Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2024/0020/З |
Дугаар | 158/ШШ2024/0021 |
Огноо | 2024-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 158/ШШ2024/0021
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох “Улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлд өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Ц.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч хяналтын улсын байцаагч Э.******* нь “Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн” гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Ж.*******т 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Холбогдогч Ж.******* “иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн” зөрчлөө сайн дураараа илчлэн ирсэн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянавал холбогдогч Ж.******* нь “иргэний үнэмлэхээ Улаанбаатар хотод явж байгаад хаана хаяснаа сайн мэдэхгүй байна. Алга болгоод одоо болтол олдоогүй” гэх мэдүүлгээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7 дугаар зүйлийн 2.7.1-д заасан “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Харин шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
Үндэслэл нь : Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтаар шийтгэл оногдуулах атал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Тэсэн заалтаар шийтгэл оногдуулсан тул шийтгэлийг өөрчлүүлэх нь зүйтэй байна.
Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Э.******* нь Ж.*******т 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж өөрчлүүлэхээр Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив”,
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн гаргасан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай дүгнэлттэй танилцлаа.
Холбогдогч Ж.*******т 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж шийдвэрлэхдээ:
******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлд зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгууль оногдуулж зөрчил гаргасан байна.
Холбогдогч Ж.*******т 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Цаашид холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх уг дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байна.
Хариуцагчаас прокурорын дүгнэлт /нэхэмжлэлийн шаардлага/-ийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0020/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох ”Улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлд өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0020/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ