| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03576/И |
| Дугаар | 181/ШШ2024/03446 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03446
2024 09 23 181/ШШ2024/03446
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Б.А /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух,П.Б /РД:.../-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие хувиараа худалдаа эрхэлдэг бөгөөд 2021 оны эхээр иргэн П.Б нь миний бараа худалдах зарын дагуу ирж надаас нэг удаагийн маск, нэг удаагийн бээлий гэх мэт барааг удаа дараа ирж авч мөнгийг төлж явсан. Гэхдээ бас бараа авах бүрдээ зээлээр авч байх санал тавьж байсан ч миний бие зээлээр өгөх боломжгүй гэдгийг хэлж барааны төлбөрийг тухай бүрд нь авч байсан. Иргэн П.Бд удаа дараа бараа худалдаж авч түншилж байсан тул бараагаа аль болох хямдруулж бусдаас хямд үнээр өгч байсан. Хамгийн сүүлд 2021 оны 6-р сарын 29-ний өдөр надаас 40 хайрцаг нэг бүр нь 24,000 төгрөгийн нийт 960,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн нэг удаагийн бээлий, нэг бүр нь 400 төгрөгийн үнэ бүхий 1000ш нийт дүн 400,000 төгрөгийн KF94 маскийг худалдан авч KF94 маскны үнэ 400,000 төгрөгийг бэлэн төлж бээлийний мөнгийг болохоор маргааш өглөө нэг газарт хүргэж өгчхөөд мөнгийг нь шууд авчихна. Тэгээд л чиний бээлийний мөнгийг шилжүүлчихье гээд гуйгаад байхаар нь хэд хэдэн удаа бараа аваад төлбөрөө өгч байсан болохоор итгээд зээлээр бараагаа өгч явуулсан. 4-5 хоногийн дараа 460,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг нь удаахгүй өгчихье мөнгөний боломжгүй болчихлоо гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироосоор байна.
Зээлээр бараагаа өгч явуулснаас хойш маш олон удаа утсаар залгаж, мессеж бичиж нэхсэн боловч төдийд өгнө, өдийд өгнө гэж олон сар, жилээр худал хэлж хохироосоор байх тул өнөөдрийг хүртэл надад төлөөгүй барааны үнэ 500,00 төгрөгийг хариуцагч П.Баас гаргуулан өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч П.П.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Аээс 2021 онд авсан барааны мөнгө 500,000 төгрөгийг иргэн П.П.Б би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг хувааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч П.П.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Ад төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь П.П.Б нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Ад төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн 7,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 7,825 төгрөгийг, хариуцагч П.П.Баас 7,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА