| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2021/02827/И |
| Дугаар | 181/ШШ2024/04483 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/04483
2024 11 12 181/ШШ2024/04483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Санроүд оффис төв, 3 давхарт байрлах, Х сан /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж-1, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төв байранд байрлах, “Ү банк” ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний үүрэгт 13,444,212,526.87 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 418,956,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Ж,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х сан нь “Ү банк” ХХК-д холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний үүрэгт 13,444,212,526.87 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “… Нэхэмжлэгч Х нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “... Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно” мөн зүйлийн 12.1.2-т Монгол банкны үнэт цаас гэснийг үндэслэн бид Ү банктай 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ -г байгуулан тухайн үеэс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд тус банкаар зуучлуулан хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулан ажилласаар ирсэн.
Улмаар хариуцагч Ү банк нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/03 дугаар “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Х корпорацид төлөх ёстой 10,061,000,000 төгрөгийг төлөөгүй болно.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т "үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.” Мөн Хадгаламжийн Даатгалын Үндэсний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 92 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын журам”-ын 2.1-т корпорацын арилжааны банкнууд дахь харилцах дансанд байгаа үлдэгдлийг Төв банкны үнэт цаасны анхдагч захын арилжаанд оролцохоос бусад тохиолдолд Монголбанкин дахь харилцах данс руу шилжүүлж байна гэсэн байдаг.
Гэтэл Ү банк нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон өгөөжийг Х корпорацын Монголбанкин дахь 3603006001 тоот харилцах данс руу шилжүүлэх төлбөрийн даалгаврыг биелүүлэхгүй, гүйлгээг хийлгүй буцаах зэргээр хууль болон гэрээний үүргийг зөрчиж байсан.
Монголбанкаас нэхэмжлэгч Х корпорацид 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А-5/564 тоот албан бичгээр манай корпорацыг “Үнэт цаас буцаан худалдан авах нөхцөлтэй зарах ерөнхий гэрээ”, болон “Төв банкны үнэт цаасны цахим арилжааны ерөнхий гэрээ”-нээс хасах болсныг мэдэгдсэн.
Үүнтэй уялдуулан цаашид Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар зуучлуулж Төв банкны үнэт цаасыг үргэлжлүүлэн худалдан авах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр худалдан авч, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дуусах 10.0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасны эх үүсвэрийг, өгөөжийн хамт Монгол банкин дахь 3603006001 тоот харилцах данс руугаа татахаар шийдвэрлэж, төлбөрийн даалгавар бичиж хүргүүлсэн боловч уг даалгавар биелэгдээгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хариуцагч Ү банкинд цаашид Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох боломжгүй болж, үнэт цаасанд байршуулсан эх үүсвэрээ татах тухай мэдэгдэж, “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 3.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, албан бичиг болон мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч тус банкны удирдлагуудын зүгээс "банкны төлбөр гүйцэтгэх чадвар алдагдаад байна, хэвийн түвшинд очих хүртэл төлбөрийг хойшлуулж өгөөч, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлт багассан. Бид банкны зохистой засаглал эрсдэлийн удирдлагыг сайжруулж, чанаргүй активыг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар бүхий л боломжуудыг ашиглан чармайн ажиллаж байна гэсэн тайлбарууд”-ыг ирүүлсээр байна.
Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангаж залилах” гэж заасан байна. Мөн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 5.3-т 3уучлагч нь гэрээний дагуу хариуцлагыг хүлээх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ баталсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зуучлуулагчийн шаардсанаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон өгөөжийг буцаан шилжүүлэхгүй байгаа Хадгаламжийн даатгалын корпорацын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулж байна.
Иймд хариуцагч Ү банкнаас 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/03 дугаар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан эх үүсвэр 10,000,000,000 төгрөг, мөн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан бөгөөд мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дуусах үнэт цаасны өгөөж 59,806,272 төгрөгийн нийт үнийн дүнгээс “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 4.1.4-т заасны дагуу алдангийг 0,1 хувиар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хугацаагаар тооцож, алданги 3,383,021,921.12 төгрөгийг мөн харилцах дансны үлдэгдэл 1,384,333.70 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа болно.
Иймд хариуцагч Ү банк ХХК-иас тус банкин дахь нэхэмжлэгч Х корпорацын 2900004293 тоот дансанд байршсан Төв банкны үнэт цаас худалдан авах эх үүсвэр болох 10,000,000,000 төгрөг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан үнэт цаасны өгөөж 59,806,272 төгрөг, алданги 3,383,021,921.12 төгрөг, дансны үлдэгдэл 1,384,333.70 төгрөг буюу нийт 13,444,212,526.87 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацид олгуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч “Ү банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: “… Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн утга хэсэгтээ Монголбанк нь нэхэмжлэгч Х корпорацтай “Үнэт цаас буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ" болон “Төв банкны үнэт цаасны цахим арилжааны ерөнхий гэрээ”-нүүдийг байгуулсан. Тус гэрээнүүдийн харилцаанаас Монголбанк нэхэмжлэгчийг хасах болсон тухайгаа албан бичгээр мэдэгдсэн гэж бичсэн байна.
Үүнээс дүгнэхэд Монголбанк нь Х корпорацид Төв банкны үнэт цаасыг худалдах арилжих эрхийг олгож, уг эрхийн дагуу Монголбанк, нэхэмжлэгч нарын хооронд “Төв банкны үнэт цаасны цахим арилжааны ерөнхий гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь Төв банкны үнэт цаасыг худалдах арилжих эрхтэй байсан төдийгүй уг эрхийнхээ дагуу Төв банкны үнэт цаасыг худалдах, арилжих үйл ажиллагааг дангаар гүйцэтгэх боломжтой байсан атал манай банктай “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-г байгуулсан зорилго нь ойлгомжгүй, гэрээний үүргээс үүссэн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Х корпорацын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэж үзэж байна. ... нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлтэй байна” гэжээ.
3. Нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан: “… Хариуцагч Ү банк ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/03 дугаар “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Х корпорацид төлөх ёстой хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох 10,061,000,000 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсэн хоногт тооцох алданги 3,383,021,921.12 төгрөгийг төлөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Хариуцагч Ү банк ХХК болон Хадгаламжийн даатгалын корпорацын хооронд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.” гэж зааснаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон алдангийг Хадгаламжийн даатгалын корпорацид төлөх үүрэг үүссэн.
Талууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзалт зохион байгуулан №2021/01/25 тоот “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан Тус гэрээгээр хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр болох 9,430,000,000 (2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс гэРээ байгуулах өдөр хүртэлх хугацаанд 631,235,430.76 төгрөгийг төлж барагдуулсан) төгрөгийг төлөх хуваарийг гэрээний 1-р хавсралтаар, мөн тухайн өдрийн байдлаар төлбөл зохих алданги 4,451,546,270.71 төгрөгийг төлөх хуваарийг 2-р хавсралтаар баталсан. Тус гэрээний дагуу өнөөдрийн байдлаар хариуцагч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК нь нийт 5,658,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг.
Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх алдангийг нэхэмжилсэн байсан бөгөөд тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тооцсон алдангийг нэхэмжилж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж баталгаажин гарах хүртэлх хугацаанд тооцогдох алдангийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч “Ү банк” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “… дансанд байршсан эх үүсвэрийн төлбөрийн тухайд, “Х корпораци” сан болон “Ү банк" ХХК нь анх 2014 оны 07 сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”, түүнийг дагалдуулан “Байгууллагын харилцах дансны гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд хожим 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-г шинэчилж, Ү банкин дахь Х корпорацын 29000004293 тоот харилцах дансанд Төв банкны үнэт цаас худалдан авах Эх үүсвэрийн хөрөнгө болох 10,000,000,000 төгрөгийн байршуулсан.
Үүнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/230 тоот бүхий Х корпорацаас ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусах 10,000,000,000 төгрөгийн Төв банкны үнэт цаасыг хугацаа дуусмагц эргүүлэн татахаар мэдэгдсэн.
Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас бид мөнгийг шууд эргүүлж өгөх боломжгүй болж Х корпорацид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/01-627 албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр дээрх эх үүсвэрийг 1 жилийн хугацаанд Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулж хамтран ажиллахыг хүссэн.
Энэ хугацаанд бид Ү банк нь Х корпорацид эх үүсвэрийн хөрөнгөөс нийт 6,228,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэх 3,772,000,000 төгрөгийн хувьд маргаангүй.
Эх үүсвэрийн хөрөнгөөс тооцож нэхэмжилж буй алдангийн тухайд, дээр дурдсанчлан Ү банк ХХК болон Х корпораци нар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ болон Харилцах дансны гэрээ гэх 2 тусдаа гэрээ байгуулсан. Банкны зүгээс зуучлалын үйл ажиллагаатай холбогдуулан заавал харилцах дансны гэрээг байгуулдаг. Учир нь зуучлуулагч нь зуучлалын харилцаанд оролцохын тулд банкны дансанд мөнгөө байршуулах шаардлагатай бөгөөд ямар дансанд хэрхэн мөнгөө байршуулах асуудлыг бид харилцах дансны гэрээгээр зохицуулдаг. Харин Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь Монголбанкны үнэт цаасны арилжаанд орохтой холбоотой харилцааг зохицуулж байдаг. Энэ талаар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний Нийтлэг үндэслэлийн 1.2-т Гэрээний зорилго нь зуучлагчаас зуучлуулагчийн эх үүсвэрээр төв банкны үнэт цаас худалдах худалдан авах, түүний буцаан төлөх нөхцөлтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой заагаад өгсөн өөрөөр хэлбэл тус гэрээний 1.2-т заасны дагуу оруулж ирсэн хөрөнгөөр монгол банкны үнэт цаасыг худалдаж аваад, худалдаж авсан үнэт цаасыг буцааж худалдах замаар оруулж ирсэн хөрөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дахь нэхэмжлэгч Х корпорацын эзэмшлийн 29000004293 тоот дансанд байршуулах харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч эх үүсвэрийн хөрөнгийн үлдэгдэл 3,772,000,000 төгрөг болон “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг үндэслэн алдангид 7,520,126,934.12 төгрөгийг шаардаж байна.
Дээрх Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний заалт бол зөвхөн Монгол банк, Ү банк ХХК хоорондоо үнэт цаасыг худалдаж аваад, буцаагаад дансанд нь байршуулаагүйтэй холбоотой 0,1 хувийн хүүний алдангийг тооцохтой холбоотой асуудал болохоос энэ данснаас мөнгө гаргаад, гаргасан мөнгийг өөр нэг банкны данс руу шилжүүлээгүйтэй холбоотой 0,1 хувийн алданги төлөхийг зохицуулсан харилцаа биш юм. Тэгэхээр нэхэмжлэгч тал гэрээг буруу тайлбарлаж алданги 7,520,126,934.12 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Х корпораци сангийн гаргасан нэхэмжлэлийн алданги нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч “Ү банк” ХХК-иас Х корпораци санд холбогдуулан талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 418,956,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “… Нэхэмжлэгч Х корпорац нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төв банкны үнэт цаас худалдан авах эх үүсвэрийн хөрөнгө болох 10.000,000,000 төгрөг ба өгөөж, алданги, дансны үлдэгдэл зэрэг нийт 13,444,212,526 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-ний холбогдох заалтуудыг үндэслэл болгосон байна.
Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн дээрх гэрээний харилцаа нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн, Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан банк нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн 6.1-т заасан 11 төрлийн үйл ажиллагааг эрхлэх талаар тодорхойлон заасан. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т "Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ”, мөн зүйлийн 15.2-т “Банкны үйл ажиллагааны чиглэлээр”, гэж мөн зүйлийн 15.2.1-т “банк байгуулах банкны үйл ажиллагаа эрхлэх” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банкны үйл ажиллагааг эрхлэх ёстой.
Гэвч маргаан бүхий гэрээ байгуулагдахаас 9 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А-192 тоот “Ү банканд хийсэн шалгалтын дүнгийн тухай” Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг. Уг тушаалын 4 дүгээр зүйлд “Банкны дараах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэж, 4.Б хэсэгт “Зээл болон санхүүгийн бусад хэрэгсэл худалдан авах” гэж тус тус заасны дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төвбанкны үнэт цаас худалдан авах эрхийг хүчингүй болгосон байдаг.
Монгол банкны үнэт цаас нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-43 дугаар Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын хавсралтаар батлагдсан “Төв банкны үнэт цаасны арилжааны журам”-ын нийтлэг үндэслэлд дурдсанаар Төвбанкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 15 дугаар зүйлд заасны дагуу Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор арилжаалагддаг. Мөн тус журмын 1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт “ТБҮЦ-ны арилжаанд дараах шаардлагыг хангасан банк оролцож болно” гэж заасныг үзвэл олон нийтэд нээлттэй бус хаалттай хүрээнд Монголбанкны зөвшөөрлийн үндсэн дээр арилжаанд оролцдог талаараа Үнэт цаасны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтэд нээлттэй үнэт цааснаас ялгаатай болно.
Аливаа хэлцэл нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангах шаардлагатай бөгөөд талуудын хооронд 2020 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ” нь нэг талаас тухайн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх эрхгүй этгээд оролцсон, гэрээний үүрэг бодит байдалд биелэх боломжгүй байсан нь дээрх гэрээг эрх зүйн үндэслэлгүй хэлцэл гэдгийг илтгэж байгаа тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “Хууль зөрчсөн мөн зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ” нь дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул үг хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” хэмээн заасны дагуу зохицуулагдах учиртай.
Тодруулбал, дээрх “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-гээр зуучлуулагч буюу нэхэмжлэгчийн Банкин дахь дансанд байршиж буй эх үүсвэрээр Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох, худалдаж авсан үнэт цаасыг буцааж худалдах замаар оруулж ирсэн хөрөнгө болон түүний өгөөжийг Банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд байршуулах харилцааг зохицуулдаг. Ийнхүү уг гэрээний харилцаанаас нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын өгөөж буюу гэрээний 2.2-т заасан өгөөжийг Банкин дахь нэхэмжлэгчийн дансанд нэмж байршуулснаар хүртдэг бол хариуцагч нь гэрээний 2.11-т заасны дагуу хөрөнгө оруулалтын зуучлалын шимтгэлийг суутган авдаг.
Гэрээ байгуулагдсан хугацаанд буюу 2020 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Банк нь нэхэмжлэгчид Төв банкны үнэт цаасны өгөөжид нийт 418,956,100.00 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд байршуулсан ба ингэснээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь Төв банкны үнэт цаасны өгөөжид төлсөн 418,956,100.00 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй байна.
Мөн хариуцагч Ү банкны хувьд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн Ү банкны данснаас Монгол банк дахь дансанд нийт 6,289,235,430.76 төгрөгийн зузаатгал хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн дансанд одоогоор 3,772,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй ба тус үлдэгдлийг байгууллагын харилцах дансны гэрээний дагуу нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй болно.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж талуудын хооронд 2020 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгөөжид төлсөн 418,956,100.00 төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпорацаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: “… нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлд 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.
Дээрх хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарт: “56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хуулиар хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгдөг” гэж заасан, өөрөөр хэлбэл энэхүү заалт нь тодорхой нэг хэлцэл, гэрээний төрлийг (Хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээ, Зуучлалын гэрээ г.м.) хуулиар хориглосон бус, харин тус гэрээг эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдтэй хийсэн, эсхүл гэрээлэгч талын зөвшөөрөлгүй хийсэн г.м хуулиар хориглосон нөхцөл байгаа тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаатуулан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох зохицуулалт юм.
Харин талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ” болон гэрээний хүрээнд зохицуулагдах харилцаа болон бодит нөхцөл байдал нь Хуулийн 56.1.1./ заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл/-т дахь заалтаар өгөгдсөн нөхцөлтэй тохирохгүй буюу тухайн заалтад хамаарахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлд ямар хуулийн ямар заалтыг зөрчиж маргаан бүхий гэрээ байгуулсан талаар тайлбар хуулийн үндэслэл дурдагдаагүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар зан суртахууны хэм хэмжээнд энэхүү байгуулсан гэрээ нь харшилсан талаар тайлбар үндэслэл хийгээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү“гэжээ.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, “Ү банк” ХХК-ийн саатуулсан гүйлгээнд тооцсон алданги, депозит дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаар “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тогтоолын хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А-1/257 тоот итгэмжлэл, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний хуулбар, Төв банкны үнэт цаас худалдан авах санал, Төв банкны үнэт цаасны арилжааны төлбөрийн баталгаа, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Гүйлгээ хийх тухай албан тоот, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан тоот, “Х корпораци” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан тоот, нэхэмжлэл, “Ү банк” ХХК-ийн саатуулсан гүйлгээнд тооцсон алданги, Монгол банкны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2021/09308 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбар, төлбөр барагдуулах хуваарийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын харилцах дансны үлдэгдэлд хүү төлөх гэрээний хуулбар, депозит дансны хуулга, “Ү банк” ХХК-ийн саатуулсан гүйлгээнд тооцсон алданги, “Ү банк” ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээний төсөл хүргүүлэх тухай” албан тоотын хуулбар, Х корпорацын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах саналын тухай” албан тоотын хуулбар, “Ү банк” ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” албан тоотын хуулбар, Х корпорацаас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол банканд хүргүүлсэн А-1/234 тоот албан бичгийн хуулбар, Монгол банкнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Х корпорацид ирүүлсэн А-5/905 тоот албан бичгийн хуулбар, Ү банкнаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн Банкны нэгдсэн балансын хуулбар, Хадгаламжийн даатгалын корпорацын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Банкны нэгдсэн балансын хуулбар, Х корпорацаас Ү банканд хүргүүлсэн №4643 дугаартай Төлбөрийн даалгаврын хуулбар, Х корпорацаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ү банканд №4787 тоот дугаартай Төлбөрийн даалгаврыг хүргүүлснийг нотлох гүйлгээний жагсаалт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
8. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Гүйцэтгэх захирлын орлогч томилох тухай” тогтоолын хуулбар, Ү банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар, Ү банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын хуулбар, Ү банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай” тогтоолын хуулбар, Ү банкны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” албан тоотын хуулбар, Ү банкны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай” тогтоолын хуулбар, Ү банкны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай” албан тоотын хуулбар, Ү банкны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан тоотын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
9. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Ү банк ХХК-иас Х корпорацын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/236 тоот албан бичгийн хавсралт болох Төлбөрийн даалгавар, Монголбанкаас Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-88 тоот тушаалын хавсралтаар баталсан Их дүнтэй төлбөрийн системийн журам" /2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-267 тоот тушаалаар хүчингүйд тооцогдсон гэх/, Ү банкнаас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 10,000,000,000 төгрөгийн гүйлгээний мэдээллийг Банксүлжээ системд оруулсан эсэх, Ү банк нь 2019-2020 онд Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй байсан эсэх лавлагаа, Монголбанкаас 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Банкны Ерөнхийлөгчийн А-43 тоот тушаалаар батлагдсан Төв банкны үнэт цаасны арилжааны журам түүнд орсон дараах нэмэлт өөрчлөлтүүдийг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-43 тушаал болон түүний хавсралт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-117 тушаал болон түүний хавсралт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А-118 тушаал болон түүний хавсралт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А-24 тушаал болон түүний хавсралт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-79 тушаал болон түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Банкны Ерөнхийлөгчийн А-205 тоот тушаалаар батлагдсан Төв банкны унэт цаасны арилжааны журам-ыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-192 дугаар Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хийсэн шалгалтын дүнгийн тухай тушаалыг, Монголбанкны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А-5/564 тоот албан бичгээр Х корпорацид хүргүүлсэн гэх албан бичгийг, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Х корпораци ХХК /РД:8108994/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, Монгол банкнаас Ү банк ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 10,000,000,000 төгрөгийн их дүнтэй гүйлгээний мэдээллийг Банксүлжээ системд оруулсан эсэх мэдээлэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “… хариуцагч “Ү банк” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 04/03 дугаартай Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулж, тус банкаар зуучлуулж Төв банкны үнэт цаас худалдан авах зорилгоор 10,000,000,000 төгрөгийг байршуулсан. Монголбанкны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А-5/564 тоот албан бичгээр манай корпорацыг “Үнэт цаас буцаан худалдан авах нөхцөлтэй зарах ерөнхий гэрээ” болон “Төв банкны үнэт цаасны цахим арилжааны ерөнхий гэрээ”-нээс хассан тул энэ тухайгаа хариуцагчид мэдэгдэж, 2020.08.24-ний өдөр худалдан авч, 2020.09.21-ний өдөр хугацаа нь дуусах 10,0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасны эх үүсвэрийг, өгөөжийн хамт Монгол банк дахь 3603006001 тоот данс руугаа татахаар шийдвэрлэж, төлбөрийн даалгавар бичиж хүргүүлсэн боловч уг даалгавар биелэгдээгүй.
Иймд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн төлбөрийг хасаж дараах төлбөрийг буюу Төв банкны үнэт цаас худалдан авахаар байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл 3,770,615,666.25 төгрөг, харилцах дансны үлдэгдэл 1,384,333.75 төгрөг, 2021.01.11-ний өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 5,029,903,136 төгрөг, нийт 8,800,518,802.25 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Үүнд: “… Төв банкны үнэт цаас худалдан авахаар байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл 3,770,615,666.25 төгрөг, харилцах дансны үлдэгдэл 1,384,333.75 төгрөг, нийт 3,772,000,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан алдангийн нөхцөл нь зөвхөн Монгол банк, “Ү банк” ХХК хоорондоо үнэт цаасыг худалдаж аваад, буцаагаад дансанд нь байршуулаагүйтэй холбоотой 0,1 хувийн хүүний алдангийг тооцохтой холбоотой асуудал болохоос энэ данснаас мөнгө гаргаад, гаргасан мөнгийг өөр нэг банкны данс руу шилжүүлээгүйтэй холбоотой 0,1 хувийн алданги төлөхийг зохицуулсан харилцаа биш юм” гэж тайлбарласан.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “… Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулагдахаас 9 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А-192 тоот “Ү банканд хийсэн шалгалтын дүнгийн тухай” Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Ү банкны Төвбанкны үнэт цаас худалдан авах эрхийг хүчингүй болгосон байдаг.
Талуудын хооронд 2020 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээ” нь нэг талаас тухайн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх эрхгүй этгээд оролцсон, гэрээний үүрэг бодит байдалд биелэх боломжгүй байсан нь дээрх гэрээг эрх зүйн үндэслэлгүй хэлцэл гэдгийг илтгэж байгаа тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “Хууль зөрчсөн мөн зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.
Гэрээ байгуулагдсан хугацаанд буюу 2020 оны 04 сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Банк нь нэхэмжлэгчид Төв банкны үнэт цаасны өгөөжид нийт 418,956,100.00 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд байршуулсан ба ингэснээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь Төв банкны үнэт цаасны өгөөжид төлсөн 418,956,100.00 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй байна” гэжээ.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “… талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ” болон гэрээний хүрээнд зохицуулагдах харилцаа болон бодит нөхцөл байдал нь Хуулийн 56.1.1./ заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл/-т дахь заалтаар өгөгдсөн нөхцөлтэй тохирохгүй буюу тухайн заалтад хамаарахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлд ямар хуулийн ямар заалтыг зөрчиж маргаан бүхий гэрээ байгуулсан талаар тайлбар хуулийн үндэслэл дурдагдаагүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар зан суртахууны хэм хэмжээнд энэхүү байгуулсан гэрээ нь харшилсан талаар тайлбар үндэслэл хийгээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчийн хооронд 2014.07.01-ний өдөр Харилцах дансны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр харилцах данс эзэмших, түүнд мөнгөн хөрөнгө тодорхой нөхцөлтэйгөөр байршуулах, тус банкаар төлбөр тооцоо хийлгэх, үйлчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцож, Хадгаламжийн даатгалын корпораци сангийн нэр дээр 2900004293 тоот төгрөгийн данс нээжээ. /1-р хх 132/
8. Х сан нь 2014 оноос хойш “Ү банк” ХХК-иар дамжуулан Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцож ирсэн үйл баримтыг талууд үгүйсгээгүй ба тэдгээрийн хооронд 2020.04.06-ны өдөр 04/03 дугаартай Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 2900004293 тоот дансанд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг байршуулах, хариуцагч нь байршуулсан мөнгөн хөрөнгөөр ТБҮЦ-ны анхдагч болон хоёрдогч захаас ТБҮЦ худалдан авах, худалдан авсан үнэт цаасны хугацаа дуусахад үнэт цаасны төлбөр болон өгөөжийг дээрх дансанд буцаан төвлөрүүлэх, ийнхүү төвлөрүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцох, нэхэмжлэгч нь зуучлалын шимтгэл төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх 15/
9. Нэхэмжлэгч нь хариуцагч “Ү банк” ХХК-иас Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан эх үүсвэр 10,000,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан үнэт цаасны өгөөж 59,806,272 төгрөг, нийт 10,059,806,272 төгрөгөөс “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 4.1.4-т заасны дагуу алдангийг 0,1 хувиар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, 3,383,021,921.12 төгрөгийн алданги, харилцах дансны үлдэгдэл 1,384,333.70 төгрөг, нийт 13,444,212,526.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
10. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021.10.21-ний өдөр 2021/01/25 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2020.04.06-ны өдрийн 04/06 дугаартай “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу шилжүүлсэн эх үүсвэр 9,430,000,000 төгрөг болон алданги 4,451,546,270.71 төгрөгийг тус тус хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
11. Нэхэмжлэгч нь Төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагчаас төлсөн төлбөрийг хасаж, дансны үлдэгдэл 3,772,000,000 төгрөг, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу 2021.01.11-ний өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 5,029,903,136 төгрөг, нийт 8,800,518,802 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
12. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ хүчин төгөлдөр эсэх, түүний дагуу алданги шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл байна.
13. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан Төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан байна. Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээдэг.
14. Х корпораци сангаас 2020.09.16-ны өдөр 2900004293 тоот харилцах дансны үлдэгдэл 10,061,000,000 төгрөгийг Монгол банк дахь өөрийн 3603006001 тоот данс руу шилжүүлэх тухай №4643 дугаартай Төлбөрийн даалгавар /2-р хх 5/-ыг банканд хүргүүлсэн боловч энэхүү төлбөрийн даалгаврыг Харилцах дансны гэрээний дагуу гүйцэтгээгүй үйл баримтад хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний үүрэгт 3,772,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй.
15. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, хариуцагчаас 3,772,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт нийцнэ.
16. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2020.08.24-ны өдөр Төв банкны үнэт цаас худалдан авах саналыг хариуцагчид гаргаж, хариуцагч 2020.08.24-ний өдрийн Төв банкны үнэт цаасны арилжааны төлбөрийн баталгааг гаргажээ. /1-р хх 22-23/
17. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, Үнэт цаас худалдан авах санал, Төлбөрийн баталгаа болон 2020.09.21-ний өдрийн Депозит дансны хуулга зэргээс үзвэл хариуцагч нь 2024.08.24-ний өдөр ТБҮЦ-ны арилжаанд оролцож, хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг нэхэмжлэгчийн дансанд буцаан байршуулсан үйл баримт харагдах боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ү банк ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан тул Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу ТБҮЦ-ны арилжаанд оролцоогүй бөгөөд өгөөж 68,567,700 төгрөгийг өөрийн санхүүжилтээр нэхэмжлэгчид төлсөн” гэж тайлбарласан.
18. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.07.16-ны өдрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хийсэн шалгалтын дүнгийн тухай А/192 дугаар тушаалаар хариуцагчийн зээл болон санхүүгийн бусад хэрэгсэл худалдан авах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй энэ хугацаанд буюу 2020.04.06-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
19. Тодруулбал, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:” гээд 6.1.9-д “үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах” гэж заасан, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “санхүүгийн хэрэгсэл" гэж үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, мөнгөний болон зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг гэж тодорхойлсноос үзвэл хариуцагчийн санхүүгийн хэрэгсэл худалдан авах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй.
20. Иймд талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч уг гэрээний үүрэгт алданги шаардах боломжгүй.
21. Түүнчлэн алданги тохиролцсон Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний нөхцөл нь харилцах дансны үлдэгдэл төлбөрийг авахаар төлбөрийн даалгавар бичсэнийг гүйцэтгээгүй үүргийн зөрчилтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл хариуцагч “Ү банк” ХХК нь нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпораци сангийн захиалгаар харилцах дансанд байршуулсан хөрөнгөөр Төвбанкны үнэт цаасны анхдагч болон хоёрдогч захаас Төвбанкны үнэт цаас худалдан авсан, худалдан авсан үнэт цаасны хугацааны эцэст буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчлэх зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.
22. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээнй дагуу шилжүүлсэн 418,956,100 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
23. Зохигчийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч хариуцагч тус гэрээний дагуу шилжүүлсэн 418,956,100 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж үзлээ.
24. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан.
25. Хариуцагч нь өөрийн тусгай зөвшөөрөлгүй байдлаа нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн буруутайгаас гадна Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө нь хуулиар хориглосон үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэх тул хариуцагчийн хувьд энэ мөнгөө гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгчээс шаардах эрх үүсэхгүй.
26. Иймд шүүх дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс 3,772,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4-д зааснаар хариуцагч “Ү банк” ХХК-иас 3,772,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х корпораци санд олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хариуцагч “Ү банк” ХХК-иас алданги 5,029,903,136 төгрөг, нэхэмжлэгч Х сангаас 418,956,100 төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,253,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү банк” ХХК-иас улсын тэмтэгдийн хураамжид 19,017,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ