Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00993

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00993

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х овогт Д-ы Н,

Хариуцагч: ***т оршин суух, Ж овогт Д-ийн О,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.От холбогдуулан автомашины үнэ 3,500,000 (гурван сая таван зуу) төгрөгийг буцаан гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны үед зохигч дараах байдлаар эвлэрсэн талаараа тодруулав.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Оаас 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3,500,000 (гурван сая таван зуу) төгрөгөөр toyota vite-xp 90 машиныг худалдаж авсан юм. Машинаа зарахдаа 6,500,000 төгрөгөөр авсан. Аваад удаагүй маш сайн тэрэг машинд ямар ч асуудал байхгүй, малчны зээлтэй зээлээ дарахын тулд машинаа зарж байгаа. Асуудал гарвал эргээд холбогдоорой гэсэн боловч 3 хоногийн дараа залгаад ярихад эхнэр нь би мэдэхгүй манай нөхөр унаж байсан гээд утсаа таслаад блок хийсэн. Тухайн үед худалдахдаа бензин үнэртээд байна гэхэд машин дотроо бензин асгасан гэж худлаа хэлж зарсныг сүүлд мэдсэн. Засварчин дээр очиход мотор нь цохих гэж байгаа юм байна гэж хэлсэн. Бензин үнэртэхийг нь багасгахын тулд порсунк, агаар шүүгч хоёрыг цэвэрлэхэд бензинийх нь үнэр багасаж магадгүй мотор нь ямар ч нэмэргүй буцааж өг гэсэн. Би хүнд итгээд Хаан банкны данс руу 3,390,000 төгрөг шилжүүлсэн. 3,500,000 төгрөгөөсөө 110,000 төгрөгт багтана гээд засварчин дээр очиход оношилгоо 10,000 төгрөг, чекний гэрэл унтраахад 10,000 төгрөг, ремен 12,000 төгрөг, машин угаалга 50,000 төгрөг, порсунк цэвэрлэхэд 30,000 төгрөг, падушик 45,000 төгрөг нийт 157,000 төгрөгөөр үйлчилгээ хийлгэсэн.

Надад зарахдаа тосыг нь солиогүй гэсэн боловч засварчин дээр очиход тосыг нь солиод, сэвчээг нь солиод моторын дууг 1 удаа багасган залилсан байна нэн даруй зарсан хүнтэйгээ холбогд гэсэн.

Иймд Д.Н надад 3,500,000 төгрөгийг Д.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Д.Оаас 500,000 төгрөг авсан. Моторын үнэ 1,300,000 төгрөг, мотор боох ажлын хөлс 200,000 төгрөг, бусад гарсан зардалд 100,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж авахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О миний бие витз маркийн машинаа иргэн Д.Нд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож зарсан. Миний зарсан машин хөгшин онтой ч хөдөө малдаа зүгээр л унаж эдэлж байсан. Монголд орж ирээд 10 гаруй жил болж байгаа машин юм. Хэзээ, хаана эвдэрч гэмтэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан зүгээр хэвийн явж байсан машинаа зарсан нь үнэн. Иргэн Д.Н сошиал цахим орчинд эхнэр гэр бүлийн хамт зургийг тавьсан байсан. Нэр төрөө сэргээлгэх гомдолтой байна. Надад хүн залилах ямар ч шаардлага байхгүй ээ. Яагаад цахим орчинд зураг тавьж байгаа юм бэ гэхэд цагдаа тавь гэсэн гэж хэлсэн. Миний бие хотод ажил хийж байхад нэхэмжлэлээ аваарай гэж шүүхээс ярьсан. Нэхэмжлэлээ авахаар ирэхдээ иргэн н.Н-тай уулзаад харилцан тохиролцоод миний бие моторын мөнгө өгөхөөр болсон. Харилцан ярилцаад хоёулаа шүүхээр явбал дуудсан хугацаанд байх ёстой юм байна. Тийм учраас самар, жимсэнд явчбал байхгүй хойгуур шүүх дуудвал болохгүй гэж ярилцаад моторын мөнгөнөөс 500,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь ажил хийж байгаад өгнө гэсэн боловч миний бие ажлаа хийж байгаад гэмтээд ажлаа хийж чадахаа болиод ирсэн. Би вагоны хаалга хаах гэж байгаад лоом үсрээд мултарч, хацраа гэмтээсэн. Оёдол тавиулж эмнэлгээр хэдэн өдөр болсон. Тэр үед иргэн н.Н- над руу залгаж мөнгө юу болж байна гэхээр нь учир шалтгаанаа хэлсэн. Ажлаа хийж байгаад гэмтээд гэртээ байна гэсэн. Биеэ тэнхрүүлж байгаад самарт явж ирээд өгье гэсэн боловч над руу зандарч болох, болохгүй үгээр дайрсан. Д.Н нь жолоонд сууж, байгаа гэсэн машинаа сайн барьж чадахгүй хааз тормосоо ялгахгүй хүнд зарсан өөрөө авна гэж авсан.

Д.Нгийн ах, эгч нь унаж үзсэн, одоо болохоор асахгүй болчихсон гээд байгаа. Надаас авахдаа зүгээр явж байсан машин авсан. Надаас аваад өөрөө эвдсэн юм билүү би мэдэхгүй ээ. Би хэвийн ажиллагаатай сайн машинаа зарсан. Миний бие удаан хугацаагаар самарт явах гэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Д.Нтэй нэхэмжлэлийн талаар хоорондоо ярилцаж моторын үнийг, мотор боолгох ажлын хөлстэй нь өгөхөөр ярьж тохиролцсон юм билээ. Иймд нэхэмжлэгч Д.Нд моторын үнэ 1,800,000 төгрөг, мотор боолгох ажлын хөлс 200,000 төгрөг, бусад гарсан зардалд 100,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа ба нэхэмжлэл гаргасны дараа Д.О нь Д.Нд 500,000 төгрөг өгснийг нэхэмжлэлээс хасаж тооцоод үлдэх 1,600,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дашмагваны Нгийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн эхлэх огноотой, мөн өдрийн дуусах огноотой ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5 дугаар тал)

Хариуцагчаас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 14 дүгээр тал)

Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.От холбогдуулан 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н нь нэхэмжилсэн нийт 3,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас 1,900,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Оаас toyota vite-xp 90 автомашины моторын үнэ 1,300,000 төгрөг, мотор боох ажлын хөлсөнд 200,000 төгрөг, бусад гарсан зардалд 100,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгохоор тогтов.

Хариуцагч Д.О нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.От холбогдох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч Д.Оаас 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН