Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/04191

 

 

 

 

 

 

 

 

2024 10 31 181/ШШ2024/04191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 0 тоотод байрлах, М ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц-ийн Э /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "М" ХХК-тай 2201-1087 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,999,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй, "С" ХХК-ааc Readme G7 Neo 2 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 201,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 01-р сарын 07-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч Ц.Э нь 2022 оны 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, сар хүртэл нийт 1,281,578.20 төгрөгийн үндсэн төлөлт, 404,605.23 төгрөгийн хүүгийн төлөлт, 6,316.57 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч Ц.Э үндсэн зээлийн үлдэгдэл 718,321.80 төгрөг, хүүгийн төлбөр 427,567.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78,478.56 төгрөг нийт 1,238,868.26 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, Ц.Э-аас 2022 оны 01 дүгэр сарын 07-ны өдөр байгуулсан 2201-1087 тоот зээлийн гэрээний үрэгт зээлийн үлдэгдэл 1,239,668 төгрөг гаргуулахаар ББСБ-д бүртгэлтэй хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тус хаяг дээрээ оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох этгээдийг  эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц-ийн Э-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч М ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч М ХХК нь Ц.Э-тай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Ц.Э-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ц.Э нь Өвөрхангай аймаг, Хархорин, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Шүүхээс тус хаягт мэдэгдэх хуудас явуулахад Ц.Э нь өөрөө хүлээн авч, шүүхэд Өвөрхангай аймаг, Хархорин сумын 0 хаягт оршин суудаг гэсэн тайлбарыг багийн Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн . Иймд Ц.Э-ы хаяг тодорхой болсон тул эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц-ийн Э /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА