Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.Г-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2015/01256/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Г нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөөд Х аймгийн Асуманд 1988 оны 7 дугаар 05-ны өдөр томилогдож, сургуулиа төгсөж ирэхдээ жирэмсэн байсан бөгөөд хэсэг ажиллаад 49 хоногийн декритний амралтаа авсан. Тэгээд дараа нь цалинтай чөлөө, үргэлжлүүлээд цалингүй чөлөө авч байсан бөгөөд ажлаас гарсан тушаал олдохгүй байсан учраас 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Намайг 1988 онд сургуулиа төгсөхөд манай сургуулиас хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийж олгож байсан. 1990 оноос хойшхи хугацаа нь нөхөн тогтоогдсон тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй юм. Иймд Х аймгийн А сумын 8 жилийн сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Г Х аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд математикийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Монгол улсын их сургуулийн ректорын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын их сургуулийн ФМФ-ийн математикийн 1 дүгээр ангид оюутнаар элсүүлэв, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын их сургуулийн ФМФ-ийн математикийн анги төгссөн учир Ардын боловсролын яамны мэдэлд шилжүүлэв, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдөр А сумын 8 жилийн сургуульд математикийн багшаар томилов, 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр А10 жилийн дунд сургуулийн математикийн багшаас чөлөөлөв гэх бичилттэй 245385 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ...1988 онд их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөгчид, 1988-1989 оны хичээлийн жилд шилжих хөдөлгөөн хийгдсэн багш, хүмүүжүүлэгч, захирал, хичээл хүмүүжлийн эрхлэгчдийг хавсралт №1, 2, 3-аар баталсугай...хавсралт 181. Д.Г Арбулагт математикийн багшаар 7/05 гэх бичилттэй Багш нар хуваарилах тухай 90 тоот тушаалын хуулбар, А сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ...Математикийн багш Д.Г-д СнЗ-н 1977 оны 164-р тогтоолын дагуу 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал тэтгэмжтэй чөлөө олгосугай... гэх бичилттэй Тэтгэмжит чөлөө олгох тухай 01 тоот тушаалын хуулбаргэрч П.Зоригтын Би 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Асумын 8 жилийн сургуульд захирлаар очиж ажилласан. Энэ үед Д.Г нь шинэ төгсөлтийн томилолтоор манай сургуульд математикийн багшаар томилогдон очиж байсан ба би тушаал гаргаж математикийн багшаар ажилд авч байсан. Энэ үеэс хойш 1990 оныг дуустал хамт ажилласан. Тэгээд би аймгийн Захиргаанд хэлтсийн даргаар 1990 оны хавар шилжиж ирсэн ба Д.Г нь сургуульдаа багшаар үлдсэн...тасралтгүй ажиллаж байсан. Томилолтоор ирээд 12 сард нь жирэмсний амралтаа авсан. Анхныхаа хүүхдийг төрүүлээд 1990 оны 1 сард ажилдаа орж байсан юм. Тэр үед нь хүүхэд төрүүлэх амралт болон хүүхэд асрах цалинтай чөлөө олгодог байсан ба энэ нь ажиллаж байсанд тооцогдож явна... гэх мэдүүлэг, гэрч Ш.Гэрэлтуяагийн Д.Г нь Х аймгийн Асумын 8 жилийн сургуульд 1988 оны 9 дүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд багшаар очиж байсан юм. Томилолтоор ирж байсан. Түүнээс хойш 1997 он хүртэл хамт тус сургуульд ажилласан. Д.Г нь математикийн багшийн ажил хийж байсан Тасралтгүй ажиллаж байсан ба 1988 оны 12 сард жирэмсний амралтаа авсан. Хүүхдээ төрүүлээд 1990 оны 1 сард ажилдаа орсон... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Д.Г нь Х аймгийн Асумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд математикийн багшаар ажиллаж байсан боловч шүүхээр 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан учир түүний шүүхэд ирүүлсэн Х аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Шагнах тухай 0тоот тушаалын хуулбар, 1990 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 41 тоот тушаалын хуулбар зэрэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд огнооны хувьд ач холбогдолгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д. Г-ийн Х аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА