| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01173/И |
| Дугаар | 155/ШШ2016/00028 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.С-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Л.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн А сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 оны 6 дугаар сард төгсөөд ээжийн хамт мал маллахаар шийдэж 1982 оны 10 дугаар сараас эхлэн 1992 оныг дуустал Хнэгдэлд хоньчноор ажиллаж байгаад нэгдэл тараад компани болоход гишүүнээр үлдэж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Тэтгэвэрт орох болзол хангаж байгаа тул шүүхэд ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.
Иймд намайг Х аймгийн А сумын Х нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Х ХХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Л.С нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн А сумын Х нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Х ХХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн архивын лавлагаа,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 01 дугаартай Малчин томилох тухай ....Л.С үхэрчнээр.... гэх тушаалын хуулбар,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай Ажилд томилох тухай ....Л.С... нарыг 1987 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн тоосго үйлдвэрлэх ажилчнаар томилсугай.... гэх тушаалын хуулбар,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай Хадлан, хашаа байр хариуцуулах малчин томилох тухай ....Л.С нарыг туслах малчнаар тус тус томилсугай.... гэх тушаалын хуулбар,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдргийн 54 дугаартай Малчин амруулах тухай ....4. Л.С.... гэх тушаалын хуулбар,
Х аймгийн А сумын Х нэгдлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай ....б/ Л.С-д 1990 оны 2 дугаар сарын 12-нөөс 1990 оны 5 дугаар сарын 12 хүртэл... тус тус тэтгэмжтэй чөлөө олгосугай.... гэх тушаалын хуулбар,
Гэрч Ж.Пагамын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ....Л.С нь 1982 оноос Х аймгийн А сумын Хнэгдэлд хоньчноо, саальчнаар нэгдэл тартал ажиллаж байгаад компани болоход малчнаар ажиллаж байгаад 1994 оныг дуустал компани тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Өлзийсайханы 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ....Л.С нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд А сумын Х нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж эхэлж байсан. Нэгдэлд ажиллаж байгаад компани болоход мөн ажиллаж байгаад 1994 онд компани тарахад ажилгүй болж байсан юм.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.С-г Х аймгийн А сумын Х нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Х ХХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ