| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01029/и |
| Дугаар | 155/ШШ2016/00018 |
| Огноо | 2015-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ч.Т-гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2015/01029/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ч.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн М хотын 10 жилийн сургуульд суралцаж байгаад, 1981 онд 10 дугаар ангиас төгссөн. Тэгээд Хаймгийн М хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдөр асрагчийн ажилд орж, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Мөн дараа нь 3 дугаар 10 жилийн сургууль, аймгийн Ахуйн үйлчилгээний газар зэрэгт ажиллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэрт орсон юм. Гэтэл 2015 оны 10 дугаар сараас эхлэн миний тэтгэврийг зогсоосон. Учир нь М хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт ажилд орсон, гарсан тушаал байхгүй байна гэсэн. Би өмнө нь шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгож байсан боловч Хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн учраас 1982-1985 оны хоорондох хугацааг тогтоолгоогүй юм. Иймд намайг Х аймгийн М хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.Т Х аймгийн М хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, М хотын 5 дугаар цэцэрлэгээс 1982 оны 2 дугаар сарын 14-ний өдөр олгосон 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М хотын 5 дугаар цэцэрлэгийн асрагчаар авч ажиллуулав, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М хотын 5 дугаар цэцэрлэгийн асрагчийн ажлаас чөлөөлж, М 3 дугаар 10 жилд шилжүүлэв гэх бичилттэй ..... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Л-ын Ч.Т-гийн төрүүлсэн ээж нь юм...Ч.Т 1981 онд 1 дүгээр 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1982 оны 2 дугаар сараас 1985 он хүртэл М сумын 5 дугаар цэцэрлэгт ажилласан. 1985 оноос 1997 он хүртэл М сумын 2 дугаар 10 жилийн сургуульд ажилласан...5 дугаар цэцэрлэгт асрагч хийж байсан...сургууль төгсөөд л үйлчилгээний ажил тасралтгүй хийж байсан...1997 он хүртэл хамт нэг гэртээ амьдарч байсан учир ямар ажил, хаана хийж байсан талаар мэднэ... гэх мэдүүлэг, гэрч Б.Янжмаагийн ...Ч.Т-гийн ээж нь М сумын 5 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан. Тэгээд 1982 онд цэцэрлэгийн ажилчнаас жирэмсний амралтаа авахад ээж Л-д нь охиноо ажилд авна уу гэж гуйж байсан учир 1982 оны 2 сард Ч.Т тус цэцэрлэгт асрагчаар орж ажилласан. 1982 онд ажилд аваад би хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийсэн байдаг. Одоогийн Ч.Т-д байгаа хөдөлмөрийн дэвтэр дээрх бичиг нь миний бичиг мөн юм. 1985 он хүртэл хүний оронд сэлгэн ажиллаж байгаад ажлаасаа гарч М сумын 2 дугаар 10 жилийн сургуульд шилжсэн... Би 1995 онд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа өгсөн...Тэр үеийн цэцэрлэгүүд нийлэх, бүтэц өөрчлөгдөх үеэр баримт материал үрэгдсэн байх гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Т-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хаймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Тус аймгийн М сумын 5 дугаар цэцэрлэгийн 1982 оны баримт манай архивт байхгүй тул Ч.Тд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/371 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаа тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Т-ийн Х аймгийн М хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА