Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 23

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

            Шүүгдэгч: С.Дөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705013100270 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С.Д, 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..., ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч С.Днь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 8-60 тоотод нөхөр Б.Цийг зодож эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Дшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би найзуудтайгаа гол дээр очиж хорхог хийж идэхээр явсан. Тэгээд орой ирэх гэтэл машин эвдрээд машин янзлаад орой нь найзындаа хоноод өглөө нь гэртээ очиход гэр эзэнгүй байсан. Тэгээд тэр өдөр Дөлгөөн гэртээ орж ирээд намайг хаагуур хоноод ирэв гээд хардаад нүүр ам маажиж, төмсөг рүү цохьсон. Тэгээд би гэрээсээ гараад орцонд байж байгаад гэртээ буцаж ороход эхнэр Дөлгөөн цагдаа дуудчихсан байсан...манай эхнэр Дөлгөөн намайг гэртээ хоноогүй хардаж нүүрийг гараараа цохиж, шодой маажсан. Тухайн үед бид 2 бие биендээ туниад цагдаад гомдол гаргаж энэ асуудлаас болж тусдаа 2 сар амьдарч байгаад 8 сарын сүүлээр хамт буцаад хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарч байгаа, хэн хэндээ гомдож цагдаад хандсан. Одоо эвлэрсэн бие биенээ уучилсан гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 60/,

Шинжээчийн 9032 тоот дүгнэлтэд: “...Б.Цийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээж, зүүн мөр, нуруу, хоёр бугалга, зүүн шилбэнд зулгаралт, цээж, шодойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар С.Дөгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Цасчихэр хоногоор яваад гэртээ ирж хоноогүй. Тэгээд өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Чи хаашаа яваад ирж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм бэ, чамаас аль хэдийн салсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд нэг хүүхэнтэй өөрийнхөө утаснаас утсаар ярьсан байсан. Би нөгөө хүүхэн рүү нь залгаад чи яагаад эхнэр хүүхэдтэй хүнтэй яваад байгаа юм бэ гэхэд тэр хүүхэн би мэдээгүй шүү дээ, нөхөр чинь хүнтэй явсан бол хохино гээд байсан. Би Цасчихэртэй гэртээ маргалдаж хэрүүл болоод Цасчихэрийг үсдэж алгадсан, бэлэг эрхтэнг нь гараараа маажсан, нүүр рүү нь алгадсан тэгээд би өөрөө цагдаа дуудаж цагдаа ирсэн... Цасчихэр бид хоёр одоо эвлэрсэн буцаад нэг гэртээ хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Днь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 8-60 тоотод нөхөр Б.Цийг гэрт ирж хоносонгүй гэж хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Цийн: “...Дөлгөөн гэртээ орж ирээд намайг хаагуур хоноод ирэв гээд хардаад нүүр ам маажиж, төмсөг рүү цохьсон... манай эхнэр Дөлгөөн намайг гэртээ хоноогүй гэж хардаж нүүрийг гараараа цохиж шодой маажсан” гэсэн мэдүүлэг /хх-н 60/, шинжээчийн 9032 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Дүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Днь хохирогч Б.Цийг хардалтын улмаас зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч С.Дүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч С.Дгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Днь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү  гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Дшүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Днь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Дшүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дхувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР