Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 31

 

 

      

 

 

 

   

      

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1703000010136 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .............. дүүргийн ..... дугаар хороо Бага нарангийн ........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б.Т.

 

 

Шүүгдэгч Б.Тнь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилийн цэргийн дээд сургуулийн урд замд 09-01 УВХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чи өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас И.Пүрэвдоржийн жолоодож явсан 63-36 УНЗ улсын дугаартай Лексус LX 570 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 22.295.000 /нийт 22.915.000/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тмэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг маш сайн ойлгож байгаа. Бүх хохирлыг төлж барагдуулсан учраас тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Б.Тнь 09-01 УВХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалтыг зөрчсөний улмаас И.Пүрэвдоржийн жолоодож явсан 63-36 УНЗ улсын дугаартай Лексус LX 570 маркийн тээврийн хэрэгсэлд нийт 22.915.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-20 дугаар хуудас/

Хохирогч И.Пүрэвдоржийн “Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд байх Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хилийн цэргийн дээд сургуулийн өөрийнхөө ажлынхаа хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт харих гээд явж байтал ХЦДС-ийн урд талын хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байсан Т.Приус 11 маркийн 09-01 УВХ улсын дугаарын автомашин нь би хажуугаар нь өнгөрөх агшинд уг машин нь зогсож байснаа зүүн гар огцом бүтэн эргэх үйлдэл хийсэн ба хараад л зүүн гар тийшээ зайлуулж дарсан боловч уг машины зүүн хажуу хэсэг рүү нь мөргөж зогссон юм. Би машинаасаа буугаад иртэл уг машины жолооч одоо яах вэ цагдаад дуудлага өгөх үү гэхээр нь би өөрөө 102-т дуудлага өгсөн юм. ... Тухайн үед миний гар өвдөөд байсан учир шууд гэмтлийн эмнэлэгт очиж баруун гараа рентген зураг авхуулаад эмч нарт үзүүлэхэд баруун гарын савхан яс хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн юм. Би зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 40 км/ц хурдтай явж байсан. Би энэ машиныг дэлгүүрийн үүдэнд зогсож байхыг 8 метрийн зайнаас харж байсан. Уг машины хажуугаар нь гарах гэтэл шууд миний дундуур бүтэн эргэх үйлдэл хийсэн юм. ... Анх баруун гараа 28.000 төгрөгөөр зураг авхуулсан. Өөр эмчилгээний баримт байхгүй. Одоо гаранд зовиур байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

“... Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би автомашины үнэлгээгээр гарсан зардал болон эмчилгээний зардал гэж Б.Тамираас 15.000.000 төгрөг гаргуулан авсан. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм болохоор би шүүх хуралд суухгүй. Гомдолгүй гэсэн бичгээ хийж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Гэрч Э.Дэлгэрбаярын “Тухайн үед уг машиныг Пүрэвдорж бариад урд суудал дээр Ууганбаяр суугаад жолоочийн ар талд би миний баруун гар талд Пүрэвлхагва суугаад явсан юм. Хашаанаас гараад замын нэгдүгээр эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай 100 орчим метр явж байтал замын урд талд дэлгүүрийн гадаа зогсож байсан Т.Приус 11 маркийн автомашин гэнэт хөдлөөд зам дээрээ шууд дарж эргээд чигээрээ миний сууж явсан машинтай мөргөлдсөн юм. Уг машин хөдлөж зам дээр зүүн эргэхдээ араасаа чигээрээ ирж явсан машиныг хараагүй байх гэнэт л хаазлаад л эргэсэн юм. Тэгээд л машин барьж явсан И.Пүрэвдорж  тоормос гишгээд амжаагүй очоод мөргөсөн юм. Уг ослоос болж Пүрэвдоржийн  баруун гарын нэг хуруу нь гэмтсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртсэн хүн байхгүй. Миний хувьд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Ч.Батболдын “Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний орой ажлаа тараад усанд орох гэтэл надтай цуг ажилладаг Тамир нь машиныхаа түлхүүрийг өгчих би гутлаа тавих гэсэн юм гэхээр нь тэг тэг гэсэн. Машины түлхүүрийг Тамир аваад гарсан байсан. Би усанд ороод гараад иртэл машин байхгүй, гайхаад зогсож байтал Тамир утсаар хажуу талын хүнсний дэлгүүрийн гадаа машинтай мөргөлдчихлөө гэхээр нь яваад очтол Лексус 570 маркийн 63 36 УНЗ улсын дугаарын автомашинтай мөргөлдчихсөн зогсож байсан юм. ... Миний автомашинд учирсан хохиролд Тамир нь 900.000 төгрөгийг бэлэн гаргаж өгсөн байгаа. Тамираас ямар нэг хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10392 дугаартай актын:

“1. И.Пүрэвдоржын  биед баруун сарвууны 5-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 51 дүгээр хуудас/

 

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Техникийн шинжээчийн №501 дугаартай актын:

“1. 0901 УВХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Б.Тнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. 6336 УНВ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашины жолооч И.Пүрэвдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт./хэргийн 53 дугаар хуудас/

 

“Батбаяр Тамир УП95110813, жолооч биш “ гэсэн тодорхойлолт. /хэргийн 63 дугаар хуудас/

 

Кости Эстимэйт ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 22.915.000” /хэргийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

.

Шүүгдэгч Б.Т үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тнь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” буюу Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас И.Пүрэвдоржийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Тнь автотээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь “Батбаяр Тамир УП95110813, жолооч биш “ тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Хохирогч  И.Пүрэвдорж “... Нийт хохирол 22.915.000 төгрөг болсон ба 15.000.000 төгрөгөөр тохирсон. Хохирлыг бүрэн барагдуулсан болно. Цаашид гомдол санал байхгүй болно. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 27 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн  зүйлгүй, шүүгдэгч Б.Тэнэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

  Шүүгдэгч Б.Ттохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Тхөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд ямар нэгэн үүрэг  хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

           

1.  Б.Тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Т  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Тнь энэ тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ