Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/ШШ2024/0607 |
Дугаар | 128/ШШ2024/0607 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0607
2024 08 01 128/ШШ2024/0607
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* нарыг оролцуулан С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дистрибьютерийн гэрээ гэдэг нь энд борлогдсон эсэхээс үл хамааран автоматаар тэндээс ачилт хийгддэг. Хэрвээ бид нар барааг авахгүй бол дистрибьютерийн эрх цуцлагдана. Манай агуулахад хүүхдийн сүү болон чупа чупс хадгалагддаг бөгөөд тус бараануудыг стандартад нийцсэн өөр агуулах руу нүүлгэх боломжгүй байна. Бараануудыг хэсэгчлэн зөөгөөд Улсын комиссыг ажиллуулах нөхцөл боломжоор бүрэн хангах болно.... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй ч гэсэн улсын комиссыг ажиллах боломжоор хангаж өгнө гэвэл эвлэрэн хэлэлцэх боломжтой... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож тус шүүх хуралдаанд эвлэрэх талаар хүсэлт гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68.3-д Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 503 дугаар албан бичгээр Б.Э*******д, Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 01/264 дугаар албан бичгээр Б.С******* нарт олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх; эрхийг тус тус олгожээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Улсын комиссыг хяналт шалгалт хийх нөхцөл боломжоор хангавал Улсын комисс ажиллана гэж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын комиссыг ажиллуулах нөхцөл боломжоор бүрэн хангах болно гэж тус тус тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцон, эвлэрэх талаар хүсэлтээ шүүх хуралдаан дээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагч талын ...С******* компани нь дистрибьютерийн гэрээнд зааснаар бараа нь шууд ирдэг юм байна мөн хүүхдийн сүүний тухайд онцгой бүтээгдэхүүн тул үүнийг харгалзан үзэж тус агуулахад улсын комисс ажиллуулах шаардлага байна гэж үзэж байна. Мөн улсын комисс ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөх шаардлагатай... гэж, нэхэмжлэгчээс ... Манай компани агуулахыг суллах боломжгүй ч улсын комисс ажиллуулах боломжоор бүрэн хангана... гэж харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ