| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01092/И |
| Дугаар | 155/ШШ2016/00027 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ш.Д хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ш.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Улаанбаатар хотод 10-н жилийг 1979 онд төгсөөд ХААДээд сургуулийн эдийн засаг, нягтлан бодогчийн ангийг 1984 онд төгсөөд Асумын Х нэгдэлд туслах нягтлан бодогчоор томилогдон очсон юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Асумын Х нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймгийн А сумын 8-н жилийн сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ш.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн А сумын Х нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах нягтлан бодогч, Х аймгийн А сумын 8-н жилийн сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/324 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр,
Х аймгийн А сумын сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/170 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай Ажил өөрчлөх ба ажлаас чөлөөлөх тухай ....үйлдвэрлэлийн шаардлагаар туслах ня-бо Ш.Д-ийг авто хариуцсан ня-бо-гоор.... гэх тушаалын хуулбар,
Гэрч Я.Батдаваагийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ....Ш.Д нь А сумын сургуульд нягтлан бодогчоор 1989 оны 1 дүгээр сард ирж ажиллаж байсан. Сургуульд 1 жил л ажилласан юм. 1 жил ажиллаад А сум руу явсан байх.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Цэнд-Аюушийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ....Ш.Д нь 1985 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд А сумын сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. Асумын 2-3 жил ажиллаж байгаад А сум руу ажиллахаар явж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/448 дугаартай ....тус аймгийн А сумын 1989 оны сургуулийн захиралын тушаал мөн оны Засаг даргын захирамжийг шүүж үзэхэд Ш.Д-д ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Д-ийг Х аймгийн А сумын Х нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах нягтлан бодогч, Х аймгийн А сумын 8-н жилийн сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ