Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/90

 

 

 

 

 

    2023            1             19                                         2023/ДШМ/90                                                           

Б.Э-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-д холбогдох эрүүгийн 2204000000102 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          0, урьд:

          -  1994 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          - 1995 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 жил 6 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          - 2004 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          - 2006 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 жил 9 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          - 2013 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          - 2014 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

          - Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай магадлалаар өөрчилж 3 жилийн хугацаагаар хорих ял болгосон, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

          - Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон,

          Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 12 дугаар гудамжны 04 тоотод орших иргэн Э.Э-ийн гэрт хохирогч Э.Э-г хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрхий мэргэд овгийн Батренчингийн Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-оос гэм хорын хохирол 3.188.640 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбогдуулан бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч  Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд Д-, З-, том гарт Ж -мөн З-гийн хүргэн гэх залуу нартай 1 шил архи уугаад Д-, З- , З-гийн хүргэн гэх залуу бид нар бага гүний 12-4 тоотын өмнө зогсож байсан машинаас З-гийн хүргэн залуу эхнэрээсээ 1 шил архи авлаа гээд бид хэд тэнд нь уух гээд сууж байтал бага гүний 12-4 тоотоос У- болон нэг танихгүй эмэгтэй нар бид нарыг ороод ир гэж дуудсан. Намайг ороход гэрт нь миний таних Б-  болон танихгүй 2 хүүхэн, У-, У-ын нөхөр Д нар байсан. Гаднаас орж ирсэн хүн түлхэн босч ирэхэд хамт явсан залуу намайг цохиж, барьж авч тонгорч унагаасан. Хэд хэдэн удаа өшиглөтөл тэнд байсан хүмүүс салгаж гаргасан. Би босоод явлаа гээд гараад Д-ийн гэрт З-, Д- нар дээр очсон. Бид нар З-гийн хүргэний авч өгсөн архийг Д-ийн хашаанд ууж байтал гаднаас миний шилэн хүзүүнээс атгасан хүн, нэг авгайтай орж ирээд намайг чи хаанахын хулгайч вэ гэхээр нь би эндэхийнх гэсэн. Тэгтэл З яв, яв гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би архиа ууж дуусаад харихаар явж байтал бага гүний 12-4 тоотын өмнө машин зогсоод У-, Н- нар намайг дуудаж хамт гэр рүү нь ороход Д-, Б- , Д- нар байсан. Архи уугаад сууж байтал гаднаас Д-, З- болон араас нь намайг шилэн хүзүүнээс атгадаг Эрдэнээ болон хүү нь болох намайг цохисон залуу нар орж ирсэн. Би хойд орон дээр сууж байсан, миний хажууд Д- гэх хүүхэн сууж байсан. Эрдэнээ  намайг шахаад суух гэтэл Д- зүгээр сууж байгаа хүнийг яагаад байгаа юм бэ, миний энд суу гээд цаад талдаа суулгасан. Намайг өдөх маягтай байсан болохоор тэгсэн байх. Хүү нь урьд талын буйдан орон дээр суугаад намайг “гараад үзчих үү” гээд байхаар нь би муудалцмааргүй байна гээд хэвтэхэд нөгөө залуу намайг “босоод ир” гэхэд Н-, Д- нар бүгдийг нь хөөж гаргаад үлдсэн байсан шил архийг гурвуулаа уучхаад такси дуудаж би ирвэс зогсоол дээр буугаад найзындаа очсон боловч цоожтой байсан. Тэгээд гэр рүүгээ алхаж явтал Д- залгаж “чи хаана байна, З- бид хоёр Д-ийнд байна, архи уух гээд сууж байна, чи хүрээд ирэх юм уу” гэсэн. Би тэгээд яваад очиход Д-, З-, У-, Д- нар байсан.  Бид хэд архиа ууцгааж байтал гаднаас Э-гэх эгч орж ирээд “манайд хоёр согтуу хүн орж ирчхээд гардаггүй, амар ч чадахгүй хэцүү байна.” гэхэд У- “та яах гэж янз бүрийн юм гэртээ оруулдаг юм бэ хохь нь” гээд хөөгөөд гаргасан. Гэтэл дахин орж ирээд “гардаггүй, та нар хөөгөөд өгчих” гэсэн. Би явахгүй гэсэн. Д- “З- бид хоёр тэгвэл хөөгөөд өгье” гэхэд Э-эгч намайг “чи хамт оч” гээд гараас татаад босгосон. З-, Д- нарын араас явж нэг мэдэхэд Э-гэх эгчийн гадаа ирсэн байсан. Д- “хаалга чинь цоожтой байна” гэсэн чинь “дотроосоо онгойдог юм цонхоор ороод дотроос нь түлхчих” гэсэн. Д- орж ирж байсныг би сайн санаж байна. Урд талын буйдан дээр хүн сууж байсан. Намайг “гэрийн эзэн амарч чадахгүй байна.” гэж хэлэхэд надруу харж юм хэлсэн боловч юу хэлснийг нь сонсоогүй, ам нь хөдлөөд нүд нь доош ор руу харахаар нь хартал орон дээр нь хутга байсан. Энэ үед Д- миний баруун мөрний урд хэсгээс татсан, би эргэх дээ хутгатай байна гээд шууд хаалгаар гарсан. Намайг гарахад З- үүдний таамбарт байсан байх. Шууд гараад хашааны хаалгаар гарч зүүн тийш арваад метр яваад эргэж харахад Д- ирж байсан. Би хүлээж байгаад цуг манай хамаатан болох Г-ийнд очиж хоносон. Анх надаас гэрчийн мэдүүлгийг М-гэх байцаагч болон прокурор Х- нар авсан. Мэдүүлэг өгөөд гарахад П-гэх байцаагч өрөөндөө намайг дуудаж “чи хутгалсан, чамаас гарцаагүй, өчнөөн шоронгоор явсан хуучин хулгайч байж зүгээр шууд хүлээчих, хэрэг чинь хөнгөрнө гэдгийг мэдэж байгаа биз дээ, чамайг хэргээ хүлээсэн хүлээгээгүй бүх юм таарч байгаа, чиний наад бугуйвч чинь бүх юмыг нотолж байгаа. Шүүхийн шийдвэрээс цаг, минут бүх юмыг чинь гаргуулаад аваад ирсэн, энэ байна гээд хоёр цаас харуулж, одоо байцаалт өг” гэсэн. М-байцаагч “байцаалт авсан” гэсэн чинь “тэр ямар хамаатай юм бэ, би одоо авна гэж уурлан намайг байцаалт өг” гэсэн. Би тэр нөхөр гайгүй болохоор учир нь олдоно биз гэж бодоод байцаалт өгсөн. Би хэд хоног уусан болохоор их шартаж, бие муу байсан тул мэдэхгүй, санахгүй байна гэдгээ хэлсэн. Хэн хутгалсан гэж хэд хэд удаа асуусан. Би үнэхээр санахгүй байна гэсэн. Ингээд намайг “Хэрлэн Баян Улаан тосгон руу одоо хамт явъя, чи нутаг ус, ууландаа мөргөөд ир энэ бол боломж шүү” гээд бид нар 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой яваад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 7 цагийн үед ирсэн. Д-ээс мэдүүлэг аваад намайг дуудаж “та нотлогдсон шүү, яаж хутгалснаа сайн санаж байгаарай” гэсэн. Орой нь П-байцаагч намайг манайх руу авч явсан. Эхнэр ажилтай хөдөө явсан байсан тул хадам ээж гэр сахиж байсан. Бид хоёр хадам ээжээр хоол хийлгэж идээд байцаагч П-хадам ээжид “та бид хоёрыг гаднаас цоожилчих, бид хоёр энд хоночие” гэсэн. Намайг хэвтэж байхад хашааны гадуур халамцуу улс чанга, чанга яриад “хэдүүлээ үгээ сайн нэгтгэнэ шүү” гэснийг сонссон бөгөөд З-, Д- нар байна гэж бодсон, дуу нь ойролцоо байсан. Маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой намайг 18 цагийн үед цагдан хорьсон. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг цагдан хорих байрнаас цагдаагийн газарт авчирч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн байцаалт авсан. П-мөрдөгч “манай энэ урьд нь юм үзсэн, асуудал байхгүй юм чинь олон юм асуугаад яах вэ” гээд “та яг яаж хутгалсан бэ, хутга ороход яаж дугарсан” гэхээр нь “мэдэхгүй байна, өөрөө мэдээд л биччихгүй юу даа” гэсэн. Өөр юм асуугаагүй. Өмгөөлөгч Цэнд-Аюуш хохирогчийн цусны бүлэг 3-р зэргийн бүлэгтэй байна, хутган дээрх цусны бүлэг 4-р зэргийнх байна шүү, энэ мэтийгээ янзлаарай гээд бид хэд гарч өмгөөлөгчийг гэрт нь буулгаад байцаагч бид хоёр манайд очсон. Намайг хувцсаа сольж байхад эхнэр маань “та нар хүнийг хүн алсан, алаагүйг нотлоогүй байж манай хүний зургийг яахаараа ар гэрт нь өгдөг юм бэ, согтуу, галзуу юмнууд гадаа ирээд манай хүний зургийг бариад алуурчны гэр гээд хашгараад байх юм, би амар тайван ч байж чадахгүй байна, айгаад унтаж чадахаа ч  байсан” гэж хэлэхэд “мөн, бишийг нь таниулах гэж зургийг явуулсан юм аа” гэж байсан. Байцаагч  бид хоёр манайхаас цагдан хорих руу явж байхдаа би “намайг тэгээд мөн гээд байгаа юм уу” гэсэн чинь “мөн гэж хэлэхгүй, бас биш гэж ч хэлэхгүй, багцаа байна” гэж хэлсэн. Тэгээд би ар гэрээн зовоож суухаар хурдан тэр шоронд нь оръё гэж бодоод “намайг хурдан шийдээд өг” гэсэн чинь “хурдан шийдэх гэхээр гэрч нар болон таны үг зөрөөд байна, мэдүүлэг таарахгүй бол шүүх хүлээж авахгүй буцаад байдаг юм” гэсэн. Д- та хоёрын мэдүүлэг гэсэн. Тэгэхээр нь би “Д-ийн мэдүүлэгтэй тааруулаад л биччих надад хамаа алга” гэсэн. Д-ээс би өөрөө гуйж байгаад байцаагчаар 2-3 удаа мэдүүлэг авхуулсан. Янз бүр мэдүүлэг өгөөд байсан учир би тэгвэл цонхоор орсон болъё, хутгалсан гэж хэлсэн талаар би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгэж хэлсэн байж магадгүй, хэлсэн гээд л бичихгүй юу даа гэсэн. Ингээд би хоригдсон. Энэ хугацаанд 1-2 удаа намайг түрээр байцаалт нэртэй авч бүрэн гүйцэд байцаалт нэг ч удаа авч байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдан хоригдож, 2022 оны 01 дүгээр сарын 10-нд шүүх хурал болсон. Шүүх хурал болохын өмнө өмгөөлөгч Цэнд-Аюуш надтай уулзаж “чи яг хийсэн юм уу” гэж асуусан. Би болсон явдлын талаар хагас дутуу хэлсэн. Өмгөөлөгч “чи эрт хэлэхгүй яасан юм бэ, одоо би яаж ч чадахгүй, миний хүч хүрэхгүй шүү” гэсэн. Би хэнд ч буруу өгмөөргүй байна. Хэргийн газарт дахин ганц удаа байцаалт өгөх боломжоор хангаж өгөөч гэж хүсэж байна. Би үнэхээр энэ хүнийг хутгалаагүй, надаа хутгалах цаг хугацаа болоогүй. Би ширээний хажуугаас ор руу ч дөхөөгүй. Талийгаач бид хоёрын хооронд 2-3 метр зайтай байсан. Хэрэлдэж маргаагүй, хэрвээ би хажуудаа байсан хутгийг авлаа гэж бодоход тэр хүн зүгээр харж сууж байгаад надад өгөх үү, хутга авлаа гэхэд надтай ноцолдоно шүү дээ. Д- намайг үнэхээр худлаа гэрчилж байна. Энэ бүгдийг харгалзан үзэж хэргийн газар дээр өөрийн биеэр мэдүүлэг өгөх боломжоор хангаж өгнө үү. Би цахилгаан гавтай байсан тул орсон, гарсан минут гар нь гэдэгт найдаж байна.” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Анхан шатны шүүхээс холбогдогчийн гэм бурууг тогтоосон үндэслэлүүд болох гэрч хохирогчийн мэдүүлгүүд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрчилтэй бодит үнэнийг тогтоож чадаагүй байхад яллах нотолгоо болгон үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Үүнд хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болон шүүх хуралдаанд хохирогчоор оролцож мэдүүлсэн мэдүүлгийг шүүх дурдсан. Гэтэл түүний мэдүүлэгт холбогдогч Б.Э- нь амь хохирогчийг хутгалсан талаар огт байхгүй. Унтаж байгаад сэрэхэд хүү нь хутгалуулсан байсан талаар мэдүүлсэн. Мөн энэ хүн эмнэлэг дээр очсон хойноо цагдаагийн мөрдөгч Б.М-асуухад “хамт архи уусан, гараад орж ирэхдээ өөрийгөө хутгалчихсан байдалтай орж ирсэн” гэж ярьж байсан. Тэгэхээр энэ хүний мэдүүлэг нь холбогдогч Б.Э- амь хохирогчийг хутгалсан гэх нотлох баримт биш юм. Гэрч Ө.Д- Б.Э-ыг өөрөө надад “би хутгалчихсан, гэхдээ хутгаа лав шаагаагүй, найз нь жоохон зүсчихлээ” гэх мэтээр хэлсэн гэж мэдүүлдэг. Гэвч түүний мэдүүлэг нь эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэхэд учир дутагдалтай. Учир нь энэ хүн Б.Э- амь хохирогчийг хутгалсан гэх үйлдлийг хараагүй, мөн түүнийг хутга барьсан байсныг ч хараагүй. Тэднийг орж ирэхэд амь хохирогч ямар байдалтай байсан, эрүүл байсан уу, бусдад хутгалагдсан байсан уу гэдгийг ч хараагүй байна. Мөн түүний мэдүүлгээр гэрийн эзэн гэх Э.Э- нь Б.Э-ыг гарч явахад амь хохирогчийн хажууд нь оччихсон зогсож байсан гэдгийг мэдүүлдэг. Б З-г байшингийн таамбарт орж ирсэн байсан гэдгийг мэдүүлдэг. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэгт энэхүү нөхцөл байдлууд огт байхгүй бөгөөд тухайн байшин нь таамбар гэх зүйл байхгүй гэдэг нь хэргийн газрын үзлэг хийсэн /нэг өрөө байр/ тэмдэглэлээр, гэрч Д.Б З нь байшинд ороогүй бөгөөд түүний “байшинд орохоор явж байтал ...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Гэрч Э.Э- болсон асуудлыг санахгүй байна гэж мэдүүлэгт нь тун тодорхой байгаа. Тухайн үед энэ хүн амь хохирогчийг хэн хутгалсан болохыг огт мэдэхгүй байсныг гэрч О.Н-ын “Би Э.Э- эгчээс юу болсон талаар асуухад шөнө Э.Э-г хүн хутгалчихсан байна, би юу болсон талаар мэдэхгүй байна гэж байсан” гэх, хохирогч Н.Э-гийн “Сэрээд босож иртэл манай хүү Э.Э- хүнд хутгалуулсан байхаар нь Э.Э-ээс асуутал тэр мэдэхгүй байхаар нь би түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байхад цагдаагийн мөрдөгч нь огт мэдэхгүй байгаа хүний үгийг мэдэж байгаа мэтээр мэдүүлэг зохион оруулсан гэдэг нь харагдаж байна. ... тухайн байшинд Б.Э-оос гадна Э.Э-, Ө.Д-, Н.Э- болон Э.Э- нар байсан гэдэг. Хэн нь хэнийгээ хутгалсныг гэрч Д.Б З огт мэдээгүй. Хэргийн газарт үзлэг хийсний дараа нь дахин нөхөн үзлэг хийж хутга байсан газрыг заалгаж авсан байдаг. Нөхөн үзлэгийн тухайд энэ процесс нь хэргийн газрын үзлэг юм уу? хутга заалгаж авсан тэмдэглэл юм уу? гэдэг нь ойлгомжгүй. Схем зураг гээд хэн ч ойлгох боломжгүй нэг зураглалтай. Тухайн үедээ шинжээч оролцуулж, тэр нь хутганы бариул дээр байсан гэх гарын хээг бэхжүүлж авсан. Энэ нь шаардлага хангахгүй. Хутга заалгаж авсан л болохоос хэргийн газарт ямар нэгэн ул мөр илрүүлсэн бэхжүүлсэн, хэрэгтнийг олох, хэн хутгалсан болохыг нотлох ямар ч юм байхгүй, эрх зүйн ач холбогдолгүй үйл явдал.  Гэрэл зургийг харахад 2 өрөө байр харагдана. Анхны хэргийн газрын үзлэгийн тухайд энэ үзлэгээр дээр дурьдсан хэрэг учрал болсон гэх газар нь нэг өрөөний зохион байгуулалтай, дараагийн үзлэгээр 2 өрөө харагдаад байгаа. Ямар нэгэн таамбар буюу үүдний өрөө энд огт тусгагдаагүй. Гэтэл гэрч Ө.Д- мэдүүлэгтээ “өөрөө таамбарт орсон, таамбарт Д.Б- З- орж ирсэн байсан, таамбарт очиж хаалгыг дотроос нь өшиглөж онгойлгосон” гэж мэдүүлсэнтэй зөрчилдөнө. Мөн энэ үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд хашаан дотор байшин руу явдаг хүний мөрний хажууд их хэмжээний цус мэт зүйл харагдана. Үүнийг тодруулан гэрэл зургаар бэхжүүлж авсан. Гэтэл энэ цус мөн үү биш үү? цус мөн бол хүний цус мөн үү? мөн бол амь хохирогчийнх байж болох уу? гэх мэт ажиллагааг огт хийгээгүй. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд зөвхөн цээжний нэвтэрсэн шархны тухай дурьдсан. Амь хохирогчийн баруун гарын савууны хэсэгт зүсэгдсэн шарх байгааг огт дурдаагүй. Энэ бол мөрдөгч нь зөвхөн Б.Э- хэргийг үйлдсэн гэж нэг л хандлагаар ажилласан гэдгийг нотолж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2481, 2482 дугаарт дүгнэлтүүд нь амь хохирогчийн өмсөж явсан гэх футболк зүсэгдсэн эсэх, ямар эд зүйлээр зүсэгдсэн болохыг тогтоох зорилгоор шинжилгээ хийсэн. Гэтэл энэ баримтыг шинжилгээнд явуулахын тулд амь хохирогч нь энэ футболкыг өмсөж явсан эсэх, яг ямар ямар нөхцөл байдалтай байгааг тогтоох зорилгоор эд зүйлд эхлээд үзлэг хийсэн. Мөрдөгч үзлэгийг явуулахдаа хохирогчийн аав Н.Э-г байлцуулан явуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мэдээж энэ хэрэгт эзэмшигч оролцох боломжгүй. Тэгэхээр тухайн зүйлд зааснаар хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан явуулах зохицуулалттай. Эд мөрийн баримтад үзлэг хийсэн үйл явц нь хууль зөрчиж явагдсан тул бүхэлдээ хүчингүй болох ёстой бөгөөд энэхүү баримтыг үндэслэл болгон явуулсан шинжилгээ, дүгнэлтүүд нь мөн хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Шүүхээс энэхүү дүгнэлтийг яагаад үнэлж үзээгүй болон дээр дурьдсан зөрчилтэй баримтуудын зөрчилдөөн, хуулийн зөрчлийг яагаад хууль ёсны гэж үнэлсэн талаараа дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчсөн байна. Энэ хэрэгт Н.Э-г гэрчээр болон хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогчоор оролцуулсан нь нэг хүнийг 2 өөр субъект болгон хууль зөрчсөн гэж үзэж байна.

Б.Э-ын хувьд өөрийн гэм бурууг зөвшөөрч байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн хэдий ч яг энэ үйлдлийг өөрөө хийсэн үү гэдэгтээ эргэлзэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч нь “Чи л хутгалсан, гарцаагүй тогтоогдсон” гээд байсан учраас түүний хэлснээр явсан гэдгээ одоо илэрхийлдэг. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоол танилцуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүйн дээр тухайн үед мэдүүлэг авахдаа өмнө нь түүнээс гэрчээр авсан мэдүүлгээ автоматаар хуулбарлан тавьсан. Үг үсгийн зөрөөгүй, үгийн алдаанууд хүртэл яг хэвээрээ хуулагдсан байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдүүлэг авах ажиллагаа энд явагдаагүй байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор З.Х- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгсөн. 1 дэх мэдүүлгийг авахдаа өмгөөлөгчгүй авсан, 2 дахь мэдүүлгийг авахдаа Цэнд-Аюуш өмгөөлөгчийг оролцуулсан. Яллагдагчаар мэдүүлэг авахад шүүгдэгч Б.Э- нь 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд юу хийсэн талаараа тодорхой мэдүүлсэн. Мэдүүлэг аваагүй гэдэг нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас хураан авсан хутган дээрх цус амь хохирогчийн цус болохыг дүгнэсэн. 3 дугаар бүлгийн цус болохыг шинжээч тогтоосон байдаг. Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хоорондоо ямар нэгэн зөрүүгүйгээр шүүгдэгч Б.Э-ыг энэхүү гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлогдсон тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

амь хохирогч Э.Э-гийн хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн өгсөн: “ ... 14.00 цагийн үед Э.Э-ийн гэрт хүмүүс орохыг хараад, би гэрт нь яваад ортол Г.Д-, Г.Д-ийн хаяанд сууж байсан танихгүй залуу, Ж.У-, О.Н-, түүнтэй хамт явж байсан танихгүй эмэгтэй нар архи уугаад сууж байсан. Би ... өдрийн над руу агсраад байсан залуугийн шилэн хүзүүнээс базаад “Чи нөгөө агсраад байдаг залуу мөн үү” гэтэл тэр босож ирээд бид хоёр тэрүүхэн зуур зууралдаж байхад хойноос орж ирж байсан Э.Э- тухайн залууг нэг удаа өшиглөхөд, тэнд байсан хүмүүс биднийг салгаад О.Н-, Э.Э- бид хоёрыг салгаад гэрт оруулсан. Тэгж байж байгаад нэлээд оройхон 23.00 цагийн үед буцаад Э.Э-ийн гэрт ороод, би хүүгийн хамт согтуудаа тэдний гэрт унтсан. Сэрээд босож иртэл манай хүү Э.Э- хүнд хутгалуулсан байхаар нь Э.Э-ээс асуутал тэр мэдэхгүй байхаар нь би түргэн тусламж дуудсан. ... Би хүүгээсээ “Хэн чамайг ингэсэн бэ” гэж асуухад тэр “Надад багцаа байна” гэж хэлээд, цааш юм ярьж чадаагүй. ...” /1хх 148/,

гэрч Ө.Д-ийн “ ...  гэрийнх нь хаалга түгжээтэй, цонх нь онгорхой болохоор нь би цонхоор ороод, миний араас Б.Э- орж ирээд, би үүд руу явж байшингийн хаалгыг дотроос нь онгойлгох гэтэл онгойхгүй, гаднаас гэрийн эзэн эмэгтэй “Эвдээд онгойлго” гэхээр нь өшиглөөд онгойлготол Энхээ гэх гэрийн эзэн эмэгтэй орж ирээд, би хойноос нь орсон. Гэрийн эзэн эмэгтэй хутгалуулсан хүний хажууд зогсоод “Хутгалчихлаа” гэж хэлээд их сандарсан байдалтай байхыг би сонсоод Б.Э- байшингийн босго дээр надтай сандарсан байдалтай зөрөх гэхээр нь “Юу болов чи” гэж асуунгаа цонхон талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүний подволк нь цус болсон хэвтэж байхыг хартал, Б.Э- надад хэлэхдээ “Найз нь жоохон зүсчихсэн, хутгаа лав шаагаагүй” гэж хэлж байсан. Мөн “Өдөр 2 хүүхэн надад таныг энэ хүмүүс хутгалах гээд байна гэж байсан юм, би тэгээд орны хөлд хутга байхаар нь өрсөөд хутгалчихлаа” гэж хэлж байсан. ...” /1хх 156-157/,

гэрч Э.Э-ийн “ ... ямар ч байсан бүдэг санаж байгаа зүйл гэвэл миний танихгүй залуу тэр орой Э.Э-г манай гэрт хутгалаад, түргэн тусламж ирээд би түргэнтэй цуг эмнэлэг рүү явсан санагдаж байна. Би тухайн хүнийг танихгүй, гэхдээ царайг нь харвал танина. Тэр хүн урьд өмнө манайд орж ирж байгаагүй. Э.Э-г хутгалуулсан орой хутга том өрөөнд байхаар нь айж сандарсандаа шургуулга доогуур хийгээд, сүүлд тэр доороос гаргаад тумбочка дотор нь хийсэн санагдаад байна. Тэгээд цагдаа надаас хутга асуухаар нь гаргаж өгсөн..." /1хх 163/,

гэрч Ж.У-ын “... Бид нар нийлж архи ууж байтал 23.00 цагийн үед Б.Э- гаднаас ороод ирсэн. Тэгээд үлдсэн байсан архиа уугаад сууж байтал гаднаас Э.Э- эгч орж ирээд “Манай гэрт хоёр согтуу хүн орж ирээд унтуулахгүй байна” гэхээр нь би “Яах гэж гэртээ оруулдаг юм, хөөгөөд гаргаач” гэж хэлээд явуулсан. Э.Э- эгч явсны дараа би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь Г.Д- бид хоёр Э.Э- эгчийнх рүү очиход гэрт нь О.Н-, найз нь гэх танихгүй эмэгтэй, Э.Э- эгч гурав байсан. Тэгээд надад О.Н- “Өчигдөр шөнө энд бөөн юм болоод, Э.Э- одоо эмнэлэгт байгаа гэнэ” гэж хэлсэн ...” /1 хх 159/,

гэрч О.Н-ын “... Маргааш өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд Э.Э- эгчийн гэрт очиход, гэр дотор нь цус болчихсон байдалтай, Э.Э- эгч ганцаараа сууж байсан. Би Э.Э- эгчээс юу болсон талаар асуухад “шөнө Э.Э-г хүн хутгалчихсан байна, би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж байсан. Тэгээд сууж байхад Н.Э- ах гэрт ирсэн. Тэгээд Н.Э- ахаас юу болсон талаар асуухад “Э.Э-гийн бие муу байна, шөнө хүн ирээд Э.Э-г хутгалчихлаа” гэж ярьж байсан. ...” /1хх 165/,

гэрч Д.Б- “... Ө.Д- бид хоёр тухайн эмэгтэйг дагаад гэр рүү нь явж байтал хойноос Б.Э- хүрээд ирсэн. Бид нар тухайн эмэгтэйн гэр рүү явах үед хамгийн урд талд гэрийн эзэн эмэгтэй, түүнээс хойш 3-4 алхмын зайд Ө.Д-, Б.Э- хоёр, тэр хоёрын хойно би 10-15 алхмын зайд ард нь явж байсан. Намайг хашааны урд талын хаалгаар ороод, байшин руу орохоор явж байхад Б.Э- байшингаас сандарсан байдалтай гүйж гарч ирээд надтай зөрөөд хашааны хаалгаар зүүн зүгт гүйсэн. Түүний араас Ө.Д- гарч ирээд Б.Э-ын араас явахаар нь би байшин руу оролгүй хашаанаас гараад, тэр хоёртой уулзалгүй Г.Д-ийн гэрт очиж хоносон, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 07.00 цагийн үед гэрийн эзэн тайрмал үстэй эмэгтэй Г.Д-ийн гэрт ирээд “Өчигдөр орой манайд хутганы хэрэг гараад, хутгалсан хүн нь олдохгүй байна” гэж ярьж байсан ...” /1 хх 171/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаачид цээжний зүүн дээд урд хэсгийн цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуун ар гадаргуун зүсэгдсэн шарх тогтоогдов. Хатгаж зүссэн багажны ажлын хэсгийн урт 8 см-ээс доошгүй, өргөн 3 см-ээс доошгүй байна. Хатгагч багажны хатгалтын чиглэл урдаас хойш, үл ялиг дээрээс доош чиглэлтэй байжээ. Дээрх уушиг гэмтээсэн шархны улмаас уушиг авчиж амьсгал зүрх судасны хавсарсан дутагдлаар нас баржээ. Нас барах үед нь талийгаачийн цусанд спирт илрээүй. Архины шалтгаант зүрх, элэгний архаг эмгэгшилтэй байсан нь үхэлд шууд хүргээгүй байна. Цусны 3-р бүлэгтэй байна...” /1хх 190-193/,

амь хохирогч Э.Э-гийн хэрэг болох үед өмсөж явсан гэх саарал өнгийн цуулж дэлгэсэн подволк, ногоон цоохор өнгийн өмд, түрийтэй үдээстэй хар өнгийн гутал 1 хос зэрэг хувцаст хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2481 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболканд 35 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт; 303, 303, 602 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. /Уг зүсэгдэлтүүд хувцсыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байж болно/. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Саарал өнгийн футболканд үүссэн 35 мм хэмжээтэй зүсэгдэлт хутгыг ямар байдлаар барьж үүсгэсэн болохыг тогтоох боломжгүй...” /1хх 212-213/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2482 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Хохирогчийн өмсөж байсан гэх саарал 8 өнгийн футболканд үүссэн 35 мм зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутга байна...” /1 хх 219-220/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4145 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Э.Э-гийн хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцаснууд болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх 32 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Э.Э-гийн хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй гутлан дээр цус илрээгүй, бусад хувцаснууд болон хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(Ш) бүлгийн харьяалалтай, хүний цус байна. Дээрх обьектууд дээр шүлсний ул мөр илрээгүй. Биологийн шинжилгээгээр нус, өтгөн шингэнийг илрүүлэх боломжгүй.” /1хх 226-227/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 183-186/ зэргийг  харьцуулан шинжлэн судлахад Б.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 12 дугаар гудамжны 04 тоотод орших иргэн Э.Э-ийн гэрт хохирогч Э.Э-г хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь 1 удаа хутгалж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд гэрч, хохирогч нарын  мэдүүлгийг үгүйсгэсэн болон мөрдөгчөөс шүүгдэгч Б.Э-д хилсээр хэрэг тулгаж хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Амь хохирогч Э.Э-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.Э- нь цээжний зүүн дээд, урд хэсгийн цээжний хөндийг нэвтэрч уушги гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас уушги авчиж амьсгал зүрх судасны хавсарсан дутагдлаар нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Б.Э-ын хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нараас “... мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хэргийн ул мөр эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж  бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалахаар заасан бөгөөд мөрдөгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байранд үзлэг хийж хутгыг хураан авах арга хэмжээ авсан /1хх 65-66/ нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д “Эд зүйл, ... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж хуулчилсан бөгөөд мөрдөгч нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор талийгаачийн хэрэг болох үед өмсөж байсан “хар өнгийн гутал, саарал өнгийн подволк, ногоон эрээн өнгийн өмд” зэргийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийг оролцуулан дээрх эд зүйлд үзлэг хийж, гэрэл зургаар буулган бэхжүүлсэн нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байна.

          2. Прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, түүнд танилцуулсан нь үндэслэл бүхий болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Учир нь, мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруйд сэжигтэнд танилцуулах үүрэгтэй боловч заавал өмгөөлөгч байлцуулж тогтоолыг танилцуулах талаар хуульчлаагүй ба мөрдөгч нь Б.Э-с яллагдагчаар мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарлахад тэрээр “өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй” гэжээ.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан. Талийгаач Э.Э- нь эцэг С.Э-ийн хамт хоёулаа амьдардаг байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Э-г тогтоосон нь үндэслэлтэй.

          Түүнчлэн “гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор хуульчилсан ба гэмт хэрэг гарахад амь хохирогчтой хамт байсан түүний эцэг С.Э-д хуульд заасан эрх, үүрэг тайлбарлан хууль сануулж, болсон үйл явдлын талаар асуусан нь үндэслэлтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчээр асуухад хориглосон заалтыг зөрчөөгүй байна.  

          4. Гэрч Ө.Д “... Б.Э- байшингийн босго дээр надтай сандарсан байдалтай зөрөх гэхээр нь ... “Юу болов чи” гэж асуунгаа цонхон талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүний подволк нь цус болсон хэвтэж байхыг хартал, Б.Э- надад хэлэхдээ “Найз нь жоохон зүсчихсэн” гэж хэлсэн.” гэж, гэрч Э.Э-ээс авсан “миний танихгүй залуу тэр орой Э.Э-г манай гэрт хутгалаад, түргэн тусламж ирээд би түргэнтэй цуг эмнэлэг рүү явсан. ...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-с авсан “... 23.00 цагийн үед буцаад Э.Э-ийн гэрт ороод, би хүүгийн хамт согтуудаа тэдний гэрт унтсан. Сэрээд босож иртэл миний хүү Э.Э- хүнд хутгалуулсан байсан. ... Би хүүгээсээ “Хэн чамайг ингэсэн бэ” гэж асуухад тэр “Надад багцаа байна” гэж хэлээд ...” гэж хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтийг тодруулжээ.

          Мөн шүүгдэгч Б.Э- нь амь хохирогч Э.Э- болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн талаар гэрч Н.Э- “ ... Г.Д-ийнд очиж хашаанд ортол танихгүй залуу намайг хараад “чи юугаа хараад байгаа ханахын хулгайч вэ” гэхээр нь би дуугараагүй ... 14 цагийн үед Э.Э-ийн гэрт ортол өдрийн надруу агсраад байсан залуу .. архи уугаад сууж байсан. Би  ... хүзүүнээс нь базаад “чи агсраад байсан залуу мөн үү” гэтэл тэр босож ирээд бид 2 зууралдаж байхад ... Э.Э- тухайн залууг нэг удаа өшиглөхөд тэнд байсан хүмүүс биднийг салгаад бид хоёрыг гэрт оруулсан. ...”, гэрч  О.Н- “... Н.Э- ах, Н.Энхтүвшин, Б.Э- нар маргалдаж ... Б.Э- гэж хүнийг газарт унагааж, гараараа цохих өшиглөх зэргээр их зодсон. Тэгээд Б.Э- гэх хүн “Би явлаа гээд гараад явчихсан. ...”, гэрч Ө.Д- “... Б.Э- надад хэлэхдээ “өдөр хоёр хүүхэн надад “таныг энэ хүмүүс хутгалах гээд байна.” гэж хэлж байсан юм, би тэгээд өрсөөд хутгалчихлаа” гэж хэлж байсан. ...” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэдийгээр мөрдөгч нь амь хохирогч Э.Э-гийн “... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өөрийгөө хутгалчихсан юм ...”  гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн “ ... хүү Э эргэж орж ирэхдээ өөрийгөө хутгалчихсан байдалтай орж ирсэн. ...” гэснийг тус тус мөрдөгчийн тэмдэглэлээр бэхжүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүйн дээр тус баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан шаардлага хангасан нотлох баримт хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд хашаан дотор их хэмжээний цус мэт зүйл харагдах боловч амь хохирогчийнх мөн эсэх талаар ажиллагааг огт хийгээгүй .... цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд зөвхөн цээжний нэвтэрсэн шархны тухай дурдсан. Амь хохирогчийн баруун гарын сарвууны хэсэгт зүсэгдсэн шарх байгааг огт дурдаагүй” гэж байх боловч дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын гэмт үйлдлийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгож,  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН