Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/04517

 

 

 

 

 

2024 11 13 181/ШШ2024/04517

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,   тоотод оршин суух, Б.Ж..ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  ХК-ийн байр хаягт байрлах, М...-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А.. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ж.. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Ж.. 2014 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад импортлосон, 68-70   дугаартай сувдан цагаан өнгийн Mitsubishi Outlander phew маркийн автомашиныг 37,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж М....ББСБ ХХК-аас 20230729/120  дугаар Зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийг зээл авсан. Мөн М....ББСБ ХХК-ийн зуучилсан Монгол даатгал ХК-тай 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 03  тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж даатгалын хураамжийг төлсөн.

Б.Ж.. 68-70   улсын дугаартай автомашиныг жолоодон 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт Улаанбаатараас Баянхонгор аймаг руу явсан бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орох замд их хэмжээний аадар бороо орж ус туулаагүй ч автомашины хянах самбар дээр RBS check ассан. Ингээд автомашиныг зогссон газраас нь ажиллуулахгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу ачиж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Виннер вэй ХХК-аар хохирлын үнэлгээ, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сод арвин ундарга ХХК-аар засвар, үйлчилгээг хийлгэж дууссан. Б.Ж..гийн зүгээс даатгалын тохиолдлын улмаас хохирлын үнэлгээний зардалд 548,000 төгрөг, засварын хөлс 800,000 төгрөг, оношлогооны төлбөр 120,000 төгрөг, ком баттерей 9,500,000 төгрөгөөр авч нийт 10,968,000 төгрөгийн зардал гарсан.

Ийнхүү даатгалын нөхөн төлбөр авахаар Монгол даатгал ХК-д гэрээнд заасан материалыг бүрдүүлж хүсэлт гаргасан. Гэтэл Монгол даатгал ХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1698 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариу өгсөн. Дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичгээр Б.Ж..гийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу даруй шийдвэрлэж хороонд хариу ирүүлэхийг үүрэг болгосон.

Монгол даатгал ХК-аас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2011 тоот албан бичгээр гаргасан шийдвэрээ өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү Монгол даатгал ХК нь автомашинд RBS check буюу батерейнд ус орсон оношилгоогоор тогтоогдож засварлагдсан нь баримтуудаар хангалттай нотлогдож байхад FAULT шар гурвалжин тэмдэг асаж далд гэмтэлтэй орж ирсэн байна гэж RBS баттерей гэсэн алдаатай огт хамааралгүй үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсаар байх тул шүүхэд хандаж байна.

Иймд Монгол даатгал ХК-аас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 031090  тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Монгол даатгал ХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Даатгуулагч Б.Ж.. нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийг 37,000,000 төгрөгөөр үнэлэн, үнэлгээний 1.8 хувь буюу 666,000 төгрөгийн хураамжийг төлж, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, мөнгөн жолоо багцийг сонгон даатгуулсан байна. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр байгалийн эрсдэлүүд болох цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга, цахилгаан гэх мэт эрсдэлүүд хамаарч байна.

Аадар бороо орсон эсэх нь тогтоогдохгүй байгаа талаар

Б.Ж.. нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явж байх замд буюу Өвөрхангай аймаг орох замд их хэмжээний аадар бороо орж автомашины хянан самбар дээр RBS check ассан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойсон байдаг. Гэвч тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод аадар бороо орсон эсэх нь тодорхойгүй байна.

Даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн хохирол болох тухай

Даатгуулагчийн 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн ба 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан байдаг. Тухайн автомашин хилээр орж ирэх үеийн фото зураг дээр автомашины хянах дээр шар гурвалжин тэмдэг ассан байдалтай Монгол Улсын хилээр орж ирсэн нь www.autobox.mn буюу авто үйлчилгээний мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдож байна. Даатгалын зүйлийн хянан самбар дээр шар гурвалжин тэмдэг ассан шалтгааныг судлахад Mitsubishi motors-ийн гаргасан Outlander phew owners manual автомашин эзэмшигчдийн гарын авлагад шар гурвалжин тэмдгийг FAULT алдаа заагч буюу техникт гэмтэл үүссэн болохыг мэдэгдсэн тэмдэг гэж тайлбарласан байна. Иймд дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан хохирол болох баттерей нурсан гэх check-ний гэрэл ассан нь даатгалын гэрээ байгуулахаас буюу Монгол Улсын хилээр орж ирэхдээ даатгалын зүйл гэмтэлтэй байсан нь тогтоогддог.

Даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл үүсээгүй талаар

Нэхэмжлэгчийг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт явж байх замд аадар бороо орсны улмаас автомашины гадна талд эвдрэл гэмтэл үүсээгүй байдаг. Тодруулбал, тухайн автомашины цонх хагарах, будаг халцрах зэрэг хохирол үүсээгүй байхад аадар бороо орсны улмаас автомашины доторх эд анги гэмтсэн байх боломжгүй юм. Даатгалын гэрээгээр гэнэтийн эрсдэлийн улмаас даатгуулагчийн автомашины гадна талд хохирол учирсан байхыг шаарддаг.

Иймд даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл даатгуулагчид учирсан байх тул даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 190,438 төгрөг төлсөн баримт, Б.Ж..гийн иргэний үнэмлэх, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0721 дугаар З.Нандин-Эрдэнэд олгосон итгэмжлэл, 68-70 УБҮ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20230729/12000599 дугаар Зээлийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0310900415 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Сод арвин ундрага ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичиг, Монгол даатгал ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1698 дугаар албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичиг, Монгол даатгал ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2011 дугаар албан бичгийн хуулбар, Сод авто сервисийн 9,500,000 төгрөгийн зарлагын баримт, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мэдээний хуулбар,

3.2. Хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/117 дугаар итгэмжлэл, Монгол даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/961 дугаар итгэмжлэл, Монгол даатгал ХК-ийн Хаан банк дахь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дансны хуулга, 68-70 УБҮ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг зэргийг тус тус баримтаар гаргаж өгсөн болно.

3.3. Шүүхийн журмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/11525 дугаар Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Виннер вэй ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хөлс төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Сод арвин ундрага ХХК-ийн засвар, оношилгооны хөлс төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024  дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод аадар бороо орсон эсэх талаарх тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Ж.. нь Монгол даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10,968,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 0310900415 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн тул нөхөн төлбөр авах гэж тодорхойлжээ.

3. Хариуцагч Монгол даатгал ХК нь иргэн Б.Ж..тэй Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан боловч даатгалын тохиолдол болсон эсэх нь тогтоогдохгүй, даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын зүйлд хохирол учирсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. М....ББСБ ХХК болон Б.Ж.. нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20230729/12  дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр зээлдэгч Б.Ж.., С.Мөнхдэлгэр нар зээлдүүлэгч М....ББСБ ХХК-аас 24,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, нэг сарын 2.7 хувийн хүүтэй авсан байна. /1хх 8-11/

4.2. Монгол даатгал ХК болон Б.Ж.. нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 0310  дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж 666,000 төгрөгийг төлсөн байна. /1хх 11-13, 81/

4.3. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан хэмээн даатгуулагч Монгол даатгал ХК-д нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөхөд Монгол даатгал ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1698 дугаар албан бичгээр даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.17, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /1хх 15/

4.4. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэхийг Монгол даатгал ХК-д үүрэг болгосон байна. /1хх 16/

4.5. Монгол даатгал ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2011 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэх боломжгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /1хх 17/

5. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Ж.. нь Санхүүгийн зохицуулах хороонд хандан өргөдөл гаргасан байх бөгөөд тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэхийг Монгол даатгал ХК-д үүрэг болгосон байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ. /1хх 16/

6. Талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 0310900415 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр 68-70   улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж 666,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй. /1хх 11-13, 81/

7. Даатгалын зүйл болох 68-70  улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод явж байх үед гэмтэл учирсан байна. Тус гэмтлийн улмаас тээврийн тухайн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний зардал 548,000 төгрөг, оношлогооны төлбөр 120,000 төгрөг, баттерей ком 9,500,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 800,000 төгрөг болсон байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 43-51, 57/

8. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0310900415 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон эсэх нь маргааны зүйл болжээ.

8.1. Талуудын тохиролцоо, хүсэл зоригийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээний шинжийг агуулна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр заасан.

8.2. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.5-д даатгалын тохиолдол гэж даатгалын зүйлд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учрах болзол бүрдэхийг ойлгоно гэж, 12.2.1-д энэхүү гэрээний Хавсралт №1-т заасан Автотээврийн хэрэгслийн багц хүснэгтээс сонгосон даатгалын хамгаалалтын төрөлд харгалзах эрсдэлүүдээс даатгана гэж заасан.

Нэхэмжлэгч даатгалын гэрээний Хавсралт №1-т заасан мөнгөн жолоо багцыг сонгож, даатгалын хураамж 666,000 төгрөг /37,000,000*1,8%/-ийг төлсөн байна. Тус багцад байгалийн эрсдэлүүд /аадар бороо, мөндөр, үер гэх мэт/, нэмэлт үйлчилгээ /24 цагийн шуурхай дуудлага, нөхөн төлбөр болон даатгалын зөвлөгөө/ болон зардлууд /ослын газраас зөөн тээвэрлэх зардал, хохирол үнэлгээний зардал, засварын дараах угаалгын зардал, замын хажуугийн үйлчилгээний зардал/ багтсан байна. /1хх 12/

8.3. Нэхэмжлэгч Б.Ж.. нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед даатгалын зүйл болох тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зорчих үед дуу цахилгаан, аадар бороо орсон болох нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1017 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байх тул хариуцагчийн аадар бороо орсон эсэх нь тодорхойгүй гэх татгалзал үндэслэлгүй. /1хх 94-95/

8.4. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д даатгагч шаардлагатай гэж үзвэл даатгалын зүйлтэй дэлгэрэнгүй танилцах, даатгалтай холбоотой мэдээллийг даатгуулагчаас бүрэн хэмжээгээр гаргуулах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Монгол даатгал нь даатгалын зүйл болох 68-70 УБҮ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгсэл эвдрэл, гэмтэлтэй бол тухайн эвдрэл, гэмтлийг тодруулах бүрэн эрхтэй бөгөөд даатгалын гэрээ байгуулахаас татгалзах, гэрээ байгуулагдсан бол гэрээг цуцлах эрхтэй байтал тухайн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичиг, Сод арвин ундрага ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө хохирол үүссэн гэх татгалзал үндэслэлгүй. /1хх 14,16/

8.5. Дээрхийг нэгтгэвэл даатгалын зүйл болох 68-70 УБҮ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгсэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зорчих үед аадар борооны улмаас RBS check буюу баттерейнд ус орж эвдрэл, гэмтэл учирсан даатгалын тохиолдол үүссэн байна. Тус эвдрэл, гэмтлийн улмаас Виннер вэй ХХК-аар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж, үнэлгээний төлбөрт 548,000 төгрөг, Ино марк мастер байгууллагаар оношилгоо хийлгэж, оношилгооны төлбөрт 120,000 төгрөг, Сод авто сервис байгууллагаар баттерей ком солиулж, баттерей комны үнэ 9,500,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 800,000 төгрөг тус тус төлсөн болох нь даатгалын тохиолдолд хамааралтай, даатгалын зүйлд эрсдэл учирсан байна. /1хх 43-51, 57/

Иймд нэхэмжлэгч Б.Ж.. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 10,968,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж..д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж..гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М  ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 190,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж..д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ