Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 158/ШШ2024/0024

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч /Б.*******/-д холбогдох “Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ц.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...тус аймгийн эрүүл мэндийн даатгалын ...улсын байцаагч Б.******* нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж “Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төв”-ийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.19 дүгээр зүйлийн 2-д зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

...******* дугаартай хэргийг шийдвэрлэсэн материалыг хянавал эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Б.******* нь ...Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.******* ...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.*******гийн нэр, регистрийн дугаарыг үндэслэн ******* эмийг олгосон зөрчлийг үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй” зөрчлийн шинжтэй бөгөөд эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагч шийдвэрлэхээр хуульчилсан байхад харьяалал зөрчиж үндэслэлгүй шийтгэл оногдуулсан байна.

Иймд тус аймгийн эрүүл мэндийн даатгалын ...улсын байцаагч Б.******* “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төвийг ...хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 021401 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар ...прокурорын дүгнэлт бичив” гэжээ.  

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гаас тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч /Б.*******/-д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.  

Шүүх уг дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн хариу тайлбарыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0022/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч /Б.*******/-д холбогдох ” Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0022/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ