Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/04485

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 12 181/ШШ2024/04485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж-5, Хаан даатгалтай байр, 2 давхар, 206 тоотод байрлах, Ф ББСБ ХХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.О /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч Ц.О нь манай байгууллагатай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ2021/29 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ2021/29 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулан 13,700,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, улсын дугаартай, Toyota prius 30 маркын авто машины өмчлөх эрхийг Ф ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаа 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч Ц.О нь 3,815,650 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг өдийг хүртэл төлөөгүй байна. Тэрээр анх зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхон 203-р байрны 1903 тоот хаягт оршин суудаг байсан боловч байраа зарсан, одоогоор би хөдөө ажиллаж байна гэх зэргээр шалтаг тоочиж, утасны дуудлага болон мессежинд хариу өгөхгүй, утсаа салгаж хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн фидуцийн зүйл болох  улсын дугаартай, Toyota prius 30 маркын автомашин олдохгүй байна. Манай ажилтнууд түүний гэрийн хаягаар биечлэн очиход эзэнгүй, мөн шаардах хуудас шуудангаар илгээхэд тус хаягт оршин суудаггүй шалтгаанаар шуудан буцсан. Иймд түүний оршин суугаа газар тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б томилсон 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөх хуваарийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, хөрөнгийн жагсаалтын хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, Ц.О иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь Хэрэглээний зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Ц.О зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж тодорхойлж байна.

 

4. Ц.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Ц.О оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.О нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.О эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Ц.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхон, 203 дугаар байр, 1903 тоот хаягт бүртгэлтэй, Х овогт Ц О /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Ц.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Ц.Он оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба /утас: 8/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ