Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр                                                 Дугаар 2023/ДШМ/01                                                                  Даланзадгад сум

 

 

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

          Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2229002150110 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны 2022/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******т онодуулсан торгох ялыг 53 хоногийн хорих ялаар сольсон, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны 2022/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******т оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 319 хоногийг 10 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж тус тус шийтгүүлж байсан, Хоромсог овогт *******гийн *******, /регистрийн дугаар:*******/.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн *******,*******,******* тоотод байрлах У.*******гийн гэрээс Чүнчигноров толгойтой “Замагт мана” хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1150000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн *******,*******, тоот хашаанд байх иргэн Б.ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.т 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн *******ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155000 төгрөгийн өртөг бүхий бензинийг улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.д 155000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн *******, 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Б.*******ын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 жилийн хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар оногдуулсан 10 cap 22 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 10 cap, 22 хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жил, 10 cap, 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хохирогч У.*******, Б., С., Ц. нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2021 онд хэвлийн тус газраа хүнд хутгалуулж, хүнд гэмтэл аван 3 удаа хагалгаанд орж уушги, 2 хавиргаа авхуулсан, одоо цээжээр байнга хатгаж өвддөг, байнгын эмчийн хяналтад байдаг. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

          Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар өөрт холбогдсон хэргийн талаар маргадаггүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан нь хавтаст хэргийн хүрээнд хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоно. Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон. Шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлттэй өмгөөлөгч миний бие санал нийлж бодиттойгоор дүгнэлт хийсэн гэж үздэг. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн хуулийн заалттай. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө Б.*******ын биеийн эрүүл мэндийн байдал. Тэр дундаа хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн хувьд өвчтэй байгаа нөхцөл байдал нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан тодорхойлолт болон групп тогтоолгосон Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдоно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай анги нь тодорхой хэмжээнд хүнд төрлийн хэрэгт хамаардаг ч гэсэн энэ зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэн ялыг багасгах заалтыг журамлаж ял шийтгэлийг оногдуулах хуулийн заалтыг хуульд зааж өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуульчилсан. Тухайн заалтад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш дээд хэмжээ 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж заадаг. Б.*******ын хувьд өмнө нь алдаж, онож тодорхой хэмжээнд ял шийтгэл эдэлж байгаа ч гэсэн энэ хуулийн зүйл заалтыг хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хуулийг хэрэглэхийн тулд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.*******ын хувьд энэ гэмт хэрэгтэй холбогдуулаад хоёр гэмт хэргийг хийсэн байдаг. Энэ нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирогч нарт хулгайлсан эд зүйлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан. Мөн хөөргийг эзэнд нь буцаагаад өгсөн. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, тухайн эд зүйлийг эзэнд нь буцааж өгсөн нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тодорхой бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас Б.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг эрхэм шүүгч та бүхэн хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү. Нэг жилийн хугацаагаар ялыг хөнгөрүүлэн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу түүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. Нөгөө хэргийн зүйлчлэл буюу залилах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 1 жилийн хорих ял оногдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай хаягийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаанд хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэл буюу сонгох төрлийн санкцтайгаар  дөрвөн төрлийн ял шийтгэлээс аль нэгийг нь сонгож оногдуулах зохицуулалттай. Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарагдана. Өмгөөлөгчийн зүгээс хоёрхон үйлдэлд нэг жилийн хорих ял шийтгэл ногдуулж байгаа нь  нэг талдаа хуульд заасан цээрлэлээс арай хүнд төрлийн ял шийтгэлийг ногдуулсан гэж дүгнэж байна. Нөгөө талаасаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн учир 450 нэгжээс 14 мянган нэгжээр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих буюу 4 төрлийн ял шийтгэлээс сонгох эрх нь эрхэм шүүгч та бүхэнд байна. Давж заалдах гомдлыг дэмжиж байгаагийн хувьд эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ял шийтгэлийг оногдуулж, хөнгөн төрлийн гэмт хэрэг учраас 500 мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. 500 мянган нэгжээр торгуулах торгуулийг Б.*******ын хувьд төлөх бүрэн бололцоотой учраас торгуулийн ял шийтгэлийг оногдуулаад эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тодорхой хэмжээнд Б.*******т оногдуулсан ял шийтгэлийг багасгаж хөнгөрүүлэн ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү гэв.

 

          Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Шүүгдэгч Б.******* нь ямар гэмт хэргийг хэчнээн удаа үйлдсэн бэ гэдгээс эхэлье гэж бодож байна. Тухайлбал өмгөөлөгч торгуулийн ялыг багаар оногдуулж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулах боломжтой гэх тайлбарыг хэлж байна. Гэтэл энэ хүний өмнө нь үйлдсэн гэмт хэргүүдийг харахаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байдаг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэдэг нь бусдын олсон эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгож авахыг хэлнэ. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдлээсээ болоод зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч өршөөлд орсон байж байгаад энэ ялаа биелүүлээгүйн улмаас хорих ялаар сольсон. Мөн 800,000 төгрөгийн торгуулийн ял эдэлж байсан. Энэ торгуулиа төлөөгүй. Дахиад хорих ялаар солиулсан. Гэмт хэрэг үйлдэх болохоороо өвчингүй эрүүл. Хүний гэрээс хулгай хийж, хүний хөрөнгийг залилж авахаараа эрүүл болоод байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээх болохоороо бие нь өвдчихдөг. Хэн нэгэн гэмт этгээд гэмт хэрэг үйлдээд бусдыг хохироож болохоороо эрүүл юм шиг яваад байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээх болохоороо өвдчихдөг. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж миний зүгээс харж байна. Тийм учраас өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

   Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн *******,*******, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.*******гийн гэрээс Чүнчигноров толгойтой “Замагт мана” хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1150000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн *******,*******, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.т 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн *******ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155000 төгрөгийн өртөг бүхий бензинийг улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.д 155000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн *******, 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Б.ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа яваад орой 19 цагийн орчимд шатахуун түгээх станцад ирэхэд ширээний хойд талд байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан.” /1 хх-20/,

хохирогч С.ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Тэс петролиус станцад ээлжинд гараад байж байтал 20 цагийн орчимд улсын дугаартай саарал өнгийн гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл унасан хүн ирж бензин аваад банкаа дүүргүүлээд 155000 төгрөг болсон. Тэгээд надад мөнгөө өгөхгүй би утас картаа мартчихсан байна. Гялс яваад аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд машиных нь бичиг баримтыг нь авч үлдээд явуулсан чинь эргэж ирэхгүй алга болсон.” /1 хх-60/,

хохирогч У.*******гийн “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрт хулгай орж чүнчигноров хөөрөг алдагдсан. Би тухайн үед хулгайд алдагдсан хөөргөө 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагаас авсан.” /1 хх-98/, 

хохирогч Ц., гэрч Б. нарын “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн үед дугуй засвар дээрээ байж байх үед үл таних залуу шинэ дугуй худалдаж авна гэж орж ирсэн. Тэгээд 215,65,16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг аваад би яараад байна гэсэн. Мөнгөө төлөөрэй гэсэн чинь би дахиж 1 ширхэг дугуй авна гээд зогсож байснаа  ...гэнэт алга болчихсон. Манайх тэр дугуйг 140000 төгрөгөөр зарж борлуулдаг. Тухайн этгээд 08 дугаар сарын 02-ны өдөр миний хохирол болох дугуй болон үнэлгээний үнэ 160000 төгрөгийг цагдаа дээр байхдаа надад өгсөн” /1хх-147, 149, 159/,

гэрч Н.ын “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ирэхэд С. нь өчигдөр хүнд бензин өгөөд мөнгөө залилуулчихлаа. Ээлж  хүлээлцэж тооцоо хийхэд мөнгө дутааж болохгүй учир С. өөрөөсөө мөнгө гаргаж төлсөн.” /1 хх-72/,

гэрч О.гийн “... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* гэх залуу чүнчигноров хөөрөг барьж ирээд энэ манай аавын хөөрөг байгаа юм. Та энэ хөөргийг авчих гэж хэлсэн. Тэгээд би уг хөөргийг авч байтал цагдаагийн байгууллагын хүн ирээд авч явсан.” /1 хх-105/, 

гэрч Б.ийн “...Манай нөхөр бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд дугуй засварын газартаа байх үед үл таних залуу шинэ дугуй худалдаж авна гэж орж ирсэн. Тэгээд 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг аваад манай нөхрөөр угсруулж авсан. Тэр залуу Хаан банк дээр настай хүн хүлээж байгаа, тэр хүнээс би мөнгө авах гэж байгаа юм хурдал гээд яаруулаад байсан...Тэгээд мөнгөө төлөөрэй гэсэн чинь би дахиж ирж нэг дугуй авна гээд зогсож байгаад гэнэт алга болчихсон...Тэгээд нөхөр бид хоёр дугуй авсан үл таних залууг хэд хоногийн дараа эргээд ирэх байх гэж бодоод хүлээгээд, ирэхгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан.” /1 хх-157/ гэсэн мэдүүлгүүд,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 876 дугаартай хохирлын үнэлгээ /1 хх-38/,

“” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/3994, 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-92/3804 дугаартай дүгнэлтүүд,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

 Шүүгдэгч Б.******* нь “миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээг эдэлж шүүгдэгч Б.*******ын хохирлоо төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.          

  Иймд шүүгдэгч Б.*******ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4--т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жилийн” гэснийг “6 сарын” гэж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “ 1 жилийн” гэснийг “6 сарын” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын  “1 жилийн” гэснийг “6 сарын гэж, “3 жилийн” гэснийг “2 жил, 6 сарын” гэж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “3 жилийн” гэснийг “2 жил, 6 сарын” гэж, “3 жил 10 сар 22 хоног” гэснийг “3 жил 4 сар 22 хоног” гэж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “3 жил 10 сар 22 хоног” гэснийг “3 жил 4 сар 22 хоног” гэж тус тус өөрчилж,

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 84 /наян дөрвөн/ цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

 

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ