Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 90

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00070/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдох  

"Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 12.374.950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрүүдэд хадланд гарсан байхад адуугаа хайгаад олоогүй, гэтэл хүн залгаад адуу чинь энд үхэж байна гэж хэлсэн. Тэгээд орой яваад ороход 3 адуу ам нь зуучихсан байсан. Тэнд байгаа хүмүүст нь үхэх гэж байна гэж хэлээд ядаж зуусан адуугаа гаргая гэхэд гаргаагүй. Торгууль нь 500.000 төгрөг байсан. Түүнийг хайгаад олохгүй байсан. Ингээд хүнээс гуйж 200.000 төгрөг олоод өгөхөд бичиг баримтаа үлдээ гэсэн. Тэгээд би н.Э- гэдэг дүүгээсээ бичиг баримтыг нь гуйгаад 23 цагийн үед хашаанаас гаргахад 3 адуу унасан байсан. Хоёрыг нь манаачтай нь хамт түшиж гаргасан. Харин 1 нь зуугаад босч чадахгүй байсан. Манай адуу төвд орж ирдэггүй хөдөөний адуу. Би шөнөжингөө дусал хийгээд тариа хийгээд нэмэргүй байсан. Миний тэр хар гүүний төл нь аймаг суманд түрүүлсэн, хурдан удмын төл гаргадаг гүү байсан юм. Тухайн үед хар гүү маань нас гүйцсэн гүү байсан.

Бодит байдал дээр өлөн адуунд ус өгөхөөр шууд зуудаг. 2 өдөр услаагүй байгаад усалвал шууд өлддөг. Би тухайн үед нь та нар яагаад усалж байгаа юм бэ? гэж хэлсэн, дарга цэрэгтэй нь уулзсан боловч намайг хүн гэж тоогоогүй. Манайх Дарханы төвөөс 14 километрийн зайд байдаг. Адуу урт хөлийн амьтан учраас ялаа шумуулаас дайжаад огт тогтдоггүй. Би нийтийн аж ахуй үйлчилгээний зориулалтын хашаанд очиж үзсэн. Тэнд байгаагүй гэтэл хот дотор блокон хашаан дотор хорьсон байсан. Гаднаас нь ямар ч хүн харах боломжгүй.

2017 онд Б.Б- гэж хүнтэй Эрдэнэтэд морио уралдуулж байхдаа танилцсан. Түүний нэр дээр морио уралдуулахад хээр үрээний ээжийг авахаар тохиролцсон байсан. 2017 онд түрүүлсэн хурдан азарганаас хээл авхуулаад унагатай нь 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тэр гүү нь үхсэн хар гүү юм. Тэгээд хээл авхуулахаар манайд үлдээгээд явсан байсан. Тэр гишгүүлэх гээд байгаа азарга 20 гаруй түрүүтэй азарга байсан.

Ингээд үхчихээр нь Б.Б- надаас мөнгөө авъя гэсэн. Би 7,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Иймд гүүний үнэ 12,000,000 төгрөг, торгуульд төлсөн мөнгө 200,000 төгрөг, 174,950 төгрөг нь тэмдэгтийн хураамжийн мөнгө Б.Б-аас, Ц.Б-ыг шүүхэд өгч гаргуулсан тэмдэгтийн хураамжийн мөнгө гээд нийтдээ 12,374,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал малаа хариулаагүй буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээгээд торгуулиа төлсөн. Энд бол хурдан удмын гүүний үхсэн гэм хорын асуудал яригдаж байна. Үнэхээр ногоон бүсэд орсон малыг хашаалах эрх байна уу, мөн хашихад ямар дүрэм журам байдаг вэ? гэдгийг судалсны үндсэн дээр шүүхэд хандсан. Адуу бол урт хөлтэй амьтан гүйцэгддэггүй. Мал хэдий хариулгатай байсан ч зарим хэсэг нь алдагдах зүйл бий. 2019 оны 09 дүгээр сарын 07-нд адуугаа алдаад хайсан. Бурхантай уулын зориулалтын хашаанд 3-4 удаа ирж үзсэн боловч байгаагүй. Гэтэл төвийн зориулалтын бус бетон хашаанд хашсан байсан.

Мэргэжлийн малын эмч авч ирээд өвчний түүхийг бичүүлээд дүгнэлт гаргуулж авсан. Харин мал эмнэлгийн хүрээлэнгийн албан бичиг бол цаас хараад дүгнэлт хийх боломжгүй гэсэн агуулгатай баримт байгаа.

Үхсэн хар гүүний төл нь сүүлийн 2 жил гаруй хугацаанд 20 гаруй удаа түрүүлсэн байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн тус шүүхийн 2019 оны 1074 тоот шийдвэрээр 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг бөгөөд хурдан удмын гүү байсан гэдэг нь тогтоогдсон.

Тухайн аймаг суманд ногоон бүсэд орсон малыг яах талаарх 20, 45, 35 дугаар тогтоолууд бүгд хавтаст хэрэгт авагдсан. Тус тогтоолуудад хаших эрх болон журмын талаар нарийвчлан зохицуулаагүй. Шүүх хуралдаан дээр үзсэн бичлэг дээр тухайн байгууллагын инженер эхний өдөр өвс ус өгөөгүй гэсэн тайлбар өгсөн, мөн зориулалтын хашаанд хашаагүй зэргээс нийтийн аж ахуй үйлчилгээний газар буруутай гэдэг нь харагдана. Мөн гэрчийн мэдүүлгээр тухайн хашсан хашаа бол зориулалтын бус, техник хэрэгслийн хашаа байсан нь тогтоогдож байгаа. Мөн тухайн хашаанд малын эмч байх ёстой байсан.

Дээр дурдсан баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд нийт 12,374,950 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нийтийн аж ахуй үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэм хорын хохирол гаргуулах хэрэг дээр нэхэмжлэгч өөрөө буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баяндаваа гэх газар өөрийн 34 тооны адуугаа алдаад эрэл сурал болж байсан талаар нэхэмжлэлдээ бичсэн байна. Өөрөө хариулах үүрэгтэй байтал алдсан байна. Гэтэл тухайн өдрөө хашигдаагүй, 3 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-нд хашигдсан. Гэтэл 3 өдөр тухайн адуунууд хаагуур явсан юм бэ? гэдэг нь тодорхойгүй. Хашигдсан үндэслэл нь Дархан-Уул аймгийн ногоон бүсэд орсон. Ашиглалт хамгаалалтын журмыг зөрчөөд бурхантай толгой, морин хуур цогцолбор дээр 34 тооны адуу орж ирсэн байдаг. Энэ адуу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн төвийн аюулгүйн тойрогт орж ирээд морин хуур цогцолбороос дуудлага өгч, удаа дараа хөөж гаргасан боловч дахин орж ирээд цэцэг, ногоо, зүлэг идсэн байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр арга буюу Дархан сумын Засаг даргад мэдэгдсэний дагуу сумын засаг дарга Б.А- журмын дагуу арга хэмжээ ав гэснээр өдөр 12.00 цагийн орчим хашсан. Мөн өдрөө байгууллагын цахим хуудас болон интернэтээр хашигдсан мэдээлэл бичээд зар тавьж, холбоо барих утас үлдээсэн. Гэтэл энэ Ц.Б- 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой ирээд малаа авах талаар ярьсан байдаг. Хашиж байхдаа ус, өвс өгч байсан. Энэ нь гэрэл зургаар тогтоогдож байгаа. Гэвч яриад байгаа гүү хашаанд сульдаад унасан, тэгээд эмнэлгийн тусламж үзүүлээд тэнхээ авахгүй үхсэн. Тус хашаанд тухайн гүү үхсэн талаар бид маргаагүй.

Хавтаст хэрэгт үзлэг хийсэн эмгэг анатомийн задлангаар өлсгөлөнгөөр үхсэн гэдэг. Манай хариуцагч талаас зөвшөөрөөгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч гүү үхсэн, бодитоор дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг.

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 35, 2010 оны 20, 2015 оны 45 дугаар тогтоолуудаар Дархан сумын ногоон байгууламжид мал тэжээвэр амьтан оруулахыг хориглосон бүс нутаг болон авах арга хэмжээний талаар зохицуулсан. Энэхүү журмын дагуу тус байгууллага ажиллаж, үүргээ биелүүлсэн. Намрын тарган мал 2 өдөр өвс идээгүй байхад өлсгөлөнгөөр үхнэ гэсэн зүйл байхгүй. Туранхай, туниа муутай байсан талаар гэрч мэдүүлдэг.

Нэхэмжлэгч Ц.Б-ын малаа хариулж, хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс ногоон бүсэд адуу орж, их хэмжээний хохирол учруулсан, мөн зам тээвэрт хүртэл саад учруулсан. Хариуцагч байгууллага энэ бүх хохирлоо тооцон нэхэмжлээгүй байгаа. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр гүүний хохирлын хэмжээг тогтоогоогүй, харин иргэд хоорондын гэрээний маргааныг л шийдвэрлэсэн шийдвэр байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал үндэслэж байгааг зөвшөөрөхгүй. Манай зүгээс хүсэлт гаргаж үнэлгээ тогтоолгоход 800,000 төгрөг гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагчийн зүгээс үүнийг ч зөвшөөрөхгүй. Гэм буруугүй, хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас нийт 8.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3.974.950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 149.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-ад, шинжээчийн зардалд 40,000 төгрөг гаргуулж Капитал зууч ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03 өдрийн 797 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хурдан удмын гүүний үнэ 12 сая төгрөг, торгуульд төлсөн 200.000 төгрөг, шүүхэд тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.000 төгрөг нийт 12.374.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хариуцагч НААҮГ-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан 8.400.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас “Тухайн гүүний үхсэн шалтгаан нь НААҮГ-тай холбоогүй , үхсэн гэх гүү нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бусад 33 тооны адууны хамт алдагдсан НААҮГазар адууг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хашхаас өмнө 3 хоног хоолтой хоолгүй явсан нь тодорхойгүй, адууны эзэн өөрийн өмчлөлийн малыг хариулж маллах үүргээ биелүүлээгүй, адуугаа хараа хяналтгүй алдсанаас буюу эзний хариуцлагагүй байдлаас болж олон тооны адуу Дархан-Уул аймгийн мал амьтан оруулахыг хориглосон ногоон бүсэд орж НААҮГ-ын өчнөөн хүч хөрөнгө зарж бий болгосон ногоон байгууламж, цэцэг, мод ургамлыг сүйтгэсэн тул Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн 2009 оны 35, 2010 оны 20, 2015 оны 45 дугаар тогтоолуудаар батлагдсан журмын дагуу үүргээ биелүүлж хашсан. Намрын адуу 2 хоногт өлсгөлөнгөөс болж үхэх ёсгүй, үхсэн адуу нь туранхай, сөл муутай адуу байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог, уг адуу нь хурдан удмын адуу гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж маргасан.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийнхээ “ Үндэслэх” хэсэгт хийсэн дүгнэлтдээ: “ .. Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай журмын 8.1.в-д заасан тусгай хашаанд түр байлгаж, хадгалж байх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. Мөн аж ахуйн зориулалттай хашаанд хаших зайлшгүй шаардлага байсан эсэхээ хариуцагч тал нотлоогүй, зориулалтын бус хашаанд малыг хашсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ нь хариуцагч байгууллагыг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлт хийж хариуцагч байгууллагыг буруутгасан нь маргааны зүйл болж буй гүүний үхлийн шалтгаантай холбоогүй буюу үхсэн гүү нь өлсгөлөнгөөр үхсэн гэдэг нь мал эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, харин зориулалтын хашаанд хашаагүйгээс ямар нэгэн зүйлд гэмтэж бэртсэн гэсэн дүгнэлт гараагүй байхад шүүх үхсэн гүүний үхлийн шалтгаан нь зориулалтын бус хашаанд хашсанаас болсон мэт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх маргааны зүйл болж буй нас гүйцсэн хар зүсмийн гүүг хурдан удмын гүү гэж дүгнэн нэхэмжлэгч гүүгээ 12 сая төгрөгөөр үнэлснийг уг адууны үнэ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж хариуцагч талаас үзэж маргасан болно. Эм хүйсийн адуу буюу гүү уралддаггүй гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Үхсэн хар зүсмийн гүүг хурдан удмын адуу гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн үхсэн гүүг хурдан удмын гүү гэж үзэн 12 сая төгрөгөөр үнэлж уг үнийн 70 хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Гэм хорын хохирлыг тогтооход тухайн үхсэн гүү нь хурдан гүү мөн эсэхийг тогтоосон баримттай байж хурдан удмын гүү гэж үнэлэх ёстой. Гэтэл шүүх энэ талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт хийсэн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал хар гүү нь хурдан удмын төл гаргадаг бөгөөд түүнээс гарсан үр төл нь олон наадам уралдаанд амжилт гаргаж байсан, энэ утгаараа энгийн гүүнээс өндөр үнэ цэнтэй зах зээл дээр худалдаалагддаг гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул үндэслэлтэй гэж үзнэ” гэж тухайн гүүг хурдан гэж тогтоосон баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбараар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх нас гүйцсэн гүүний зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилж “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээгээр нас гүйцсэн гүүг 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байхад шүүх нэхэмжлэгчийн амаар үнийг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч талын хариуцлагагүй байдлаас болж адуу малаа хариуцлагагүй орхисноос уг адуунууд амьтан орохыг хориглосон ногоон бүсэд орсон буруутай, НААҮГ нь төрийн байгууллагаас өөрт хүлээлгэсэн үүргийн дагуу хотын ногоон байгууламжийг хамгаалж уг адуунуудыг хашсан байхад шүүх гэм буруугийн асуудлыг ямар үндэслэлээр 70 хувиар тогтоосон нь ойлгомжгүй болсон.

Эдгээр үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Б- нь Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт холбогдуулан өөрийн өмчлөлийн хар зүсмийн гүүний үнэ гэж 12.000.000 төгрөг, хууль бусаар торгуулсан гэж 200.000 төгрөг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1074 тоот шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, нийт 12.374.950 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нь өөрийн адуугаа хариулж байх үүргээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас алдсан, уг адуунууд нь Дархан-Уул аймгийн ногоон бүс, Морин хуур цогцолборт нэвтэрч ногоон бүсийн ашиглалт хамгаалалтыг зөрчсөн, адууг удаа дараа тууж ногоон бүсээс гаргасан боловч дахин орж ирсэн тул холбогдох журмын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагаас эхлэн хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлэн хашсан гэх үндэслэлээр маргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8.400.000 төгрөгийг хангаж, үлдэх 3.974.950 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж дор дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн 34 тооны адууг хариулгагүй орхисны улмаас уг адуунууд нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоон байгууламжийн мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглосон бүсэд нэвтэрсэн, улмаар уг ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт, арчилгаа үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага болох тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас тухайн өдрийн 12 цагийн үед дээрх 34 тооны адууг байгууллагынхаа бетонон хашаанд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг хүртэл хашсан, үүний улмаас Б.Б-ын 9 настай хар зүсмийн гүү үхсэн хэргийн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.

Хавтаст хэргийн 5-14 дүгээр талд авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эмгэг анатомийн задлалын протокол”-оор нэхэмжлэгчийн үхсэн хар зүсмийн гүү нь “...хоол тэжээлийн дутмагшлын өлсгөлөн...”-өөс болж үхсэн нь тогтоогджээ.

Хариуцагч байгууллагаас үүнийг эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэдий ч Мал эмнэлгийн хүрээлэнгээс шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн баримтад малын эмч дуудсанаас  хойших хоёр өдрийн мэдээлэл тусгагдсан, өмнөх хэд хоног ямар нөхцөлтэй байсан эсэх эзний мэдүүлэг тодорхой бус хэмээн дүгнэж үхсэн гүүний үхлийн шалтгааныг тодорхойлох боломжгүй талаар тайлбар ирүүлсэн байна. /хх-ийн 108-р тал/

Нэхэмжлэгч нь тухайн үед үхсэн гүү нь хээлтэй байсан, хээл нь хурдан бор азарганы хээл байсан, уг гүүнээс гарсан төл хурдтай байдаг ба аймаг бүсийн том, бага наадмуудад 20 гаруй удаа айрагдаж /шагналт байр/ түрүү хүртсэн хүлэг байдаг, Гүүгээ төллөснийх нь дараа унагатай нь цуг Орхон аймгийн Б.Б- гэх хүнд 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон 10.000.000 төгрөгийг нь авсан байсан гэж тайлбарладаг. 

Харин хариуцагч дээрх нэхэмжлэгчийн гүүгээ үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхээс шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал Зууч” ХХК нас гүйцсэн 1 толгой гүү /эм адуу/-г 800.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 110-116-р тал/

Тухайн хар зүсмийн үхсэн гүү нь хээлтэй “...сав хээлтэй, 2,5 сарын биелсэн урагтай...” байсан /хх-ийн 7-р тал,/, нэхэмжлэгч нь дээрх гүүгээ бусдад 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон байсныг нь тогтоон, урьдчилан авсан байсан 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр /хх-ийн 33-36-р тал/, уг мөнгөнөөс 7.000.000 төгрөгийг ХААН банкаар дамжуулан 5099178787 тоот дансанд шилжүүлсэн “гүүний мөнгө, хар гүү /gvvnii mungu har gvv/” гэх гүйлгээний утга бүхий Ц.Б-ын депозит дансны хуулга /хх-ийн 221-р тал/, нийт 17 ширхэг хурдан морьдын уралдаанд оролцон шагналт байруудад шалгарсан өргөмжлөлүүд /16-32-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудын талаар авч үзвэл:

Монгол Улсын Их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр малын болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтан /мал/-ын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийг батлан хэрэгжүүлжээ.

Уг хуульд “мал” гэдгийг уламжлагдан ирсэн таван хошуу малыг ойлгоно хэмээн заасан бөгөөд мал түүний удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүнийг нь судлан удам зүйн үнэлгээний бүртгэлийг тухайн малыг үржүүлэгч этгээдийн нэр дээр малаа даатгалд хамруулах, барьцаалан зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, удам зүйн үнэлгээнд үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт зэргийг тогтооход зориулан сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан бүртгэлжүүлж байхаар хуульчилсан.

Аймаг, сумдууд болон бусад газруудаас зохион байгуулсан хурдан морьдын уралдаанд оролцож түрүү болон шагналт байруудад шалгарсан нэхэмжлэгчийн хурдан морьд нь дээрх үхсэн гүүнээс төрсөн үр, төл мөн эсэх, уг гүү нь хурдны удамтай талаар “Малын генетик нөөцийн тухай” хуульд заасны дагуу бүртгэлжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

            Үүнээс гадна гүүний үнийг нотлох зорилгоор нэхэмжлэгч Ц.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхэд ирүүлсэн хэдий ч уг шийдвэр нь тухайн гүүний зах зээлийн бодит үнийг тогтоосон шийдвэр биш бөгөөд харин талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд тохиролцсон тохиролцооны дагуу гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдлын хүрээнд тухайн хэргийн зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр юм.

            Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хариуцагчаас тухайн гүүний зах зээлийн үнэ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 12.000.000 төгрөгөөр тогтоогдсон гэж дүгнээд, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “...гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” гэж заасны дагуу гүүний үнэлгээг 30 хувиар багасган хариуцагчаас 8.400.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Харин нэхэмжлэгчийн торгуульд төлсөн гэх 200.000 төгрөгийг хариуцагч байгууллага нь хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн арга хэмжээг авч зохих төлбөрийг тооцсон нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд нь шалтгаант холбоогүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч уг мөнгийг нэхэмжлэгч төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү зардлаар хохирсон гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Б-ын 34 тооны адууг холбогдох журамд заасны дагуу өвс, тэжээл, усаар хангаж байсан, хар гүү үхсэн үйл баримтад манай байгууллага буруугүй хэмээн нэхэмжлэлийг татгалздаг боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн үхсэн хар гүүгээ хурдан удмын төл төрүүлдэг байсан талаар баримтаар нотолж чадаагүй, тухайн хэрэг учрал болох үед нас гүйцсэн эм адуу зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас үнэлгээний тайланг ирүүлснийг нэхэмжлэгч маргаж дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газраас Капитал Зууч ХХ-ийн үнэлсэн үнэлгээний дагуу 800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.574.950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэрэг учрал болоход хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн, нэхэмжлэгч нь уг үйлдэлдээ холбогдох хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээгээ авагдсан байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хорын хэмжээг шүүхээс багасган тогтоох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан “...шүүх шийдвэртээ тухайн гүүг хурдан гэж тогтоосон баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбараар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн амаар үнэлгээг тогтоосон буруу, ямар үндэслэлээр гэм хорын 70 хувиар тогтоосон нь ойлгомжгүй болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас нийт 8.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3.974.950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 11.574.950 төгрөгийн шаардлыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 149.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-ад, шинжээчийн зардалд 40.000 төгрөг гаргуулж Капитал Зууч ХХК-д тус тус олгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-ад, шинжээчийн зардалд 40.000 төгрөг гаргуулж Капитал Зууч ХХК-д тус тус олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА

                                                                                                          М.МӨНХДАВАА