Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/86

 

 

 

 

 

 

  

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-д холбогдох эрүүгийн 2202005640373 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн Д.Д, ........................... өдөр ............................. төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............................., ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ......................................... тоотод оршин суух, /РД: ............................./;

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АА-УУ *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 82,45 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Дыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1” гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл цэвэр жин нь 36,5 грамм, “№2” гэж дугаарлан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 45,4 грамм, “№3” гэж дугаарласан тугалган цаас, “№4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай хөвөнтэй мод, “№5” гэж дугаарласан “СОFFЕE SHOР HOLLAND” гэсэн бичиглэлтэй төмөр савтай ургамал мэт зүйл, савтай жин нь 15,2844 грамм, цэвэр жин нь 0,5538 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,4726 грамм, “№6” гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 5 ширхэг, тариур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энд хоригдож буй хугацаандаа маш их зүйлийг тунгаан бодож, гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ял надад болон миний гэр бүлд маш хүнд тусч байна. Би гэр бүлдээ их хэмжээний сэтгэлийн дарамт учруулж байгаадаа харамсаж байна. Анхнаасаа надад өвс хэрэглэх шаардлага байгаагүй. Аливаа юмсыг таньж мэдэх гэсэн сониуч зангаасаа болж ийм нөхцөл байдал үүсгэсэндээ өдөр бүр өөрийгөө буруутгаж байна. Би үлдсэн амьдралдаа өвс болон ямар нэгэн мансууруулах бодис огт хэрэглэхгүй амьдрах болно.

Миний бие ...................... сургуульд мэдээллийн систем, менежментийн чиглэлээр 3 дугаар дамжаанд суралцдаг. Миний суралцаж буй энэ сургууль их, дээд сургуулиуд дотроо өндөр төлбөртэй сургууль бөгөөд миний энэ жилийн төлбөрийн ихэнх хувийг аав, ээж хоёр маань төлсөн. Хэрвээ би шоронд орох юм бол энэ мөнгө үр ашиггүй, дахин олдохгүй буюу салхинд хийсэх болно. Энэ нь манай гэр бүлийн хувьд санхүүгийн томоохон хохирол юм. Учир нь, миний ээж дангаараа ажил эрхэлдэг, харин миний аав чихрийн шижин өвчтэй, группэд байдаг. Үүнээс гадна би урт хугацаагаар сургууль завсардах юм бол анги, хамт олон, найз нөхдөөсөө хоцрогдож, цаашид ямар нэгэн хүрээлэлгүй, мөн хамт хичээлээ хийх найзгүй болно. Түүнчлэн ингэж хоцрогдвол 1 жилийн дараа, магадгүй үүнээс ч урт хугацааны дараа төгсөх болно. Их сургуулийн төгсөлтийн баяраараа анги, хамт олонгүй ганцаараа байх нь надад төсөөлөхийн аргагүй санагдаж байна. Тиймээс надад цаашид шамдан суралцаж үе тэнгийнхэнтэйгээ амьдралд хөл тавих боломжийг олгоно уу. ... надад хийсэн алдаагаа засах, сургуулиа амжилттай төгсөх, хамаатан садан, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хэвээр байх, нийгэмд өөрийн байр сууриа хадгалж үлдэх цор ганц боломж олгоно уу. Би дахин хэзээ ч алдахааргүй том сургамж авсан.” гэв.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Д нь .................... их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг оюутан залуу бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ 19 настай байсан ба шүүхээр орж эрүүгийн хариуцлага хүлээхдээ дөнгөж 20 хүрч байсан өсвөр насны хүн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэднийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байна” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн энэ заалтыг анхан шатны шүүх хэрэглэх бүрэн боломжтой байтал хэрэглээгүйд гомдож байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн заалтыг хэрэглэж болох байсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэн ч байсан Эрүүгийн хуулийн энэ заалтын шаардлагыг хангаж байгаа л бол үр шимийг нь хүртэх эрхтэй юм. Хуулийн боломжтой заалтуудыг аль болох амьдралд өргөн хэрэглэж байх нь чухал байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болон 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан. Шүүхээс шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон байдал, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзаад түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож болох байсан. Гэтэл заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдож байна.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-д оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Д.Д нь өөрөө хэрэглэх зорилгоор харьцангуй бага хэмжээний өвс түүсэн бөгөөд өвснөөсөө хэн нэгэнд татуулаагүй, худалдах зорилгогүйгээр бусдад өгч түгээж тараагаагүй, бусдаас худалдан авч сэтгэцэд нөлөөт бодис зардаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй, гагцхүү өөрөө нэг удаа хэрэглэсэн байдаг. Шүүгдэгч Д.Д нь “хогийн олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон, түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байна. Шүүхээс шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.

5. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг, байгальд ургаж байгаа энэ өвс нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудаас хоруу чанарын хувьд харьцангуй бага болох нь судалгаагаар нотлогдсон байна. Энэ ургамлыг анагаахын шинжлэх ухаанд өргөн хэрэглэж байна. Тийм ч учраас дэлхийн олон оронд “Хогийн олс” өвсийг хар тамхины төрөлд тооцдоггүй байна. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна.

6. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн энэ залууд шүүхээс нэг удаа боломж олгож болох байсан. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй" гэж заасан байна. Д.Д нь одоо 20 настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа ирээдүйн сэхээтэн залуу юм. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. “Ковид-19” цар тахлын халдвар эрчтэй хэвээр байгаа болон улс орны эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулж шоронд олноор нь бөөгнөрүүлэхгүй байх нь улс орны эрх ашигт нийцэх юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, Д.Д-ын хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруутайд тооцсон нотлох баримтад тулгуурлан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тухайн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг шүүх зөрчсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Д.Д-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Д нь урьд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тариураар нэг удаа хэрэглэж байсан гэж өөрөө мэдүүлсэн, мөн өөрийн түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсэж, өөрийн бие махбодод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Тиймээс дээрхийг харгалзан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авахаас татгалзав” гэж эрүүгийн хариуцлагын талаар дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, эрүүгийн 2202005640373 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өмгөөлөгчийн хамтаар яллагдагчаар өгсөн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм асуудалд огт орохгүй, би хичээлдээ анхаарч суралцаж байгаа ба энэ зүйлийн муу талыг сайн ойлгож ухаарсан. Миний хувьд дахин ийм зүйлийг огт хийхгүй, өөрийн гэм бурууг ойлгож ухамсарласан, өөрийн эцэг, эхийг зовоохгүй, мансууруулах бодис нь цаашдын амьдралд хэрхэн муугаар нөлөөлж болохыг ойлгож ухаарсан” гэсэн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 910 дугаар “Д.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинжгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэсэн дүгнэлт, гэрч С.Даваасамбуугийн “...миний хүү Далайжаргал нь ..............их сургуульд суралцдаг, аливаа зүйлд шулуун шударга, хөдөлмөрч, ангийн хүүхдүүд болон найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүнд тусч хүүхэд юмаа. Өмнө нь ийм асуудалд орж байгаагүй /хх 54-55/, гэрч Г.Ариунтуяагийн “миний хүү Далайжаргап нь анги хамт олон, найз нөхдийн дунд нэр хүндтэй, Нэгдсэн Үндэсний Байгууллагын сайн дурын үйл ажиллагаанд оролцдог манлайлагч хүүхэд” /хх 56/ гэсэн мэдүүлгүүд болон ............... их сургуулийн тодорхойлолт зэрэг бусад бичгийн баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх анхаараагүй. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй шийдвэрээ гаргасан байна.

2. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтоогоогүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр давхар нотлогдоно.

3. Манай үйлчлүүлэгч Д.Д нь 20 настай, .............................. их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, суралцах хугацаандаа олон нийтийн бүхий л нэгдсэн арга хэмжээнд оролцож, өргөмжлөл, шагналуудыг удаа дараа авч байсан болно. Д.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргаагүй байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Д нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 82,45 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт нэмж хийх ажиллагаа байхгүй, хэргийн бүрдэл хангагдсан. Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-ыг гэм буруутайд тооцсон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Д.Д-ын хувьд сурч боловсорч, дээд боловсрол эзэмшиж байгаа. ........ их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан баримттай танилцахад Д.Д нь математикийн шинжлэх ухаан болон спортоор хичээллэдэг болох нь харагдаж байна. Мөн шүүгдэгч Д.Д нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг. ........ их сургууль ч мөн адил Баянзүрх дүүрэгт харьяалагддаг гэж бодож байна. Хэдийгээр ямар шийдвэр гаргах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр бол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож өгнө үү. Мөн эд мөрийн баримтууд нь АА-УУ *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хураагдсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Д.Д-ын эхийн эзэмшлийнх болох нь баримтаар тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд “тухайн тээврийн хэрэгслийг ачаа, эд зүйл хадгалах шинжтэй болгож хэлбэр дүрсийг нь өөрчлөөгүй. Тээврийн хэрэгсэл дотор сав, сейф зэрэг зүйл байрлуулаагүй тул тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгохоор шинжилгээ хийлгүүлээгүй” талаар дурдсан. Иймд тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг гаргаагүй. Энэ талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АА-УУ *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 82,45 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны ертөнцийн зүгээр хойд талд байрлуулж тавьсан АА-УУ *** улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Дыг оролцуулан тээврийн хэрэгсэлд үзлэг эхлэхийн өмнө Д.Д-д тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэх талаар тодруулахад “тийм ээ, байгаа” гэж тээврийн хэрэгслийн голын хайрцгаас цэнхэр өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл гаргаж ирсэн ба тухайн зүйлийг албаны цахилгаан жин дээр тавихад гялгар уутны хамт 45 грамм байсан /1 гэж дугаарлан/ ба тээврийн хэрэгслийн багажийн хэсгийг онгойлгож хар өнгийн 2 үүргэвчтэй цүнх дотроос нэг үүргэвчтэй бор өнгийн жижиг цүнх, цүнхэн дотроос цэнхэр өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр тавихад 55 грамм байсныг /2 гэж дугаарлан/ эд мөрийн баримтаар хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийн голын хайрцгаас тугалган цаас /3 гэж дугаарлан/, жолоочийн эсрэг талын урд хайрцгаас чихний хөвөн дотор хийсэн хагархай хуруу шил /4 гэж дугаарлан/, машины багажийг нээн хоёр үүргэвчтэй хар өнгийн цүнхэн дотор байсан саарал өнгийн нэг үүргэвчтэй жижиг цүнхнээс “Coffee shop Holland” гэсэн бичиглэлтэй бутлагч /5 гэж дугаарлан/, гялгар ууттай ундааны савнууд дотроос хэрэглэсэн 10 мл-ийн тариур 1 ширхэг, “Тебантин” гэсэн бичиглэлтэй хоосон таблет 1 ширхэг, 5 ширхэг эмийн хоосон капсул /6 гэж дугаарлан/ зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуулбарлан авч үзлэгийг дуусгав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,

шүүгдэгч Д.Д-ын яллагдагчаар өгсөн “...Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг сонирхоод 2021 онд анх хэрэглэж үзсэн. Миний машинаас хураан авсан өвс гэх нэршилтэй бодисыг 2 сарын өмнө буюу 2022 оны 7 дугаар сард би Борнуур явж ганцаараа түүж ирсэн. Тэгээд би түүж ирсэн өвсөө өөрөө хэрэглээд үлдсэн өвс нь өнөөдөр цагдаад хураагдсан. Мөн би машинаас хураагдсан бутлагчийг онлайн сайтаар 2022 оны 6 дугаар сард захиалж өөрөө худалдаж авсан. Машины голын хайрцагт байсан мөнгөлөг цаас нь болохоор миний хэрэглэж байсан юмнаас үлдсэн юм шиг байна лээ. ...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, дахин ийм асуудалд огт орохгүй. ...” /хх 50/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4549 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Д УК02301179” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4550 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан “Соffеe shoр Holland” гэсэн бичиглэлтэй төмөр савтай ургамал мэт зүйл тус бүрээс “делта-9 тетрагидроканнабинол” илрэв. Шинжилгээнд илэрсэн “делта-9 тетрагидроканнаббинол” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 27-29/ гэсэн дүгнэлтүүд,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 38/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Д-ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Д “...надад хийсэн алдаагаа засах, сургуулиа амжилттай төгсөх, хамаатан садан, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хэвээр байх, нийгэмд өөрийн байр сууриа хадгалж үлдэх боломж олгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдлын ял шийтгэлийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан үндэслэл, үндэслэлдээ иш татсан болон шүүгдэгчийн хувийн байдлын талаар гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхээр байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Д нь 57 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас 57 хоногийг хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг мэдэгдсүгэй. 

3. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 57 хоногийг хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР