| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01847/И |
| Дугаар | 181/ШШ2024/03414 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/03414
2024 09 18 181/ШШ2024/03414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ...овогт Б.Ч /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...2 дугаар давхарт байрлах, МУХБ ХХК /РД:.../-д холбогдох,
Ажлаас буруу халсан үеийн олговорт 26,051,949 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.Ч миний бие ажлаас үндэслэлгүй халагдсаныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/... дугаар шийдвэрээр тогтоосон. Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн үндэслэлгүй халсныг тогтоож, Дээд шүүхээс хариуцагч МУХБны гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Ийнхүү ажлаас үндэслэлгүй халсныг 3 шатны шүүхээс эцэслэн тогтоосон тул шүүхийн шийдвэрт үндэслэн МУХБны Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дүгээр тушаалаар Ахлах хуульчийн албан тушаалд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс томилогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно" гэж заасан. Хуульд заасан энэ үүргээ биелүүлж бусдад чирэгдэл учруулахгүйгээр үлдэгдэл олговрыг олгох талаар МУХБны захиргаанд хандан өргөдөл гаргасан боловч байгууллага, түүний дотор тодорхой албан тушаалтнуудын зүгээс биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.
Байгууллагын зүгээс асуудлыг шийдвэрлээгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан. Уг хорооны хурлын үеэр хариуцагчийн зүгээс шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй гэсэн тул уг хорооноос урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргасан.
Иймд эдгээр процессыг гүйцээж, өөрийн зүгээс эвлэрэх бүхий л арга хэмжээг авч, оролдлого хийсний эцэст шүүхэд хандаж байна. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2023 оны 12 дугаар сарын 15 өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 26,051,949 (хорин зургаан сая тавин нэгэн мянга есөн зуун дөчин есөн) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
Олговрын хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу тооцсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Чийн нэхэмжлэлтэй, МУХБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч Б.Чийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2023.07.07- ны өдрийн 2177 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх, хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Чийг "МУХБ" ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 80,068,003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг "МУХБ" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагч "МУХБ ХХК-аас анхан шатны шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүхийн 2023.09.25-ны өдрийн 1810 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Б.Чийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 44,372,093 төгрөг болгосон ба шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч "МУХБ" ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж Гүйцэтгэх захирлын 2023.12.12-ний өдрийн Б/161 дүгээр тушаалаар Б.Чийг Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажилд эгүүлэн авч, олговорт 44,372,093 төгрөгийг олгож, эрүүл мэндийн даатгалын хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн баталгаажуулалтыг хийсэн.
Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 1810 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Б.Чийн дундаж цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тооцож (3,000,000:21.5=139,535 нэг өдрийн дундаж цалин хөлс) тогтоосон бөгөөд нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаагүй. Иймд 2023.09.25-ны өдрийн магадлалаар тогтоосон олговор хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр биелэгдсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тогтоосон тул шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар талууд маргах эрхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Чийн иргэний үнэмлэхний хуулбар, МУХБны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б.Чийг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр,
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Итгэмжлэл олгосон албан бичиг, МУХБны хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч МУХБ ХХК-нд холбогдуулан, ажлаас буруу халсан үеийн олговорт 26,051,949 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
6. Хариуцагч МУХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Б.Ч нь ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/... дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, олговорт 80,068,003 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж ...44,372,093 төгрөгийг... гэж өөрчлөлт оруулсан, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол зэргээр нотлогдож байна.
7.2 Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу МУХБны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар Б.Чийг ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн албан тушаалд томилсон болох нь уг тушаалаар нотлогдож, үйл баримтад зохигч маргаангүй.
7.3 Зохигч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт маргаантай. Тодруулбал: зохигч олговор бодсон тооцоололд маргаантай.
7.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэв.
8. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд цалинтай тэнцэх олговрыг урьд шүүх буруу тооцоолсон үндэслэлээр дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцно гэж, хариуцагч нь урьд гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тогтоосон хэмжээгээр тооцно гэж тус тус мэтгэлцсэн.
8.1 Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсний хэмжээг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалд тооцоолж шийдвэрлэсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй үйл баримт гэж үзнэ.
Иймд хариуцагч талын мэтгэлцсэн, тайлбар үндэслэлтэй.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
9.1 Нэхэмжлэгч Б.Чийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилогдсон хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны 154 хоног(5 сар, 4 хоног)-ийн хугацааг нэг өдрийн дундаж цалин 139,534 төгрөгөөр үржүүлж тооцон үзэхэд 21,488,372 (3,000,000:21.5 х154) төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
9.2 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч МУХБ ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 21,488,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,563,577 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилогдсон хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч МУХБ ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 21,488,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,563,577 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА