх заалтыг буюу Боловсролын сайдын 1992 оны ******* сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсоныг хүчингүй болгосныг хэвээр үлдээсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0614 дүгээр шийдвэрээр д холбогдох хэсэг болон барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай М барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40- улсын бүртгэлийн дугаартай M барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч М******* Сургууль НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0792 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:, 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж тус тус заасан.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;, 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:, 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Улсын бүртгэлийн байцаагч нь улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох эрх үүрэгтэй байх хэдий ч уг эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан тухайн эрх хэмжээнийхээ хүрээн дотор өөрийн чиг үүрэгт нийцүүлсэн байдлаар хэрэгжүүлэх, улмаар түүний гаргасан захиргааны шийдвэр нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчимд нийцсэн байх учиртай.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийг гаргахдаа хуулийн дээрхи зарчмаас гадна дараахь байдлаар хууль зөрчсөн байх тул уг дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:

1. Хариуцагч дүгнэлтдээ ...Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр М сургуулийн регистрийн дугаар болох дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, үүнээс хойш нэг жил дөрвөн сарын дараа байгуулагдсан М******* Сургууль ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М******* Сургууль ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн...нь Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасантай нийцээгүй...илт хууль бус гэж дүгнэсний тухайд:

Хариуцагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж, Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг баримтлан М******* сургуулийн дугаартай олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг М******* сургуульд олгогдоогүй тусгай зөвшөөрөл гэж үзэж улмаар бүртгэлийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байна.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь хүчингүй болгох эрхтэй гэж заасан, түүнчлэн М******* Сургууль ХХК нь М******* сургуульд өмнө олгогдсон гэх дугаарыг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн асуудал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасан үндэслэлд хамаарахгүй, мөн Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт нь боловсролын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн чиг үүргийг тодорхойлсон заалт байхад хуулийн эдгээр заалтыг зөрчсөн гэж дүгнэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу бүртгэгдэн улмаар уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн бүртгэлийг 9 жилийн дараа илт хууль бусад тооцох эрх хариуцагч Улсын байцаагчид олгогдоогүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, дүгнэлтийн үндэслэл болгосон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүртгэлийн тухай хууль тогтоомж-д хамаарахгүй, энэ утгаараа тусгай зөвшөөрлийг бүртгэсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцээгүй илт хууль бус захиргааны акт байна.

Түүнчлэн дүгнэлтдээ ...М******* сургуульд дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, соёл,шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон-ыг үндэслэл болгосон байх боловч уг А/421 дүгээр тушаалын 1 дэх заалт хуулийн хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн уг дүгнэлт няцаагдаж байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж, мөн хуулийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж, 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж нарийвчлан заасан.

Дээрхи хуулийн заалтуудаас үзэхэд М******* сургууль ХХК-д сургалтын ажил эрхлэх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба уг актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ хариуцагч нь зөвхөн тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохгүй гэх хуулийн заалтаар тайлбарлаж буй нь учир дутагдалтай, энэ нь хуулийн 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч нь уг дүгнэлтийг гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн. гэж заасныг үндэслэсэн, үүнийгээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3, Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д зааснаар тайлбарлаж байх боловч эдгээр үндэслэлүүд нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч байгууллагын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох хуулийн үндэслэлд нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан, уг заалтад нийцүүлэн авч үзвэл хариуцагч Улсын байцаагч өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дүгнэлтийн энэ хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

2. Хариуцагчийн гаргасан дүгнэлтийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох хэсгийн тухайд:

Тус дүгнэлтэнд дурдсанаас үзвэл ...М******* сургуулийг үүсгэн байгуулагч Л.Мын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, /уг шийдвэрээр М******* сургууль ХХК-ийг үүсгэн байгуулсан/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дугаартай олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар болон бусад баримт бичгүүдийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М******* сургууль ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж 5 тоот регистрийн дугаар олгосон, уг хуулийн этгээдийг бүртгэх тухай 14971 дүгээр шийдвэрт холбогдох этгээдүүд гарын үсгээ зурсан байна, М******* сургууль ХХК байсныг М******* НҮТББ болгон өөрчлөх тухай УБ-04 маягт буюу өөрчлөн байгуулагдах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 25-нд...холбогдох баримтуудыг хавсарган гаргаснаар мөн оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн,...М******* сургууль НҮТББ нь 2015 оны 5 сарын 15-ны өдөр УБ-05 тоот маягт, холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлснээр 5 гэх регистрийн дугаарыг гэх регистрийн дугаараар өөрчилсөн... гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:, 7.1.1-д хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны;, 7.1.2-д хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны;, 7.1.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;, 7.1.4-д хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны; гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:, 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;, 19.4.2-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ бүртгэнэ:, 7.1.4-д соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь; гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана. мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана:, 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;, 18.1.2-д өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа. гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:, 22.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 22.1.2-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;, 22.1.4-д улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл аливаа хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах, ашгийн төлөө хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд өөрчлөн байгуулагдахаар хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хандсан, улмаар зохих журмын дагуу өмнө нь эрх бүхий байгууллагаас нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага хуулийн 18.1-д зааснаас бусад тохиолдолд мэдүүлгийг хүлээн авах үүрэгтэй буюу бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох эрх хариуцагчид олгогдоогүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан дүгнэлтэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох-оор заасан боловч тухайн улсын бүртгэлийг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, тухайн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг хэрхэн зөрчсөнийг тодорхой тогтоогоогүй, зөвхөн регистрийн дугаарыг өөрчилсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрхи заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг тус тус зөрчсөнөөс гадна захиргаа уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг мөн зөрчсөн байна.

Иймд уг дүгнэлтийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох-оор заасан хэсэг хууль бус, уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул дүгнэлтийн энэ хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

3. Тус дүгнэлтийн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох хэсгийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр М******* сургууль ХХК-ийн хувцаа эзэмшигчийн Компанийн хэлбэр өөрчлөх тухай шийдвэр, Гүйцэтгэх захирал томилсон болон дүрмийг шинэчлэн баталсан тухай шийдвэр, мөн М******* сургууль Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн тогтоол, Төрийн бус байгууллагын дүрэм зэргийг хавсарган Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөн байгуулагдаж буйг бүртгүүлэхээр УБ-04 маягтын дагуу хандсанаар 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд М НҮТББ-ыг бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн М******* сургууль НҮТББ нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр УБ-05 маягтын дагуу өргөдөл гаргаж түүндээ Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ...1998 оноос хойш регистрийн дугаараар үйл ажиллагаа явуулж байгаа тухай тодорхойлолт болон тус Төрийн бус байгуулллагын үүсгэн байгуулагчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, мөн өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг хавсарган ирүүлснийг үндэслэн М******* сургууль НҮТББ-ын 5 дугаар регистрийг дугаар регистрээр өөрчилж бүртгүүлжээ.

Өөрөөр хэлбэл М******* сургууль нь 2004 оноос эхлэн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн, 2012 онд тус сургуулийг Их сургуулийн ангилалд хамааруулснаар 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас М******* сургуулийн регистрийн дугаар болох гэх дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон, үүний дараа 2013 онд М******* сургууль ХХК-ийг бүртгэхдээ 5 гэх регистрийн дугаар олгосныг тус компаниас хүсэлт ирүүлснийг үндэслэн гэх регистрийн дугаараар өөрчилж бүртгэсэн байх боловч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэл ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн болон уг бүртгэлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, захиргаа өмнө гаргасан ямар зөрчлийг хэрхэн засч буй нь тодорхой тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй тохиолдолд бүртгэл зайлшгүй хийх үүрэгтэй, энэ агуулгаараа тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байхад хариуцагч ямар үндэслэлээр ийнхүү хуулийн этгээдийн уг улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчим болох шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг хангахгүй, хариуцагч захиргаа, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд регистрийн дугаартай М******* сургууль НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн гаргасан дүгнэлтийн 4-т Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасны тухайд:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар магадлалаар уг тушаалын 1 дэх заалтыг буюу Боловсролын сайдын 1992 оны ******* сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсоныг хүчингүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. тул энэ шүүхийн шийдвэрээр тухайн асуудлаар дүгнэх шаардлагагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн захиргааны актын нэмэлт зохицуулалтын дагуу холбогдох ажиллагааг хийх эрх нь нээлттэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Улсын бүртгэгч нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас гомдол шилжүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн Мийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баас ирүүлсэн гомдолд үндэслэн холбогдох бүртгэлийг шалгаж захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн атлаа тус байгууллагыг ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. гэж заасныг зөрчсөн байх ба харин нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж, тайлбар авсан байх тул сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* сургууль НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар бүхий Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН