| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2207002970201 |
| Дугаар | 2023/ДШМ/88 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ДШМ/88
Б.М, Ч.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М, Ч.Н нарт холбогдох эрүүгийн 2207002970201 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ......... овгийн Б.М, .......................................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “.................................... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............................. тоотод оршин суух, /РД: ............................/;
2. ........................ овгийн Ч.Н, ............................................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....................................... оршин суух, /РД: ЙА94102838/,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн шохойны үйлдвэрт Ч.Нийн тавьсан шаардлагад дургүйцэн маргалдаж, улмаар Ч.Нийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, мөн хавирч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, нүүр, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Б.Мн бусадтай хүндэтгэлгүй харилцаж буй байдалд ундууцан маргалдаж, улмаар хохирогч Б.Мн хэвлий орчим руу хүрзээр цохиж, мөн хүрз шидсэнээс эрүүл мэндэд нь эрүүнд шарх, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.М, Ч.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Н, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Мг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н, Б.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, нийт урт нь 131.5 см, модон иштэй хүрз 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Н” ХХК-д буцаан олгож, шүүгдэгч Ч.Н, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг үгүйсгэсэн няцаалт үндэслэлийг заахаар хуульчилсан байхад ямар шалтгааны улмаас ялаас чөлөөлөх боломжгүй талаар уг тогтоолд зааж өгөөгүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан ч Б.Мн хувьд яллах дүгнэлтээр зүйлчлэн оруулж ирсэн зүйлчлэлтэй маргаагүй, хохирол төлбөр байхгүй, тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэгт холбогдсон гээд хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байсан ч шүүх анхаарч үзээгүй ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэг хандлага, ажил амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил, амьдралын дадлага, туршлага, ял шийтгэх, шагнал, урамшил зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзэх учиртай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд долоон зүйлийг хуульчлан зааснаас гурван зүйлд нь хамаарагдахаар байна. Тодруулбал, шүүгдэгч Б.М нь “тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирол төлбөр байхгүй”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гурван шинжид хамаарна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь урьдчилсан төсөөлөөгүй, гэнэтийн хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг, тухайн хүн нь урьд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь тогтоогдож байгаагүй байдлыг, учруулсан хохирлоо төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хохирогчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан үед гэмт хэрэг үйлдсэн байхыг тус тус ойлгоно. Хууль бус, зүй бус үйлдэл нь хүнийг зодох, хүний эрхийг хязгаарлах зэргээр илэрдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчлан заасан ч Б.Мн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлж болохоор хуульчилсан. Ялаас чөлөөлөх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан нэг буюу хэд хэдэн ялаас бүхэлд нь болон хэсэгчлэн чөлөөлөхийг ойлгодог. Энэ хуульд заасан үндэслэлд Б.Мн үйлдэл хамаарагдахаар байгаа учир уг гомдлыг гаргах хууль зүйн үндэслэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Мд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялаас чөлөөлж өгнө үү” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Мн өмгөөлөгчөөс “уг гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж тайлбарлаж байна. Гэвч уг хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Б.М, Ч.Н нарын хэн хэнийх нь буруутай үйлдэл байгаа. Хохирол төлбөрийн тухайд хэн хэнээсээ нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн шохойны үйлдвэрт Ч.Нийн тавьсан шаардлагад дургүйцэн маргалдаж, улмаар Ч.Нийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, мөн хавирч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, нүүр, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Б.Мн бусадтай хүндэтгэлгүй харилцаж буй байдалд ундууцан маргалдаж, улмаар хохирогч Б.Мн хэвлий орчим руу хүрзээр цохиж, мөн хүрз шидсэнээс эрүүл мэндэд нь эрүүнд шарх, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.М “...Би ажилтан Х.Дамба болон Г.Билгүүнтөр нарт хандаж “ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн. Энэ үед машины ачаан дээр байсан Ч.Н “чи ямар том дуутай пизда вэ” гээд над руу дайрч машины тэвшин дээр байсан асгарсан нунтаг ачих үед хэрэглэж байсан модон иштэй хумбан хүрзийг авч миний зүүн ташаа хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед машины тэвшин дээр байсан X.Дамба, Г.Билгүүнтөр нар бид хоёрыг салгасан. Тэр хоёр ямар нэгэн байдлаар зодоон цохионд оролцоогүй. Хамт явж байсан жолооч нар нь Ч.Нийг татаад тэвшин дээрээс буулгасан. Тэр үед би машины тэвшин дээрээс буух үед Ч.Н машины тэвшин дээр гараад түрүүнд намайг цохисон хүрзээ шууд над руу шидсэн. Энэ үед хүрз нь миний зүүн талын уруулын доор онож тэр хэсэг гэмтэж цус гарсан. ...” /хх 131/,
хохирогч Ч.Н “...Зохион байгуулагч нэг ажилтан залуу руу бүр илүү орилж дайраад байсан. Тэгээд газар байсан жижиг палк модыг тэр залуу руу авч шидсэн. Тэгээд тэр залууг “ажлаа олигтой хийхгүй бол зайл” гэж орилж, нүүр рүү нь мангасдаж түлхэж унагасан. Энэ үед би уурлаад тэр зохион байгуулагч гэх залууд хандаж “чи ямар сонин юм бэ, хүн болгон руу орилж дайраад байх юм” гэж хэлээд гараас нь бариад авсан. Тэгсэн тэр залуу “чамд ямар хамаатай юм, би ажилтантайгаа ярьж байна, чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж, тэр залууг “миний машин дээр гарч хүн рүү орилохоо боль” гэж хэлсэн. Над руу эхлээд тэр залуу дайрч, гараараа баруун шанаа тус газар нэг удаа цохисон. Миний хамар, нүүр, баруун ташаа, зүүн шилбэ хөхөрсөн, зүүн талын араа шүд эмтэрсэн байсан. Б.М тухайн үед эхлээд миний баруун шанаа руу цохисны дараа би түүнийг хүрзээр 2 удаа цохисон. Тэгсэн чинь Б.М намайг нэг удаа миний элэг рүү цохиж, би өвдөөд тонгойсон чинь хамар руу нэг удаа өшиглөж, нэг удаа хөл рүү өшиглөж хавирч унагасан. Тухайн үед хамар руу өшиглөх үед шүд эмтэрч гэмтсэн байсан. ...” /хх 134/,
гэрч Х.Дамба /хх 29/, Г.Билгүүнтөр /хх 32/, М.Нямдаваа /хх 38/ нарын мэдүүлгүүд,
шүүгдэгч Б.Мн яллагдагчаар өгсөн “... Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 125/,
шүүгдэгч Ч.Нийн яллагдагчаар өгсөн “... Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 120-121/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 397 дугаар “...Б.Мн биед эрүүнд шарх, хэвлий, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 41-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаар “...Ч.Нийн биед хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 47-48/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 13/, яаралтай тусламжийн хуудас /хх 43, 49/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М, Ч.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэл бүхий тайлбарлажээ.
Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Б.М нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.
Ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал юм.
Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Н нь Б.М бусадтай хүндэтгэлгүй харилцаж буй байдалд ундууцан, шүүгдэгч Б.М нь Ч.Нийн тавьсан шаардлагад дургүйцэн маргалдсан буюу харилцааны таарамжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хоёр биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М, Ч.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс үзэхэд анхан шатны шүүхээс тэдэнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулын ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР