Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Б.Э-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2015/01236/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1960 онд Х аймгийн Р сумын төвд төрсөн. 1981 онд тус сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны гуанзны тогоочоор орж ажилласан. Гэтэл миний 1981-1994 онд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн. Иймд миний шүүхэд гаргасан баримтыг үндэслэн Р сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны гуанзанд 1981 оны 9 дүгээр сарын 28-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажилласан 14 жил, 3 сар, 3 хоногийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оныг хүртэл тогоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1994 оныг хүртэл ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд Б.Э ийн Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Э Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны гуанзанд 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Р сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Нөхөн тушаал гаргах тухай тушаалын хуулбар, Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Х аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Э-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, Сургуулийн захиргаа, Пионерийн зөвлөлөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Э-т олгосон Баярын бичиг, 1983 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Талархал, Х аймгийн хүүхэд, залуучуудын эвлэлийн хорооноос 1985 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Гэрчилгээ, Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн төв хорооноос 1984 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгосон Гэрчилгээ, Ринчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирга анаас 1986 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Баярын бичиг, Сургуулийн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч О.Бадраагийн Б.Э Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оноос 2015 оны 10 сарыг дуустал тогоочоор ажиллаж байсан. Намайг бага байхад Э-ийн аав Б гэдэг хүн сургуульд усчаар, эгч Ю нь үйлчлэгчээр, Ю-н хүүхэд Б нь манай доод талын ангид сурдаг байсан учраас би сайн мэднэ. Б.Э 1981 оноос 2015 оныг хүртэл сургуульд тасралтгүй ажиллаж байсан. Мөн манай аав О  Р сумын 10 жилийн дунд сургуульд 1978 оноос 2008 оныг дуустал тасралтгүй хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан. Би Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1995 оноос 2002 онд математикийн багшаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Долгорын ...Б.Э Х аймгийн Р сумын 10 жилийн сургуульд 1981 оноос 2014 оныг дуустал тогоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Х аймгийн Р сумын Алтан тал нэгдлийн захиргаанд 1965 оноос 1990 оныг дуустал галч, сахиул, зарлага, нэгдэлд тууварчин зэрэг ажил хийж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны гуанзанд 1994 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд Балганнамжилын Эрдэнэцэцэгийн Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Р сумын 10 жилийн дунд сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ