| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00953/И |
| Дугаар | 155/ШШ2024/00967 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00967
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00967 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч:***д байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Цийн О-ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00953/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.О- нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр L49300001 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.О-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 7802902663 дугаартай зээлийн дансны дугаартай, 909,000.00 (есөн зуун есөн мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 201900069838 банкны тоот дансанд;
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7100222713 дугаартай зээлийн дансны дугаартай, 5,740,000.00 (таван сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5034335307 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 1 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 909,000.00 (есөн зуун есөн мянган төгрөг)
-Шимтгэл: 18,180.00 (арван найман мянга нэг зуун ная төгрөг)
-Үндсэн хүү: 287,791.89 (хоёр зуун наян долоон мянга долоон зуун ерэн нэгэн төгрөг наян есөн мөнгө)
-Нэмэгдүүлсэн хүү: 49,489.45 (дөчин есөн мянга дөрвөн зуун наян есөн төгрөг дөчин таван мөнгө)
Нийт: 1,264,461.34 (нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө)
2. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 4,992,457.17 /дөрвөн сая есөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг арван долоон мөнгө /
-Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 1,270,889.08 (нэг сая хоёр зуун далан мянга найман зуун наян есөн төгрөг найман мөнгө)
-Нэмэгдүүлсэн хүү: 69,930.52 (жаран есөн мянга есөн зуун гучин төгрөг тавин хоёр мөнгө)
Нийт: 6,333,276.77 (зургаан сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө)
Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 (долоон мянга таван зуун төгрөг) төгрөг.
Иймд хариуцагч Ц.О-аас нийт 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.О- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц овогтой О- нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ББСБ ХХК-аас 5,740,000 төгрөгийг авсан нь үнэн. Одоо 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч ББСБ ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц овогтой О-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн эөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ц.О-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,633.81 (нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас 68,316.90 (жаран найман мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 68,316.90 (жаран найман мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О-ад холбогдох зээлийн зээлийн гэрээний үүрэгт 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.О- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,605,238.11 (долоон сая зургаан зуун таван мянга хоёр зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,633.81 (нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин гурав төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас 68,316.90 (жаран найман мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 68,316.90 (жаран найман мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН