Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/03992

 

 

 

 

 

 

 

2024 10 22 181/ШШ2024/03992

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 0 тоотод байрлах, М ХХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Х-ын Г-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "М" ХХК-тай 2112-0855 тоот зээлийн гэрээг байгуулж, 3,599,910 төгрөгийг 18 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй, "С" XXК-аас Samsung S21 ultra маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Х.Г нь зээлийг сар бүрийн 05-ны өдөр 262,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. 2024 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар зээлдэгч Х.Г-ын үндсэн зээлийн үлдэгдэл 2,508,517.57 төгрөг, хүүгийн төлбөр 79,172.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,834.59 төгрөг нийт 2,603,525.10 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, Х.Г-с 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2112-0855 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 2,618,025.1 төгрөг гаргуулахаар "М" ХХК-д бүртгэлтэй хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагч нь тухайн хаяг дээр бүртгэлтэй боловч, оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Х-ын Г /РД:/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Х-ын Г-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч М ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Г-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч М ХХК нь Х.Г-тай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Х.Г-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Х.Г нь Чингэлтэй дүүрэг, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч болох Х.Г-ын оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Х.Г-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Х-ын Г-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Г-ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Х-ын Г-ын оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч М ХХК /утас:-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА