| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/00609/И |
| Дугаар | 181/ШШ2024/04012 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/04012
2024 10 22 181/ШШ2024/04012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Э-ийн И-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, К-д холбогдох,
К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын зарим хэсгийг хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалин, урамшуулал 12,151,592 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн алданги 400,683.75 төгрөг, нийт 12,552,275.8 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гэрч Б.М, Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.И шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би К ХХК-ийн даатгалын ахлах брокер албан тушаалд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Ажил олгогч болох "К" ХХК нь миний гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгохоор дурдсан боловч, мөн өдөр гүйцэтгэх захирлын ГЗТ23/008 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл-ийг надад ногдуулсан.
Нэг. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/008 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана, мөн зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан.
Гэтэл ажил олгогч К ХХК нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө надад огт мэдэгдээгүй, сахилгын зөрчлийн талаар надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Сахилгын зөрчил ноогдуулах тухай тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, удаа дараа зөрчил гаргасан гэх боловч тушаалд сахилгын зөрчлийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн талаар дурдаагүй буюу сахилгын шийтгэл ноогдуулах болсон зөрчлийг гаргасан хугацаа, зөрчил илрүүлсэн хугацааг дурдаагүй ба зөрчил гаргасан талаар урьд өмнө надад мэдэгдэж байгаагүй.
Мөн тус сахилгын шийтгэлд дурдсан үндэслэлүүдийг доорх шалтгаан, нөхцөл, үндэслэлийн улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.
(1) Ажлын цагийг баримтлаагүй, ажлын цагтаа ажилдаа ирэхгүй байх гэсэн нь зөрчил ноогдуулах үндэслэл болох боломжгүй буюу тус байгууллага нь ажлын цагийн бүртгэлийн системгүй тул ажилтнууд гадуур уулзалт, сургалт орох, даатгалын компани болон харилцагч нарын гэрээ хүргэж өгөх авах, харилцагчийн нөхөн төлбөрт газар дээр нь очиж ажиллах зэргээр өөрийн ажлын цагийг зохицуулан, ажиллах ёстой бөгөөд миний хувьд цагаа баримтлан ажилладаг.
(2) Ажлаас гарах өргөдөл өгснөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажлын цагаа баримтлахгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй цалгардуулсан гэсэн нь худал ба миний бие хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэж харилцагч болох дотоод болон гадаад даатгалын компаниудтай и-мэйлээр харилцах, гэрээ бүртгэл хийх, миний ажлыг хүлээн авч буй ажилтан болох Б.М, Э.Д нарт зааж зөвлөх, даатгалын гэрээг тайлбарлах, төсөл хөтөлбөрийн дагуу сургалтаа орох, тайлан бичих зэргээр өөрийн хийх ёстой бүх ажлыг шударгаар, бүрэн дүүрэн гүйцэтгэлтэй хийж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд ажлын байран дээр ажлаа хийж байхад гүйцэтгэх захирал Г.Э нь ажлын платформ болох "MS Office"-pyy орох эрхийг надад хэлэлгүйгээр гэнэт хааж ажил хийх боломжийг хаан боогдуулсан, үүгээр зогсохгүй хувийн и-мэйл хаягаар ажлаа хийх тухай шаардлага тавьсан. Уг үйлдэл нь ажил олгогч ажилтныг ажлаа бүрэн дүүрэн хийх боломжийг хаан боогдуулсан үйлдэл буюу ажиллах нөхцөлөөр хангаагүй үйлдэл юм. Хэдий нөхцөл байдал ийм болсон ч би хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хуульд заасан үүргийнхээ дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өөрийн хувийн и-мэйл хаягаас ажлаа үргэлжлүүлэн хийж байсан.
(3) Хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах тухай ажил олгогчийн шийдвэрт захирагдаагүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын тайлан гаргаж өгөөгүй гэх нь үндэслэлгүй буюу миний бие ажиллаж байсан бүх файл, мэдээлэл, и-мэйл зэрэг рүү нэвтрэх эрхийг гүйцэтгэх захирал Г.Э-ы цахим хаяг руу 2023 оны 11 дүгээр сарын 13-нд явуулсан бөгөөд уг ажлын файл мэдээлэл рүү гүйцэтгэх захирал Г.Эн нь удаа дараа орж шалган, и-мэйл харилцааг уншиж танилцсан.
Гүйцэтгэх захирал Г.Э-ы өгсөн зааврын дагуу шинэ ажилтнууд болох Б.М, Э.Д нарт ажлаа зааж хүлээлгэн өгсөн ба ажлаас гарсны дараа уг ажилтнууд нь надаас ажлаа асууж тодруулах зэргээр надтай холбогдоход өөрийн мэддэг бүх юмаа зааж зөвлөж байсан.
(4) Ажил олгогчийн шийдвэрт захирагдахгүй, биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл нь ор үндэслэлгүй бөгөөд миний би гүйцэтгэх захирлын хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн ба дээр дурдсаны дагуу байнга нээлттэй хамтран ажиллаж төсөл хөтөлбөрийн сургалтын тайлан зэргийг гаргаж өгсөн.
(5) Даатгалын зуучлалын үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдөгдөх хууль тогтоомжуудыг судалж мэдээгүй, үүний улмаас зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа алдаа гаргасан буюу үйлчлүүлэгчид буруу мэдээлэл зөвлөгөө өгсөн, хохирол учруулсан гэх үндэслэл нь хэзээ илэрсэн харилцагчийн гомдол, зөрчил болохыг надад өмнө нь мэдэгдэж байгаагүй, ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа талаар надаас тайлбар авч байгаагүй буюу намайг ажиллаж байх хугацаанд миний бие хариуцан ажиллаж байсан харилцагчдаас надад мэдэгдсэн гомдол, хохирол учирсан тухай мэдэгдэл ирж байгаагүй.
Миний бие олон улсын даатгалын мэргэшсэн гэрчилгээтэй, мөн СЗХ-ны даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгалын брокер юм. Иймд хэрвээ алдаа дутагдал гаргасан зөрчилтэй гэж үзэж байгаа бол үүн дээр компанийн зүгээс тайлбар авах, хэрхэн ажилласан тухай үйл явцын мэдээллийг судалж үзэх зэрэг ажиллагаа явуулалгүйгээр зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.
(6) Хувьдаа давуу байдал олгох үүднээс банкны онлайн гүйлгээ хийх эрх мэдлээ урвуулан ашигласан, урьдчилгаа цалинг өөрт хэтрүүлэн шилжүүлэх, зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх нь Ковер хилл ХХК нь цалин урамшуулал тооцох, урьдчилгаа цалинг олгох дотоод журамгүй байсан ба ажилтан бүр урьдчилгаа цалин хэдийг авах тухай өөрийн хүсэлтээ гүйцэтгэх захиралд илэрхийлсний үндсэн дээр тооцдог байсан. Уг урьдчилгаа цалин нь мөн ажилтан бүрд өөр байдаг ба гүйцэтгэх захирал өөрөө шилжүүлэх зөвшөөрлийг өгдөг байсан тул өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан гэх үндэслэл байхгүй тул үүнийг зөрчил гэж үзэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ гэж, 122.2-т ...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж заасан боловч ажил олгогч К ХХК нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тусгайлан нэрлэж заасан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ байхгүй, ажилтан сахилгын ямар зөрчил хэзээ яаж гаргасан нь тодорхой бус, сахилгын зөрчил илрүүлсэн хугацаа, гаргасан зөрчил тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүй байна.
Хоёр. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны Өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалын тухайд: К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалын ТУШААХ хэсгийн 2-т Тушаалын 1-т заасан хугацаанд багтаан Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэж, 3-т Компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьдаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэжээ.
Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8-д заасанчлан ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг задруулахгүй байх нийтлэг үүрэгтэй боловч урьдчилан нууцын баталгаа гаргуулж, нууц материалуудтай танилцуулаагүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд ажилтанд тусгайлан үүрэг болгосон хэм хэмжээ нь биелэгдэх боломжтой байх учиртай юм.
Өөрөөр хэлбэл Э.И намайг тус компанид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байсан цаг хугацаанд ажил олгогчийн зүгээс нууцын журам, нууцын баталгаа, нууц мэдээлэл зэрэг бичиг, баримтуудыг бүрэн танилцуулж, хүлээлгэн өгч байгаагүй.
Иймд дээр дурдсанчлан К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалын ТУШААХ хэсгийн 2, 3 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гурав. Цалин хөлсний тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан.
Компанийн бүхий л ажилтнууд үндсэн цалингаас гадна даатгалын зуучлалын үйл ажиллагаанаас олсон зуучлалын орлогоос тухайн даатгалын брокерт ноогдох урамшуулал, олон улсын байгууллагын зарласан тендерт оролцож уг төслийг хэрэгжүүлэх явцад өөрийн компанитай болон бусад хувь хүмүүстэй хамтран ажилласны урамшуулал гэх мэт цалин хөлсийг ажилд орсноос хойш авдаг ба компани ч үүнийг цаг тухайд нь олгож ирсэн.
Э.Индра би 2023 оны 11 дүгээр сард олгогдох байсан даатгалын зуучлалын гэрээний урамшуулал 5,763,259 төгрөг, үүнд:
1. М ХХК-тай байгуулсан Хөрөнгө бизнес тасалдлын даатгалын гэрээ-ний дагуу олгогдох урамшуулал 4,923,270 төгрөг
2. М ХХК-тай байгуулсан Даатгалын зөвлөх үйлчилгээний гэрээ-ний дагуу 2023 оны 11 дүгээр сард олгох урамшуулал 210,000 төгрөгийг
3. М ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний дагуу олгох урамшуулал 230,400 төгрөг,
4. А ХХК-тай байгуулсан Хөрөнгийн даатгалын гэрээ-ний дагуу олгох урамшуулал 399,581.81 төгрөг
5. G олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй даатгалын сургалт зохион байгуулах төслийн хүрээнд компани болон бусад хувь хүмүүстэй хамтран ажилласны цалин 6,388,333 төгрөг,
Нийт 12,151,592 /арван хоёр сая нэг зуун тавин нэгэн мянга таван зуун ерэн хоёр төгрөг/ төгрөгийг одоог хүртэл авч чадаагүй буюу надад олгох ёстой цалин, нэмэгдэл хөлс, урамшууллыг зохих ёсоор ажил олгогч нь төлөөгүй.
Уг цалин хөлсийг олгохгүй байх талаар тодорхой баримттай шалтгааныг ажил олгогчоос мэдэгдээгүй ба хүний нөөцийн захирал А.О /уг ажилтан нь К ХХК-д хэзээнээс эхлэн хүний нөөцийн захиралд томилогдон ажиллаж байгаа тухай мэдээллийг өмнө нь өгч байгаагүй/ аман байдлаар болон олон нийтийн сүлжээ болох facebook messenger-ээр J нэртэй хаягнаас Э.И миний I нэртэй цахим хаяг руу дээр дурдсан урамшууллыг ажлаас гарч байгаа тул олгохгүй гэсэн компанийн удирдлагын шийдвэр гаргасан гэх тайлбарыг хэлсэн юм.
Э.И би үүнтэй санал нийлэхгүй байх бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хийсэн ажлын урамшуулал, цалин хөлс тул үүнийг олгох ёстой. Хэрвээ олгохгүй гэж байгаа бол үүнийг олгохгүй гэх компанийн дотоод дүрэм журам намайг ажиллаж байх хугацаанд хэзээ гарч байсан талаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан и-мэйл харилцаагаар буюу хүний нөөцийн захирал А.О-ын цахим хаягруу өөрийн и-мэйл хаяг болох [email protected] хаягаас бичин асуусан боловч ямар ч хариу өгөөгүй.
Мөн би тус байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажиллаж байх хугацаанд цалинг сард хоёр удаа буюу сар бүрийн 5-ний өдөр урьдчилгаа цалин, сар бүрийн 20-ны өдөр сарын сүүлийн цалинг тооцож олгодог байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Г.Э нь ажлын цаг дууссаны дараа компанийн гэрээ, бүртгэл тооцоо нийлэх журам үйл ажиллагаа, санхүүгийн гүйлгээний журам системийг сайжруулж байгаа учир цалин, урамшуулалтай холбоотой асуудал сайжруулах үйл явц шийдэгдтэл түр хүлээгдэхээр байна. Шинэ журам, систем бэлэн болмогц хүсэлтүүдийг нягтлаад гүйлгээнүүд хийгдээд явна гэсэн албан и-мэйл хаягнаас ирүүлсэн. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох,... гэж заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна.
Уг хугацаанаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 08:37 минутад миний бие гүйцэтгэх захирал Г.Э хүний нөөцийн захирал А.О, компанийн хуульч гэх А.Б, санхүү бүртгэл хариуцсан зөвлөх нягтлан бодогч гэх Э.М нар руу урамшуулал, цалин хөлсийг хэзээ олгох тухай асуусан албан и-мэйлийг өөрийн i хаягаас явуулсан боловч хэн нэгэн нь цалин хөлстэй холбоотой ямар ч хариу өгөлгүй байсаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын цаг дууссаны дараа 20:13 минутад цалин хөлс тооцсон тухай и-мэйлийг хувийн и-мэйл рүү илгээсэн.
Энэхүү үйлдэл нь ажил олгогчоос асуулт асуух, цалин хөлсийг хэрхэн яаж тооцож байгаа тухай асуух боломжийг санаатайгаар ажилтанд олгоогүй ба ажил олгогч нь цалинг цалин олгох ёстой өдрөөс хойш 10 хоногийн дараа шилжүүлсэн, уг цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон зэрэг үйлдэл гаргасан нь шударга бус бөгөөд намайг илтэд хохироосон үйлдэл юм.
Ийнхүү ажил олгогчийн зүгээс 11 дүгээр сарын цалин хөлс, урамшууллыг бүрэн дүнгээр, зохих ёсоор цаг хугацаанд нь тооцоогүйгээс тус сарын нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас төлсөн байгаа нь надад ихээхэн хохирол учруулсан үйлдэл болоод байна.
Мөн "К ХХК-ийн зүгээс "2019 оноос хойш хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, урамшууллыг ажил олгогч өөрийн үзэмж, сайн дураар олгодог, 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд "урамшуулал" гэдэг үг байхгүй тул урамшуулал цалинг өгөхгүй, мөн манай компани хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан, тус комисст анхлан гомдол гаргаагүй хэмээн удаа дараа тайлбарлаж байгаа зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж ажилтныхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчиж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Иймд К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/008 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ23/009 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын ТУШААХ хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, ажилласан хугацаанд олгох ёстой цалин хөлс 12,151,592 төгрөг, цалин хөлсийг хугацаа хоцроож олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасан алданги болох 400,683.75 төгрөг, нийт 12,552,275.8 төгрөгийг К ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К ХХК нь хариу тайлбар, татгалзалдаа: Иргэн Э.И-с манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани нь даатгал, давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компани юм. Компанийн ажилтан асан Э.И, М.О, Ч.Ж, Б.Б нар нь богино хугацаанд ар араасаа ажлаас гарсан. Тэдгээр хүмүүс гадаад улс руу гэр бүлээрээ явахаар боллоо. Хөдөө байгаа аав ээжийгээ асарна. Хэсэг хугацаанд амарч, өөр ажил хийнэ гэх зэрэг шалтгаан хэлж ажлаас гарч байлаа. Бид ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, хангамжид маш сайн анхаарч, ажилчдад компанийн хувьцаа ч эзэмшүүлж ирсэн. Тодруулбал, ажилтан М.О, Б.Б нарт компанийн хувьцааг үнэгүй болон маш бага үнээр эзэмшүүлж байсан бол Э.И, Ч.Ж нарт компанийн хувьцааг маш бага үнэлгээгээр эзэмших эрх олгож байсан. Мөн ажилтан маань байр авах үед нь ч өндөр дүнгээр санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан. Хүмүүс ажлаас гарна гэсэн үед нь ч бид сэтгэл гарган ярилцаж, тулгарсан асуудал байвал шийдвэрлэх талаас ажиллаж байв. Гэвч дээрх хүмүүс ажлаас гарсан шалтгаан нь ажлаас гарч, ижил төрлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэх зорилготой байсныг бид хожим олж мэдлээ. Ингээд зогсохгүй манай компанид ажиллаж байх хугацаанд ижил төрлийн үйл ажиллагаатай буюу даатгалын зуучлалын чиглэлийн үйл ажиллагаа бүхий С ХХК-ийг үүсгэн байгуулаад үйл ажиллагааг нь дэмжиж явж байсан ажээ.
Нэг. Гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 23/009 дугаартай тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар:
Ийнхүү Э.И нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн тул түүний хүсэлтийн дагуу 2023.11.27-ны өдрийн "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" 23/009 дугаартай тушаалыг гаргасан. Тушаалын 1 дэх заалтаар ажилтан Э.И-н хүсэлтийн дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.11.30-ны өдрөөр дуусгавар болгосон. Уг тушаалын 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон. Тушаалын 3 дахь заалтаар компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьцаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон. Иргэн Э.И нь тус тушаалын 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан аж. Үүнд;
Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8-д заасанчлан ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг задруулахгүй байх нийтлэг үүрэгтэй боловч урьдчилан нууцын баталгаа гаргуулж, нууц материалуудтай танилцуулаагүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд ажилтанд тусгайлан үүрэг болгосон хэм хэмжээ нь биелэгдэх боломжтой байх учиртай юм. Өөрөөр хэлбэл Э.И намайг тус компанид ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс нууцын журам, нууцын баталгаа, нууц мэдээлэл зэрэг бичиг, баримтуудыг бүрэн танилцуулж, хүлээлгэн өгч байгаагүй гэсэн байна.
Нэхэмжлэгчийн тус тайлбар, нэхэмжлэл нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй байна.
1. Дээрх тушаалын 3 дахь заалтаар компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьдаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл манай компанийн нууцлал бүхий мэдээллийг нууцалж, хувийн зорилгоор ашиглахгүй байхаар тогтоосон. Үүнээс гадна манай харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллийг задруулахгүй, хувийн зорилгоор ашиглахгүй байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, дан ганц манай компанийн нууцлал бүхий мэдээллийн тухай биш гэдгийг тодруулах нь зөв байх.
2. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан. Бид даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах явцад өөрсдийн үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалд хамаарах мэдээлэлтэй харьцдаг.
Тодруулбал, иргэний регистрийн дугаараас эхлүүлэн гэр бүлийн байдал, өвчлөл, эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээллийг олж авдаг. Жишээ татахад, бидний үйлчлүүлэгч иргэн Б манай компаниас дамжуулан эрүүл мэндийн даатгал хийлгэх үед өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой маш олон мэдээлэл өгч, мэдүүлэг бөглөдөг. Даатгалын гэрээ хийгдсэний дараа янз бүрийн өвчлөлд өртлөө гэж бодоход тухайн өвчлөл, түүний эмчилгээтэй холбоотой бүхий л баримтуудыг бүрдүүлж өгч, зөвлөгөө авах, даатгалын нөхөн төлбөрийн баримт болгон өгдөг. Бид тухайн иргэнд үйлчилгээ үзүүлэх замаар тэдгээр баримт, мэдээлэлтэй танилцаж, олж мэддэг. Энэ утгаар бид тухайн иргэний хувь хүний нууцад хамаарах мэдээллийг хугацаагүй хадгалах, үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй билээ. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.3 дахь заалтуудын дагуу мэдээлэл хариуцагч болохын хувьд манай компани нь иргэний нууцад хамаарах мэдээллийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй. Бид тус үүргээ хэрэгжүүлж тушаалын 3 дахь заалтад дээрх байдлаар тусгах замаар өөрсдийн үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийн нууцлалыг хадгалах арга хэмжээ авсан болно.
3. Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна" гэж, 5.2-т "Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй" гэж тус тус заасан. Мөн хуулийн 5.3-т "Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэг адил хамгаална" гэж заасан. Хуулийн тус заалтуудын дагуу Э.И нь компанид ажиллаж байх хугацаанд олж мэдсэн компанийн болон түүний үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалыг хадгалах үүрэгтэй. Дээрх хуулийн 7.2-т "Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно" гэж заасан. Иймд Э.Индра нь манай байгууллагын нууцыг зөвхөн ажил үүрэгтээ ашиглах, бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
4. Даатгалын зуучлалын үйл ажиллагаа нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай 4 хуулиар зохицуулагддаг. Даатгалын зуучлагч болох манай компани нь даатгалын мэргэжлийн оролцогчийн статустай явдаг. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллага, албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглосон. Ийнхүү нууцлал нь хамгаалагдах мэдээллийн нэг нь үйлчлүүлэгч, эсхүл үйлчлүүлэгч байсан этгээдийн мэдээлэл байхаар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д заасан. Иймд даатгалын зуучлалын компани, түүний албан тушаалтан, ажилтан болох Э.И нь өөрийн үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч байсан этгээдийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
5. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Зохицуулах хороо нь даатгалын мэргэжлийн оролцогчийн дагаж мөрдвөл зохих зах зээлийн ёс зүйн журам гаргаж болох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох бусад этгээд түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020.3.11-ний өдрийн 114 дугаартай Тогтоолоор Даатгалын зах зээлийн ёс зүйн журмыг баталсан. Тус Журмын 1.3-т журам дурдсан даатгалын зах зээлд оролцогчид даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид хамаарах талаар заасан. Иймд тухайн журам нь ажилтан Э.И-д нэгэн адил үйлчилнэ. Тус Журмын 3.1.3- т даатгалын зах зээлд оролцогч нь компанийн болон даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, задруулахгүй байх үүрэгтэй тухай заасан. Э.И нь өмнө ч даатгалын мэргэжлийн оролцогч буюу даатгалын зуучлалын компанид ажиллаж байсан, одоо ч даатгалын зуучлалын компанид ажиллаж байгаа. Иймд дээрх ёс зүйн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй. Бид Тушаалаар түүнд ёс зүйн энэ шаардлагыг л тавьсан.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, танилцсан бол задруулахгүй байх үүрэг хүлээх талаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т ... ажил үүргийн онцлогтой холбоотойгоор ... нууцын ... зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл ... тусгайлан гэрээ байгуулж болно" гэж заасан. Бид энэ хүрээнд нууцлал хадгалах талаар Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Тодруулбал, манай компанийн ажилтан Э.Индратай байгуулсан 2018.7.18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 3.2.11-т ажилтан нь компанийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг хугацаагүйгээр хүлээх талаар заасан. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т компанийн нууцлал бүхий мэдээллийг санаатайгаар задруулах, бусдад дамжуулах нь хөдөлмөрийн ноцтой зөрчил байхаар заасан.
7. Компанийн гүйцэтгэх захирлын 2023.11.10-ны өдрийн Компанийн нууцлалд хамруулах тухай ГЗТ23/007 дугаартай тушаалаар байгууллагын маш нууц мэдээллүүдийг шинэчлэн баталсан. Тус тушаалыг компанийн ажилчид руу мэйлээр илгээсний нэг нь Э.И юм. Бид тус тушаалыг 2023.11.16-ны өдөр цахимаар мэдэгдсэн байна. Захирлын тушаал болон түүнийг илгээсэн мэйлийг тус тус хариу тайлбартаа хавсаргалаа. Харин тушаалын хавсралтад байгууллагын нууцад хамаарах мэдээллүүд байгаа учир бид гаргаж өгсөнгүй. Түүнчлэн, тухайн мэдээллийн агуулга нь энэхүү маргаанд хамааралгүй гэж үзэж байна.
8. Э.И нь хууль, хөдөлмөрийн гэрээний дээрх бүхий л зохицуулалтыг эс зөвшөөрч, нууцлал хадгалах үүргийг эсэргүүцэж байгаа нь ямар санаа, зорилготой бол гэдгийг бодож үзэх, өөрөөс нь тодруулахыг хүсье. Бидний зүгээс Э.Индра нь даатгалын зуучлалын өөр компанид ажилд орсон тул манай компанийн болон бидний үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллийг тухайн компанийн үйл ажиллагаандаа ашиглах гэсэн хууль бус зорилгоор ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд тэрээр манай компанийн болон бидний үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалыг задруулах, хувийн зорилгоор ашиглах ноцтой үр дагавар үүсэхээр байгааг бодолцож, тэдгээр нууцлалыг хадгалах талаарх бидний тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.
Бидний тушаалын 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон. Иргэн Э.И нь тушаалын тус заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шаардлагын үндэслэлээ тайлбарлаагүй байна. Гагцхүү нууцлал хадгалах үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бичсэн байна. Иймд тушаалын 2 дахь заалтыг яагаад хүчингүй болгуулахаар маргаж байгааг бид ойлгож мэдэх боломж байсангүй ээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлсийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Бид тушаалын 2 дахь заалтдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан эд зүйлсийг хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, бусдад дамжуулахгүй байхыг үүрэг болгосон. Иймд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т нийцсэн заалт юм. Тушаалын тус заалтыг хэвээр үлдээхгүй бол Э.И нь компанийн зарим эд зүйлс, мэдээлэл, бичиг баримтуудыг өөрт хадгалсан, цаашид бусдад дамжуулах, хувийн зорилгоор ашиглах эрсдэлтэй юм. Тухайлбал, тэрээр ажлаа хүлээлгэн өгөхдөө компанийн үйл ажиллагаандаа ашигладаг санхүүгийн программын удирдлага, нэвтрэх эрхийг бидэнд хүлээлгэж өгөхгүйгээр явсан байсан. Үүний дараа бидний тус программд нэвтрэх, ашиглах эрхийг цуцалж, тухайн санхүүгийн программыг компаниас булааж, компанийн эд хөрөнгийн эрхэд ноцтойгоор халдсан юм. Бид түүнтэй холбогдож, ярьж, шаардлага тавьж байж түүнийг буцаан авсан. Үүнийг компанийн одоогийн ажилчид, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилчид мэдэх тул гэрчлүүлэх боломжтой. Энэ үйл явдал нь бид тушаалын 2 дахь заалтад дээрх байдлаар тусгасан нь зөв байсан гэдгийг харуулж байна. Иймд тушаалын 2 дахь заалтыг хэвээр үлдээхгүй бол тэрээр компанийн бизнесийн үйл ажиллагаанд холбогдох зарим биет болон цахим мэдээлэл, эд хөрөнгүүдийг өөртөө хууль бусаар хадгалж байх, цаашид хувийн зорилгод ашиглах, бусдад задруулах эрсдэлтэй байна. Нэхэмжлэгч нь тухайн хууль бус зорилгод хүрэх үүднээс ч ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна.
Бид даатгалын зуучлалын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг. Нэхэмжлэгч Э.И нь одоо ч даатгалын зуучлалын компанид ажиллаж байгаа. Даатгалын зуучлалын үйл ажиллагаа бол зохицуулалттай зах зээл буюу ёс зүйн өндөр шалгуур шаарддаг ажил. Үйлчлүүлэгч, харилцагчийн нууцлал бүхий мэдээлэлтэй харилцдаг тул түүнийг задруулахгүй байх, хадгалах, хамгаалах нь ёс зүйн гол шаардлагуудын нэг билээ. Мөн даатгалын зуучлалын компанид ажиллаж байгаа хүн өмнөх ажил олгогч компани буюу одоогийн өрсөлдөгч байгууллагын нууцлал бүхий мэдээллийг өөрийн хувийн сонирхол, одоогийн ажилдаа ашиглаж болохгүй. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон даатгалын зах зээлийн ёс зүйн журамд энэ талаар тодорхой заасан талаар бид дээр тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч нь харилцагч, үйлчлүүлэгчийн болон ажил олгогчийн нууцлал бүхий мэдээллийг хадгалах үүргээс бултах, хууль бусаар ашиглах оролдлого хийж, үүнийхээ төлөө шүүхэд хандаж байгаа нь харамсалтай байна. Энэ нь ёс зүйн зөрчилд хамаарах тул бид нэхэмжлэгчийн энэхүү үйлдлийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандах, анхааруулах нь зөв болов уу гэж бодож байна. Хэрэв хорооноос энэ хүрээнд ямар нэгэн шийдвэр гарвал түүнийг нотлох баримтаар гаргаж өгөх болно.
Хоёр. Ажиллаж байсан хугацааны цалин, урамшуулал болох 12,151,592 төгрөг, алданги 400,683.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбар:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 2023 оны 11 дүгээр сард олгогдох байсан даатгалын зуучлалын гэрээний урамшуулал 5,763,259 төгрөг, G олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй даатгалын сургалт зохион байгуулах төслийн хүрээнд хамтран ажилласны цалин 6,388,333.00 төгрөг хэмээн тайлбарласан байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй нэхэмжлэл байна.
1. Бид ажилтан Э.И-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа урамшуулал олгох талаар тохиролцоогүй. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний "Хавсралт 2 - Цалин хөлс" хэсгийн 4-т "Ажилтны ... урамшууллыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тогтоож олгоно" гэж заасан. Харин Хөдөлмөрийн дотоод журамд ажилчдад урамшуулал олгох талаар заагаагүй. Энэ хүрээнд Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Гагцхүү өнгөрсөн хугацаанд би компанийн гүйцэтгэх захирлын хувиар сайн дурын үндсэн дээр урамшуулал олгож ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах тухай, 49.1.3-т цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн гэрээнд тусгах гол нөхцөл байх тухай тус тус заасан байна. Бид энэ хүрээнд үндсэн цалин тохиролцож Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Харин урамшуулалт цалин олгох талаар Хөдөлмөрийн гэрээнд тусгасан зүйл байхгүй. Иймд бид нэхэмжлэгчид урамшуулал олгох үүрэг хүлээгээгүй билээ.
2. Нэхэмжлэлийн 6 дахь талд "... уг цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон зэрэг үйлдэл гаргасан нь шударга бус бөгөөд намайг илтэд хохироосон үйлдэл юм гэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь хуульд заасан хэмжээнд бид суутгаж, улсад төлсөн. Энэ нь яагаад хууль бус, шударга бус болж байгааг бид ойлгохгүй, гайхаж байна.
3. Мөн Э.И нь ажиллаж байх хугацаандаа банкны онлайн гүйлгээ хийх эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт илүү хэмжээнд цалин олгож байсан зөрчил гаргасан талаар 2023.11.27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд тусгасан байгаа. Бид энэ талаарх баримтуудыг нэмэлтээр гаргаж өгөх болно.
4. Нэхэмжлэгч нь "цалингийн талаар асуусан боловч хариу өгөөгүй, удааж өгсөн, хүний нөөцийн захирал А.О нь хэзээнээс эхлэн хүний нөөцийн захиралд томилогдон ажиллаж байгаа тухай мэдээллийг өмнө нь надад өгч байгаагүй" зэрэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй олон зүйлсийг нэхэмжлэлдээ бичсэн байна. Эдгээр нь нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах болон бусад нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй зүйлс байна. Иймд бид эдгээр нөхцөл байдлуудын талаар тайлбар гаргах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Гурав. Гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай" ГЗТ23/008 тоот Тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбар:
Гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан сахилгын шийтгэлийн төрөл буюу хамгийн хөнгөн төрөл билээ. Бидний тушаалд яагаад тухайн сахилгын шийтгэлийг ногдуулах болсон үндэслэл, бодит нөхцөл байдлыг бид бүрэн дүүрэн тусгасан гэж бодож байна. Тухайлбал, тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний зөрчигдсөн заалтуудыг болон ажилтны гаргасан зөрчлүүдийг бичсэн байгаа. Нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгөх тухай Хүсэлтээ өгснөөс хойш ажлаа огт хийхгүй, ажлын цагаа баримтлахгүй байх, ажлаа цалгардуулах зөрчлийг илт гаргах болсон. Өөрөөр хэлбэл, "нэгэнт ажлаас гарах гэж байгаа юм чинь яадаг юм гэсэн хандлагаар хандаж байсан. Энэ хооронд удирдлагын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрт захирагдахгүй, эсэргүүцэх, биелүүлэхгүй байх, үл тоомсорлох болсон. Мөн ажилдаа хайнга хандсанаас болж компанийн үйлчлүүлэгч "M компанийн даатгалыг хийхдээ мэргэжлийн алдаа гаргаж, үүнээс болж даатгуулагч хохирох болсон. Тухайн компани нь Э.И-ийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг манай компаниас нэхэмжилсэн нь үнэн билээ.
Бид нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилтэй холбоотой баримтуудаа нэмэлтээр гаргаж өгөх боломжтой. Тэдгээр баримтууд нь манай үйлчлүүлэгч, харилцагчийн нууцлал бүхий мэдээлэл агуулсан тул бид шүүхэд гаргаж өгөх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Мөн тус нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай гаргаж байгаа тул шүүх тухайн хүсэлтийг хангасан нөхцөлд энэ талаар баримт хэрэгт нотолгооны ач холбогдолгүй болох билээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт шийдвэрлэгдсэний дараа хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр нотлох баримт гаргаж өгөх эсэхээ шийдэхийг хүсэж байна.
Дээрх тушаал нь нэхэмжлэгчид одоо ямар нэгэн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй болсон гэж үзэж байна. Тодруулбал, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр түүнийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь одоо манай компанид ажиллахгүй байгаа. Иймд бид түүнийг сахилгын зөрчилтэйд тооцох, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах зэрэг шийдвэр гаргах боломжгүй. Хэрэв нэхэмжлэгч нь компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан бол сахилгын зөрчилгүйд тооцуулах, зөрчил давтан гаргасан гэх нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх үүднээс нэхэмжлэл гаргаж болох байх. Гэвч одоо тэрээр ажлаас гарсан тул тушаалыг хүчингүй болгоод түүний эрх, ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхгүй билээ. Иймд яагаад тухайн тушаалтай маргаж байгааг ойлгохгүй байна. Тухайн тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн эсэх, яагаад маргах шаардлагатай эсэх талаар нэхэмжлэлдээ тайлбарлаагүй байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэх хүрээнд гаргах өргөдлийг нэхэмжлэл гэж ойлгох билээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх сэргэхээр байвал түүнийг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байх. Үүнтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасны дагуу тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухай:
Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар тус тус зөрчсөн гэж үзэж байна.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хүрээнд Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах, тухайн комисс байхгүй байгууллагын хувьд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах талаар заасан. Нэхэмжлэгч нь компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 156.1-т 20 ба түүнээс дээш ажилтантай байгууллага комиссын байнгын ажиллагаатай байдлаар байгуулах тухай, 156.2-т 20-оос доош ажилтантай байгууллага байнгын бус байдлаар байгуулах буюу гомдол ирсэн үед байгуулахаар заасан. Манай байгууллага 10 хүрэхгүй ажилтантай. Иймд бид гомдол ирсэн үед хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах зохицуулалттай. Нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрвөл хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах учиртай талаар гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн 23/008 дугаартай тушаалын 3 дахь заалтад тодорхой тусгасан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хуульд заасан шаардлага хангасан байдлаар Гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх учиртай байсан. Гэвч тус журмаар Гомдол гаргаж байгаагүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т талууд байгуулсан гэрээндээ эвлэрлийн журмаар маргааныг шийдвэрлэхээр журам тогтоосон бол шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэхээр заасан. Бидний байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2-т маргаан, үл ойлголцол гарсан нөхцөлд эвлэрэл, харилцан тохиролцох замаар шийдвэрлэх тухай заасан. Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлуудын талаар эвлэрэл, харилцан тохиролцож шийдвэрлэх талаар хандаж байгаагүй. Иймд шүүхээс гадуур тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтуудын дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаа дахин илэрхийлж байна гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Э.И-ийн иргэний үнэмлэх, 2018.07.18-ны өдрийн 18/01А дугаар Хөдөлмөрийн гэрээ, К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах нь тушаал, Э.И-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э.И-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2023.11.30-ны өдрийн хуулга, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.01.12-ны өдрийн хуралдааны 0 дугаар тэмдэглэл/шийдвэр, 2024.01.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас: К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.10-ны өдрийн ГЗТ23/007 дугаар Компанийн нууцлалд хамааруулах тухай тушаал, К ХХК-ийн 2023.02.28-ны өдрийн 23188725 дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгал гэрээ, К ХХК-ийн 2024.01.30-ны өдрийн 24/015 дугаар П ХХК-д хүсэлт гаргах нь албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.05.31-ний өдрийн 3/2059 дүгээр Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-тай байгуулсан 2023.05.17-ны өдрийн Даатгалын зөвлөх болон даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, Б ХХК, М групп ХХК нарын байгуулсан 0 дугаар Ажил олгогчийн хариуцлагын даатгалын гэрээ, К ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, М ХХК-ийн 2023.03.06-ны өдрийн 23/412 дугаар Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг, М ХХК-ийн захирлын 2023.10.20-ны өдрийн Г-23/396 дугаар Нөхөн төлбөр олгох тухай тушаал, М ХХК-ийн 2023.11.29-ний өдрийн 2950 дугаар К ХХК-д хүсэлт гаргах нь албан бичиг, А ХХК-ийн 2024.09.12-ны өдрийн 2409/001 дүгээр К ХХК-д хүсэлт гаргах нь албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.09.16-ны өдрийн 0 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар тус шүүхийн 2024.08.28-ны өдрийн Зохигчийн фэйсбүүк мессэнжэр болон и-мэйлээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг, М ХХК, М ХХК нарын байгуулсан 23201/847 дугаар Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ, орчуулгын хамт, К ХХК-ийн G-тэй байгуулсан 83442866 дугаар Зөвлөх фирм болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээ тус шүүхийн 2024.09.19-ний өдрийн нэхэмжлэгчийн и-мэйлээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, М ХХК, М ХХК нарын байгуулсан 2023.11.01-ний өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нэмэлт 011, Б ХХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.11.01-ний өдрийн 0 дугаар Агуулахад байгаа бараа материалын бүх эрсдэл нөхцөлт хөрөнгийн даатгал гэрээ, орчуулга, М ХХК, М ХХК нарын байгуулсан 2023.10.06-ны өдрийн 23201/1138 дугаартай Хөрөнгийн бүх эрсдэл нөхцөлт, бизнес тасалдлын даатгал гэрээний орчуулга, Э.И-ийн С ХХК-тай байгуулсан 2024.01.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч К ХХК-д холбогдуулан К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын зарим хэсгийг хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалин, урамшуулал болох 12,151,592 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн алданги 400,683.75 төгрөг, нийт 12,552,275.8 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тушаалд хуульд нийцээгүй үүрэгжүүлсэн заалт оруулж эрхийг хязгаарласан, ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагын маргаан таслах комисст хандаагүй, тушаалууд хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн гэрээгээр урамшуулал олгохоор тохиролцоогүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Э.И нь К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, цалин, хөлс 12,151,592 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн алданги 400,683.75 төгрөг гаргуулах тухай гомдлоо Ковер хилл ХХК-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүйн улмаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 12 сард гаргаж, 2024.01.12-ны өдрийн 0 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2024.01.19-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1, 154.8-д заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 4-р хуудасны ар тал, 17-19 хуудас/
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт 20-оос доош ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага байнгын бус Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж болохоор зохицуулсан ба хариуцагч К ХХК нь Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй байна.
К ХХК-ийн гомдол ирсэн үед байгуулахаар заасан гэх тайлбар нь дээрхи хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд мөн нэхэмжлэгчийг Маргаан таслах комисст хандаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэг. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухайд,
Э.И нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Ковер хилл ХХК-д даатгалын ахлах брокероор ажилласан болох нь Хөдөлмөрийн гэрээ-гээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-10 хуудас/
2. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн ГЗТ23/008 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах нь тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, 123.2, 123.2.1 дэх заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.2.1, 3.2.3, 3.2.4, 3.2.5, 3.2.9, 3.2.12, 4.1, 4.3, 5.2.1, 5.2.8-д заасныг ажилтан Э.И нь зөрчиж,
1. Ажлын цагийг баримтлаагүй, ажлын цагтаа ажилдаа ирэхгүй байх,
2. Ажлаас гарах өргөдөл өгснөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажлын цагаа баримтлахгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй цалгардуулсан
3. Хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах тухай ажил олгогчийн шийдвэрт захирагдаагүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын тайлан гаргаж өгөөгүй
4. Ажил олгогчийн шийдвэрт захирагдахгүй, биелүүлэхээс татгалзсан
5. Даатгалын зуучлалын үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдөгдөх хууль тогтоомжуудыг судалж мэдээгүй, үүний улмаас зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа алдаа гаргасан буюу үйлчлүүлэгчид буруу мэдээлэл зөвлөгөө өгсөн, хохирол учруулсан
6. Хувьдаа давуу байдал олгох үүднээс банкны онлайн гүйлгээ хийх эрх мэдлээ урвуулан ашигласан, урьдчилгаа цалинг өөрт хэтрүүлэн шилжүүлэх, зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж,
өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хавтаст хэргийн 12 хуудас/
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-д Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж заасан.
Хариуцагч К ХХК нь Хөдөлмөрийн дотоод журам батлаагүй талаар зохигч маргаагүй.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.
Хариуцагч К ХХК нь ажилтан Э.Индрад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг баримталсан боловч ажилтан Э.И-г хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэзээ, хэрхэн зөрчсөн, ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг нь шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, К ХХК нь ажилтан Э.И-г ГЗТ23/008 дугаар тушаалын дээрхи 1, 2, 3, 4, 6-д заасан зөрчлүүдийг гаргасан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар баримт байхгүй, тухайн зөрчлүүдийг хэзээ, хэрхэн гаргасныг тодорхойлж хэлэх боломжгүй гэх тайлбарыг гаргасан болно.
2.4. Харин 5-д заасан зөрчлийн тухайд, ажилтан Э.И-г Б ХХК, М нарын байгуулсан LIA04C22140013 дугаар Ажил олгогчийн хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулахдаа Хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд олгох нөхөн төлбөрийн хэмжээг буруу тодорхойлсон алдаа гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд уг гэрээ нь 2022.02.08-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэрэгжсэн байна. /хавтаст хэргийн 116-135 хуудас/
Даатгалын тохиолдолд бий болсноор М ХХК нь Б ХК-д 2023.03.06-ны өдрийн 23/412 дугаар Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичгээр хандсан, мөн М ХХК-ийн захирлын 2023.10.20-ны өдрийн Г-23/396 дугаар Нөхөн төлбөр олгох тухай тушаалаар ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийн зарим хэсгийг олгож, М ХХК-ийн 2023.11.29-ний өдрийн 2950 дугаар Хүсэлт гаргах нь албан бичгээр К ХХК-д хандсан байна. /хавтаст хэргийн 234-237 хуудас/
2.4.а. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд ажилтан Э.И нь 2022.02.08-ны өдөр гэрээ байгуулахдаа зөрчил гаргасан байх бөгөөд ажил олгогч К ХХК нь зөрчлийг хэзээ илрүүлснээ тодорхойлоогүй /М ХХК-иас К ХХК-д хүсэлт гаргаснаар илрүүлсэн гэж үзвэл ажилтан Э.И-г ажлаасаа чөлөөлөгдсөний дараа, үүнээс өмнө илрүүлсэн гэдгээ тодорхойлоогүй/ байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд ажилтан Э.И нь тухайн зөрчлийг гаргаснаас хойш 1 жил 9 сар 20 гаруй хоног өнгөрсөн байх тул тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
2.4.б. Нөгөө талаар, ажилтан Э.И-н гаргасан гэх алдааг хариуцагч К ХХК нь мэргэжлийн алдаа гэж үзээд П ХХК-тай байгуулсан 2023.02.28-ны өдрийн 23188725 дугаар Мэргэжлийн хариуцлагын даатгал гэрээ-ийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг шаардаж, 2024.01.30-ны өдрийн 24/015 дугаар Хүсэлт гаргах нь албан бичгээр хандсан, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2024.05.31-ний өдрийн 3/2059 дүгээр Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр мэргэжлийн хариуцлагын алдаа гэж үзэх үндэслэлтэй гээд нөхөн төлбөр олгохыг П ХХК-д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 60-73 хуудас/
Иймд хариуцагч К ХХК нь ажилтан Э.И-ийн гаргасан мэргэжлийн алдаа-нд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
2.5. Хариуцагч К ХХК нь ажилтан Э.И-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдээгүй, тайлбар аваагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчсөн байна.
2.6. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.И-г хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болохыг баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь нэхэмжлэгчид одоо ямар нэгэн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.
Дээрхи үндэслэлээр К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн ГЗТ23/008 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах нь тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухайд,
3. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын ТУШААХ нь: хэсгийн 2-д Тушаалын 1-т заасан хугацаанд багтаан Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэж, 3-д Компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьдаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэжээ. /хавтаст хэргийн 11 хуудас/
3.1. Уг тушаалын 4-д ...тушаалыг ажилтанд хүлээлгэн өгөх, ажил хүлээлцэхийг компанийн захиргаа, Хүний нөөцийн газрын албаны захирал А.О-д үүрэг болгосугай гэжээ.
Ийнхүү ажил хүлээлцэх гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д заасны дагуу ажилтан нь ажил олгогчоос ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгийг болон ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг хүлээлгэж өгөхийг ойлгох бөгөөд Э.И нь ажлаа хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй.
Мөн ажил олгогч К ХХК нь ажилтан Э.И-г ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө ажлыг нь хүлээн авах шинэ ажилтныг томилж, ажил хүлээлцүүлж байсан болох нь гэрч Б.М, Н.А-ээр тогтоогдож байна.
3.2. Гэтэл дээрхи тушаалын 2-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэж юуг тодорхойлж, ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг үүрэгжүүлсэн нь ойлгомжгүй байхаас гадна ийнхүү үүрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй байна.
3.3. К ХХК нь ажилтан Э.И-тай компанийн мэдээллийн нууцыг хадгалах тусгайлсан гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан Үл өрсөлдөх үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, мөн тусгайлсан гэрээ байгуулаагүй байна.
Э.И-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.11-д Компанийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг хугацаагүйгээр хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.10-ны өдрийн ГЗТ23/007 дугаар Компанийн нууцлалд хамруулах тухай тушаалаар байгууллагын мэдээллүүдийг маш нууц, нууц мэдээлэлд хамааруулсан байна. /хавтаст хэргийн 44 хуудас/
Уг тушаалыг нэхэмжлэгч Э.И-д 2023.11.16-ны өдөр и-мэйлээр илгээсэн болох нь тус шүүхийн 2024.08.28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 139-143, 149-150 хуудас/
3.4. Дээрхи тушаалыг гаргаснаас хойш нэхэмжлэгч Э.И-д байгууллагын нууц-д хамааруулсан мэдээллийг танилцуулаагүйд зохигч маргаагүй.
К ХХК нь ажилтан Э.И-д Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуульд заасан нууц-д хамаарах мэдээллийг танилцуулсан гэх байдлаа болон дээрхи тушаалын 3-д заасан Компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий ямар мэдээллүүд, бичиг баримтуудыг танилцуулсан болохоо баримтаар нотлоогүй.
3.5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар ажилтан Э.И-д нууц-д хамаарах мэдээллийг танилцуулж, хадгалах үүрэг хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.И-г нууц хадгалах үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч К ХХК нь ажилтан Э.И-д Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан Үл өрсөлдөх үүрэг хүлээлгээгүй тул 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын ТУШААХ нь: хэсгийн 3 дахь заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.И-г даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий С ХХК-д ажиллаж байгаа гэх үндэслэл нь дээрх тушаалын заалтыг зөвтгөх үндэслэл болохгүй юм. /2-р хавтаст хэргийн 25, 43-49 хуудас/
Дээрхи үндэслэлүүдээр К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын ТУШААХ нь: хэсгийн 2, 3 дахь заалт хуульд нийцээгүй, уг заалт нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах агуулгатай байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гурав. Ажилласан хугацааны цалин, хөлс 12,151,592 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн алданги 400,683.75 төгрөг, нийт 12,552,275.8 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
Ажил олгогч К ХХК нь Э.И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, даатгалын гэрээний хураамж, шимтгэлийн 15-30 хувийн урамшуулал олгохоор тохиролцсон, уг тохироцооныхоо дагуу ажилтан Э.И-д даатгалын зуучлалын дагуу байгуулсан даатгалын гэрээний хураамжийн дүнгээс урамшуулал олгодог байсан болох нь тус шүүхийн 2024.08.28-ны өдрийн Зохигчийн фэйсбүүк мессэнжэр болон и-мэйлээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.И-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 13, 141-147 хуудас/
4.1. Хариуцагч К ХХК нь ажилтан Э.И-д 2023 оны 11 дүгээр сард
1. М ХХК-тай байгуулсан Хөрөнгө бизнес тасалдлын даатгалын гэрээ-ний дагуу урамшуулал 4,923,270 төгрөг
2. М ХХК-тай байгуулсан Даатгалын зөвлөх үйлчилгээний гэрээ-ний дагуу урамшуулал 210,000 төгрөгийг
3. М ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний дагуу урамшуулал 230,400 төгрөг,
4. А ХХК-тай байгуулсан Хөрөнгийн даатгалын гэрээ-ний дагуу урамшуулал 399,581.81 төгрөг,
Нийт даатгалын зуучлалын гэрээний урамшуулал 5,763,259 төгрөг,
Мөн G олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй даатгалын сургалт зохион байгуулах төслийн хүрээнд компани болон бусад хувь хүмүүстэй хамтран ажилласны цалин 6,388,333 төгрөг, нийт 12,151,592 төгрөгийг олгох үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2024.08.28-ны өдрийн Зохигчийн фэйсбүүк мессэнжэр болон и-мэйлээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, М ХХК-тай байгуулсан 2023.05.17-ны өдрийн Даатгалын зөвлөх болон даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, М ХХК, М ХХК нарын байгуулсан 23201/847 дугаар Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ орчуулга, К ХХК-ийн G-тэй байгуулсан 0 дугаар Зөвлөх фирм болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээ, М ХХК, М ХХК нарын байгуулсан 2023.11.01-ний өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нэмэлт 011, Б ХХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.11.01-ний өдрийн 0 дугаар Агуулахад байгаа бараа материалын бүх эрсдэл нөхцөлт хөрөнгийн даатгал гэрээ орчуулга, М ХХК, М ХХК нарын байгуулсан 2023.10.06-ны өдрийн 23201/1138 дугаартай Хөрөнгийн бүх эрсдэл нөхцөлт, бизнес тасалдлын даатгал гэрээний орчуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 165-230, 2-р хавтаст хэргийн 16-24, 32-42, 52-52 хуудас/
4.2. Хариуцагч К ХХК нь G олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй даатгалын сургалт зохион байгуулах төслийн хүрээнд Э.И-д 11,633,333 төгрөгийг олгохоор тохиролцсон талаар маргаагүй боловч нэхэмжлэгч Э.И-г 2023.11.23-ны өдрийн и-мэйлд 2,443,000 төгрөг гэж бичсэн тул уг мөнгийг олгоно гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 10-14 хуудас/
К ХХК-ийн GIZ-тэй байгуулсан 83442866 дугаар Зөвлөх фирм болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээ-ний дагуу сүүлийн төлбөрийг төлөх хугацаа 2023.11.30-ны өдөр байх бөгөөд нэхэмжлэгч Э.И нь дээрхи и-мэйлээр 2 дахь төлбөрөөс ногдох хэсгээ шаардсан гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч К ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу 11,633,333 төгрөгийн хөлсийг Э.И-д олгосон талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6.-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасны дагуу К ХХК нь Э.И-ийн ажилласан хугацааны цалин хөлс болох дээрхи нийт 12,151,592 төгрөгийг 2023.11.27-ны өдөр олгох үүрэгтэй байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.И нь хугацаандаа олгоогүй цалин хөлс 12,151,592 төгрөгөөс 2023.11.28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2024.01.19-ний өдрийг хүртэл 53 хоногоор алданги тооцож, нэхэмжлэх эрхтэй байна.
Алдангийг тооцоолбол, цалин хөлс 12,151,592 төгрөг х 0,3% = 36,455 төгрөг, 36,455 х 53 хоног = 1,932,115 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч Э.Индрагийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч К ХХК-иас алданги 400,683 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
4.4. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч К ХХК-иас цалин хөлс 12,151,592 төгрөг, алданги 400,683 төгрөг, нийт 12,552,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.И-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад 140,400 төгрөг, ажилласан хугацааны цалин хөлс, алданги нийт 12,552,275 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 215,786 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах нь тушаалыг хүчингүй болгож, мөн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, К ХХК-иас 12,552,275 /арван хоёр сая таван зуун тавин хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.И-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.И-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар К ХХК-иас 356,186 /гурван зуун тавин зургаан мянга нэг зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА