Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00988

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б овогт Цийн Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00919/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Цийн Б нь 1969 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүсэлт гаргагч Ц.Б нь 1985-1989 онуудад Улаанбаатар хотод Багшийн сургууль төгссөн ба 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр тус сургуульд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад амаржих болсон тул ажлаас чөлөөлөгдөж, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Т-ыг төрүүлжээ. Хүсэлт гаргагч Ц.Б нь энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 55 нас хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн пионерийн удирдагчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаагаас шалтгаалан хуулийн хугацаанд өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй түүний хууль ёсны эрх зөрчигдөж байгаа тул тус сургуульд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Ц.Бгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасныг хэрэгт авагдсан баримтыг үндэслэж дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гаргасан тушаалд Ц.Бг 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж ажилд томилсон байх тул энэ хугацаанаас ажиллаж эхэлснийг, ажлаас гарсан хугацааг Ц.Б нь 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т-ыг төрүүлсэн үйл баримтад үндэслэн тухайн үед төрөхөөс 45 хоногийн өмнө жирэмсний амралтынг эдлүүлдэг байсан хугацаагаар тооцож тус тус хүсэлтийн шаардлагыг тодруулж байна. Иймд Ц.Бгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. Нэхэмжлэгчээс: Б овогт Цийн Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 155 дугаартай “Багш нар шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Б-ын Т-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11/465 дугаартай “Тус аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны тушаал шүүж үзэхэд Ц.Бг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилт бүхий албан бичиг, Ц.Бгаас Л.Ст олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-7, 41, 46 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Х-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ц.Бд холбогдох цалин хөлсний баримт болон, Ц.Бд холбогдох тушаал шийдвэр бий эсэх талаар лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль, Засаг даргын тамгын газраас Ц.Бд холбогдох цалин хөлсний баримт бий эсэх талаар лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 10-25, 29, 40 дүгээр хуудас) ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд пионерын удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Ц.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд пионерын удирдагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын 1989 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай “...Улаанбаатар хотын БНБС-ийн пионерийн удирдагч –бага ангийн багшийн мэргэжлээр 1989 онд төгссөн Ц овогтой Бг 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Цагаан-Уул 10 жилийн дунд сургуулийн пионерийн удирдагчаар ...тус тус томилон ажиллуулсугай.” гэх бичилт бүхий 42 дугаартай “Ажлаас чөлөөлөх, томилох тухай тогтоолын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 155 дугаартай “Доорх нэр бүхий багш нарыг 1989 оны 9 сарын 1-нээс эхлэн тус сургуульд багшаар ажиллуулсугай. I. Ц.Б-Пионерийн удирдагч ...” гэх бичилт бүхий “Багш нар шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай “... гадаад, дотоод их, дээд, сургууль, техникумыг 1989 онд төгсөж аймгийн ХЗЭ-ийн хорооны мэдэлд томилолт, хуваариар ирсэн дараах хүмүүст сургууль төгссөний тэтгэмжийг доорх байдлаар олгосугай. ... 6.Ц.Б ЦБ-БНБС 250=00” гэх бичилт бүхий “Тэтгэмж олгох тухай” зөвлөгөөний тогтоолын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Гэрч Ч.Х-гийн: “...Намайг ажиллаж байх үед Ц.Блормаа нь пионерийн удирдагчаар очиж ажиллаж байсан. Тэгээд анх таньдаг болсон. Тухайн үед миний бие жижүүрээр ажиллаж байсан. ... сургуульд ажиллаж байхаас өмнөх ажиллаж байсан газрыг нь сайн мэдэхгүй. 1989 онд анх пионерийн удирдагчаар ажиллаж эхлээд хавар 1990 оны 4 сард уу, 5 сард декритээ аваад явж байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй. Иймд түүний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоов. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Цийн Бгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН