| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03975/И |
| Дугаар | 181/ШШ2024/03327 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/03327
2024 09 11 181/ШШ2024/03327
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Б.Т /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Ю.Б /РД:..../-д холбогдох,
27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 2 дугаар сарын 26 өдөр Да хүрээ захын машин зардаг гэх С.Б гэгч хүнээс Япон улсад 2014 онд үйлдвэрлэсэн SUBARU XV маркийн машиныг 27 сая төгрөгөөр худалдан авсан юм. Өөрийн 5076224071 тоот данснаас ... тоот данс руу 27 сая төгрөгийг 2023оны 2сарын 26-ны өдөр шилжүүлэн худалдан авсан юм. С.Б нь машиныг худалдах үед гаалиар орж ирсэн, ямар нэг эвдрэл гэмтэл, асуудалгүй гэхээр нь би түүнд итгэн уг машиныг худалдан авсан. Гэтэл уг машиныг худалдан аваад 2-3 хоногийн дараа машины хянах самбар дээр (AT OIL TEMP) улаан гэрэл нь асаад байхаар нь С.Б дээр очоод хянах самбар дээр улаан гэрэл асаадмашин дугтчаад байх юм гэж хэлэхэд энэ машин чиний урдах машинтай адилгүй, шинээр орж ирсэн машин гээд өөрөө тойрч яваад, хүйтэн дээрээ хянахын алдаа гараад байсан. Халаад ирэхээрээ зүгээр болно гэхээр нь би халахаараа зүгээр болчих юм байна гээд явсан боловч гэртээ хариад өглөө нь асаах гэтэл хянах самбар нь алдаа заагаад байхаар нь 2023оны 3 сарын Знд очоод хянах самбар дээр алдаа заагаад байна гэж хэлэхэд машин зүгээр, чи өөрийн мэдрэмжээрээ яриад байх юм. Орж ирсэн машин ямар ч эвдрэл гэмтэл байдаггүй юм. Чи битгий шалтаг хайгаад бай гэсэн. 3.16нд машины хамарнаас утаа гараад үнэр үнэртээд байхаар нь 3-р хорооллын Субару засвар дээр очиж үзүүлэхэд аккумлятор баяжсан гээд аккумляторыг сольсон. Тэгээд ч алдаа нь хэвээрээ гараад байхаар нь Баясах дээр дахин очиход өөрөө засварын газар зааж өгсөн юм. Ингээд машин худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл С.Б дээр удаа дараа очсон боловч эвдрэл гэмтлийг засаж өгөхгүй олон засварын газраар явсан боловч гэмтэл нь засагдахгүй байхаар нь оношилгоогоор орж гэмтлийг нь тогтоолгосон юм. Энэ талаар С.Б нь машины эвдрэлтэй гэдгийг өөрөө мэдэж байсан хирнээ надад яагаад хэлээгүй юм гэж хэлэхэд чи битгий олон юм яриад бай гээд сүүлдээ загнаж уурлаад явах газраараа яв гээд харилцахаа больсон. Би энэ машиныг худалдаж авснаас хойш олон оношилгоо засварын газраар явсан. Та засварлаж өгөх ёстой байсан юм байна гэхэд засварын мөнгө өгөхгүй гэж хэлсэн юм. Энэ хүн ер нь эвдрэл гэмтэлтэй машин засварлаж, янзлуулаад иргэдийг ингэж хохироож байдаг хүн гэдгийг мэдэж авсан юм. Компьютер оношилгоогоор орох бүрт РОВОВ, Р172А гэдэг алдаанууд давтан гарч ирснээр С.Бад хандахад засвар хийж өгөхгүй гэсэн. Тэгвэл би машинаа буцааж мөнгөө авъя гэхэд чи явдаг газраараа яваарай гэж хэлсэн. Иймд би машин худалдаж авснаас өнөөдрийг хүртэл С.Б миний хохирлыг барагдуулахгүй байгаа тул С.Баас 27 сая төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлага болох автомашины үнэ 27,000,000 төгрөгийг хариуцагч Ю.С.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь нь хариуцагч Ю.С.Бад холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрэн хэлэлцсэн талаараа шүүхэд тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Ю.С.Бад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ю.С.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тд төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.С.Баас улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА