| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03065/И |
| Дугаар | 181/ШШ2024/03448 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03448
2024 09 23 181/ШШ2024/03448
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, "ТБФ ББСБ" ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Э.Э /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,420,723.61 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "ТБФ ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь "ТБФ ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр .... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 39151 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,800,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Э.Э нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 863,725.58 төгрөгийг, хүүний төлбөрт 1,531,865.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,782.46 төгрөгийг, нийт 2,405,373.62 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.Э нь 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 399 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,936,274.42 төгрөг, Зээлийн хүү 1,412,628.93 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,820.26 төгрөг, нийт 5,406,723.61 төгрөг төлөхөөр байна. ТБФ ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.Э нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан .... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 39151 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,936,274.42 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,412,628.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57,820.26 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 5,420,723.61 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Эгаас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...зээл авсан хүлээн зөвшөөрч байна. Сар бүр сая төгрөгөөр 5 сарын дотор төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "ТБФ ББСБ" ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 5,420,723.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 5,420,723.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,420,723 төгрөг тус тус нэхэмжлэгчтд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 5,420,723.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,420,723 төгрөг тус тус нэхэмжлэгч "ТБФ ББСБ" ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "ТБФ ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,681.58 төгрөгийн 50,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 50,840 төгрөгийг, хариуцагч Э.Эгаас 50,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "ТБФ ББСБ" ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА