Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/03333

 

 

 

 

 

 

 

 

2024 09 12 181/ШШ2024/03333

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо Депогийн 52 дугаар байр, 111 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гүнсэнгийн Алтантогос /РД:ХЗ76070108/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж, SPS оффис 301 тоот хаягт байрлах ОК ХХК /РД:5344115/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад​

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.А миний бие 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ОК ХХК-аас байр худалдаж авах гэрээ байгуулж, ... айлын орон сууцын барилгаас 69,88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны 1 м.кв 1,950,000 төгрөгөөр тооцож нийт 136,266,000 төгрөгийн бэлэн төлөлтөөр гэрээ хийсэн өдрөө худалдаж авсан. 100 хувь бэлэн төлөлт хийсэн. Гэрээ хийсэн өдрөө ордер 14 хоногийн дараа гарна та санаа зоволтгүй нэгдсэн журмаар гаргаж өгнө гэж хугацаа авсаар өдийг хүрсэн. ОК ХХК нь хэлсэн үгэндээ хүрэхгүй явсаар байгаад байр албадан хураах шүүхийн шийдвэр гарсан. 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрийн мэдэгдэл хаалган дээр наасан. Тэр цагаас хойш компанийн захирал Н.Нтой ганцхан удаа уулзсан. Утсаа авдаггүй. Орлогч захирал болох Н.Б ямар ч байсан та нарын ордерыг гаргаж өгнө. Хураалгахгүй. Бид өөрсдийн эд хогшлоо хураалгана. Та нарыг гомдолгүй болгоно гэж хэлсээр би 8 настай хүүхэдтэйгээ оффисын шалан дээр 20 хоносон. Ямар ч үр дүнд хүрээгүй. Хэзээ байрнаасаа хөөгдөх вэ гэсэн сэтгэл санааны гутрал, ар гэрийн хэрүүл эцсээ хүртэл даамжирсан. Аргаа бараад 8 настай хүүхэдтэйгээ талбай дээр суулт хийе гэж бодож байна. Энэ 3,4 жилийн хугацаанд байнга утасдаж ордероо авъя гэж залгадаг байсан. Би энэ компанийн хэлсэн үгэнд итгээд энэ байрыг сонгосон. Г.А миний .... тоот, 69,88 м.кв талбайтай 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.А нь ОК ХХК-аас байрны ордер гаргуулах гэж нэхэмжлэл өгсөн. Тус компани ордер ямар нэгэн асуудалгүй өгч байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь ОК ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт ...шүүгч ...нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй... гэж тус тус заасан.

 

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотой гарах эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарласан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлж байгаа үндэслэлээр татгалзаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ОК ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан Г.Аын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 839,280 төгрөгийн тал хувь болох 419,640 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА