Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

            Шүүгдэгч Г.Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705014240311 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Э, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, “Онги Хайрхан” ХХК-д гоедезийн инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 16-69 тоотод оршин суух, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Энь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энгельсийн гүүрний зүүн урд талд байрлах гарааш дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн О.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч О.Гы мөрдөн байцаалтад өгсөн: “…Эрдэнэ-Очиртой би юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Яг юу ярьж байсан талаараа санахгүй байна. Тэгээд Эбосоод явсан. Удалгүй Энамайг сууж байхад толгой руу хөлөөрөө өшиглөхөд нь би газар унаад толгойгоо дараад хэвтэхэд миний дээрээс өшиглөөд, үснээс зулгаагаад өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

Шинжээчийн 14218 тоот дүгнэлтэд: “…О.Гы биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цохонд зулгаралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн бугалганд цус хуралт, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-38/, хохирлын баримтууд /хх-н 43-45/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 46-47/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 48-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Энь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энгельсийн гүүрний зүүн урд талд байрлах гарааш дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ иргэн О.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Гы: “...удалгүй Энамайг сууж байхад толгой руу хөлөөрөө өшиглөхөд нь би газар унаад толгойгоо дараад хэвтэхэд миний дээрээс өшиглөөд, үснээс зулгаагаад өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54/, шинжээчийн 14218 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 49/, хохирогчийн хүсэлт /хх-н 48/, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт /хх-н 58/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлэхэд 1 сарын хугацаа байхад хангалттай гэж байх тул түүнд торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Эт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР