Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/87

 

 

 

 

 

 

 

С.А, Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч С.А,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Анхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.А, Э.А нарт холбогдох 2206037142845 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн Э.А, ....................... өдөр ......................... төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

   2. ...... овгийн С.А, .............................. өдөр ........... төрсөн, .....настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух, /РД: ............................/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 3 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж байсан;

Шүүгдэгч С.А, Э.А нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс" гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Ц.С “Хаан” банкны 5064861798 дугаартай виза картыг хулгайлан авч, уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч С.А, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А, С.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.А-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 30 хоногийг, шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон 5 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А, Э.А нараас тус тус 1.050.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Сд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Э.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А, Э.А нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл, ээдрээ төвөгтэй байдал гэж огт байдаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. Би энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Миний бие 2-12 насны Анар, Анударь, Ажар, Аминбадрах гэсэн 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд 2019-2022 оны хооронд “Амгалан заяа” ХХК-ийн барилгын туслан гүйцэтгэгч компанид арматурчин мэргэжлээр тогтвортой ажиллаж, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь үнэн болно. ... бага насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Анхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ял шийтгэл оногдуулахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрснийг тодруулж шалгаагүй. Тодруулбал, хохирогч Ц.С “С.А 15 цаг өнгөрч байхад найзтайгаа ирсэн, тэгээд дэлгүүрээс архи, ундаа аваад картаа уншуулж, кодоо хэлэхэд тэр хоёр хамт байсан. 16 цагийн үед сэрэхэд утасны кейсэнд байсан карт байгаагүй, С.А картыг аваад явсан, өөр хүн авч явах боломжгүй” /хх 7-8/, гэрч С.А-ийн “Ц.С нутгийн дүү ахтайгаа дэлгүүр ороод архи, ундаа авч ирсэн. Ц.С ах зочид буудлын өрөө аваад картаараа тооцоо хийж байхад бид 2 хажууд нь зогсож байгаад картны кодыг нь мэдсэн” /хх 10-11/, гэрч Э.А-ын “Ц.С гэх хүн дүүтэйгээ дэлгүүр ороод архи, ундаа авч ирсэн. Ц.С зочид буудлын өрөө аваад картаараа тооцоо хийж байхад бид 2 хажууд нь зогсож байгаад картны кодыг нь мэдсэн” /хх 10-11/ гэсэн мэдүүлгүүдээс хохирогч дэлгүүр ороход хамт байгаад кодыг мэдсэн гэж байхад гэрч гэж нэрлэгдсэн сэжигтнүүд буудлын тооцоо хийхэд мэдсэн, дэлгүүр өөр хүнтэй орсон гэсэн нь хоорондоо зөрүүтэй. Хэн картыг анх хулгайлж, хэн кодыг мэдэж авсан нь тухайн гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл байсан ч тодруулаагүй байна.

2. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоос гомдол гаргахдаа С.А-ийг карт авсан гэж мэдээлэл өгсөн. С.А болон Э.А нь анхнаасаа тухайн хэрэгт сэрдэгдэж, цаашид яллагдагчаар татаж шалгах үндэслэл бий болсон байхад өөрийнх нь эсрэг гэрчээр мэдүүлэг авч, хууль сануулсан нь нотлох баримтаар тухайн мэдүүлгийг тооцохгүй байх үндэслэл болж байна. Гэтэл яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд яллагдагч нарын дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн. Яллагдагч болон шүүгдэгч нараас гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн бөгөөд дахин нэмж хэлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Аос гэрчийн хувиар хууль сануулж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, 16.3, 25.1, 28.1 дүгээр зүйл зэргийг удирдлага болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно” гэж заасан. Уг заалтаас харахад сэжиглэгдэж байгаа хүнийг сэжигтний хувиар ч мэдүүлэг авах боломжтой байхад гэрчээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхээр байна. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын 4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг сэжигтэн Э.Ад танилцуулахыг мөрдөгчид даалгасан. Мөн өдрөө яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахдаа сэжигтэн гэж танилцуулсан. Гэтэл Э.А нь хэзээ сэжигтэн болсон нь тодорхойгүй. Өмнө нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрч гэж үзээд гэрчийн мэдүүлэг авсан. Мөн яллагдагчаар татчихаад сэжигтэн гэж тодорхойлсон нь хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, сэжигтэн, яллагдагчийн эрх, үүргийг өөр өөрөөр тусгаж тодорхойлсон.

3. Гэрчийн мэдүүлэг /сүүлд яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг болсон/-ийг нягтлан шалгаагүй. Тодруулбал, гэрч Э.А, С.А нарын мэдүүлэг яг л хуулсан юм шиг ижилхэн байгааг шалгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэрч С.А-ийн мэдүүлэгт “...Ц.С нутгийн дүү ахтайгаа дэлгүүр ороод архи, ундаа авч ирсэн. Ц.С ах зочид буудлын өрөө аваад картаараа тооцоо хийж байхад бид 2 хажууд нь зогсож байгаад картны кодыг нь мэдсэн. Ц.С ах бид нар Эрдэнэтэд хамт ажилладаг дотно харилцаатай байсан ба найз дүү залуутайгаа хардаад бид хоёр хэрэлдэж, зодолдоход дүү нь намайг өөр өрөөнд оруулсан. Тэнд Мөнхтөр гэж залуугийн найз нь эхнэртэйгээ байсан, бид 4 хамт байхад Э.А орж ирээд намайг дагуулаад гарсан. Тэгээд Сансарын колонкийн АТМ ороод Э.А 1 сая төгрөг авсан. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл орчмоос Э.А 350.000 төгрөг, би 280.000 төгрөгөөр утас авсан. Баянгол дүүргийн Алтантөгрөг дэлгүүрээс хоёулаа хувцас худалдан авч, үлдсэнийг нь идэж уугаад дууссан. Алтантөгрөг рүү явж байхад Э.А АТМ-ээс 500.000 төгрөгөөр 2 удаа дахин мөнгө авсан. Э.А эхлээд АТМ-ээс 1.000.000 төгрөг авч байхад Ц.С ахын картнаас авч байгааг мэдсэн, дансанд 2.700.000 төгрөг байсан. Би өөрөө авсан утсаа алга болгосон, хувцаснууд Э.Ад байгаа. Э.Атой нийлж Соел-Эрдэнэ ахын картнаас мөнгө хулгайлсандаа их гэмшиж байна. ...” /хх 10-11/, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гэрч Э.А-ын мэдүүлэгт “...Ц.С нутгийн дүү ахтайгаа дэлгүүр ороод архи, ундаа авч ирсэн. Ц.С ах зочид буудлын өрөө аваад картаараа тооцоо хийж байхад бид 2 хажууд нь зогсож байгаад картны кодыг нь мэдсэн. Ц.С найз дүү залуутайгаа хардаад тэр хоёр зодолдоод байхаар нь би салгаж, өөр өрөөнд оруулсан. Тэр өрөөнд байж байгаад хамт гарч явсан. Тэгээд Сансарын колонкийн АТМ ороод 1.100.000 төгрөг авсан. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл орчмоос би 350.000 төгрөг, С.А 280.000 төгрөгөөр утас авсан. Баянгол дүүргийн Алтантөгрөг дэлгүүрээс хоёулаа хувцас худалдан авч, үлдсэнийг нь идэж уугаад дууссан. Алтантөгрөг рүү явж АТМ-ээс 500.000 төгрөгөөр 2 удаа дахин мөнгө авсан. Дансанд 2.700.000 төгрөг байсан. ...би өөрөө авсан утсаа эвдчихсэн, хувцаснууд тус тусдаа авсан. С.Атэй нийлж Ц.С ахын картнаас мөнгө хулгайлсандаа их гэмшиж байна...” /хх 13-14/ гэжээ. Энэ хоёр мэдүүлэг хүмүүсийн нэр л зөрүүтэй болохоос бүгд ижил, асуултууд, бүгд ижил, С.А нь Э.А-ыг бүх зүйлийг хийсэн гэж мэдүүлсэн. Э.А нь хамт хийсэн гэж мэдүүлсэн. Дансан дахь мөнгөний үлдэгдлийн хэмжээг хоёул 2.700.000 төгрөг байсан гэж мэдүүлдэг ч хохирогчийн дансны хуулгаар 2.100.000 төгрөг орчим төгрөг байдаг. Картыг хохирогчоос нэг л хүн хулгайлна. Хоёулаа дамжлаад ч юмуу хамт хулгайлна гэж байхгүй. Гэтэл картыг яг хэн хулгайлсныг тодруулаагүй. Пин кодыг мэдсэн арга ч хохирогчоос зөрүүтэй. /Хохирогч нь дэлгүүрээс бараа авахад мэдсэн гэдэг бол 2 гэрч нь буудлын тооцоо хийхэд мэдсэн гээд байгаа/. Дээрх байдлаас харахад сүүлд гэрчийн мэдүүлэг өгсөн Э.А-ын мэдүүлэг нь тэр чигтээ Амангүлийн мэдүүлэгтэй ижил байгааг шалгаагүй. Мэдүүлэгт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо гэж нарийн тодорхой тусгасан. Гэтэл энгийн хүмүүс Баянцээл орчим гэж ярьдгаас биш, хорооны нэрийг мэдэх нь, тэр дундаа хөдөөнөөс ирсэн иргэдийн хувьд хүндрэлтэй. Хэн нэг нь санаачлаад цээжлүүлсэн гэмээр ижилхэн мэдүүлгүүд байгааг анхаарч шалгаагүй. Гэтэл дээрх гэрчийн мэдүүлэг нь яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар тусгагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна. С.А-ийн мэдүүлэгт “...Ц.С бид хоёр зодолдоод Мөнхтөр намайг салгаад өөр өрөөнд оруулаад байж байхад Э.А ирсэн...” гэдэг. Гэтэл Э.А-ын мэдүүлэгт “би салгаад өөр өрөөнд оруулаад хамт байж байгаад гарсан С.А-ийн хувьд санаатайгаар Э.А-ыг холбогдуулсан байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байгааг шалгаагүй.

4. Э.А нарын хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. С.А-ийн хувьд өмнө нь олон удаа архидан согтуурч эрүүлжүүлэгдэж байсан. Зөрчлийн хуулиар олон удаа шийтгэвэр оногдуулж байсан, мөн 2020 оны 03 дугаар сард яг дээрхтэй ижил төстэй хэргийг ижил төстэй аргаар үйлдэж байсан /картны кодыг урьдчилан мэдсэн, картыг хулгайлсан, 2-3 тасалж мөнгө авсан, хулгайн мөнгөөрөө утас авсан, утсаа эвдээд хаясан гэх мэт/. Дээрх байдлаас үзэхэд тухайн хэргийг С.А санаачилж, Э.А явцад нь татагдан оролцсон байх боломжтой байгааг тогтоогоогүй, хоёуланг нь ижил хэмжээнд буруутгасан. Хавтаст хэрэгт Э.А-ын хувийн байдлыг тодруулсан АСАП сангийн мэдээллээс өөр ямар ч баримт байхгүй. Э.А нь 2022 оны 6 дугаар сард ээжийгээ алдаж, ганцаар үлдсэн сэтгэл санааны хувьд хүнд байсан, хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан талаар тодруулаагүй. Өмнө нь хулгайн хэрэг үйлдэж байсан найз нь тухайн хэрэгт зориуд хутгаж, Э.А-ыг бүх зүйлийг хийсэн байдлаар мэдүүлэг өгсөн байхад нягтлан шалгаагүй байна. С.А-ийн дүү Аманы мэдүүлэгт Амангүлийг хараа хяналтдаа байлгах боломжгүй хэцүү байна гэсэн утгагүй зүйлийг оруулсан нь тухайн хүний төлөвшлийг бас харуулж байгаа. Э.А-ын хувьд оргон зайлаагүй, цаг үргэлж материалтай танилцаж, холбогдох мэдээллийг гарган өгч байсан.

5. Картнаас авсан мөнгөний зарцуулалтыг тогтоогоогүй, хохирлын хэмжээг ижил хуваарилсан. Картнаас авсан мөнгөөр утас, хувцас авч, үлдсэнийг нь идэж уугаад дуусгасан гэж хоёул мэдүүлдэг. Гэтэл яг утас, хувцас авч хоёулаа ижил хэмжээгээр зарцуулсан эсэхийг тогтоогоогүй. Хууль зөрчиж авсан өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлгийг ашиглаж, зарцуулалтыг ижил хэмжээгээр гэж тооцсон нь үндэслэлгүй хуваарилалт болсон. Үнэхээр хоёулаа утас, хувцас авсан эсэхийг шалгаж тодруулсан зүйлс хавтаст хэрэгт байхгүй. С.А нь мэдүүлэгтээ “бид хоёрт ямар ч мөнгө байгаагүй” гэдэг ч Э.А-ын дансны хуулгаар 2022 оны 7 дугаар сараас хойш 800.000 төгрөг шилжин орж, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зарцуулж байсан нь харагддаг. Гэтэл Э.А мөнгөгүйн улмаас дээрх хэргийг хийсэн гэсэн байдлаар мэдүүлсэн нь зөрүүтэй байна. Үүнийг нарийвчлан шалгаагүй. С.А-ийн дансны мэдээллийг бас шалгаагүй.

6. Нотлох баримтыг хангалтгүй цуглуулсан тухайд, картнаас 3 удаагийн гүйлгээ буюу Хаан банкны АМТ-ээс 1, Төрийн банкны АТМ-ээс 2 удаа гарсан байдаг. Гэтэл Хаан банкны АМТ-ын бичлэгийг хавсаргаад, Төрийн банкны АТМ-ийн бичлэгийг хавсаргаагүй. Хэдийгээр Э.А, С.А нарыг бүлэглэж картнаас мөнгө авсан гэдэг ч сүүлд төрийн банкнаас хэн нь мөнгө авсныг тодруулаагүй. Магадгүй салж яваад аль нэг нь ч авсан байх боломжтой. Гэтэл хоёулаа авсан гэдгийг сэжиглэгдэж байгаа этгээдүүдэд гэрчээр хууль сануулж, хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж хоёулаа авсан байна гэдгийг тогтоогоод байгаа ба энэ нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Энэ нь Э.А болон С.А нарт ногдох хохирлын хэмжээг бодитой тогтооход чухал ач холбогдолтой байсан.

7. Хэргийг шилжүүлэн аваагүй мөрдөгч, өмнөх цаг хугацаанд очиж, хэргийн материалыг танилцуулсан. С.А болон Э.А нарт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн материал танилцуулсан ба тухайн материалыг мөрдөгч Л.Ёндонцоо танилцуулсан гэж тусгасан /хх 90-91/. Гэтэл мөрдөгч Л.Ёндонцоо нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг шилжүүлэн авсан байдаг /хх 84/. Бодит байдал дээр хэргээ аваагүй байж хэргийн материал танилцуулах боломжгүй. Дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй ба хэргийн материал танилцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн материалыг танилцуулах эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл байна. Хэргийн материалыг хуулийн дагуу танилцуулахгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

8. Э.А-ыг айлган сүрдүүлсэн байж болзошгүй болон 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр авсан таслан сэргийлэх арга хэмжээ хууль зөрчсөн тухайд, шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захирамж гаргаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг гаргасан. Тус захирамжид мөн Э.А болон С.А нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хаягтаа байхгүй, шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Гэтэл Э.А нь хаягтаа байхгүй, шүүхийн дуудсанаар ирээгүй гэх баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Э.Атой ярихад шүүх хуралдааны товыг ойлголоо, очно гэсэн тэмдэглэл байдаг. Гэтэл цагдан хорих арга хэмжээг Монгол Улсын шүүхээс авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.А Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.А-ийг дагуулж ирж шүүх хуралдаад оролцоно гэсэн утгагүй бичгийг хийж өгсөн. Э.А-ын хувьд хуульд заасан бусад холбогдогчийг дагуулан ирэх үүрэггүй. Гэтэл дээрх байдлаар бичүүлж авсан нь тодорхой хэмжээгээр айлган сүрдүүлж, албадан бичүүлсэн байх магадлалтай байна.

9. Хохирлын талаар хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэрлэсэн. Уг хулгайн гэмт хэргийн хохирлыг 2.100.000 төгрөг гэж тогтоосон. Шүүхээс дээрх хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага бус хэмжээний хохирол” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтад бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж тодорхойлсон. 2.100.000 төгрөгийг бага хэмжээний гэж тодорхойлсон нь хуулийн нэр томьёотой зөрчилдөж байна. Хуульд зааснаар 350.000 төгрөг түүнээс бага хохирлыг нь энэ ангилалд хамруулахаар тусгасан гэж үгийн шууд утгыг харахаар ойлгогдож байна.

10. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэж тусгасан байдаг. Шүүхийн шийдвэрт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэргийг тусгаагүй. Э.А-ын хувьд ямар зорилго, сэдэлтээр, ямар шалтгаанаар гэмт хэрэгт оролцсон байдлыг тодорхой болгоогүй. Мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэлэлцэх шатанд ч дээрх байдлыг тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тодруулахаар тусгасан. Тухайн хэргийг шалгахдаа С.А болон Э.А нарын тус бүрийн оролцоо үйлдлийг тодруулаагүй. Зөвхөн үйлдлээрээ бүлэглэн оролцсон гэж үзсэн. Гэтэл анх хэн картыг хулгайлж авсан, хэн пин кодыг мэдэж санаж байсан, сүүлд төрийн банкны АТМ-ээс хэн нь мөнгийг авсан зэргийг тодруулаагүй. Мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэлэлцэх шатанд ч дээрх байдлыг тодруулаагүй.

11. Эрүүгийн хариуцлага нь бодит байдалд нийцээгүй тухайд, ял шийтгэл оногдуулахдаа шүүхийн зүгээс Э.А-ын хувийн байдлыг тодруулаагүй. Э.А-ын хувьд тухайн хэрэгт ямар сэдэлт зорилготой байсан, ямар шалтгаан нөхцөл нөлөөлсөн, ямар оролцоотой байсан гэдгийг тодруулахгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь бодит бус шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Э.А-ын хувьд өмнө нь дээрх болон өөр ямар нэгэн байдлаар гэмт хэргээр шийтгэгдэж байгаагүй, анх удаа бага хэмжээний хохиролтой гэмт хэрэгт холбогдсон, хэргийг шалгахад саад учруулж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бүрдсэн байсан. Тухайн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын төрлийг зохицуулсан байхад анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шууд хорих ялыг оногдуулсан нь шударга бус болсон гэж үзэж байна. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар завшсан, залилсан этгээдүүд, жишээ нь улсаас 1,8 тэрбумыг завшсан, залилсан Эрдэнэт үйлдвэрийн дарга нарт 14 сая төгрөгийн торгох ял, оймсны хэрэг гэх тодотголтой мэргэжлийн хяналтын байцаагч нарт холбогдох 780 сая төгрөгийн хохиролтой хэрэгт 20 сая төгрөгийн торгох ялыг шүүхээс оногдуулсан байдаг. Гэтэл 2.100.000 төгрөгийг хулгайлсан гэх Э.Ад 6 сарын хорих ялыг өгч байгаа нь ял шийтгэл хүндэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг тусгасан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Гэмт хэргийн нийгмийн аюул, хор хохирлын хувьд олон зуун тэрбумын хэрэгт холбогдоод шүүхээс торгох ял аваад байхад 2.100.000 төгрөг хулгайлсныг илүү хүнд нөхцөл гэж үзэж хорих ял оноож байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Шүүхийн зүгээс хуульд заасан ялын төрлийг сонгон хэрэглэх эрхтэй ч мөн хуульд заасны дагуу хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. Гэтэл тухайн хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад харгалзан үзээгүй нь хариуцлагын хувьд оновчгүй болсон гэж үзэхээр байна. Нэгэнт Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийг мөрдөн шалгах, хянах, ял шийтгэл оногдуулахдаа баримтлах нарийн процессыг тодорхой зааж өгсөн. Гэтэл мөрдөн шалтгах, прокурорын хяналт, шүүхийн шатанд дээрх шаардлагуудыг зөрчсөн үйлдлүүд олон байна. Зөрчлүүд байсаар байхад хэргийг яллах болон шүүхээр шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Бага хэмжээний зөрчил гаргасан ч хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа бол хэрэг шалгах процесс бүрийг хуульд заах ямар шаардлагатай гэж, хууль шаардахгүйгээр агуулгаар нь явж болох уу. Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхээр ял шийтгэгдэхэд гарсан алдаа, дутагдлыг арилгаж, шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Хэрэгт авагдсан баримтуудаар С.А, Э.А нар нь бүлэглэн Ц.С Хаан банкны картнаас 2.100.000 төгрөг хулгайлан авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нараас “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал нь одоог хүртэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.А, Э.А нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс" гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Ц.С “Хаан” банкны 5064861798 дугаартай виза картыг хулгайлан авч, уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.С “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байдаг “Найс” буудалд С.А нэг найз эмэгтэйтэйгээ ирсэн ба би тэр хоёрыг тосож аваад дэлгүүрээс архи ундаа аваад тооцоогоо хийхэд тэр миний картны нууц дугаар хэлэхэд тэр сонсож байсан. Би унтаад сэрсэн чинь ганцаараа унтаж байсан. Миний утасны кейсэнд байсан Хаан банкны ногоон өнгийн виза карт алга болсон байсан. Тэр үед миний утсанд ирсэн банкны мэдээлэлд эхлээд 1.100.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгөөр 2 зарлага гарсан байсан. С.А миний картыг авч явсан, өөр хүн авах боломжгүй, миний нууц үгийг сонсож мэдсэн. ...” /хх 7-8/,

шүүгдэгч С.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Мөнгө зээлэх гэж очоод уусан байсан болохоор мөнгийг нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 143/,

шүүгдэгч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 142/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.С “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 21-27/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 18/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А, Э.А нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.А, Э.А нарын хохирогч Ц.С эзэмшлийн “Хаан” банкны 5064861798 дугаартай виза картыг нууцаар авч, уг картнаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөг авч захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.А нь “...бага насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Анхтуяа нь “... хэргийн талаар дутуу шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн асуудал дээр маргаагүй, анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 6 сарын хорих ял оногдуулсан нь хүндэдсэн ... байх тул шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл/Нотолбол зохих байдал/-ийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно гээд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.А, Э.А нар нь өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаж, улмаар өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасанд нийцсэн байна.

Шүүгдэгч С.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гомдлоороо дамжуулан гаргасан байх боловч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо уг хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсэн болно.

 Шүүгдэгч С.А, Э.А нар нь шүүх хуралдааны явцад “мөнгө зээлэх гэж очсон боловч архи уусан байсан болохоор карт авсан, хоёулаа санаачилсан” гэсэн мэдүүлэг өгснөөс үзэхэд тэд картыг авах, улмаар картнаас мөнгө, эд зүйл худалдан авах зэрэг үйлдлээрээ нэгдсэн буюу бүлэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 Хавтас хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан депозит дансны хуулгаар 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.100.000 төгрөгийн зарлага хийсэн байдал тогтоогдож, уг хэмжээгээр хохирлыг тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

Тодорхой гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болох этгээд тодорхой болсны дараа тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нь Үндсэн хуульд заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн байдалд хамаарах бол гэмт хэрэг үйлдсэн этгээд тодорхой биш, тухайн хэрэгт холбогдсон этгээд нь уг хэрэгт холбоотой байж болох нөхцөл байдал үүсээгүй байхад гэрчээр мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.    

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй тухайн зүйлд заасан ялын доод хэмжээний хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд дүгнэлт хийдэг.

Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийнх нь нөхцөл байдлын талаар шалгаж тодруулаагүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах хууль зүйн зохицуулалт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Анхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч С.А-ийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчимд нийцүүлэн түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил хорих ял болгон өөрчлөв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.А-ийг ам бүл 6, эгч, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэж шийтгэх тогтоолд тусгасан байх бөгөөд тэрээр давж заалдах гомдолдоо 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох талаар дурджээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.А-ийн хэдэн хүүхэдтэй, хүүхэдтэй бол хэдээс хэдэн насны, хэний асрамжинд байдаг талаар шалгах ажиллагаа явуулаагүйгээс энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байх бөгөөд уг байдлын талаар шалгуулахаар хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн зохицуулалт байхгүй тул хэрэгт хяналт тавьсан прокурор Ж.Бүрэнжаргалд шүүгдэгч С.А хэдэн хүүхэдтэй, хүүхэдтэй бол хэдээс хэдэн насны, хэний асрамжинд байдаг талаар тодруулж, хүүхдийн асрамжийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх ажиллагаа хийхийг даалгаж байна.

Прокурорт дээрх ажиллагааг хийлгэхээр даалгах нь хүүхэд эрх ашгийг хамгаалах олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэх, Хүүхдийн эрхийг хамгаалах болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилтод тус тус нийцнэ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.А, Э.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1732 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч С.А-ийг 2 жилийн хугацаагаар ...” гэснийг “...шүүгдэгч С.А-ийг 1 жилийн хугацаагаар ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “ ...шүүгдэгч С.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг ...” гэснийг “...шүүгдэгч С.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг ...” гэж тус тус  өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С.А-ийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч томилуулах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг прокурор Ж.Бүрэнжаргалд даалгасугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Анхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Э.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.­

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР