Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0098/З |
Дугаар | 221/МА2017/0531 |
Огноо | 2017-07-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2017/0531
2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2017/0531 | Улаанбаатар хот |
С.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу С.Э-ийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүү 1,149,175 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга нэг зуун далан тав/ төгрөгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, холбогдох бичилт хийх, нэхэмжлэгч С.Э-г Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын мэргэжил, мэргэшлийн аль тохироход томилохыг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “ ... Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч С.Э нь “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн “ ... шилжүүлсэн” асуудалд буюу маргаагүй асуудалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөө хэлбэл чөлөөлсөн, шилжүүлсэн асуудал бүрийг хэрэгт ач холбогдолтой бичгийн баримтуудыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “Ажлаас буруу шилжүүлсэн”, “Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн” аль нь болохыг шүүх ялгаж тогтоогоогүй, гарах үр дагавар нь өөр өөр гэдгийг шүүх анхаарч авч үзээгүй гэж үзэж байна.
“...С.Э нь төрийн жинхэнэ албан хаагч биш гэж хариуцагчийн зүгээс огт маргаагүй асуудалд шүүх дүгнэлт өгсөн мөн “... төрийн бусад ангиллын албан хаагчдаас илүү нэмэгдэл баталгаагаар хангагддаг ...” гэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болсон боловч чиг үүрэг нь Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын, Орчны шинжилгээний хэлтсийн даргын, Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний, Автомат станц цахим технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд шилжсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж харьцуулан үзэх, үнэлж дүгнэх ямар ч ажиллагаа хийгээгүй нь дээрх дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь яаж өөрчлөгдөж, нэмэгдэж, хасагдаж, шилжсэн, шилжээгүй талаар дүгнээгүй, ямар чиг үүрэг нь дээрх хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон бичгийн баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ЗХШХШТХуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “ ...чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэлээр “Нэхэмжлэгч С.Э-ийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг шилжүүлсэн Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б\42 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь тухайн Б\42 дугаар тушаал гаргасан үндэслэлтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу гаргасан Б\42 дугаар тушаалын 1 дэх заалтаар С.Э-г Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн үндэслэлийг шүүхээс үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Б\42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх "... албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч болох С.Э-г шилжүүлсэн байна” гэжээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б\42 дугаар тушаал нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслээгүй ба шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийн ямар зүйл заалтанд үндэслэсэн болох нь тодорхойгүй байгаа тул хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч С.Э нь шүүх хуралдаан дээр “...ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа Цаг уур орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажилд томилуулах” гэж тодорхойлсон боловч хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байна, С.Э химич мэргэжилтэй, албан тушаалд ажиллах ерөнхий шаардлага хангахгүй байх тул хэлтсийн даргын ажилд тогтоох боломжгүй юм” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан ба өөрөө ямар ажил албан тушаалд эгүүлэн томилуулахаа албан тушаалаар шууд зааж нэхэмжлэлдээ дурдаагүй ба шүүх тодруулсны эцэст “Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулах” шаардлага болгон тавьж байхад шүүх санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэхэмжлэгчийн хүсээгүй ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь алдаа гэж үзэж байна.
Шүүх “... нэхэмжлэгчийг ажлаас шилжүүлсэн нь хуулийн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул ”... ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах нь ...шударга ёс хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй түүнийг ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох зэрэг шаардлага бүрт хуулийн хэм хэмжээний хүрээнд бүрэн гүйцэт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадаагүй байна.
С.Э-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилж ажиллуулахыг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захиралд үүрэг болгосноор Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б\11 тоот тушаалаар:
С.Э-г усны шинжилгээний лабораторийн мэдэлд шилжүүлэн инженерээр томилогдон өнөөдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа талаар маргахгүй байгааг шүүх огт анхаарч үзээгүй.
Анхан шатны шүүх “Нэгэнт урьд ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр байхгүй тул тус ажлын байрны чиг үүрэг нь шилжсэн Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас мэргэжил, мэргэшил аль тохироход томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв” гэжээ.
Анхан шатны шүүх хуралдаан завсарлаад хэргийн оролцогчид шүүх хуралдааны танхимд орж ирснээр шүүгч гаргасан шийдвэрээ танилцуулсан.
Ийнхүү танилцуулахдаа: Нэхэмжлэгч С.Э-г ямар ажил албан тушаалд авахыг хариуцагчид даалгаж байгаа нь тодорхойгүйгээр “... нэхэмжлэгчийг ажилд авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв” гэж танилцуулсан атлаа Шийдвэрийг бичгийн хэлбэрт оруулахдаа дээрх нэр бүхий 2 албан тушаалаас аль тохироход томилохыг хариуцагчид даалгаж, улмаар тухайн албан тушаалд одоо ажиллаж байгаа 2 төрийн албан хаагчийн эрхийг хөндөж, зөрчсөн шийдвэр гаргасан нь ЗХШХШТХуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү анхан шатны шүүх: “... шүүх хуралдаанд уншиж сонсгосон Шийдвэрээ бичгээр үйлдэхдээ анх танилцуулсан шийдвэрээс огт өөр агуулгаар бичиж гаргасан байх ба өөрөөр хэлбэл танилцуулсан шийдвэрээ бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчилсөн байх тул давж заалдах болон хяналтын шатны шүүх тухайн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 128\ШШ2017\0306 дугаар “Шийдвэр”-ийг ЗХШХШТХуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох ажиллагааг бүрэн хийгээгүй байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.
1. Нэхэмжлэгч С.Э-аас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Улсын сүлжээ, уур амьсгалын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад шүүх “нэхэмжлэгч С.Э-г Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын мэргэжил, мэргэшил аль тохироход томилохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3-д заасан нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэр харилцан уялдаатай байх шаардлагыг хангахгүй байна.
Тиймээс шүүх нэхэмжлэгч өмнө нь эрхэлж байсан албан тушаал нь хасагдсан эсхүл албан тушаалын нэр өөрчлөгдсөн тухай аль үндэслэлээр, ямар албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж байгааг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар тодорхойлсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
2. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь яаж өөрчлөгдөж, нэмэгдэж, хасагдаж, шилжсэн, шилжээгүй талаар дүгнээгүй, ямар чиг үүрэг нь дээрх хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, ... шүүх санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт, шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэг нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын, Орчны шинжилгээний хэлтсийн даргын, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний, Автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд шилжсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч дээрх ажлын байрнуудаас аль ажлын байранд ямар үндэслэлээр эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа, түүнийг нь хангах ямар хууль зүйн үндэслэл байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
Нэхэмжлэгч С.Э-ийн өмнө эрхэлж байсан Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэс нь бүтцийн өөрчлөлтөөр хэрхэн өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг ямар албан тушаалууд руу шилжсэнийг тодруулахдаа ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулж дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Мөн шинээр батлагдсан бүтцээр байгууллагын нийт орон тоо хасагдаагүй байхад нэхэмжлэгчийг төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлж, үйлчилгээний албан тушаалд томилох ямар зайлшгүй үндэслэл байсан, бүтцийн өөрчлөлтөөр үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан зарим хүмүүсийг уг байгууллагад шилжүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хуваагдахад болон түүнийг үйлчилгээний албан тушаалд томилоход хэрхэн нөлөөлсөн талаар тодруулах шаардлагатай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ