Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 55

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч: Э.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012260245 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Б, 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..., урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Бнь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12-16 цагийн хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны 8 тоотод хамтран амьдрагч Т.Мыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч Э.Бхамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-р байрны 8 тоот гэртээ хамт байж байтал хамтран амьдрагч Билэгдэмбэрэл өглөө ганцаараа 750 граммын Болор архи уусан. Ингээд өдөр 12 цагийн орчимд Билэгдэмбэрэл согтоод агсам тавьж эхэлсэн. Яагаад агсам тавих болсоныг мэдэхгүй, архи уухаараа жоохон агсам, үгэнд ордоггүй юм. Ингээд гэртээ агсам тавиад маргалдаж эхэлсэн ба маргалдаж байх үедээ миний биед гар хүрсэн. Тухайн үед хөл, гар руу цохиж зодоод байсан ба ширээн дээр байсан бор иштэй эвхэгддэг хутгыг авсан. Тэгсэн гэнэт миний баруун гарын шуу хэсгээр зүсэгдчихсэн. Яг санаатай зүссэн гэхэд хэцүү, согтчихсон байсан ба хутга авах үед би хажууд нь сууж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй ба 16 цагийн үед агсам тавьж байгаад унтаад өгсөн. Тэгээд би гэрээсээ өөрийн эд зүйлсээ аваад гараад явсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд, дараа нь цагдаад хадсан. Миний биед баруун, зүүн гарын мөрнөөс тохой хэсэг хоёрын хооронд хөхөрсөн, баруун, зүүн хөлний бүдүүн гуя хэсгийн гадна хэсэгт хөхөрсөн, зүүн хөлний шилбэ хөхөрсөн, баруун гарын шууны гадна хэсэгт үзэгдсэн. Тухайн байдлыг гэрэл зургаар бэхжүүлж авсан. Би баруун гарын шуунд учирсан гэмтэлдээ 7 оёдол тавиулсан. Баруун гарт учирсан шарх эдгэж зүгээр болсон....Билэгдэмбэрэл бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Шинжээчийн 13547 тоот дүгнэлтэд: “...Т.Мын биед зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун бугалга, цээж, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Э.Бөгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найзуудтайгаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж гарч яваад шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. Тэрнээс болоод бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө маргалдаж эхэлсэн. Т.Мд уур хүрээд гэрт байсан 750 граммын хэмжээтэй Болор архийг ганцаараа уусан. Архи ууж байхад бага багаар маргалдсан ба хамтрагч Мөнхзул найзынх руугаа явна гэхээр нь би явуулахгүй гээд гарнаас нь татаж чангаасан. Тухайн үед би архи уугаад нилээн согтчихсон байсан учраас явуулахгүй гэж татаж чангааж байхдаа хоолойг нь нэг удаа боосон, аль хөлийг нь мэдэхгүй байна өшиглөж, хоёр гарны булчин хэсгээс татаж чангаасан....Би гараараа гар руу нь цохиж, хөл рүү нь өшиглөсөн.... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин зүүн шуунд үүссэн шархыг би учруулаагүй, барьж байсан хутганд өөрөө ширээ арчиж байгаад зүссэн юм. Би санаатай зүсэж гэмтэл учруулсан зүйлгүй. Хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна” гэжээ /хх-н 21-22/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-31/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Бнь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12-16 цагийн хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-р байрны 8 тоотод хамтран амьдрагч Т.Мтай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Мын: “…хамтран амьдрагч Билэгдэмбэрэл өглөө ганцаараа 750 граммын Болор архи уусан. Ингээд өдөр 12 цагийн орчимд Билэгдэмбэрэл согтоод агсам тавьж эхэлсэн. Яагаад агсам тавих болсоныг мэдэхгүй, архи уухаараа жоохон агсам, үгэнд ордоггүй юм. Ингээд гэртээ агсам тавиад маргалдаж эхэлсэн ба маргалдаж байх үедээ миний биед гар хүрсэн. Миний биед баруун зүүн гарын мөрнөөс тохой хэсэг хоёрын хооронд хөхөрсөн, баруун, зүүн хөлний бүдүүн гуя хэсгийн гадна хэсэгт хөхөрсөн, зүүн хөлний шилбэ хөхөрсөн, баруун гарын шууны гадна хэсэгт үзэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/, шинжээчийн 13547 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бнь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Мын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Бүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын хэмжээг багасгаж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Байгалмаад шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Билэгдэмбэрэлийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Билэгдэмбэрэлд шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Билэгдэмбэрэлд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР