МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,
Хариуцагч: Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга нарын хоорондын
“Булган аймгийн *******-******* сумын нутагт ******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн “******* *******” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г байгуулахгүй гэх тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээг байгуулахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******, хариуцагч Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга П.*******-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******сүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
- “******* *******” ХХК нь Булган аймгийн аймгийн *******-******* сумын Засаг даргад холбогдуулан “******* *******” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г байгуулахгүй гэх Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, дээрх гэрээг байгуулахыг даалгуулахаар маргаж байна.
- Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХV-022286 дугаартай “АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр Булган аймгийн *******-******* сумын “*******” нэртэй газарт орших 122.03 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх хугацаагаар ашигт малтмал хайх зөвшөөрлийг “******* *******” ХХК-нд олгожээ.
- Ашигт малтмал газрын тосны газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5445, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгүүдийг Булган аймгийн *******-******* сумын Засаг даргад хаяглан хүргүүлж, “******* *******” ХХК-тай холбогдох гэрээг байгуулан, гэрээний биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар уламжилсан байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Манай “******* *******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 02 сарын 03 өдөр зарласан Булган аймгийн *******-******* сумын нутагт ******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцож 86 оноо авч шалгарсан болно. Улмаар ...*******-******* сумын Засаг даргатай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 сарын 16 өдрийн 179 тогтоолоор гэрээний загварыг баталсан байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээг байгуулахаар очсон боловч Засаг дарга П.*******-******* нь тодорхойгүй шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзаж “та нар шүүхээрээ яваад шийдүүл" гэдэг хариуг өгсөн. Ингээд манай компани нь хууль ёсны дагуу шалгарсан ажлаа хийж гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 02 сарын 03 өдөр зарласан Булган аймгийн *******-******* сумын нутагт ******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн “******* *******" ХХК-тай ... хайгуулын ажилд ... “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г байгуулахгүй гэх Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож дээрх гэрээг байгуулахыг даалгаж өнгө үү” гэжээ.
- Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““******* *******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зарласан Булган аймгийн *******-******* сумын нутагт “*******” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцож 86 оноо авч шалгарсан... учир Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д заасны дагуу нутгийн захиргааны байгууллага болох *******-******* сумын Засаг даргатай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор загварыг нь баталсан “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г байгуулахаар очсон боловч Засаг дарга П.*******-******* нь тодорхойгүй шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзаж “та нар шүүхээрээ яваад шийдүүл" гэдэг хариуг өгсөн. Ингээд манай компани нь хууль ёсны дагуу шалгарсан ажлаа хийж гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Иймд... “******* *******" ХХК-тай... “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх" гэрээг байгуулахгүй гэх Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээг байгуулахыг даалгаж өнгө үү... Анх удаа тендер авч байгаа болохоор орон нутагт заавал албан бичиг өгдөгийг мэдээгүй...” гэв.
- Хариуцагч Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга П.*******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... *******-******* сумын Засаг дарга П.*******-******* надад хандаж “******* *******” ХХК-ийн албан ёсны хүсэлт ирээгүй бөгөөд бичиг баримттай танилцах боломж олдоогүй тул уг нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно...” гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Анхны 6 дугаар сард уулзсанаа санахгүй байна. *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны хагас жилийн хуралдаанаар нийт 218 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаар ярилцаж байсан. Хурлаар уламжлаад дээд шатны байгууллагаас хариу ирэхийг хүлээж байсан. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр менежментийн төлөвлөгөө гээд 2 хуудас төлөвлөгөө зуруулъя гэж ирж байсан. Ажилтай байна дараа болъё гэж хэлсэн. Би Тамгын газрын бичиг хэрэг дээр үлдээчих байх гэж бодсон. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас надад албан тоот ирсэн. Эргээгээд хариу тайлбар хүссэн. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Газрын тос, ашигт малтмалын газраас хариу тайлбар ирсэн. Орон нутгаас санал авсан. 2024 он гарснаас хойш над руу албан бичиг явуулаагүй. 2 удаа над руу мессеж бичсэн байсан. 2024 оны 5 дугаар сард мессеж бичсэн. Ашигт малтмалын газраас таныг шүүхэд өг гэж байна гэсэн мессеж бичсэн байсан. Би өөрөө төрийг төлөөлж явдаг хүн. Тийм учраас албан шугамаар явах ёстой. *******-******* сумын Тамгын газрын бичиг хэрэгт “******* *******” ХХК-аас албан бичиг ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
- “******* *******” ХХК, түүний төлөөлөгч нар нь
- Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга нь “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г манай компанитай байгуулахгүй гэж эс үйлдэхүй гаргасан,
- Тэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бэлтгэсэн менежментийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй,
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа явуулахаас биш өөр ямар нэгэн гэрээ байгуулахгүй гэх агуулгаар маргав.
- Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан байх ба түүнийг гүйцэтгэх захирал Ц.******* төлөөлөх эрхтэй байна.
- Уг хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан Булган аймгийн *******-******* сумын нутагт байршилтай “*******” нэртэй 122.03 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 64253 кодтой сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо аван шалгарч[1], дээрх газраас XV-022286 дугаартай “АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх хугацаагаар олгожээ.
- Тус компани нь “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр”-т тусгай зөвшөөрөл олгосон өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “17694.35 төгрөг”, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “35388.7 төгрөг”-ийг тус тус төлсөн байна[2].
- “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.******* нь “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”[3]-гөө батлуулахаар 2024 оны 6 дугаар сард Булган аймгийн *******-******* суманд очиж тус сумын Засаг дарга П.*******-*******той биечлэн уулзсан бөгөөд Засаг дарга уг баримт бичигтэй тухайн цаг хугацаанд танилцах боломжгүй байгаа тухай хариу хэлсэн, баримт бичгийг Засаг даргын Тамгын газарт үлдээгээгүй, уг үйл явдлаас хойш Ц.*******, П.*******-******* нар дахин уулзаагүй, хэд хэдэн удаа утсаар холбогдон ярьсан талаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбарлав.
- Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т “"тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ...хайх ...эрх авсан ...хуулийн этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу “******* *******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-022286 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч тул “*******” нэртэй хайгуулын 122.03 гектар талбайд ашигт малтмал хайх эрхийг эдэлж, холбогдох үүргийг хэрэгжүүлнэ.
- Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Ашигт малтмалын тухай хуульд зааснаар менежментийн төлөвлөгөө гэж байхаас ямар нэгэн гэрээ батлах тухай асуудал байхгүй. Компани хайгуулын үйл ажиллагаа явуулах менежментийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлж, Засаг дарга гарын үсэг зурах л үйл ажиллагааг хэрэгжүүлнэ... шинээр гэрээ байгуулна гэж байхгүй. Монгол Улсын Засгийн 2016 оны 179 дугаартай тогтоолоор баталсан гэрээний загвар дээр гарын үсэг зурж баталгаажуулах ёстой…” гэж мэтгэлцэв.
- Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “…“******* *******” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г байгуулахгүй гэх …сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээг байгуулахыг даалгах” гэж тодорхойлсон.
- Харин Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэлд тусгагдсан "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний загварыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дахь хэсгийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор баталжээ.
- Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10-т “энэ хуулийн 42.1-д заасан гэрээний загварыг батлах” гэсэн бол 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэжээ. Тодруулбал: Тухайн гэрээний загварыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай харьцах үйл ажиллагаанд хэрэглэх учиртай байна.
- Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчийг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлах үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцэж байгаагаас биш *******-******* сумын нутгийн захиргааны байгууллагатай харилцах үйл ажиллагаатай холбогдуулан тайлбар гаргасангүй, тухайн байгууллагыг ч хариуцагчаар тодорхойлсонгүй.
- Мөн “маргаан бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар нэгэн гэрээ байгуулахтай холбогдох харилцаа үүсэхгүй” гэж дээрх шаардлагад дурдагдсан “гэрээ”-тэй холбогдох хэсгийг үгүйсгэсэн тайлбарыг гарган мэтгэлцэв.
- Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлээр “Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг”-т холбогдох харилцааг, 42 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “Нутгийн захиргааны байгууллагатай харьцах” харилцааг тус тус зохицуулсан.
- Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тухайн оролцогчид нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаатай холбогдуулан маргаж буй үйл баримт тогтоогдож байх тул тухайн агуулгын хүрээнд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийн маргааныг шийдвэрлэв. Үүнд:
- Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг тодорхойлжээ. Тухайлбал: Мөн зүйлийн 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэсэн бол мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, “38.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум...-ийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, “38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум...ийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус хуульчилсан.
- Байгаль орчныг хамгаалах “төлөвлөгөө”[4] нь материаллаг буюу “бичгийн хэлбэр”-ээр илэрхийлэгдэх баримт бичигт хамаарна.
- “******* *******” ХХК нь XV-022286 дугаарын тусгай зөвшөөрлийг авсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 30 хоног буюу 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор Булган аймгийн *******-******* сумын байгаль орчны хяналтын алба болон Засаг дарга нартай 122.03 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /цаашид “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэх/-г зөвшилцөн боловсруулах, уг боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэн, батлуулах үүрэгтэй байна.
- Төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан /хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан байх/ шаардлагыг хангасан байх учиртай.
- Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум...ийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэжээ.
- Дээрх хэсгийн “...хянан баталж,...хүргүүлнэ” гэх хэсэг нь сумын Засаг даргад “******* *******” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд өөртэй нь болон байгаль орчны хяналтын албатай зөвшилцсөн асуудлыг бүрэн гүйцэт, алдаа мадаггүйгээр тусгасан эсэхийг хянасны эцэст түүнийг батлах эсэхийг шийдвэрлэх эрхийг олгосон зохицуулалт байна. Мөн сумын Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаад баталсан бол уг төлөвлөгөөг буцаан хүргүүлэх үүргийг хүлээнэ.
- Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөөнд тусгахаар зөвшилцөж тохиролцсон асуудлыг бүрэн гүйцэд бус, утга агуулгын хувьд өөрөөр тусгасан гэх мэтчилэн нөхцөл байдал илэрвэл сумын Засаг дарга уг төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхтэй. Энэхүү татгалзал нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий байх учиртай.
- Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө авч очсон ч үлдээгээгүй, буцаан авч явсан. Дараа нь ч хүргүүлээгүй...” гэх, хариуцагчийн “...хоёр хавтаст баримт харуулж байсан. Гэвч ямар ч бичиг баримт үлдээгээгүй байсан...” гэх тайлбарууд, Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны “Ирсэн баримт бичгийн бүртгэл” болон “Өргөдөл гомдлын бүртгэл”-ээр “******* *******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар төлөвлөгөө боловсруулаагүй, түүнчлэн өөрсдийн боловсруулсан гэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө ч хариуцагчид өгч танилцах боломжийг хангаагүй болох нь нотлогдож байна.
- “******* *******” ХХК-аас XV-022286 дугаарын тусгай зөвшөөрөл бүхий 122.03 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө хуульд заасан журмын дагуу боловсруулж, хүргүүлээгүй байхад хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх, төлөвлөгөө батлахыг даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй.
- Мөн “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд хуульчилсан тул хариуцагчид тухайн гэрээг байгуулахыг даалгах боломжгүй.
- Тиймээс нэхэмжлэгчийн ““*******” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн “******* *******” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г байгуулахгүй гэх Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээг байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн “******* *******” ХХК-ийн Булган аймгийн *******-******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн *******-******* сумын нутагт “*******” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн “******* *******” ХХК-тай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ“-г байгуулахгүй гэх тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээг байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10/1250, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10/1567 дугаартай албан бичгүүд. /ХХ-ийн 10-11 дугаартай хуудсууд/.
[2] Мөнгөн дүнг төлбөрийн баримтад тусгагдсанаар бичив.
[3] Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тусгаснаар оруулав.
[4] Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх хэсэгт “...байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэжээ.