| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01034/и |
| Дугаар | 155/ШШ2016/00025 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах, ХААН банкны Х салбарын Т тооцооны төвийн хүсэлттэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2015/01034/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны Х салбарын захирал Д.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б овогтой Б нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дугаар №БЗГ/14/78/ тоот зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Т тооцооны төвөөс малчны зээл 5.000.000 /таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээл хүүг 2 хувааж төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй өнөөдрийн байдлаар 1.010.148 төгрөг үлдсэн, хугацаа хэтрээд 178 хонож байна. Б.Б нь зээл авах үедээ Т сумын 5 дугаар багт амьдарч байсан. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн, хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа. Эхнэр нь М суманд амьдарч байгаа гэсэн боловч хаяг тодорхойгүй байна. Б-ийн төрсөн эгч А руу ярьсан боловч сүүлийн үед утсаа авахаа байсан. /Эгч А-ийн утас .... Иймд Б овогтой Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХААН банкны Т тооцооны төвөөс малчны зээл 5.000.000 /таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн зээл болон хүүг 2 хувааж төлөх нөхцөлтэй авсан. Одоо зээлийн үлдэгдэл 1.010.148 төгрөг төлөөгүй үлдсэн, хугацаа хэтрээд 178 хонож байна. Б.Б-ийн ах Г гэдэг хүн зээлийн төлөлтөөс хийж байсан бөгөөд би төлөх ёстой гэж хэлж байсан боловч тэр хүн зээлээ төлөхгүй, утас нь холбогдохоо байсан. Б.Б нь одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд барилгын компанид ажиллаж байгаа сурагтай байсан. Түүний эгч А-тай утсаар ярихад мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг ба тэрээр М суманд амьдардаг, 10 дугаар багт байрлалтай Хүүхдийн цэцэрлэгт туслах багшийн ажил хийдэг гэсэн. Түүнтэй холбогдох утас ..... Б.Бийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүний хаягийг олж тогтоолгохоор эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банкны Х салбарын Т тооцооны төв нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ХААН банкны Х салбарын Т тооцооны төвөөс 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дугаар №БЗГ/14/78/ тоот зээлийн гэрээ байгуулан, малчны зээл 5.000.000 /таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан болох нь барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаат хөрөнгийн жагсаалт, ХААН банкны зарлагын мэдүүлэг, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б.Бийн малчны зээл хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Бийн оршин суугаа хаяг тодорхойгүй, шилжилт хөдөлгөөн хийсэн талаар бүртгэл хийгдээгүй, Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хаяг: Х, Т, 5 дугаар баг, Бийж... гэх бичилттэй Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Б.Б нь Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин сууж байсан, эрэгтэй, ургийн овог Халиугчин, яс үндэс халх, .... дугаар регистртэй, түүнтэй холбогдож байсан утас ...., төрсөн эгч А нь Х аймгийн М сумын 10 дугаар багт байрлах, Хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай, холбогдох утас .... болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Б-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Б эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Х аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА