Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0024/З |
Дугаар | 128/ШШ2024/0388 |
Огноо | 2024-05-03 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0388
2024 05 03 128/ШШ2024/0388
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, “Б*******” ХХК, “А*******” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын Б******* ХХК, А******* ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 24/05/01 дугаар албан бичиг, “Б*******” ХХК-аас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 24/64 албан бичгийг тус шүүхэд ирүүлжээ.
Дээрх албан бичгүүдэд “Б******* ХХК, А******* ХХК-уудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг шинээр баталсантай холбоотойгоор шүүхэд гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын Б******* ХХК, А******* ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх нэхэмжлэл гаргагч “Б*******” ХХК, “А*******” ХХК-уудаас, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын Б******* ХХК, А******* ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/0124 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б*******” ХХК, “А*******” ХХК-ууд нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг албан бичгээр гаргаж, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан.
4. Нэхэмжлэгч “Б*******” ХХК, “А*******” ХХК-уудын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
5. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
6. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК, “А*******” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын Б******* ХХК, А******* ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Р*******т даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ