Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/04484

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 12 181/ШШ2024/04484

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 8-2244 тоот хаягт оршин суух, Д Д /РД:/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3 дугаар хэсэг, 34-4099 тоот хаягт оршин суух, Цн Чм /РД:7/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 80 дугаар байр, 55 тоот хаягт оршин суух, Лн Ө /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 68,803,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дн Д миний бие нь өөрийн ээж Ц.Чн хамт 2020 оны 05-р сарын 21-ний өдөр "Хаан банк" ХХК-ны Баянзүрх 14-р хороо дахь Баянзүрх Нарантуул тооцооны төвөөс 100,000,000 төгрөгийн зээл авахаар болтол бидний танил Л.Ө уулзаад "Надад 40,000,000 төгрөгийн зээл нэмээд авч өгч туслаач. Би өөрийн авсан 40 сая төгрөгийг хүүгийн хамт Хаан банкинд төлөөд явна. Та нар өөрсдийн зээлсэн 100 сая төгрөгөө төлөөд яв. Барьцаанд нь дүү Л.Э хашаа, газрыг банкны барьцаанд тавиулъя" гээд харилцан тохиролцож Л.Ө Хаан банкны барьцааны гэрээнд Л.Э Үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо Баруунбаянуул 2-р гудамж 20 тоотод байрлах 112 м.кв байшинг тус хаягт буй 340 м.кв талбай бүхий газрын хамт банкны барьцааны зээлд тавиулж ээж бид хоёрын нэр дээр 140,000,000 төгрөгийн зээлийг гаргуулан 2020 оны 05-р сарын 22-ны өдөр 40 сая төгрөгийг миний ээж Ц Ч Хаан банк дахь тоот данснаас бэлнээр гаргуулан 2020 оны 05-р сарын 22-ны өдөр надтай хамт Баянзүрх дүүргийн тойргийн нотариат орж 40 сая төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатайгаар "Зээлийн гэрээ" байгуулж бэлнээр авсан болно.

Улмаар ээж бид 2 банкнаас зээлсэн 140 сая төгрөгийн 100 сая төгрөгийг хүүгийн хамт графикийн дагуу төлсөөр барагдуулж дуусаад дахин 2023 оны 11-р сарын 01-ний өдөр 300,000,000 төгрөгийн зээл авахаар хандахад банкнаас урдахь зээлний үлдэгдэл 62,000,000 төгрөгийг төлөөд зээлээ хаалгаж байж дараах зээлээ ав гэсэн. Гайхаад Л.Ө авсан 40 сая төгрөгөө хүүгийн хамт төлсөн эсэхийг асууж лавлатал огт төлөгдөөгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 62 сая болсон байсан. Ээж бид хоёр Л.Ө ярьж уулзаад "Чи авсан 40 сая төгрөгөө огт төлөөгүй байна. Банкнаас дахин зээл авах гэтэл зээлийн үлдэгдэл 62 сая төгрөгийг төлж урдахь зээлээ хаалгаж байж дараагийн зээлээ ав гэж байна. Чи яаралтай төлөхгүй бол болохгүй нь" гэхэд Л.Ө "Би хувийн мөнгө зээлдэг хүн олж өгье" гээд тэгээд хамт очиж "Ч эгч та 62 сая төгрөгийг зээлж аваад банкинд өгч зээлээ хаалгая. Би танд энэ мөнгийг хүүгийн хамт 70 сая төгрөгийг 2023 оны 12-р сарын 15 гэхэд төлчихнөө" гэсэн.

Бид дараагийн 300,000,000 төгрөгийн зээл авахын тулд зөвшөөрч тэр хүнээс нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  тоот дансанд 62,000,000 төгрөг шилжүүлж тэр өдрөө зээлийн бүрэн төлөлт хийгдэж зээл хаагдсан.

Бид хоёр Хаан банкнаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр авч 62,000,000 төгрөг зээлүүлсэн хүнд нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүүгийн хамт төлж барагдуулсан болно.

Гэтэл Л.Ө нь өдийг хүртэл зээлж авсан мөнгөө төлөхгүй, худал хэлж явсаар өдийг хүрлээ.

Иймд хариуцагчаас 68,803,880 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд бичгээр гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 68,803,880 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 2,866,829 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д, Ц.Ч нар нь Л.Ө холбогдуулан Гэрээний үүрэгт 68,803,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.Д, Ц.Ч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 68,803,880 төгрөгийг хариуцагч Л.Ө нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 2,866,829 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.Ө нь 68,803,880 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 2,866,829 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д, Ц.Ч нарт төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/14771 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,000 төгрөгийн тал хувь болох 251,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Л.Ө улсын тэмдэгтийн хураамжид 251,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.Ч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ