Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 20

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Д.У,

            Шүүгдэгч Д.Сөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705002070283 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.С, 1963 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Тай Хо” ХХК-д жолооч ажилтай, ..., урьд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 319 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Снь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дөрвөн нуур зочид буудлын 3 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн Д.Уыг маргааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Сшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ууганбаярыг таньдаг байсан. Намайг буудалд ороход Ууганбаяр байсан ба хөзөр тоглож байсан. Хохирогчийн яриад байгаа мэдүүлэг нь худал байна. Бид хоёр шууд зодолдсон. Ам, хамар дээр нь дарж унасан зүйл болоогүй, шууд зодоон хийсэн. Ууганбаяр архи уухаараа агсам олон үгтэй болчихдог. Надад Ууганбаяр “та дандаа архи уухаараа хүмүүст зодуулж дараа нь гоншигнож явдаг шүү дээ” гэж хэлсэн. Тийм асуудал надад байхгүй учраас дургүй хүрч цохьсон. Бид хоёр зодолдоод цаана байх өрөөнд орсон. Би ширээний богино модоор нэг удаа цохиход Ууганбаярын толгой хагарсан. Тухайн үед би бас зодуулсан, хамар амнаас цус гарсан байсан. Тэгээд тоолгүй ажил руугаа явсан” гэв.

Хохирогч Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би буудал руу найзтайгаа яваад орсон. Хажуу талын өрөөнд нь Сүхээ ах хоёр залуутай архи уугаад сууж байсан. Тэгсэн өрөөнд сууж байхад дуудаад “чи ахдаа пиво аваад өгчихгүй, сонин болчихжээ” гэж хэлсэн. Би пиво авч өгсөн. Сүхээ ах согтсон байсан. Тэгсэн чи муу ганц пиво авчирч өгчихөөд юу болцон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би танд пиво авчирч өгсөн шүү дээ гэхэд чи муу яасан том дуутай болцон юм гээд нүүр рүү юм шидсэн. Тэгээд намайг заамдаад чи муу яах гээд байгаа гээд бариад авсан. Би ахаа та тавьчих гэж хэлэхэд нүүр рүү цохиод боож унагаасан. Тэнд байсан хүмүүс салгахгүй байсан. Зогсож байхад толгой руу юмаар цохисон. Хэрэг болохын өмнөх өдөр би чамайг алнаа гэж хэлж байсан. Би хоёр сар ажилдаа явч чадаагүй, эмчилгээ хийлгэсэн. Би ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүхээ ах босож ирээд “чи хүн тайван байлгадаг хэн бэ” гээд ундааны сав шидсэн. Тэгсэнээ босч ирээд гараараа нүд рүү цохиод авсан. Тэр үед би нүүрээ дараад тонгойсон чинь намайг араас боож аваад орон дээр дарж хэвтээд “одоо би чамайг алчихъя гэсэн” тэгэхээр нь би “та намайг тавьчихаач” гээд орноос боссон. Тэгтэл манай хэдээс нэг нь ирээд салгаад холдоод байж байтал өрөөн дотор байсан ширээний хөл хугалж аваад миний толгой руу цохиод авсан. Тэгтэл миний толгойноос цус асгараад эхэлсэн бөгөөд Сүхээ ах тэндээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүхээ тэр салсан ширээний хөлийг аваад Ууганбаярын толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд би цочрооноос гараад тэр хоёрыг салгасан. Сүхээ түрүүлээд гараад гүйчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч Х.Эрдэнэболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг харсан чинь Сүхээ, Ууганаа хоёр маргалдаад байсан бөгөөд Ууганаа “танд пиво авч өгсөн нь буруу юу” гэхэд Сүхээ “муу хачин бацаан яалаа” гээд хэрүүл хийгээд байхаар нь боль гээд байж байтал Ууганаа хараагаад эхэлсэн чинь Сүхээ “чи муу юу гээд байна аа” гээд босож ирээд Ууганаатай барилцаж аваад ноцолдож байгаад ширээн дээр дарж унасан чинь ширээ эвдрээд унасан бөгөөд бид нар 2 тийш нь салгасан. Тэгтэл хоёр талаас асаад дахиад хэрүүл болоод барилцаж аваад зодолдож байсан. Тэгээд нөгөө хэд очоод салгасан чинь Ууганбаярын толгойноос их хэмжээний цус гарсан. Сүхээ гараад явчихсан. Тэгээд “яагаад толгойноос чинь цус гарчихваа” гэсэн чинь ширээний хөлөөр толгой руу цохьчихлоо” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Шинжээчийн 9064 тоот дүгнэлтэд: “...Д.Уын биед тархи доргилт, зулай, чамархайд шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, хүзүүнд цус хуралттай, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-25, 39-40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Снь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дөрвөн нуур зочид буудлын 3 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн Д.Уыг маргааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Уын өгсөн: “...Тэгэхээр нь би танд пиво авчирч өгсөн шүү дээ гэхэд чи муу яасан том дуутай болцон юм гээд нүүр рүү юм шидсэн. Тэгээд намайг заамдаад чи муу яах гээд байгаа юм гээд бариад авсан. Би ахаа та тавьчих гэж хэлэхэд нүүр рүү цохиод боож унагаасан. Би Сүхээ ахыг тохойгоороо цохьсон. Тэнд байсан хүмүүс салгахгүй байсан. Зогсож байхад толгой руу юмаар цохьсон. Хэрэг болохын өмнөх өдөр би чамайг алнаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батбаярын өгсөн: “...Сүхээ тэр салсан ширээний хөлийг аваад Ууганбаярын толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд би цочрооноос гараад тэр хоёрыг салгасан. Сүхээ түрүүлээд гараад гүйчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, гэрч Х.Эрдэнэболдын өгсөн: “...Сүхээ “чи муу юу гээд байна аа” гээд босож ирээд Ууганаатай барилцаж аваад ноцолдож байгаад ширээн дээр дарж унасан чинь ширээ эвдрээд унасан бөгөөд бид нар 2 тийш нь салгасан. Тэгтэл хоёр талаас асаад дахиад хэрүүл болоод барилцаж аваад зодолдож байсан. Тэгээд нөгөө хэд очоод салгасан чинь Ууганбаярын толгойноос их хэмжээний цус гарсан. Сүхээ гараад явчихсан. Тэгээд “яагаад толгойноос чинь цус гарчихваа” гэсэн чинь ширээний хөлөөр толгой руу цохьчихлоо” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, шинжээчийн 9064 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Сүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Снь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгуулийг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас эмнэлэгт хэвтсэн, хоёр сар ажилдаа яваагүй тухайн үеийн цалингаа нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн боловч эдгээр баримтуудаар хохирогчийн дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 3.000 төгрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Сг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгээс 3000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ут олгосугай.
  6. Хохирогч Д.У нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР