| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01084/и |
| Дугаар | 155/ШШ2016/00023 |
| Огноо | 2016-01-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2016/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц.С
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2015/01084/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Х Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзанд угаагчаар 1983 онд ажилд орж, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд хувьчлал явагдаж, Худалдаа бэлтгэлийн трест татан буугдаж, чиглэл чиглэлээрээ олон жижиг компани болж хуваагдсан. Өөрөөр хэлбэл би нийтийн хоолны салбарт ажиллаж байсан бөгөөд энэ чиглэлээр Урандөш компани байгуулагдахад 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл угаагчаар ажиллаж байсан боловч тус компани нь өөрчлөгдөж Илч хоршоо нэртэй болсон. Тэгэхэд тус хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тогоочоор ажилд орж 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан. Надад хөдөлмөрийн дэвтрийг 1987 онд нөхөн бичилт хийж олгосон бөгөөд дээрх хугацаанд ажиллаж байсан тушаалыг бичсэн боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн огноо тодорхойгүй, цалин хөлсний баримт байхгүй гэх шалтгаанаар ажиллаж байсан жилүүд маань тооцогдохгүй болоод байна. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон учир шүүхээр ажиллаж байсан жилүүдээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг Х аймгийн Х Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзанд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл угаагч, Х аймгийн Х Урандөш компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл угаагч, Х аймгийн Х Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц.С Х аймгийн Х Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзанд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд угаагч, Х аймгийн Х Урандөш компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд угаагч, Х аймгийн Х Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х хотын Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Х Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзанд угаагчаар авч ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа бэлтгэлийн трест татан буугдсан учир угаагчийн ажлаас чөлөөлөв, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Урандөш компанид гуанзны угаагчаар авч ажиллуулав, 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Урандөш компани өөрчлөн байгуулагдсан учир угаагчийн ажлаас чөлөөлж, Илч хоршооны мэдэлд шилжүүлэв, 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Илч хоршоонд тогоочоор авч ажиллуулав, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон тооны цомхотголоор тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилттэй 161638 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 12 дугаар сарын 25-нд Худалдаа бэлтгэлийн трестийн худалдааны баяраар авахуулсан гэрэл зураг, 1984 онд авахуулсан гэрэл зураг, 1986 онд 24 дүгээр баазын цайны газарт ажиллаж байсан үеийн гэрэл зураг, гэрч Ч.Нарангэрэлийн ...Намайг Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 онд орж ажиллаж байхад Ц.С нь 1983 онд сургууль төгсөж ирээд манай Худалдаа бэлтгэлийн трестийн 2 дугаар гуанзанд тогоочоор орж ажилласан. Худалдаа бэлтгэлийн трестэд 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. Хувьчлал явагдаж трест тарсан юм...Татан буугдаад нийтийн хоол тасарч Ганбат даргатай Урандөш компани болсон юм. Тус компанид ажиллаж байгаад хоршоолол болоход нь би гарсан. Энэ хугацаанд С-тай мөн хамт ажиллаж байсан. Хоршоололд мөн ажиллаж байсан...Ц.С тасралтгүй ажиллаж байсан... Компаниас сайн ажилчин гэж сайшаалын үнэмлэх авч байсан ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Одхүүгийн ...Ц.С нь Х аймгийн Х тосгоны Худалдаа бэлтгэлийн трест гэж байхад тэнд 1983 онд сав угаагч, үйлчлэгчээр орж ажиллаж байсан. 1992 онд Худалдаа бэлтгэлийн трест тарсан юм. Тэр үе хүртэл хамт ажиллаж байгаад трест тарахад би ажлаасаа гарсан юм...Трест тараад хоршоо болж байсан... Х хотын Худалдаа бэлтгэлийн трест нь дотроо олон хэсэгтэй байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Жарантайн ...Намайг Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1973 онд орж ажиллаж байхад Ц.С нь 1983 онд Худалдаа бэлтгэлийн трестийн 2 дугаар гуанзанд сав угаагчаар орж, тогооч хүртэл хийж байсан. Худалдаа бэлтгэлийн трестэд 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. Би 1991 онд тэтгэвэртээ гарсан, гэхдээ трест тарах хүртэл ажиллаж байсан юм. Трест татан буугдаж Урандөш компани болсон. Урандөш компани 1992 оны 8 дугаар сарын 30-нд нэр нь өөрчлөгдөж Илч хоршоо болсон. Энэ үед Ц.С нь тасралтгүй ажиллаж байсан...Илч хоршоо 1995 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад тарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд Ц.Сгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Сгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тус аймгийн Х Худалдаа бэлтгэлийн трест, Уран дөш компани, Илч хоршоо зэрэг байгууллагуудын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Сд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/872 тоот тодорхойлолт, Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын албаны 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тосгоны захирагчийн ажлын албаны архивт Х хотын Худалдаа бэлтгэлийн трестийн баримт бичиг байхгүй учир тогооч, угаагч ажилтай байсан Ц овогтой С-д холбогдох архивын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.С-н Х аймгийн Х Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзанд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд угаагч, Х аймгийн Х Урандөш компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд угаагч, Х аймгийн Х Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА