| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01217/и |
| Дугаар | 155/ШШ2016/00022 |
| Огноо | 2015-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н.Ц-гийн
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2015/01217/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Н.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б сумын Д нэгдэлд саальчнаар элсэн орсон юм. Ингээд хөдөлмөрийн дэвтрээ авахад ээж Т.Н маань миний хойд эцэг болох Ё.Ц гэрлэсэн байсан болохоор тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон хүн нь Ц.Ц гэж хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байсан. Тухайн үед үүнийг анзаарч хэлж байсан боловч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн юм. Харин одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Ц-ийн Ц гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Н-н Ц мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ц-ийн Ц-гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Н овогтой Ц мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Б сумын Д нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан юм. Нэгдэлд ажиллаж байсан хугацаандаа хөдөлмөрийн дэвтрийн бичилт хагас дутуу бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд Н.Ц миний бие Б сумын Д нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ц нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Х аймгийн Б сумын Д нэгдлээс 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ц-ийн Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Н-н Ц болох нь түүний хүсэлт, Н.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц-ийн Цгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, түүний ээж Т.Н, хойд эцэг Ё.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.Г Н.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Чулуунбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн Н.Ц нь Х аймгийн Б сумын Д нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Х аймгийн Б сумын Д нэгдлээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц-ийн Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц-ийн Цгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ё.Батдэлгэрийн ...Н.Ц Х аймгийн Б сумын Д нэгдлийн Бүрэнхаан бригадад 1983 оноос 1989 онд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. ...Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Х аймгийн Б сумын Д нэгдлийн Бүрэнхаан бригадад малчнаар гарч 1990 оны намар нэгдэл тартал ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Х.Чулуунбаатарын ...Н.Ц Х аймгийн Б сумын Д нэгдлийн Бүрэнхаан бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Тасралтгүй ажиллаж байсан. ...би тус нэгдэлд 1977 оноос 1992 онд нэгдэл тартал хоньчин, тууварчин зэрэг ажил хийж байсан. Ц-ийн ээж Н нь Ё.Цгэх хүнтэй суухдаа дагавар хүүхэдтэй байсан юм. Тийм учраас хөдөлмөрийн дэвтэр дээр нь хойд аав Ц-аар нь овоглож бичигдсэн гэж бодож байна. Нутгийн хүмүүс уг нь Ц-ийн Ц гэж дууддаг юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Н.Цгийн Х аймгийн Б сумын Д нэгдлээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Ц-ын Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон Б сумын Д нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Х аймгийн Б сумын Д нэгдлээс 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ц-ийн Ц нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч РГ65111125 регистрийн дугаартай Н-н Ц мөн болохыг, мөн Шарнууд Н-н Ц-гийн Х аймгийн Б сумын Д нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ