Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
Хэргийн индекс | 158/2024/0021/З |
Дугаар | 158/ШШ2024/0022 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 158/ШШ2024/0022
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн ан******* шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч /С.*******/-д холбогдох “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Ц.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... тус аймгийн Мал эмнэлгийн ...хяналтын улсын байцаагч С.******* нь М.*******г “халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бүрэн гүйцэд хийгээгүй ”зөрчил үйлдсэн” гэж 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн гомдол мэдээллийг шалгах явцад цугларсан холбогдогч М.*******гийн “...Би мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын хэрэгжилтийн үзлэгээр өөрийн байранд хугацаа дууссан дотрын халдварт хордлого, цусан халдварт листериоз, үхрийн дуут хавдар, боом бруцеллезйн шингэлэгч байсан нь үнэн. Хэмжиж гаргасан вакцины үлдэгдэл болон вакцины зөрүү хэвийн хорогдол зэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.*******ын “..2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэгжийн стандарт үзлэгийн хамтарсан шалгалт хийхэд “******* *******” ХХК-ны байрнаас хугацаа дууссан вакцин илэрсэн нь үнэн юмаа...” гэх мэдүүлэг, 2024 оны 05 дугаар сарын 14-ний хугацаа дууссан 72 ширхэг вакцин хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд “******* *******” ХХК-нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бүрэн гүйцэд хийгээгүй, вакцины хугацааг дуусгасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан”Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчлийн шинжгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
Үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7.Хуульд заасныг зөрчиж:
7.1. ЭМИЙН сав, баглаа боодлын хаяглалт, эсхүл тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн;
7.2. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
7.3. хүн, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... зүйлийн аль заалтад хамаарах зөрчил үйлдэгдсэнийг тогтоогдоогүй байна.
Мөн шийтгэлийн хуудсанд ерөнхий заалтыг баримталсан төдийгүй дээрх зүйлд заасан зөрчилд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээг нэг мянган нэгж гэж мөн заагдаагүй хэмжээгээр оногдуулж оролцогчийн эрхийг хязгаарласан байна.
Иймд тус аймгийн мал эмнэлгийн ...хяналтын улсын байцаагч С.******* нь М.*******г “халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бүрэн гүйцэд хийгээгүй” зөрчил үйлдсэн” гэж 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Прокуророос ирүүлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, цаашид алдаа дутагдал гаргахгүй ажиллах болно“ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гаас тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч /С.*******/-д холбогдуулан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай”-ыг хүссэн дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.
Шүүх уг дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн хариу тайлбарыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн ан******* шатны шүүхийн 158/2024/0021/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, ан******* шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын байцаагч /С.*******/-д холбогдох ”Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн ан******* шатны шүүхийн 158/2024/0021/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах /М.Долгор/-д даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ