| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 135/2020/00554/и |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 88
Б.Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00554/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч А.Б-д холбогдох
"3.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Д- миний бие А.Б-гийн мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-нд 500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-нд 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн 5068089292 тоот данснаас А.Б-гийн Хаан банкны 5073054716 тоот данс руу шилжүүлж зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй байх тул А.Б-гаас 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Д-гээс мөнгө зээлэх ямар ч шаардлагагүй, дотно харьцаа байхгүй. Утга учрыг ойлгохгүй байна. Б.Д- хүнд мөнгө зээлэх боломжтой, нэр хүндтэй, мөнгөтэй хүн биш байх гэж ойлгож байна. Харин Б.Д-гийн дансаар дамжуулж түүний төрсөн ах болох Б.П- /О- гэж гэрийнхэн авгайлж дууддаг/ дансны хуулга дээр О- гэж шилжүүлсэн мөнгө орж ирсэн асуудал дээр маргахгүй. Энэ нь ямар учиртай мөнгө вэ гэвэл О- /П-/ нь миний төрсөн эмэгтэй дүүтэй хөдөө мал аж ахуйтай Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт байхдаа 2-5 насны 2 хүүхэдтэй байсан. Хүүхдүүдийнхээ эмчилгээ, сувилгаа, асаргаанд зориулан зарцуулж намайг мөнгө болон эд зүйлийг авч явуулаач гээд авдаг байсан. Надад буцааж 2017 оны 12 дугаар сарын 31-нд 500.000, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-нд 500.000 тус тус өгөх ёстой мөнгөө шилжүүлсэн. Эд зүйл болон бэлэн мөнгийг авсан тэр мөнгөө /өр төлбөрөө/ О- өөрийнхөө төрсөн дүү Б.Д-гийн шилжүүлсэн, миний өөрийн мөнгө бөгөөд О- надад өрөө өгсөн учиртай. О- надаас авсан эд зүйлс, мөнгийг гэр орон үр хүүхдүүддээ зарцуулсан. Бид О- гэдэг нэрийг нь дуудаж мэдэхээс жинхэнэ нэр нь Б.П- нэрээр дуудаж мэддэггүй. Бусад хүмүүс ч мэдэхгүй байхаа. Би Б.Д-тэй 4 дүгээр сарын 21-ний өдөр зах дээр таараад чи одоо юун мөнгө төгрөг нэхээд яваад байгаа юм гэсэн чинь Б.Д- надад хамаагүй гээд машинд суугаад явсан.
Б.Д-гээс орж ирсэн мөнгөн дээр маргахгүй. Харин зээлсэн асуудал биш юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгөөр О- гэдэг нэрээр орж ирсэн. Гэтэл үнэхээр 500.000 төгрөг зээлүүлсэн бол дахин надад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг зээлэхгүй, энэ мөнгө мөн О- гэдэг нэрээр орж ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг мөн л О- гэж орж ирсэн. Зээл бол зээл гэсэн утгатай байна. О- гэдэг нь Б.Д-гийн төрсөн ах Б.П-ыг авгайлдаг нэр. Б.Д- бол А.Б-гийн төрсөн дүү А.Г-гийн нөхрийн дүү юм. Ах, дүү нарынхаа дансыг ашигладаг. Төрсөн ахдаа мөнгөө байршуулдаг юм билээ. Учир нь өөрсдөө хөдөө байдаг учраас мөнгөө ах дээр байрлуулдаг байсан. А.Б- нь Б.Д-тэй нэг их танил биш, айхтар холбоотой биш юм. Харин А.Г-г энэ хэрэгт гэрчээр асуулгасан. А.Г- Б.Д- нарын хооронд 10 гаруй сая төгрөгийн асуудал бий. Энийг цагдаа нар шалгаж байгаа, шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан. Б.Д- Б.П- нар төрсөн ах дүүсийн холбоотой хүмүүс. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан хариуцагч А.Б-гаас 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г- давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г- би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: Б.Д- нь А.Б-гийн мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-нд 500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-нд 500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны эзэмшлийн 5068088292 тоот данснаас А.Б-гийн 5073054716 тоот данс руу шилжүүлсэн. Зээлдэгч А.Б- нь нэхэмжлэгчийн төрсөн ах Б.П-ын хамтран амьдрагч А.Г-гийн төрсөн эгч нь учраас тухай үед тэд нарын хооронд найрсаг харилцаатай байсан тул тус болох үүднээс хүү тохиролгүйгээр боломжтой болсон үедээ өгч авалцахаар тохиролцсон байдаг. А.Б- нь зээлийн төлбөрт 2018 оны 03 дугаар сарын 02-нд 105.000 төгрөг төлсөн нь талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар амаар тохиролцож зээлийн гэрээ байгуулагдсан байна гэдгийг нотолж байдаг. Мөн гэрч А.Г-гийн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь хуульд нийцээгүй, гэрч А.Г- нь хариуцагч болох А.Б-гийн төрсөн дүү учраас ашиг сонирхлын зөрчилтэй эгчдээ ашигтай байдлаар мэдүүлэг өгөх нь тодорхой байхад үнэлсэн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч А.Б-гаас 2.985.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг хийж байна.
1. Б.Д- нь 3.000.000 төгрөг зээлсэн гэх боловч би түүнээс мөнгө зээлэх шаардлага дотно харьцаа байхгүй. Би хүнээс мөнгө зээлэх нь байтугай банкинаас ч зээл авч үзээгүй.
2. О- гэдэг нэрээр мөнгө миний данс руу орсон учир гэвэл О- гэж авгайлдаг Б.П- түүний эхнэр А.Г- нар манайд өр авлагаа өгөхийн тулд Б.П- /О- гэх/-ын төрсөн дүү Б.Д-д мөнгө нь хадгалагддаг болохоор дээрх мөнгийг шилжүүлчих гэж хэлснээр дансанд орсон. Б.Д- энэ баримтыг ашиглаж хууль бусаар мөнгө залилан авах гэж буй нь ойлгомжгүй үндэслэлгүй юм. О-гийн мөнгө юм бол О- нь нэхэмжлэх эсвэл О- гэгчээс мөнгөө авах хэрэгтэй юм.
3. Зээлсэн мөнгийг өгөөгүй байхад надад нэмж мөнгө Б.Д- зээлээд байдаг нь сонин. Нөгөө талаар их хэмжээний мөнгө зээлчхээд ийм удаан 2-3 жилийн хугацаанд нэхэхгүй хуулийн байгууллагад хандаагүй худал хуурамчийг нь илчил байна.
4. Б.Д- 2018.03.05 өдөр 500.000 төгрөг зээлэх болсон юм бол би яаж 2018.03.02 өдөр буюу 3 хоногийн өмнө түүний данс руу 105.000 төгрөгийг шилжүүлэх билээ. Б.П- /О-/ гэрийнхнээс над руу яриад 105.000 төгрөгийг Б.Д-гийн данс руу шилжүүлчих гэж хэлэхээр би шилжүүлсэн.
5. А.Г- миний төрсөн эмэгтэй дүү учир хөдөөнөөс ахуйн хэрэглээний зүйл, мөнгө төгрөг зээлэх асуудал байхыг зэрэгцээ 2 хүүхэд нь манай гэрт байнга асруулдаг байсан. Бага хүү нь манайд манай хүүхдийг тэвэрч байгаа фото зураг гэрчилнэ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэр бодитой, үндэслэлтэй тул нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч А.Б-д холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Д-гийн нэр дээрх ХААН банкны 5068089292 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр хариуцагч А.Б-гийн нэр дээрх ХААН банкны 5073054716 тоот дансанд О- /otgoo/ гэсэн гүйлгээний утга бүхий нийт 3.000.000 төгрөг шилжин орсон, А.Б-гийн данснаас Б.Д-гийн данс руу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 105.000 төгрөг шилжин орсон, талаар талууд маргадаггүй, харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргадаг хэмээн хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.
Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, уг мөнгийг зээлдүүлэхдээ амаар тохиролцон тул хүү, хугацаа тогтоогоогүй, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар гэрээний үүргийг 1 сарын дотор гүйцэтгэх ёстой байтал одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан өгөөгүй, 2018 оны 03 дугаар сард 105.000 төгрөг буцаан шилжүүлсэн учир уг мөнгийг хасч 2.985.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас Б.Д-гийн ах Б.П- /О-/ нь миний төрсөн дүү А.Г-тай хамтын амьдралтай байж байгаад салсан, тэд хамтын амьдралтай байх хугацаандаа хөдөө амьдардаг, өөрсдөө банкны дансгүй учир Б.П-ын дүү Б.Д-гийн дансанд мөнгөө байршуулдаг байсан, дээрх данснаас миний данс руу шилжин орсон мөнгө бол А.Г-, Б.П- нар нь надаас авсан хүүхдийнхээ эмчилгээ, сувилгаанд болон бэлэн мөнгө, бусад эд зүйлийнхээ үнийг буцааж төлсөн гэж тус тус тайлбар гаргаж маргасан байна.
Анхан шатны шүүхээс зөвхөн банкны дансны гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зээлийн гэрээ нь амаар болон бичгээр байгуулагдсанаар шууд биеллээ олдоггүй ба тухайн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндсэн шалгуур болох талуудын тохиролцоо буюу зээлийн хэмжээ, уг зээлийг эргүүлэн төлөх хугацаа, зээлдүүлсэн мөнгөн дүнд хүү тооцох зэргийг тохиролцсоны үндсэн дээр бэлнээр буюу дансаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцдог журамтай.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч огт зээл аваагүй гэж мэтгэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулагдсан болохыг өөр бусад арга хэрэгслээр нотлох үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг журамтай.
Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлага, талуудын хоорондын тохиролцоог нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэсэн нь зөв байна.
Тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.Г- нь хариуцагч А.Б-гийн төрсөн дүү хэдий ч шүүхээс уг мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах боломжгүй юм.
Учир нь: Гэрч нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд шүүх гэрчийн мэдүүлгийг авахдаа хүлээх хариуцлага буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл “Худал мэдүүлэх”-ийг сануулан мэдүүлгийг авсан байх тул А.Г-гийн мэдүүлгийг “хариуцагчийн төрсөн дүү учир ашиг сонирхлын зөрчилтэй худал мэдүүлэг” гэж үзэх хууль зүйн боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн “...талуудын хооронд амаар тохиролцон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрч А.Г-гийн мэдүүлэг хуульд нийцээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА